Гадаад хэргийн яам, Сангийн Яам, Үйлдвэр худалдааны яаманд ажиллаж байсан, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан, “Алтай холдинг”-ийн ерөнхийлөгч, Японы “Кьюшью”-гийн их сургуульд “Компанийн засаглал”-ын асуудлаар докторын зэрэг хамгаалсан, өдгөө Монголын Хөгжлийн Стратегийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байгаа Дашдоржийн Зоригттой Удирдлагын академи дээр нээлттэй лекц унших үеэр нь ярилцлаа. Тэрээр өчигдөр Удирдлагын Академи дээр “Эрчимтэй хөгжлийн үзэл баримтлал: Онол ба Зүүн Азийн зарим орны жишээ” сэдвээр нээлттэй лекц уншсан юм.
– Өнөөдөр тавих илтгэлийнхээ чиглэл болон хамрах хүрээг танилцуулна уу?
– Илтгэлийн сэдэв бол ‘Эрчимтэй хөгжлийн үзэл баримтлал: Онол ба Зүүн Азийн зарим орны жишээ” гэж байгаа. Энд гол нь юу ярих вэ гэхлээр 1980-аад оноос хойш нэлээд яригдах болсон “Хөгжлийн улсын онол” юм. Тэр нь юу вэ гэвэл эрчимтэй хөгжиж байсан Зүүн Азийн орнуудын жишээн дээр барууны, Японы, Солонгосын эрдэмтдийн бий болгосон онол байгаа. Хурдтай хөгжсөн Зүүн Азийн орнуудын жишээн дээр хөгжлийн улсын шинж тэмдэг болсон байдаг “мерит” зарчим дээр суурилсан төрийн алба, экспортын баримжаатай аж үйлдвэржилтийн бодлого, нийтэд хүртээмжтэй, чанартай боловсрол, эрүүл мэндийн тогтолцоо гэх мэтийн хөгжлийн улсын онцлог шинж чанарын талаар би Монгол улсын нөхцөл байдалтай харьцуулж өнөөдөр ярина.
– Хөгжлийн улсын жишиг болсон орнуудыг дурдвал?
– Хөгжлийн улс гэхээр 1945 оноос хойш эрчимтэй хөгжсөн Япон улс. 50, 60, 70-аад онд их эрчимтэй хөгжсөн Өмнөд Солонгос, Тайвань улс, Сингапур улсыг онцолмоор байна. Эдгээрийг хөгжлийн улсын туйлын жишээ болсон орон гэж ярьдаг. Энэ дөрвөн улсыг харьцуулах юм бол Монголын нөхцөл байдал ямар байгаа талаар одоо ярина.
– Өнөөдрийн таны илтгэлийн оролцогчид хэн байх вэ?
– Удирдлагын академийн багш нар, сонсогчид, уригдсан зочид байгаа бөгөөд тэдэнтэй нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлнэ.
– Тэдэнд энэхүү илтгэлийг тавих болсон зорилго болоод хүлээж байгаа үр дүнгийнхээ талаар хуваалцана уу?
– “Хөгжлийн улсын онол” гэдэг бол шинэ зүйл биш. 1980-аад оноос бий болсон. 90-ээд онд газар авч нэлээд өргөжсөн ийм онол юм. Монгол улсын хувьд ярьдаг, судалгаа хийсэн хүмүүс ч байдаг. Гэхдээ өнөөдрийн Монгол улсынхаа нөхцөл байдалтай харьцуулж ярьдаг тохиолдол арай цөөн байдаг. Миний хувьд энэ сэдвээр Монгол улсын төрийн албанд болон томоохон компанид ажиллаж байгаа удирдах ажилтнуудад зориулсан сургалт явуулдаг газар учраас Удирдлагын академийнханд ярих гэж байна. Төрийн алба “мерит” (гавьяа, чадвар, хийсэн ажлын үр дүн) зарчим дээр суурилсан байна уу, арай өөр зарчим дээр суурилсан байна уу гэдгийг бид харахыг зорьж байна. Экспортын баримжаатай аж үйлдвэржилтийн бодлого өнөөдөр ямар байна, цаашлаад боловсрол, эрүүл мэндийн тогтолцоо гэх мэт асуудлаа бусад оронтой харьцуулсан байдалтайгаар үзээсэй гэж би бодож байна. Бид өөрийн соёл, уламжлалтай. Гэхдээ өнөөдөр 21-р зуунд хөгжлийн шинэ эрин эхэлж байгаа үед бид нар бусдаас суралцах юм юу байна, өнөөдрийг хүртэл алдсан хийгээд оносон зүйл юу байна гэдгийг мэдэх ёстой юм болов уу л гэж бодож байна.
– Таны хувь хүний зүгээс Ази, тэр дундаа Зүүн Азийн орнуудын хөгжлийг онцолж харж, харьцуулалт хийн, суралцах зүйлсээс нь суралцахыг хүсэх болсны шалтгаан?
– Би саяхан дөрвөн сард Японы Кьюшьюгийн Их Сургуульд докторын зэргээ хамгаалж ирлээ. Хуулийн чиглэлээр, компанийн засаглалын асуудлаар хамгаалсан. Тэгэхдээ яг энэ “Хөгжлийн улсын онол” дээр үндэслэж судалгаагаа хийсэн байгаа. Улс орны хөгжлийн талаар онол байдаг. Чөлөөт эдийн засгийн, Марксист гэх мэт. Харин яагаад бид энэ “Хөгжлийн улсын онол”-ыг илүү их сонирхож үзээд байгаа юм бэ гэдэг талаар өнөөдрийн лекцээр илүү дэлгэрэнгүй тайлбарлах болно.
Ярилцсанд баярлалаа.
Б.Халиун