Монголчууд хавдар гэхээр хэзээ ч эдгэшгүй өвчин, үхлийн хавцал руу чирэгч гэж ойлгодог. Гэсэн хэдий ч яавал хавдар тусахгүй байх вэ гэдэгт анхааралаа тэр бүр хандуулдаггүй. Өөрөөр хэлбэл эрүүл мэндээ анхаарал таьдаггүйгээс хавдраас үүдэлтэй зүй бус нас баралтын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байдаг байна. Энэ тухай албаныхан ч хэлдэг.
Хавдар судлалын үндэсний төвөөс гаргасан судалгаагаар Монгол Улсад жилд дунджаар 4400 гаруй хүн хорт хавдраар өвчилж, 3000 гаруй нь нас бардаг байна. Хорт хавдар нь өнөөдөр хүн амын нас баралтын хоёр дахь том шалтгаан болоод байгаа аж. Тодруулбал таван хүний нэг нь хорт хавдрын улмаас нас барж байна. Оношлогдсон хорт хавдрын 75 хувь нь III, IY үедээ буюу төгс эмчилгээ хийх боломжгүй шатандаа эмнэлэгт ханддаг байна. Өнгөрсөн онд манай улсад хорт хавдрын шинэ 4544 тохиолдол, 3059 нас баралт бүртгэгджээ.
Хүмүүсийн дунд зөвхөн элэг, бөөр, ходоод, хөх, умайн хүзүү, сав зэрэг эрхтнүүд л хорт хавдраар өвчилдөг гэсэн өрөөсгөл ойлголт бий. Харамсалтай нь хүнд байгаа эрхтэн бүхэн энэ өвчнөөр өвчилдөг аж. Хамрын хорт хавдраар өвчлөөд хамар нь байхгүй, онгойсон нүхтэй болчихсон, нүд нь мултраад уначихсан хүн байх жишээтэй.
Мөн хүнд гэнэт мэнгэ гарч ирэх, мэнгэ нь өөрчлөгдөх нь ч хорт хавдар байж болзошгүй аж. Хэрвээ мэнгэний хорт хавдрыг эрт оношлуулахгүй бол 1-2 жилийн дотор нас бардаг байна. Ер нь хүнд байхгүй л юм ургаад гараад байвал энэ нь өвчин, хоргүй хавдар ч тодорхой хугацааны дараа хортой болох тохиолдол ч цөөнгүй гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлдэг.
Хорт хавдар гэж чухам юуг хэлдэг вэ гэхээр “Янз бүрийн хүчин зүйлсийн нөлөөгөөр хүний биеийн эсийн тэнцвэрт байдал алдагдсанаар хяналтгүй өсч үржсэн гаж эсүүдийн бөөгнөрөл” гэсэн шинжлэх ухааны тодорхойлолт байдаг.
Агаарын бохирдол, элдэв төрлийн химийн хорт бодисын хэрэглээ, хүнс болон бусад зүйлсийн хадгалалт, хамгаалалт, архи тамхи, стресс зэрэг нь хавдар үүсгэх хүчин зүйл болдог аж.
Уушгины хорт хавдрын 90 хувь нь тамхинаас шалтгаалан үүсдэг. Тамхинд 7000 гаруй төрлийн химийн бодис агуулагддагаас 69 нь хүний биед хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг гэнэ.
Хорт хавдартай хүнд хавдрын шалтгаанаас хамаарч олон тооны ялгаатай шинж тэмдгүүд илэрдэг. Хөх болон биеийн аль нэг хэсэгт арьс зузаарах, овгор юм гарах, шинэ мэнгэ үүсэх эсвэл хуучин мэнгэ өөрчлөгдөх, шарх эдгэрэхгүй байх, хоолой сөөх, ханиалгалт зогсохгүй байх, өтгөн, шээсний гарц өөрчлөгдөх, хоол идсэний дараа аюулхайгаар өвдөх зэрэг түгээмэл шинж тэмдгүүд илэрдгийг энд дурдаж болно.
Гэхдээ хавдарт өвчнийг эрт илрүүлбэл эдгэрэх бүрэн боломжтой гэдгийг энд дурдах нь зүйтэй. Тиймээс ч Хавдар судлалын үндэсний төв, “ХААН” банк”, МҮОНРТ хамтран гурав дахь жилдээ “Хавдрын эсрэг үндэсний яан”-ыг зохион байгуулж байгаа. Өнөө жил тус аян Сэлэнгэ, Өвөрхангай, Архангай, Өмнөговь, Булган, Хөвсгөл, Хэнтий, Дорнод зэрэг аймагт үргэлжлэх юм.
Аяны хүрээнд хорт хавдраас урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт сурталчилгаа хийх, хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх үзлэг оношилгоог зохион байгуулах, зарим төрлийн мэс заслын эмчилгээг орон нутагт хийх зэрэг ажлуудыг зохион байгуулж байгаа.
“Хавдрын эсрэг үндэсний яан”-ынхан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 40 мянга гаруй хүнийг үзлэгт хамруулж тусламж үзүүлсэн байна. Үүнээс хортой ба хоргүй хавдартай 7720 хүн оношилж эмчилжээ. Тиймээс уншигч та бүхэн энэхүү аянд идэвхтэй оролцсоноор өөрийгөө болон гэр бүлийнхнээ аюулт хавдраас урдчилан сэргийлэх боломж бүрдэх юм.