Хошууч генерал Ч.Амарболдтой ярилцлаа
Цагдаагийн байгууллага түүхт 96 жилийн ойтойгоо золгож байна. Энэ байгууллагын түүхийг бүтээсэн гавьяатай хүмүүсийн нэг бол яахын аргагүй та юм. Түүхт ойн баярын өдрийн сэтгэгдэлээ хуваалцана уу ?
Сайхан байна. Сэтгэл хөдөлж, эрт эдүгээг бодож нөхдөө дурсаж л сууна. Цагдаагийн байгууллагын түүх үе үеийнхний амь биеэ үл хайрлан, төрийн хуулийг сахиулахын төлөө, түмэн олноо хамгаалахын төлөө мятрашгүй тэмцсэн түүх байдаг. Ийм учраас хэдийгээр цагдаа нар хүнд хэцүү нөхцөлд ажиллаж, амиа хүртэл алдаж, гүтгүүлж, доромжлуулсан эмгэнэлтэй, хар өдрүүдтэй ч гэсэн уртын холдоо цагдаагийн алба цагаан түүхтэй, бахархалтай мөн ч сайхан алба шүү. Би өнөөдөр ажиллаж явсан он жилүүдээрээ , албаараа, намайг сургасан багш, дарга ахлахуудаараа, мөр зэрэгцэн зүтгэсэн нөхдөөрөө, өнөөдөр ажиллаж байгаа бүх цагдаа нараараа бахархаж явна. Та бүхэндээ баярын мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэн ёсолж байна
Та анх ямар цолтой цагдаагийн албанд орсон бэ?
Би НАХЯ-ны цэргийн тусгай дунд сургуульд 1974 онд элсэж, цэргийн сургуулийн “сурагч” цол авсан нь миний анхны цол юм. 1977 онд манай анхны тусгай дундын төгсөлтийнхөн 51 нь хэсгийн төлөөлөгч, бусад нь хилийн заставын орлогч болж, сургуулийнхаа аранзал улаан туганд сөгдөөд дэслэгч болсноор офицер бүрэлдэхүүнд орсон түүхтэй.
Хошууч генерал болсон түүхээ хуучилна уу?
Би 1996 онд Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан юм 8 сард намайг Засгийн газрын шийдвэрээр ЦЕГ-ын даргаар томилсон. Б.Пүрэв генералаас ажлаа хүлээж авсаны маргааш нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гар, цэргийн дээд цолоор шагнуулсан. Би Монгол улсын 112 дахь генерал болж, Ерөнхийлөгч П.Очирбат гуай дээр орж цол авснаа илтгэж байсан юм. Залуу ч байж цолныхоо учир утгыг ч, их хүнд ачаа үүрч байна гэдгээ ч төдийлөн сайн ухаараагүй байсан юм билээ. Энэ цол өөрөө хүнийг ажил төрөлд их шахаж дайчилдаг. Улс эх орныхоо төлөө улам их сайн ажиллахыг үүрэг болгодог, хүнийг бүр их хариуцлагажуулдаг, нэг үгээр хүндтэй ч, хүнд ч цол шүү.
Та ЦЕГ-ын газрын дарга байхдаа ямар чухал асуудлуудыг шийдвэрлэж байсан бэ?
Ер нь хүмүүс ажиллаж байсан цаг үедээ албаныхаа өмнө, алба хаагчдынхаа өмнө тулгамдсан зорилтыг шийдэхийг л хичээдэг. Миний ЦЕГ-ын дарга болсон цаг үе нь Монголын цагдаагийн байгууллага шинээр бий болж, өөрийн гэсэн хуультай болсны дараах бүх л асуудлыг шинээр шийдэх ажлын үргэлжлэл байсан юм. Б.Пүрэв генералын үед бие даасан хуультай болоод хувцсаа шинэчлээд их өнгө зүс ороод эхэлж байсан. Хэдийгээр гэмт хэрэг гардаг, хэв журам сахиулах ажил ярвигтай төвөгтэй, ачаалал өндөртэй байсан ч алба хаагчид маань шийдэхийн төлөө дээр, дооргүй хичээж ер нь их урам зоригтой ажиллаж байсан үе. Эргүүлийн цагдаагаасаа эхлээд бүх хүн их урам зоригтой хийчих юмсан, бүтээчих юмсан, ямар ч гэсэн би энэ ажлын ард гарна шүү гэсэн гялалзсан үе байсан даа.
Кобанжуулалтын ажил бас энэ үед эхэлсэн үү?
Японд цагдаа нар иргэдийнхээ дунд ажилладаг, иргэддээ үйлчилдэг, цагдаагийн жижиг нэгжийг “кобан” гэж нэрлэдэг юм. Энэ тухай би урьд нь уншиж судалснаа цааш нь үргэлжүүлж, “Олон Улсын Цагдаагийн дарга нарын холбоо”, “Интерпол”-ын чиглэлээр мэдээлэл авч, манайд хийж болох эсэхийг судалж үзсэн. Манай монгол орны нөхцөлд ялангуяа Улаанбаатар хотын хороодод цагдаа 24 цагийн турш иргэдийнхээ дунд ажиллаж, дуудлага хүлээж авдаг, очиж үйлчилдэг, гэмт хэрэг зөрчлийг таслан зогсоодог тийм бүтэц зохион байгуулалтанд оруулах нь зөв юм байна гээд тэр туршлагыг Сингапур, Японы цагдаагаас судлаад манайх “кобан” системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. “Хэсгийн цагдаа” гэж нэрлэсэн юм шүү дээ.
Тэгээд энэ ажлыг зөвхөн Улаанбаатарт төдийгүй улсын хэмжээгээр хийж эхэлсэн. Суманд ганц хэсгийн төлөөлөгч, цагдаа хүчин мөхөсдөж байсан. Оршин сууугч, иргэдийн дунд байдаг цагдаагийн байнгын ажиллагаатай цагдаагийн нэгжийг “кобан” гэж байгаа юм.
Хөдөлгөөнт эргүүлийг энэ үед хийж эхэлсэн үү?
Хуучин байсан эргүүлийн системд өөрчлөлт оруулсан. Тухайн нутаг дэвсгэрийг бага багаар хуваагаад нэг, нэг эргүүлийн нэгжид харьяалуулдаг. Тэр нь кобантойгоо холбогддог. 2007 онд УИХ-д асуудал боловсруулан оруулж, Улаанбаатар хотод Хөдөлгөөнт эргүүлийн бие даасан алба байгуулагдсан. Тухайн үед цагдааг дуудахад 3-5 минутанд шуурхай ирдэг болсон гэж талархаж байсан. Яагаад гэхээр Улаанбаатар хотыг 50 хуваагаад хурдан шуурхай очих цэгүүд дээр нь нэг, нэг машин, 24 цагаар өвөл зунгүй бэлэн зогсож радио холбоогоор 102-оос дуудлага авмагцаа шуурхай очиж гэмт хэргийг таслан зогсоож, илрүүлж ажилладаг байсан. Энэ нь төрийн цагдаагийн үйлчилгээ иргэдэд шуурхай очиж байгаа гэсэн үг. Үргэлжүүлээд цагдаагийн мэргэжлийн албууд ажилладаг. Ийм бүтэц зохион байгуулалтанд орж байсан юм. Аль аль нь тухайн үедээ үүргээ сайн биелүүлсэн гэж боддог.2012 онд татан буулгаад тараачихсан гэж сонссон.
Цагдаагийн албаараа хэрхэн бахархдаг вэ?
Би 18 настайдаа цагдаагийн сургуульд орж цагдаа болсон минь хамгийн гол бахархал юм. Тиймээс цагдаагийн алба бол миний амьдрал болсон гэж хэлж болно. Ямар ч хүн багаасаа нэг ажил хийхээр түүндээ бүх хүч ухаанаа зориулж, тэр албаныхаа л төлөө болчихдог болов уу. Цагдаагийн алба бол олон түмнийхээ төлөө алба. Ялангуяа залуу хүнд мөн ч сайхан хийморьтой алба даа.
Бэрхшээл их гарч байсан уу?
Цагдаагийн албанд цаг үеийн бэрхшээл тохиолддог. Санхүү мөнгөний, хууль эрх зүйн орчны гээд Монголын цагдаа олон ч бэрхшээлийг давж явна. Одоо эрхбиш төр олон нийт ойлгодог болох байх. Одоо ажиллаж байгаа алба хаагч нар бүгдээрээ энэ албаараа бахархаж үнэнчээр зүтгэж, төв шударга, чин сэтгэлээсээ, хүнлэг шуурхай, өөрийнхөө бүх боломжийг дайчилж ажиллаасай. Цагдаагийн алба бол хүнийг дандаа өөд нь татдаг алба шүү. Манай цагдаагийнхан хаа ч харсан сайхан харагддаг. Цагдаа нар маань энэ албандаа сэтгэл зүрхээ гаргаж сайн зүтгээрэй гэж захья. Цагдаагийн ажил амьдралд тохиолдож байсан хүндхэн сорилт бэрхшээлийг бид даван туулж ирсэн.
Цагдаагийн албанд анх ороход надад А заасан бага даргаас эхлээд бүх дарга нартаа би бүгдэнд нь дандаа сайн сайхныг ерөөж явдаг. Хэрвээ намайг 18 настай цагдаагийн албанд ирэхэд энэ олон дарга нар хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн хэлж, биднийг сургаагүй бол энэ албыг олон жил хашиж, энэ зэргийн өндөр цолонд хүрэхгүй байсан гэдгээ би ойлгодог. Яаж зогсож, алхаж, жагсаж, илтгэж ёслохоос эхлээд л ажил амьдрал зааж байсан. Заримдаа яасан ч их өдөр шөнөгүй ажилладаг юм, загнаад байх юм гэж боддог л байсан. Харин энэ бол цагдаагийн л албаны хатуу шаардлага байсан.
Цагдаагийн байгууллагын үе үеийн алба хаагчид төр ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн. Иргэн цагдаа хоёрын хамтын ажиллагааны талаар та юу хэлэхсэн бол ?
Цагдаагийн ажил хүнийг хамгаалдаг, хүнд тусалдаг бас шаардлага тавидаг, хуулийн дагуу албаддаг ”хүнд ойрхон” ажил. Ёс журамтай, хүнлэг сэтгэлтэй, хатуу зарчимтай, эр зоригтой байхыг цагдаагийн алба шаардана. Цагдаа нь хуулиар хүлээсэн үүргээ ямар ч гуйвалтгүй, гуйлтгүй, хэтрүүлэггүй, дутуудуулахгүй биелүүлж, эрхээ зөв эдэлж хэрэгжүүлэх, иргэн хүн үүрэг ба эрхээ сайн ухамсарласан үед л хууль ёс хэрэгжих учиртай. Юуны өмнө цагдаа харагдах байдлаараа, харьцаа, үйл ажллагаагаараа зохих байр сууриндаа очих хэрэгтэй. Тэгвэл иргэдийн хандлага өөрчлөгдөнө. Цагдаа нь цагдаа шиг байж, иргэд нь ойлгож дэмжих нь чухал юм. Энэ бол хамтын ажиллагаандаа анхаарах хамгийн гол асуудал юм.
Энэ жилийн хувьд Цагдаагийн албаны тухай хууль батлагдлаа. Энэ албаны хуулийн давуу тал болон учир дутагдалтай зүйлийн талаар та ямар санал бодолтой байна вэ ?
Цагдаа хуульгүй шахам, эрх үүрэг нь тодорхойгүй, хэсэг дураараа хүмүүсээр самруулсныг бодвол хуультай болсон нь том амжилт. Хэрэгжүүлээд явтал амьдрал аяндаа болох, болохгүйг нь зааглаад өгнө. Бие бүрэлдэхүүнээсээ сайн асуух хэрэгтэй. Газар дээр нь улаан гараараа ажил хийж байгаа хүмүүс л зөв санаа хэлнэ шүү дээ. Ард иргэдээс ч асуух, сонсох хэрэгтэй. Цагдаа ер нь сүүлийн хэдэн жил нилээд бужигначихлаа. Албанд, алба хаагчдад маань хүнд тусч байна. Гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журам сахиулах ажилд мөн иргэдийнхээ амгалан тайван байдлыг сахиулах ажилд яавч сайн нөлөө үзүүлэхгүй. Одоо шинэ хуулиудыг хэрэгжүүлэх, цагдаагийн албыг итгэлтэй, тогтвортой байлгахад дээр доргүй анхаарвал сайнсан. Хулгай зэлгээгээс гадна Монголын нийгэмд аюул тарих хар тамхи, мансууруулах бодисын асуудал гээд цагдаа цаггүй ажиллах юм ч их байна даа.
Ингээд та бүхнийхээ ажилд амжилт хүсье!
Ярилцсан цагдаагийн ахмад Б.Төгсжаргал