Сүүлийн үед агаарын бохирдолтой холбоотойгоор томуу, томуу төст өвчний дэгдэлт ихсэж, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, хүүхдүүдийг коридортоо хүлээж авч байгаа талаарх мэдээллүүдийг “Утааны эсрэг ээв аавуудын холбоо”-ноос гаргах болсон. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Т.Хулангаас зарим зүйлийг тодрууллаа.
-Утаанаас болж томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байгаа гэж ярих боллоо. Үнэхээр утаанаас болж ханиад хүрээд байна уу?
-Юуны түрүүнд утаа гэхгүй агаарын бохирдол гэж ярих нь зүйтэй. Томуу, томуу төст өвчин бол улирлын чанартай, хүйтний улиралд тархалт нь ихэсдэг онцлогтой. Улаанбаатарын өнөөгийн нөхцөлд агаарын бохирдол үнэхээр тулгамдсан, хүний эрүүл мэндэд заналхийлсэн, яаралтай шийдэх асуудал мөн. Агаарын бохирдлын эх үүсвэрийн 80-аад хувьнь яндангаас гарч буй утаа, 10 хувь нь автомашины утаа гэдгийг хэдийнэ тогтоосон. Томуу, томуу төст өвчний хувьд утааны гаралтай бус вирусын гаралтай. Шалтгаан нь вирус. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдол ба томуу өвчин өвлийн улиралд нэгэн зэрэг гарч ирдэг боловч эх үүсвэрүүд нь өөр, өөр юм.
Гэхдээ ханиад томуу туссан үед агаарын бохирдлоос болоод илаарших үйл явц удаашрах, хүндрэх эрсдэл эрс нэмэгддэг. Тэгэхээр утаа бол нөхцөлдүүлэгч нэмэлт хүчин зүйл болохоос гол шалтгаан нь биш юм.
Мөн агаарын бохирдлоос болоод эмнэлгийн ачаалал нэмэгдэж байна гэвэл өрөөсгөл ойлголт. Хүүхдүүд эмнэлгийн коридорт хэвтэж байна гэдэг бол томууны хүндрэлээс үүдсэн асуудал. Энэ нь томуу, томуу төст өвчний дэгдэлт бага насны хүүхдүүдийн дунд их байгаатай холбоотой. Учир нь, бага насны хүүхдүүдийн амьсгалын замын эрхтнүүд бүрэн боловсроогүй байдаг. Тиймээс агаарын бохирдлыг цэвэршүүлж, шүүж чадахгүй байгаа болохоор өвчлөмтгий байгаа юм.
-Эмнэлгүүд үнэхээр ачааллаа дийлэхгүй байна уу. Өнөөгийн нөхцөл байдлын талаар яриач?
-Яг одоо ачаалал байхгүй, томуугийн өвчлөл, тархалт буурчихсан байна. Бид долоо хоног бүр томуугийн талаарх мэдээллийг эмнэлгүүдээсээ хүлээн авдаг. Өнөөгийн байдлаар буюу 1 сарын 24-ны авсан мэдээллээр томуугийн тархалт 7,5 хувь болоод буурсан байгаа.
Сошиалаар яваад байгаа шиг “Ханиадтай хүүхдээ тэврээд гурав хоног эмнэлгийн үүдэнд хүлээсэн” зүйл огт байхгүй. Арваннэгдүгээр сарын сүүл, арванхоёрдугаар сард ачаалал яахын аргагүй их болж, 12 хувьд хүрсэн. Орны ачаалал ч өндөр байсан. Үүнтэй холбоотойгоор бид нэлээд зохицуулалтыг хийж, 600 гаруй орыг нэмж гаргаж байсан ч зарим тохиолдолд ялангуяа шөнө орж ирсэн хүүхдүүдийг коридорт авахаас өөр аргагүй үетэй тулгарсан.
Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүд 1800 гаруй ортой. Энэ орны 800 орчим нь хүүхдийнх. Энэ эмнэлгүүд Улаанбаатрын хүн ам 500 мянга байхад баригдсан. Гэтэл өнөөдөр 1,5 сая орчим иргэнтэй болчихоод байхад хүүхдийн эмнэлэг, эмнэлгийн орны тоо шийдэгдээгүй байна. Тиймээс орны ачаалал зөвхөн өвчлөлтэй холбоотойгоор хүрэлцэхгүй байгаа юм биш.
Энэ асуудлыг төр засгаас анхаарч цогцоор нь шийдвэрлэх ёстой. Ер нь аливаа асуудлыг ярихдаа ул суурьтай, судалгаа шинжилгээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагуудтай уулзаж, санал бодлоо хуваалцсаныхаа дараа ярих хэрэгтэй.
-Томуу, томуу төст өвчний гаралт нэмэгдсэнтэй холбоотойгоор тав хүртэлх насны хүүхдүүдийн эмийн үнийг чөлөөлсөн. Энэ хэр зөв шийдвэр вэ?
-Монгол Улсын эмийн бодлого алдагдчихаад байна. Антибиотикийн зохисгүй хэрэглээ хэрээс хэтэрлээ. Эмийн санд орсон хүн бүр өөрөө өөртөө эмч болчихож. Эмийн санч нь ч эмч болоод жоргүйгээр эм олгодог болж. Гудамжинд найзтайгаа таарсан хүмүүс “Тэр эм сайн юм билээ. Би уугаад эдгэрчихсэн” гэх мэтээр бие биедээ зөвлөдөг болсон байна. Гэтэл томуугийн үүсгэгч вирусууд янз бүр байдаг. Илэрч буй шинж тэмдгүүд нь төстэй боловч надад илэрсэн вирусын үйлчлэл чамд адилхан байх албагүй.
Сүүлийн үед эмч нар “Эмнэлэгт ирж байгаа хүүхдүүдийн олонх нь олон төрлийн антибиотик хэрэглэчихсэн тул эмчилгээний үр дүн удаан байна”гэж ярих боллоо. Ингэхээр эмчилгээний үр дүн маш удаан гардаг. Тухайлбал, хүүхдийн өвчний цогц менежемент гэх удирдамжийн дагуу эмийн эмчилгээ хийх гэхээр үр дүн гарахгүй байна. Учир нь, өмнө нь олон антибиотик уулгаад дасалтай болгочихсон байдаг болохоор илүү хүчтэй эм хэрэглэхээс өөр аргагүй болж байна.
Саяхан Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж байхад парацетамолын хордлоготой гээд эмчлүүлж байгаа хүүхэдтэй таарлаа. Хүүхдээ халуураад л байна гээд эмнэлэгт хүргэлгүй, эмчээс асуулгүй парацетамол өгсөөр байгаад эмийн хордлогод давхар оруулаад, ханиадыг нь хатгалгаа болгосныхоо дараа л эмнэлэгт хандсан байгаа юм.
-Үүнийг мөн иргэдийн эрүүл мэндийн мэдлэг дутмаг байгаатай холбож болох байх?
-Нийт ард түмний дунд эрүүл мэндийн боловсрол маш сул байна. Мэдлэг султай хүн чинь өөрийн болоод хүүхдийнхээ эрүүл мэндэд ямар анхаарал тавихаа мэддэггүй. Тиймээс эцэг, эхчүүдийн эрүүл мэндийн боловсролыг зайлшгүй сайжруулах шаардлагатай байна. Хэдийгээр энэ чиглэлээр олон ажил зохион байгуулж байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа. Учир нь энэ асуудал нэг өдөр яриад шийдэгдчих зүйл биш. Хүний зан, зуршилыг өөрчлөнө гэдэг маш хэцүү. Гэхдээ бид эрүүл мэндийн боловсролыг сайжруулах олон төрлийн ажил хийж байгаа.
Томуу, томуу төст өвчнөөр өвдөөд ирж байгаа хүмүүсийн дийлэнхи нь тав хүртэлх насны хүүхдүүд байна. Тэр дундаа нэг хүртэлх насны хүүхдүүд маш олон байгаа бөгөөд тэдгээрийн ихэнх нь гэр хороололд амьдардаг, нийгэм эдийн засгийн байдал нь сайнгүй айлын хүүхдүүд байна. Эмнэлэгт хүргэгдэж ирэхдээ дандаа хүндэрсэн, хатгаа туссан байдалтай ирдэг.
Үүнээс гадна олонх нь дагалдсан суурь өвчинтэй байдаг. Тухайлбал, цус багадалттай, рахиттай, тураалтай хүүхдүүд томуу, томуу төст өвчнөөр өвдөх нь их байна. Мөн сүүлийн жилүүдэд ээжүүд хүүхдээ хөхөөрөө хооллохгүй байгаатай холбоотойгоор хүүхдүүдийн дархлаа муудаж, өвчинд нэрвэгдэх нь их боллоо. Судалгаанаас харахад, нийслэлд хөхөөр холллолт дөнгөж 47 хувьтай байна. Гэтэл хөхөөр хооллох нь хүүхдэд маш их ач холбогдолтой. Хүүхэд хөхний сүүнээсээ дархлаа, хүч тэнхээгээ олж авч байдаг. Эхийн сүүг ямар ч үнэтэй бүтээгдэхүүн, сүү орлохгүй шүү дээ.
-Хүүхдүүд ихэвчлэн ямар төрлийн вирусээр үүсгэгдсэн томуу, томуу төст өвчнөөр өвдөөд байна вэ?
-Энэ жил томуугийн А хүрээний вирус эргэлдэж байна. Түүний зэрэгцээ яг томуу биш түүнтэй төстэй, адилхан шинж тэмдгээр илэрдэг вирусууд бий. Ялангуяа бага насны хүүхдүүдэд РС вирус зонхилон тохиолдоод байна. Энэ нь хүүхдүүдэд илүү хүндрэл өгч илэрдэг. Вирусын онцлог нь хялгасан гуурсан хоолойнуудыг гэмтээдэг. Иймд дүр мэдэн өвчнөө эмлэхгүй байхыг зөвлөе. Ялангуяа бага насны хүүхдүүдийг яаралтай эмчид үзүүлэх ёстой шүү.
-Ярилцсанд баярлалаа.