Б.Батхүү: “Үйлдвэржилт 21/100” хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүүтэй хөнгөн үйлдвэрийн салбарт тулгамдсан асуудал, төрөөс хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа.

-Монгол улсын хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Хөнгөн үйлдвэрийн салбарт арьс шир ноос ноолуур, мод модон бүтээгдэхүүн, оёмол бүтээгдэхүүн, хэвлэл, цахилгаан бараа, барилгын материал, сав баглаа боодол, дахин боловсруулах үйлдвэрлэл хамаардаг ба 40 гаран мянган хүн ажилладаг том салбар. Монгол улсын хөнгөн үйлдвэрийн тэргүүлэх салбар нь МАА-н гаралтай түүхий эдэд суурилсан онцлогтой байдаг.

Манай улсын хөнгөн үйлдвэрийн салбар хөгжих явцдаа амжилт бүтээлээр дүүрэн он жилүүдийг үдсэн ч олон нөхцөл байдал, шалтгааны улмаас бид зарим чаддаг байсан зүйлсээ чадахгүй болсон жишээ түгээмэл байна. Үндэсний зарим том үйлдвэрүүд хүчин чадлаа нэмэгдүүлж, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж шинэ технологийг эзэмшсэн эерэг үр дүнгүүд их байгаа хэдий ч түүхий эдийн чанар муудсан, оёдлын үйлдвэрүүд жижгэрч бутарснаас хүчин чадал саарсан, экспортын ачаалал даах том үйлдвэр цөөрсөн, эцсийн бүтээгдэхүүний дизайн, сав баглаа боодол шаардлага хангахгүй байгаа гэх мэт сөрөг үзэгдлүүд цөөнгүй байна.

Өнөөдөр манай МАА-н гаралтай түүхий эдийн чанар муу байгаа нь хөнгөн үйлдвэрийн тэргүүлэх салбар болох арьс шир, ноос ноолуурын үйлдвэрлэлийн тулгамдсан асуудал болоод байна. Арьс ширний салбарыг жишээлж ярихад үндсэн түүхий эд малын арьсан дахь амьдын гэмтэл, нядалгааны үеийн гэмтэл, нядалгааны дараах гэмтэл нийлээд түүхий эдийн үнэ цэнийг маш их унагаж байна. Хонины нэхий боодол бохиноос хямд байгаа шалтгаан бол түүхий эдийн чанартай шууд холбоотой байгаа юм. Чанартай сайхан түүхий эдийг үйлдвэрүүд хангалттай үнээр худалдаж авахад бэлэн байгаа тухай үйлдвэрүүд амлаж байгаа.

Хонийг амьдад нь хачиг хувалз шимэгчилж, шивээ өвс цоолох нь хонины арьсыг амьдад нь гэмтээнэ. Нядалгааны үед бол гар аргаар стандарт бус нядалгаа хийж арьсыг цоолох, зүсэх, буруу өвчсөнөөс үүдэх гологдол, нядалсны дараа хадгалалтын горим зөрчиж давслахгүй хатаах, хонины өлөнг нэхийнд нь боож хадгалснаас болж илжрүүлэх байдал түгээмэл байна. Хонины арьсан дахь хачиг хувалз, шивээний сорви дайр нийт арьсны 80 хувьд байдаг. Мал нядалгааны 90 хувийг гар аргаар хээрийн бойгоор нядалдаг ба бодын арьсны 60 хувь, бог малын арьс дөнгөж 20 хувь нь үйлдвэрийн шаардлага хангахуйц байна. Ийм байхад үйлдвэрүүд хангалттай мөнгө төлөх боломжгүй. Түүхий эдийн тогтолцоо сайн байсан соц үед нийт арьсны 70 хувь нь нэгдүгээр зэргийн арьс байсан тухай үйлдвэрлэгчид ярьдаг. Түүхий эд бэлтгэлийн тогтолцоо алдагдсан, мал эмнэлгийн үйлчилгээ муудсан нь түүхий эдийн чанар муудсан гол шалтгаан юм.

МАА-н гаралтай түүхий эд бэлтгэл, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн талаар тодруулбал?

-Манай улс жилдээ 8500 ноолуур бэлтгэдэг, ноолуурын түүхий эд бэлтгэлээрээ дэлхийд 2-рт ордог том нийлүүлэгч орон. Мөн 10 гаран сая ширхэг арьс бэлтгэдэг. Гэвч мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах салбарын маань нэмүү өртөг бүтээх тал дээр сулхан байна. Ноолуурынхаа 30 хувийг дотооддоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж үлдсэн 70 хувийг нэмүү өртөг бараг шингээлгүй экспортолж байна. Арьс ширний хувьд 60 хувийг үйлдвэрт боловсруулж 40 хувийг экспортолдог. Гэвч экспортын барааны бүтцэд нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний эзлэх хувь хэмжээ чамлалттай байна. Үүнд өмнө нь ярьсан түүхий эдийн чанар шууд нөлөөлж байгаа юм.

-Хөнгөн үйлдвэрийн салбарын мэргэжилтэй ажилтан дутагдалтай байгаа талаар сонссон. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Хөнгөн үйлдвэрийн салбар мэргэжилтэй ажилтны дутагдалд орсон нь мэргэжлийн ажилтан бэлтгэдэг боловсролын байгууллагын анги дүүргэлт, үйлдвэрүүдийн хүний нөөцийн мэдээллээс илт харагдаж байна. Хөнгөн үйлдвэрийн ид хөгжлийн үед бэлтгэгдэж байсан инженер техникийн мэргэжилтнүүд маань өнөөдөр тэтгэвэртээ гарсан ба залгамж халаа нь бэлтгэгдээгүй гэхэд хилсдэхгүй, залуусын нийгэмд хандах хандлага нь өөр болсонтой холбоотой байх. Нэг хэсэг өндөр цалинтай уул уурхай гэх мэт өндөр цалинтай салбарлуу тэмүүлцгээсэн. Өнөөдөр бид хөнгөн үйлдвэрийн мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэх тал дээр шуурхай арга хэмжээ авч идэвхижүүлэх цаг болсон байна. Засгийн газраас энэ чиглэлээр “Мэргэжилтэй ажилтан” хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа.

-Хөнгөн үйлдвэрийн бусад салбаруудын талаар ямар бодлого баримталж байна?

-Мод, модон эдлэлийн салбарын хувьд шавьжинд идэгдсэн, түймэрт шатсан, унанги, хожуул гэх мэт модны нөөцийг цэвэрлэн зохистой ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулах нь нэмүү өртөг бүтээх, ажлын байраар хангах олон ач холбогдолтой. Үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүний сав баглаа боодол шаардлагад нийцээгүйгээс хүнсний бүтээгдэхүүний чанарт нөлөөлөх, гадаад орны стандарт шаардлагыг хангаагүйн улмаас үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ экспортолж чадахгүй байгаа зэрэг нь нилээд тулгамдсан асуудал болоод байна. Иймээс сав баглаа боодлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөрийг бид хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх хогийг мөнгө болгохоос гадна, хоггүй эрүүл орчинд аж төрөх боломжийг бий болгох ач холбогдолтой.

Үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр ХХААХҮЯ ямар ажил хийж, хэрэгжүүлэх гэж байна вэ?

-Бид “Үйлдвэржилт 21/100” гэж хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ хөтөлбөр маань 21 аймагт Импортыг орлох, экспортын чиг хандлагатай 100 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх үйлдвэрийг байгуулах зорилготой. Орон нутгийн онцлог, түүхий эд, хүний нөөц, дэд бүтцийг харгалзан хөрвөх чадвар өндөртэй үйлдвэрүүдийг байгуулж орон нутгийг хөгжүүлэх, иргэдийг нутагтаа сайхан амьдрах нөхцөл боломжоор хангахыг уг хөтөлбөртөө тусгахаар ажиллаж байна. Мал аж ахуй, газар тариалан, хүнс болон хөнгөн үйлдвэр, худалдааны харилцан уялдааг хангаж үнэ цэнийн сүлжээг боловсронгуй болгох нь манай хөтөлбөрийн чухал зорилт.

-Хөнгөн үйлдвэрийн бодлогыг хэрэгжилтийг зохицуулах газраас 2017 онд хийж хэрэгжүүлэх томоохон ажлуудаасаа манай уншигчдад танилцуулна уу.

-Энэ жил Худалдааны тухай хууль, Дэмпингийн хуулийг боловсруулж өргөн барих, “Үйлдвэржилт 21/100” хөтөлбөрийг дагаж гарах “Мэргэжилтэй ажилтан” хөтөлбөрийг боловсруулах, үндэсний үйлдвэрлэгчдийг гадаад зах зээлт танилцуулах, борлуулалтыг дэмжих зорилгоор Монгол-Хятадын Экспо 2017 арга хэмжээг зохион байгуулах, Үндэсний үйлдвэрлэгчдийн худалдаа бизнесийн төвийг байгуулах гэх мэт олон ажлуудыг төлөвлөөд ажиллаж байна.

Мөн асрамжийн газрын хүүхэд залуусыг үйлдвэрийн мэргэжилтэй ажилтан болгоход чиглэсэн зорилтот төсөл, аймаг тус бүрийг нэг брэнд бүтээгдэхүүнтэй болгох “21/21” зорилтот төслүүдийг санаачлан хэрэгжүүлэхээр судалж байна.

-Танд баярлалаа.

Ярилцсан Н.ГАНЧИМЭГ

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …