Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний Эвлэлийн холбооны Ажил хаялтыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн гишүүн Т.Баясгалантай багш нарын ажил хаялтын талаарх асуудлаар зарим асуултад тодруулга авлаа.
– Өнөөдрөөс эхлэн багш нар улс орон даяар хугацаагүй ажил хаялаа. Одоогийн байдлаар ажил хаялт улсын хэмжээнд хэдэн хувьтай байна вэ?
– Одоогийн байдлаар улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн 70 орчим хувь нь ажил хаялтад оролцоно гэдгээ мэдэгдсэн. Нийслэлийн хэмжээнд тоо баримт авч үзэхэд 130 цэцэрлэг, ЕБ-ийн 110 сургууль ажил хаялтад нэгдсэн. Маргааш ажил хаялт улам өргөжих хандлагатай байна. Орон нутагт ч мөн адил.
– Хуулийн дагуу ажил хаяж байгаа гэсэн үг үү?
– Нэмэлт хэлэлцээрээр Боловсрол Шинжлэх ухааны салбарын хэмжээнд цалин орлогыг нэмэгдүүлэх тохиролцоонд хүрч чадаагүй. Түүний дараа хөдөлмөрийн маргаан үүсгэж хөдөлмөрийн хамтын маргааны зуучлагч шатанд тохиролцоогүй учир Арбитрын шатанд шилжсэн. Тиймээс хуулийн дагуу ажил хаях нөхцөл үүссэн. МҮЭХ зүгээс буруутай үйл ажиллагаа байхгүй. Бид цалин нэмүүлэхийн тулд таван сараас хойш байр сууриа илэрхийлж холбогдох ажлуудаа хийгээд явж байна. Энэ хугацаанд бүх шатанд өөрсдийн санал дүгнэлтийг хүргүүлсэн. Төр засгийн зүгээс асуудлыг гацааж хойшлуулах гэсэн тактик яваад байна.
– МҮЭХ-ны зүгээс салбар яаманд ажлын хэсэг байгуулан цалин нэмэх асуудлаар хэлэлцээрт орсон гэж мэдээлж байсан. Үр дүн хэр байна вэ?
– Боловсрол шинжлэх ухаан соёл спортын салбарт ажиллагсдын нэмэгдэл хөлсийг шинэчлэн тогтоох асуудлаар тодорхой заалт орсон. Энэ заалтыг үндэслэн ажлын хэсэг гарчихсан ажиллаж байна. Ажлын хэсэг багш нарын үндсэн цалинг хэрхэн нэмэх асуудлаар ярилцаж байгаач одоог хүртэл шийдэлд хүрсэнгүй. Бидний зүгээс үндсэн цалинг 2018 оны 1-р сарын 1-ээс 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлага Засгийн газарт тавьсан.
– Ажил хаялтын улмаас эцэг эхчүүд, хүүхдүүдэд хүндрэлтэй байдал үүслээ. Үүний үр дагаврыг хэн хариуцах вэ?
– Хуулийн дагуу ажил хаялтаас үүдэн ямар нэгэн үр дагавар гарвал МҮЭХ хариуцахгүй. Бид Монгол улсын хууль дүрмийн дагуу ажил хаялт зохион байгуулсан. Дээрээс нь эцэг эхчүүдэд хүүхдээ асран хамгаалах, аливаа эрсдэлээс хамгаалах шаардлагыг хүргүүлсэн. Энэ хугацаанд хүүхэдтэй холбоотой элдэв хүндрэлтэй асуудал гарвал МҮЭХ хариуцахгүй. Үүнийг төрийн байгууллагууд өөрсдөө хариуцах ёстой.
– Та бүхний зүгээс цалинг нэг сая 600 мянган төгрөг болгон нэмэх боломжтой гэж харж байна уу? УИХ-ын чуулганаар 54.6 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдад олгохоор боллоо. Үүнд ямар байр суурьтай байна вэ?
– БСШУСЯ-аас цалин нэмэх боломжгүй гэдэг хариултыг өмнө бидэнд өгсөн. Хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээрийн дагуу 2018 оны төсөв батлагдахаас өмнө цалинг нэмэх асуудлыг шийдвэрлэхийг шаардаад байна. Уг заалт ёсоор 80 мянга орчим багш нарын цалинг 50-иас доошгүй орчим нэмэгдүүлэхэд 450 тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Энэ бол улсын төсөвт хүндрэл учруулах мөнгө биш. Өчигдрийн байдлаар УИХ-д яригдаж буй мэдээллээс үзэхэд улсын төсөв 900 тэрбум төгрөгөөр давж биелсэн байна. Гэтэл үүний 50 хүрэхгүй хувийг багш нарт зарцуулж яагаад болохгүй гэж. Хөдөлмөрчин түмнээ бодоогүй цагт улс орныг хөгжүүлж чадахгүй. Хямрал үүссэн нийгэмд хөгжил цэцэглэлт үүсэхгүй. Нийгмийн хөгжил улам л ухарна. Бид дааж давшгүй зүйл Засгийн газраас хүсээгүй.
– Багшийн цалин нэмүүлэх түр хорооны зүгээс өнгөрсөн долоо хоногт 516 мянган төгрөгийг он дуустал олгоно гэж мэдээлсэн? Энэ мөнгийг албан ёсоор олгох шийдвэр гарсан уу?
– БСШУСЯ-нд хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээрийн тодорхой заалтыг хэлэлцэн цалин нэмэгдүүлэх асуудлаар түр хороо, МҮЭХ, салбар яамнаас гурван талын ажлын хэсэг гарсан. Бид нар хоорондоо ярилцаад эхний байдлаар бичиг баримтаа төслийн хэмжээнд боловсруулсан. Энэ жил 54.6 тэрбум төгрөгийг нийт төрийн албан хаагчдад олгох асуудлыг УИХ-р баталсан. Харин ажлын хэсгийн хүрээнд энэ онд 300 мянган төгрөг дээр үр дүнгийн урамшуулал болгож 216 мянган төгрөгийг нэмж олгоё гэж яригдсан. Эцсийн байдлаар 516 мянган төгрөг олгох саналыг батлаагүй.
– Цаашдаа яах вэ?
– Ажил хаялт үргэлжилнэ. Цаг минут тутамд ажил хаялтад нэгдсэн сургууль цэцэрлэгийн тоо нэмэгдэж байна.
– Ярилцсанд баярлалаа.
Э.Ариун