1986 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр.
Флорида дахь Кеннедийн нэрэмжит сансрын баазаас олон дахин ашиглах Челленжер хөлөг хөөрлөө. Хүн төрлөхтөн, сансар судлалын түүхийн нэг хэсэг. Баярт үйл явдал.
Дэлхийн мэдээллийн гол суваг CNN нислэгийг шууд дамжуулж байсан юм. Харамсалтай нь нислэгийн 73 дахь секундэд уг хөлөг дэлбэрчээ.
Олон жилийн уйгагүй хөдөлмөр, нүсэр их ажил агаарт замхрав. Хөлгийн багийн 7 гишүүн амь үрэгдсэн байна. Хүн төрлөхтөн “шок”-нд орлоо.
Эмгэнэн гашуудам энэ мэдээг сансар судлалын салбарт АНУ-тай өрсөлдөж байсан ЗСБНХУ, социалист хамтын нөхөрлөлийн орнуудын телевизээр бараг баяр ёслолын байдалтай мэдээлж байсан гэдэг. Империалистүүдийн сансрын уудмыг дангаар эзэмших хорон төлөвлөгөө амжилттай нуран унасан гэж.
Юм хэтэрхээрээ ийм л болдог. Хэтийдсэн үзэл суртал гэж энэ дээ. Жинхэнэ тэнэглэл. Жинхэнэ синдром. Жинхэнэ солиорол биш гэж үү?
Монголчууд бидний сэтгэлгээнд аливаа зүйлийн зөвхөн нэг талаас нь хардаг сэтгэлгээний өвөрмөц араншин, социалист системээс бидэнд үлээсэн “үлдэц”-ийг, од нь гийх, аз хаяхын хоёрын магадлал яг тэнцдэг энгийн аргачилал, зоос шидэж асуудлыг шийддэг муйхардуу хэлбэртэй жишиж “зоосны синдром” хэмээн товчлон нэрлэсэн юм.
Синдром хэмээх нэршлийг бүр тэртээ манай тооллын IX зуунд эртний лалын философич Иб Син “Анагаах ухааны шастир” бүтээлдээ анх гарган тавьсан байна.
Энэ удаад би Иб Сины “синдром”-оос нилээд холуур, харин Монголын сэтгүүл зүй, бичлэгт тогтож, олон нийтэд нэгэнт хэвшсэн ойлголтыг хамаатуулан ийнхүү нэрлэсэн тул шинжлэх ухааны томъёоллоор онолын маргаан дэгдээхгүй хэмээн найдаж байна.
Аливаа зүйл хоёр талтай байдаг ажээ.
Сайн сайхан санаа өдлөж эхлэж байх зуур, муу, муухай үзэл сүүдэрт нь нуугдаад аятай, тухтай цаг үеэ хүлээн суудаг. Цаг нь болохоор гарч ирээд сүйдлэж өгөх боломжийг харж байгаа гэсэн үг.
Сайхныг мэдрэх мэдрэмж, муухайг жигшин байж бий болно. Чухам энэ эсрэгцэл, хүн төрлөхтний танин мэдэхүй, ертөнцийн оршихуйн нэгэн нууц.
Хувь хүний сэтгэлгээний энэ мөн чанарын тухай санааг агуу хүн Жан Поль Сартр бидэнд хэлж өгчээ.
Гэсэн ч дан эерэг санаачлага, аливаа хөгжлийг авч ирдэггүй. Тэр ч утгаараа хүссэн хүсээгүй сайн муу, сайхан ба муухайгаас аль алинаас нь суралцах хэрэгтэй байдаг аж.
Харин сайн, муу зүйлсийн хоёуланг нь харгалзан гаргасан шийдэл нь хэр үр дүнтэй болох вэ? гэдгийг нь зөвхөн тодорхой цаг хугацааны дараа мэдэж болдог гэнэ.
Зарчим нь ямар нэгэн шийдвэрийн сайн муу үр нөлөөг танин мэдэх цаг хүртэл хор хөнөөлийг нь амсаж байдаг гэсэн санаа аж.
Эндээс аливаа зүйлийн муу муухай хорон санааг тээр олон жилийн хойно мэдээд яах ч билээ дээ гэсэн цөхөрсөн асуулт төрж байгаа биз.
Гаргалгаа нь бас л амархан. Хойч үе маань бүү давтаг.
Өвгөдийнхөө алдснаас суралцаад, хойчис нь багахан шиг “гэнэдэж байх” ёстой гэсэн ерөнхий утгыг ойлгох ёстой гэнэ.
Түүхэнд болж өнгөрсөн болон одоо болж буй үйл явдалд олон талаас нь дүгнэлт хийж, манайхны хэлдгээр наанатай цаанатай хандахад үгүйдээ л олон талын мэдээлэл, за тэгээд цаашилбал логик гаргалгаа, оюун дүгнэлт хийх чадвар гээд олон зүйл шаардана. Ер нь ярвигтай.
Жишээг холоос хайх хэрэггүй. Монголын тусгаар тогтнолын төлөөх түүхэн үйл хэрэг дан ганц бидний өвөг дээдсийн баатарлаг зан чанар, амин хүслээс шалтгаалсан гэвэл өрөөсгөл хэрэг.
Өвгөдийн тэмцэлд хөрш орнууд, бүс нутгийн геополитикийн нөхцөл байдлын нөлөө, үзэл суртлын салхины өөрчлөлт хүндээр тусаж байсан нь түүхийн жам, цагийн аясаар тодрон харагддаг. Өнөөдөр ч геополитикийн энэ хүчин зүйл, манайхны “зоосны синдром”-ыг соргогоор ашиглах талбар болон хувирч байгаад сэтгэл зовинон энэ сэдвийг хөндсөн юм.
Бүх зүйл ингэж эхэлсэн.
Аливааг манайх танайх, сайн муу гэж хэт явцууран дүгнэдэг бидний сэтгэлгээ, зоосны синдром бол социалист системээс бидэнд үлдээсэн гайт өв.
Туурга тусгаар Монгол улс XX зуун гармагц, социализмын хил хязгаарт орсноор бүх зүйлийг үзэл суртлын үүднээс талцуулан тайлбарлах нөхцөл бүрэлдэж эхэлжээ.
Нөлөөт толины хэлтэрхий нүдэнд нь ороод бүхнийг өөрийнхөөрөө харах боломжгүй болсон Кай хүүгийн талаар Данийн хүүхдийн алдарт зохиолч Ханс Кристиан Андерсены “Цасан хатан” гэдэг үлгэрт гардаг даа.
Яг үүнтэй адил бидний нүд, чих, зүрх сэтгэл, цаашлаад оюун дүгнэлт бүхэн аливаа зүйлийг эргэцүүлэн, өөртөө ашигтайг нь сонгох төрөлхийн зөн совингоо гээж, коммунист үзэл суртлын нөлөөгөөр зөвхөн нэг талаас нь хардаг хатуу “кодлолд хүлэгдэж” байв.
Энгийнээр, Брежнев Польшид найрсаг айлчлал хийж байдаг бол империалист Эйзенхауер “доншуулчилж” байх жишээтэй. Хэлбэрийн хувьд адилхан ч, манайх найрсаг байх ёстой бол, империалистүүд доншуучилдаг байх ёстой.
Нейтроны бөмбөгний удирдлагын цүнхээ байнга сугавчилж явах империалистүүд бидний “гайхам” амьдралд дандаа өс санах нь үнэн тамтай.
Хэзээ мөдгүй ирэх аюулын тухай үзэл суртлын тархи угаалга зорьсондоо хүрч, манай бүтэн гурван үе “зоосны синдром”-оор бүрэн халдварлажээ.
Үр дүнд нь дэлхийн нэг хэсэгт манайх, нөгөө хэсэгт дайснууд “бузар” санаатайгаа амьдран суудаг гэдэгт бүгдээрээ бат итгэж авсан.
Бидний сэтгэлгээнд энэ синдром цагийн аясаар улам батжин бэхжсээр байлаа. Үүнд Монголчуудын хэт туйлшрамтгай зан, сэтгэлгээний хэв шинж, хамгийн гол нь нэг талыг хэт барьсан мэдээллийн хүч асар их нөлөө үзүүлжээ.
XX зууны сүүлийн хагасд империалистүүд болон социалист лагерь хэмээн дэлхийг хуваан захирсан хоёр том суртлын тэмцэл социалистүүдийн ялагдлаар төгсөв. Одоо ямар нэгэн үзэл суртлын тэмцэлгүй, үзэл санааны төлөөх халамжийн системгүй дэлхийд, орон бүхэн ирээдүйгээ байгуулах хэрэгтэй болов.
Ийнхүү нийгэм эдийн засгийн шилжилт хийснээс хойш Монголын асуудал “манай талын”-хны, хуучин хэллэгээр бол “социалист лагерь”-ийн хязгаараас халилаа.
Өмнө нь илт оролцдог социалист хамтын нөхөрлөлийн дарамтаас мултарч эхэлмэгц, хөрөнгөтөн капиталистуудынхаа “хайр”-тай золгов.
Монголчуудын сэтгэлгээнд бат суусан аливааг зөвхөн сайн ба муу хэмээн ялгадаг зоосны синдром нийгмийн үйл явц бүрт илрэн харагдаж байв. Улс төрийн ардчилалын зарчмийг адгийн муу ба сайны хооронд өрнөж байгаа тэмцэл мэтээр мугуйдлан харсаар байлаа.
Гэвч үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээ, эдийн засгийн өсөлт нь бараг нооль заасан манай улс, эдийн засгийн “ээдрээт бодлого”, хамгийн гол нь хөрөнгөжихийг хүссэн эрх чөлөөт иргэдийнхээ “шунал” дээр 2000 он гарахад сэргэх хандлагатай болж ирсэн.
Зөвхөн амь зуухын төлөө байсан хүмүүс аажим аажмаар өмч, хуримтлалтай болж эхлэв.
Хуримтлал нэмэгдэх бүр зоосны синдром энэ асуудал дээр ч илэрч эхэлсэн. Нийгмийн нэг хэсгийг баян хэмээн адлах, ядуус ба хөрөнгөтнүүд гэж талцуулах сонирхол ил далд цухалзаж байгааг шуудхан хэлье.
Үндэсний нийт бүтээгдэхүүнийг бүрдүүлэхэд зонхилох нөлөө үзүүлж, “үзэн яддаг” мөнөөх иргэнийг ажлын байраар хангадаг нийгмийн цөөнх, “үндэсний хөрөнгөтөн”-үүдийг ийнхүү адлах нь эрүүл сэтгэлгээний тусгал л лав биш.
Хоёр талцуулдаг сэтгэлгээ уул уурхайн асуудал руу нийгмийн уур амьсгалыг чиглүүлэх болов.
Хөрөнгө оруулагчид, эрх баригчдийг эх орноо зарж, өөртэй давуу байдал үүсгэдэг гэсэн үзэл хавтгайрах шинжтэй болж байгаа нь нийгмийн сэтгэлгээний гажиг өнөөх улигт зоосны синдромын нэгэн хэлбэр.
Олдсон боломж, цаг үеийн нөхцлөөс шалтгаалан хүн бүрт өмчийн харилцан адилгүй байдал үүссэн. Зарим хүмүүсийг шийдвэр гаргагчид болон мэдээлэлд ойр, эрх баригчдаар дэмжүүлж байсан гэх мэт иргэдийн хөрөнгөжих явц тэгш бус явагдсан талаар олон зүйл яригддаг ч энэ бол тусдаа асуудал.
Газрын баялагийн чамгүй нөөцтэй, өсөх ирээдүйтэй “тоглогч” дээр бооцоо тавих хүсэл дэлхийн олон улс, дотоод гадаадын хөрөнгө оруулагчдад төрөх нь зүй. Энэ үйл явц ямар нэг хэмжээгээр өргөжин тэлэх нь ч зүй ёсных.
Ардчилсан Монголд аливааг сайн ба муу, аврагч ба алуурчин, эх оронч ба идээчин уугаачин зөвхөн хоёр талцуулдаг, Монголчуудын “зоосны синдром”-ыг ардчилсан нийгэмд сурмаг ашиглах хорон санаа хаанаас, хэзээ төрснийг бүү мэд.
Өмнө нь зөвхөн засагтай нь тохирчих боломжтой байсан Монголд, одоо иргэдтэй нь “сайхан харьцаа”-тай байх хэрэгтэй болжээ.
Иргэдийн санал шийдвэр гаргахад бодитой болох үндэс тавигдаж байна.
Гэтэл аливаа бүтээлч бүтэц яагаад ч юм манайд “монголжуу” болоод хэлбэршчихдэг нь хачин. Тогтолцоондоо юм уу толгойндоо юм уу бүү мэд.
Иргэдийн шийдвэрт нөлөөлөх хүч бодитой болж эхэлмэгц, ард түмэн ингэж үзэж байна, ард түмнийхээ төлөө тэгэх ёстой байна гэх мэт ард түмний “нэрийн өмнөөс” ярьдаг эрхмүүд төрж эхлэв.
Гучин найзаа ардаа хийчихсэн эр гурван сая Монголчуудыг төлөөлөн ярих нь “стандарт” болов оо.
Шийдвэр гаргагчдаас эхлээд дотоод гадаадын хөрөнгө оруулагчид бүгдээрээ Монголын “гал цогтой” эх орончдын “амыг барих” гэж мөнгө төлдөг жишиг тогтож эхлэв.
Жинхэнэ эх оронч, түүнээс илүү эх оронч болох уралдаан одоо ид үргэлжилж байна. Эх орончдын эх оронсог үйл ажиллагааны үр дүнд, хөөрхий эх орон нь хохирно.
Гайтай хөөтэй нэгнийг тодруулж, эх орныг нь цөлмөж байгааг илчлэх нь эх орончдын өдөр тутмын санаа зовдог асуудал.
Мөнөөх эх орончдын аливаад хандах арга барил нь иргэдийнх нь толгойд бат суусан мөнөөх “зоосны синдром”. Дайсанг тодруулж иргэдэд ойлгуулаад өөрөө аврагч болох нийтлэг хэлбэртэй.
Энэ бүхэн жинхэнэ эх орончдыг, “хуурамчдаас”-аас нь ялгах иргэдийн мэлмийг хаах болжээ. Сүүлдээ эх орны төлөө ярих хүмүүсийг “алиалагч” болгох зорилго ч явах болж, “эх оронч” байхаасаа эрүүл хүн ч “ичиж” эхэлсэн дээ.
Олонд танигдах арга нь эх орончийн зэрэглэл тогтоох уралдаан болоод явчихлаа. Парламентэд суух амьдралын зорилготой, дон шүгэлсэн “маанаг” эрийн бүх зардлыг ард түмэн төлж байна.
Монголчуудын энэ сэтгэлгээ болон эх орончдыг нь ашиглаад, хэрэгтэй шийдвэр гаргуулахад турхирах том гүрнүүдийн нөлөө орж ирэв.
Иргэдийн талархалыг авч чадвал том гүрнүүдийн эрх ашиг баталгаажих тул зоосны синдромыг бүр нийгмийг хамарсан хам шинж болгож, “өрдөх” хэрэгтэй.
Энэ зорилгод санхүүгийн болон ёс суртахууны чиг баримжаа нь бүрэн төлөвшөөгүй олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, гуравдахь засаглал “онилогдов”.
Одоо баатар төрүүлэх эх захгүй ажил, дайсныг дарах нөр их хөдөлмөр гурав дахь засаглалын салбарт ид буцалж байна даа.
Дайсан гэж харагдуулахын тулд адгийн аргаас, шинжлэх ухааны тооцоо судалгааг хүртэл цензургүй хэвлэн нийтэлдэг жишигтэй болохоор мөнгө л байвал юу ч гээд бичих нь энүүхэнд.
Үнэнийг хайж, зоригтой дуугардаг сонин энэ тэр байдаг ч жаахан “нухацтай тайлбарлаад” ойлгуулчихад энэ фронтод хүч үзэхээс өөр аргагүй болно.
Ашиг сонирхолын зөрчилтэй нөхдүүд, гадаад, дотоодын “гар хөл”, гудамжинд биш, сонин, телевиз, интернет сайт, цаашлаад бүр социал медиагаар л илэрч байх шиг.
Нэг хүнд ноогдох мэдээллийн хэрэгслийн тоогоороо дэлхийдээ тэргүүлж байгаа нь ардчилалын сайн талын хэмжүүр гэхээс илүүтэй, ашиг сонирхлоо хамгаалах тархи угаалгын механизмээ бүрдүүлж байгаа улс төрчдийн тэнэглэл гэж харагдахаар.
Учир нь зах зээлийн хуулиараа амьдраад явахад үнэн хэцүү энэ салбар, өнөөдрийг хүртэл оршин байгаагийн цаад шалтгаан нь эрүүлээр бол нууц боловч, нүднээ бол ил.
Нийгэм дайснаа зүхэх, аврагчаа магтан дуулахаар хүлээж байдаг. Ард түмэнд хэнийг нь манай тал, хэн нь дайсан этгээд болгож харагдуулах нь хэр их “хөдөлмөрлөсөн”-өөс шууд хамаарах тул хөдөлмөрийн багаж зэвсэг хэрэгтэй шүү дээ.
За энэ л нэг ахиж, Монголчуудад үр дүнгээ өгөх нь гэж харагдсан хөрөнгө оруулалт, бүтээлч шийдвэрүүд нэг л мэдэхэд ард түмнээрээ үзэн ядсан “заваан зүйл” болон хувирдаг нь уг асуудал дээр ашиг сонирхолын зөрчилтэй байсан бүлгийн тархи угаах, дайсан тодруулах ажлын “үр дүн” юм даа.
Гайт өв болсон зоосны синдром мөнгө, эрх мэдэл, мэдээллийн өргөн далайд баттай суурьшиж авчээ.
Аль нь Монголын эрх ашигт нийцэх, ирээдүйд хэрэгтэй хөрөнгө оруулалт болохыг ялгах нь давгүй чадвартай хүмүүст ч “хэцүү даваа” болж байна.
Эх орныхоо хөгжлийн эрх ашгийг түлхүү тавих холч ухаан иргэн бүрт, үгүйдээ л шийдвэр гаргагчдад бүрдэх тэр үе хүртэл, манайх танайх, эх оронч, луйварчин гэж талцуулдаг, бидний сэтгэлгээнд байгаа зоосны синдромоор ашиг гаргагчид, хэлбэрээ хувирган амьдарсаар байна.
Тэр бүрд бид бүгдээрээ хохирох нь тодорхой тул даанч харамсмаар.
Монголыг хөгжүүлэх сонирхол Монголчууд бидэнд л төрөхгүй бол, биднийг ардчилалын “сонгодог жишээ” болгочихоод, хялбархан “ чадаад ” байх дүрмийг “бусад” нь тохирчихвол хэцүү л болох байх.
Хэзээ дуусаж, нар мандахыг, хэн удирдаад, хэн залаад байгааг ёстой л “дүрэм зохиогчид” нь мэддэг байх.
Зарим хүмүүс манай үеийнхэн үхэж дуусаж байж, Монгол хөгжинө гэж хүртэл аргаа барж байх шиг.
Энэ үеийнхэн хойч үеийнхнийгээ сургаж, бэлтгэж, оюунд нь зоригтой хөрөнгө оруулалт хийж, хүн болох замыг нь засаж өгөөд явбал хойч үеэсээ ёс суртахууны мөнхийн хүндэтгэл хүлээх болов уу.
Харин манай эрх баригчдад хүнээ хөгжүүлэх дур хүсэл төрөх юм бүү мэд дээ.
Жүүд бизнесмен Шай Аггассигийн нэг үгийг санаж байна.
Израйль хүний инновацид тэмүүлэх санаачлагыг “шууд хуулаад”, улсаа хөгжүүлэх хөшүүрэг болгоход дэлхийн олон улсад хүндээ зориулах ердөө хэдхэн шекель дутаад байна гэж тэр хэлжээ. Шекель бол Израйлын мөнгөн тэмдэгт.
Хүнээ хөгжүүлэхэд мөнгө төлөхгүй бол хөгжлийн тухай горьдоод ч хэрэггүй гэдгийг хоржоонтой сануулж байгаа жүүд маягийн анхааруулга байх л даа.
Хүнээ хөгжүүлэхгүй бол элдэв дээдийн синдром, хам шинж, гажуудал үүсэж, бүр дархлаажаад хөгжлийн төлөө зүтгэх гол хүч болсон Монгол хүнийг хойш нь чангаасаар байх биз ээ.
Эцэст нь манай улсын шинжлэх ухаан, шинэ техник, технологийн судалгаа, багш, эрдэмтэддээ зарцуулдаг мөнгийг нь эрхэм оюутнууддаа хавтгайруулан олгодог “хайр зарлаж, тавласан” халамжийн мөнгөтэй нь харьцуулж, нүдний булай болоод яахав дээ тийм үү? Бүгдээрээ…
Улс төр судлаач Очирбатын Алтансүх