Хорих ангийн 100 хүмүүжигч мэргэжилтэй боллоо

Жирийн дэглэмтэй хорих 421 дүгээр ангид 200 хүмүүжигч ял эдэлж байна.

Манай сурвалжлах баг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Амгалан дахь хорих 421 дүгээр ангийг зорилоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын /ШШГЕГ/ харьяа жирийн дэглэмтэй эл хорих ангид эдүгээ 200 гаруй хү­мүүжигч ял эдэлж байна. Тэд эхнээсээ мэргэжилтэй болж байна гэх чихэнд чимэгтэй сайхан мэдээ сонсогдов.

Биднийг  тус  хорих ан­гид очиход өндөр хана, өргөст тороор эрхээ хяз­гаар­луулсан 100 хүмүү­жигч хо­рих ан­гийнхаа ха­шаанд эрийтэл жагссан хараг­дав.

Тэдний нүдэнд гуниг харуусал бус баярын оч гийж, нүүрэнд нь инээм­сэглэл тодрох аж.

Учир нь хүмүүжигчдийг ял эдэлж байх хуга­цаанд нь ний­гэм­шүүлэх,  мэр­гэжлийн чиг баримжаа олгох улмаар төрөл бүрийн сургалтад хамруулж ажлын байраар хангах үүднээс ШШГЕГ-аас  “Амгалан”  мэр­­гэ­жил сургалт үйлдвэрлэлийн тө­вийг байгуулсан байна.

Энэхүү төвийг анх Шүүхийн шийдвэр гүйцэт­гэх тухай хуулийн 124, 125 дугаар зүйлийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорил­гоор Хөдөлмөр халамж үйлчилгээний газар болон ШШГЕГ-ын даргын ту­шаа­лаар “Мэргэжил эзэм­шүүлэх төв” нэртэйгээр 2009 онд байгуулж байжээ.

 Улмаар эл төвийг өр­гө­жүү­лэх тухай Засгийн газ­рын  тогтоол гарч энэ жилээс эхлэн “Амгалан” мэргэжил сургалт үйлдвэр­лэлийн төв болгон нэрийг нь өөрчлөн өргөжүүлсэн байна. Харин эхний ээлжийн 100 хүмүүжигч барилгын сантехникч, бетон арма­турчин, засал чимэглэлч, өрлөг угсралт, гагнуурчин зэрэг мэргэжлээр таван сарын турш номын дуу сон­сож ийнхүү мэргэжлийн үнэмлэхээ авахад бэлэн болоод байгаа нь энэ аж.

Тодруулбал дээрх 100 хүмүүжигч нэг ангид 20 суралцагчтайгаар өнгөрсөн гурав­дугаар сарын 7-ноос эхлэн хоёр сарын турш номын дуу сонсож үлд­сэн гурван сард нь ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад үйлдвэрлэлийн дадлага хий­сэн байна.

Харин хоёрдугаар ээл­жийн мэргэжил олгох сургалтыг өн­гөрсөн тавдугаар сараас эхлүүлсэн бөгөөд хоёр са­р  онолын хичээл зааж дуусаад байгаа аж.

Хү­мүү­жигч нарын ярьж буй­гаар тэд хэдий алдаа хийгээд ороод ирсэн ч мэргэжил олгох сургалтад хамруулж мэргэжлийн үнэм­­лэхтэй болгож байгаад баяртай байгаагаа хэлж байв.

Б.Цогжаргал: Хүмүү­жигчид сургалтад идэвхтэй хамраг­даж байгаа

 ШШГЕГ-ын харьяа хорих 421 дүгээр ан­гийн дарга, дэд хурандаа Б.Цогжаргалаас дараах зүй­лийг тодруулсан юм. 

-ШШГЕГ-ын харьяа “Ам­­­­галан” мэргэжил сур­гал­т үйлдвэрлэлийн төв анх­ны төгсөлтийнхөө 100 хү­мүү­жигчдэд мэргэжлийн үнэм­лэхийг нь гардуулж өглөө. Өмнө нь ял эдэлж байгаа хүмүүжигчид “Мэр­­гэжил эзэмшүүлэх төв” нэртэйгээр мэргэжил олго­дог байсан шүү дээ? 

-Өмнө нь бид зөвхөн сургалт явуулдаг байсан. Харин энэ жилээс хү­мүүжигч нарт мэргэжил эзэмшүүлж байгаа. Эхний ээл­жинд гагнуурчин, ца­хил­гаанчин, бетончин, сан­техникч зэрэг найман мэргэжлээр 100 хү­мүүжигчид мэргэжлийн үнэмлэх олголоо.

Өмнө нь бид чадамжийн гэрчилгээ олгодог байсан. Харин энэ жилээс тэд мэргэж­лийн үнэмлэхтэй болж, сул­лагдаад хаана ч ажил­лах боломжтой болж байгаа юм.

 -Энэхүү мэргэжил эзэм­шүүлэх сургалтад чанга болон жирийн дэглэмтэйгээр ялгаж сургах зэрэг ангилсан зүйл бий юу?

-Байхгүй. Хамгийн эхэнд бид хүмүүжигчдийн хүсэл сонирхолыг харгалзан үзэж байгаа. Улмаар хам­рагдахыг хүссэн хүмүү­жигчдийн дунд судалгаа явуулсаны үндсэн дээр сур­галт явуулдаг.

Сургалт хоёр хэлбэрээр явагдана. Нэг нь “Амгалан” мэргэжил сургалт үйлд­вэрлэлийн төвд суурин явагд­­даг бол нөгөө нь хорих ангиудаар явуулын байдалтай хийгддэг.

Харин хэргийн хувьд тийм хэрэг хийсэн хүнийг хам­руулна, ийм хэрэг хийсэн хүний хамруулахгүй гэхгүй. Тиймээс ямар ч хүмүүжигч хамрагдах бо­ломж­той, бас эрхтэй.

-Хүмүүжигчид ял эдэлж байх хугацаандаа мэргэжилтэй болж байгаа нь сайн хэрэг. Тэгэхээр энд олгогдож байгаа мэр­гэжлийн үнэмлэх хорихоос суллагдаад ямар ч бай­гууллагад ажилд ороход үйлчилнэ гэж ойлгож болох уу?

-Нийгэмд олгогдож бай­гаа сургалтын дагуу олгодог гэрчилгээтэй яг адилхан. Олон улсын жишиг, стан­дартад ч заасан байдаг юм. Тэр нь хорих ангид хүмүүжигчид ял эдэлж байх хугацаандаа гэрчилгээ, мэргэжлийн үнэм­­лэх авбал түүн дээр хууль хяналтынханы там­га, тэм­дэглэгээ байх ёсгүй гэж заасан байдаг.

Яг л энэхүү жишгээр явдаг боло­хоор шоронгоос гараад ч мэргэжлээрээ ажил­лахад ямар нэгэн хүндрэл гарах­гүй.

-Хүмүүжигчид мэргэ­жил олгох сургалтад хэр идэвхтэй хамрагдаж байна вэ? 

-Сүүлийн үед ял эдэлж байгаа иргэдийн ухамсар өөр болсон байна. Тэр ч утгаараа мэргэжил эзэмших сургалтад хамрагдах хү­сэл­тэй хүмүүжигч олон байгаа. Бид эхний удаа 100 хүмүүжигчийг мэргэжилтэй болголоо. Цаашид ч энэ маягаар сургалт маань үр­­гэлжлэх болно.

 Хүмүүжигч Б: Хөнгөн бетон дээр гурван сар дадлага хийсэн 

Дараа нь бид “Амгалан” мэргэжил сур­галт үйлд­вэрлэлийн төвийн анхны төгсөгч, хорих 421 дүгээр ангийн хүмүүжигч Б-тэй уулзав. Тэрбээр нэр ус болоод нүүр царайгаа сонинд гаргахгүй байхыг хүссэн юм.

-Та хэдэн жил сууж байна вэ?

-12 жил.

-Хэзээ суллагдах юм?

-Ирэх оны хоёрдугаар сард магадланд орно.

-Ямар мэргэжлээр сурал­цаж төгсөв?

-Барилгын гагнуурчин мэр­гэжлээр хагас жил орчим суралцаад төгслөө. Дөрөв­дүгээр зэрэгтэй.

-Дөрөвдүгээр зэрэг гэ­хээр өмнө нь барилгын гагнуурчин мэргэжилтэй бай­сан гэсэн үг үү?

-Суурь мэдлэг бол бай­сан.

-Суралцаж байх хуга­цаандаа дадлагаа хаана хийв?

-Хөнгөн бетон дээр гур­ван сар дадлага хийсэн. Түүнийхээ үр шимийг өнөөдөр /өчигдөр/ үзэж бай­на даа. Мэргэжлийнхээ үнэмлэхийг авлаа.

-Яах вэ, мэргэжил олгох сургалтад суралцаад төгсчихдөг юм байж. Гэтэл гараад ажлын байр хэр хангалттай байх бол?

-Бид гараад шууд л ажилтай шүү дээ. Сая дад­­лага хийсэн газраа гаг­нуурчин мэргэжлээрээ ажил­лах гэж байгаа.

-Цалин хөлсний хувьд хэр боломжийн бэ?

-Хангалттай л гэж хэлэх байна. Эхний нэг, хоёр жил тогтсон цалинтай. Дараагийнхаас нь нэмэгдээд явна гэсэн.

download (1)

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …