Манай улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдыг нэгтгэн, зөвлөлдөх боломжийг бүрдүүлдэг “Invest Mongolia-2013” чуулга уулзалт өчигдөр боллоо. Чуулга уулзалтад гадаад дотоодын 60 гаруй илтгэгч, 250 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.
Уул уурхайн салбарын бүтээгдэхүүн тэр дундаа нүүрсний үнэ унаж, зэсийн үнэ дорвитой өсөхгүй байгаагаас үүдэн Монголд хөрөнгө оруулах гадаадын улс орон түншийн тоо эрс буурсан. Үүний улмаас хөрөнгө оруулагчдын чуулганд оролцох бизнес төлөөлөгчид ч цөөрсөн гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.
Уг чуулганыг Уул уурхайн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, бусад бизнесийн болон төсвийн байгууллагын төлөөлөгчид оролцож уул уурхайн нөхцөл байдлын талаар илтгэл тавив.
Оюу толгойн асуудалд харилцан ойлголцох хэрэгтэй байна
Уул уурхайн хөрөнгө оруулалтыг сайжруулахын тулд хууль эрх зүйн орчиндоо өөрчлөлт оруулах тогтвортой байдлыг бий болгох шаардлагатай гэдгийг хаана хаанаа ярилцаж байгаа. Уул уурхайн үйл ажиллагаатай тэрсэлдэж байдаг нэг зүйл бол байгаль орчин, түүнтэй холбоотой хууль, журам байдаг. Тиймээс БОНХ-ийн сайд С.Оюунаас дараах зүйлийг тодруулсан юм.
-Уул уурхайн гадаад хөрөнгө оруулалт эрс буурснаар манай улсын эдийн засаг хүндхэн болж ирлээ. Үүний гол шалтгаан нь хууль эрх зүйн тогтворгүй байдлаас боллоо гэж үзэх иргэн олон байгаа. Тэгэхээр хууль эрх зүйг өөрчлөх шаардлагатай гэж үзвэл байгаль орчинтой холбоотой хуулиуд хөндөгдөж эхлэх болов уу?
-Гадаад дотоод гэлгүй хөрөнгө оруулагчид тогтвортой байдлыг хүлээж байгаа. Тэгэхээр Тогтвортой байдлын тухай хуулийг Засгийн газар дээр ярьж байна. Өөрөөр хэлбэл татварын бодлогоо тогтвортой байлгах нөхцөл боломжийн талаар ярилцаж байна.
Мөн Стратегийн салбарт оруулах гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай яригдаж байгаа.
Энэ бүх хуулийг урт хугацаанд найдвартай хэрэгжих нөхцлийг хангах нь УИХ-ын үүрэг. Газар хөндөхгүйгээр уул уурхайн үйл ажиллагаа эрхэлнэ гэж байхгүй. Тийм учраас байгаль орчны асуудал тавигдахаас өөр арагагүй. Тэгэхээр холбогдох хууль журмааа аль аль талаа хохироогүйгээр зохицуулж өгөх хэрэгтэй.
-Оюу толгойн хөрөнгө оруулалтын гацаанд орсон асуудлыг юу гэж харж байна. Энэ асуудлаас гарах шийдэл нь юу байх вэ?
-Хоёр талд шийдвэрлэх шаардлагатай ярилцах асуудлууд байгаа. Тэрийг аль болох харилцан ярилцаад “Оюу толгой” төслийг урагшлуулах нь зүйтэй гэж бодож байна. Оюу толгойн бүх үйл ажиллагаа зогсчихсон гэж ойлгож болохгүй. Ил уурхайн ажил явагдаад зэсийн баяжмал экспортод гарч байгаа.
Хамгийн гол нь далд уурхайн хоёр дахь санхүүжилт, зээл авах нөхцөлүүд дээр нь ярилцах зүйлүүд байгаа. Бид харилцан ойлголцолд хүрч байж л төсөл урагшаа явна биз дээ. Тэр, энэ нь зөв гэдгийг улстөрчид биш хөндлөнгийн шинжээчид, энэ чиглэлийн судалгааны байгууллагууд ярих хэрэгтэй.
-“Invest Mongolia-2013” чуулга уулзалтын үеэр хөрөнгө оруулагчдад хандаж ямар илтгэл тавьсан талаараа товч танилцуулаач?
-Ногоон хөгжлийн үзэл баримтлалыг бий болгох, батлуулах тухай асуудал дэлхий нийтэд яригдаж байна. Товчхондоо усаа хэмнэдэг, дахин ашигладаг, эрчим хүчний асуудлаа байгальд ээлтэйгээр шийдсэн, хогны менежментээ зөв боловсруулсан гэх мэт асуудлуудыг ярих болсон.
Хуучин байгальд ээлтэй бизнес гэхээр өртөг өндөртэй юм шиг санадаг байсан. Сүүлийн жилүүдэд байгаль орчинд ээлтэй техник технологи дэлхий нийтэд хурдацтай тархаж байна. Дээрээс нь энэ чиглэлд төрийн бодлогоор дэмжлэг үзүүлж байгаа.
Манай улсын хувьд хамгийн сүүлд Засгийн газраас ашгийн татвараас чөлөөлөх жагсаалтыг гаргасан. Энэ нь байгальд ээлтэй, нөөцийг хэмнэсэн тоног төхөөрөмжийг борлуулалтын татвараас чөлөөлсөн. Харин байгаль орчинд халтай үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэнд тавьдаг торгуулаа тавиад явна гэсэн үг.
-Тухайлбал ямар техник, тоног төхөөрөмжийг орлогын албан татвараас чөлөөлж байгаа вэ?
-Нар салхины эрчим хүчний эх үүсвэр, бохир усыг цэвэрлэх тоног төхөөрөмжид татварын хөнгөлөлт эдлэх нь гэж ойлгох хэрэгтэй. Мөн ойжуулалтын ажил эрхэлж буй иргэн аж ахуйн нэгжүүдийг НӨАТ-аас чөлөөлөх шийдвэр гарсан.