Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 28 жилийн ой, Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 26 жил, Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 95 жил, Архивын албаны 90 жил, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга байгуулагдсаны 85 жил, Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгуулагдсаны 35 жилийн ой болон бусад салбарын түүхт ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүст Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цол, төрийн одон, медаль хүртээлээ.
Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Хөдөлмөрийн баатрын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор Уул уурхай, эрдэс баялгийн судлагаа шинжилгээ, геологи хайгуулын салбарыг шинэ шатанд гаргаж, Монгол Улсын стратегийн орд газруудыг нээн олох ажлуудыг удирдан зохион байгуулж, Геологи уул уурхайн салбарт өндөр хувь нэмэр оруулсан Геологи, Уул уурхайн сайд асан Чойжингийн Хурцыг,
Монгол Улсын Ардын багш цолоор Монгол Улсад дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэх, ард түмнийг соён гэгээрүүлэх, Монголын түүх, ардын өв соёл, уламжлалыг судлан таниулах, түгээн дэлгэрүүлэх болон Монгол судлалын шинэ чиглэл үүсгэхэд оруулсан өндөр хувь нэмрийг үнэлж Сэндэнжавын Дуламыг,
Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Кашмир Консепт ХХК-ийн зөвлөх Галбадрахын Баттөмөрийг,
Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цолоор Ус Оюу ХХК-ийн ерөнхий захирал Чойжавын Ганболд, Сэлэнгэ аймгийн Өргөн Сэлэнгэ ХХК-ийн захирал Доржийн Нэргүй нарыг,
Монгол Улсын Гавьяат багш цолоор Шинэ Монгол сургуулийн зөвлөх багш Гончигийн Баасанжав, Өмнөговь аймгийн Ерөнхий боловсролын 1-р сургуулийн ахмад багш Бадамжавын Равжир, МУИС-ийн Бизнесийн сургуулийн нягтлан бодох бүртгэлийн тэнхмийн багш Нацагдоржийн Тунгалаг, Орхон аймгийн Ерөнхий боловсролын 1-р сургуулийн захирал Дашнямын Энхтуяа, Тээврийн дээд сургуулийн захирал асан Бирваагийн Сэрвүүд нарыг,
Монгол Улсын гавьяат барилгачин цолоор Орхон аймгийн Эрдэнэт үйлдвэр ХК-ийн Барилга засварын РСЦ ХХК-ийн гүйцэтгэх захирал Наваантаяын Батцэнгэл, СБД-ийн 10-р хорооны өндөр настан, ахмад барилгачин Дамбын Бямбадорж, ГББТ ХХК-ийн захирал Гомбосүрэнгийн Галбадрах, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Зост Өргөө ХХК-ийн захирал Намсрайн Сүрэнжав, Гоби травел ХХК-ийн архитектор Сандуйжавын Цэнд-Аюуш, Ар си эс си ХХК-ийн захирал Доржцэвээний Баасанхүү, Хурдны зам ХХК-ийн ерөнхий захирал Шагдарсүрэнгийн Бат-Энх нарыг,
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор ШШГЕГ-ын Сүлд спорт хорооны ахлах дасгалжуулагч Цэдэн-Ишийн Шийрэвийг,
Монгол Улсын гавьяат малчин цолоор Сүхбаатар аймгийн Онгон сумын малчин Лхасүрэнгийн Боргарьд, Баянхонгор аймгийн Баацагаан сумын малчин Борын Доржпүрэв нарыг,
Монгол Улсын гавьяат механикжуулагч цолоор Дорнод аймгийн Чулуунхороот сумын ахмад механикжуулагч Дамдинсүрэнгийн Намсрайжамцыг,
Монгол Улсын гавьяат холбоочин цолоор Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын дэд захирал Чулхайн Оюунбаатарыг,
Монгол Улсын гавьяат хуульч цолоор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Лувсаншаравын Даваасүрэн, УИХ-ын ТГ-ын ахмад ажилтан Намсрайжавын Лувсанжав, Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн ерөнхий шүүгч асан Ёндонгийн Ринзаан, Монголын Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч Цээнэнгийн Цэрэнжээ, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн асан Намжилдоогийн Чадраабал нарыг,
Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор Ардын Их Хурлын депутат асан Аюушийн Бааст, Жас агро ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь Мах маркет үйлдвэрийн дарга Нурийн Бейбитхан, Нийслэлийн ХУД-ийн Төсвийн Ерөнхийлөн захирагчийн дотоод Аудитын албаны дарга Навааны Нямтогтох, Дундговь аймгийн Говь тэнгэр ХХК-ийн зөвлөх Лэгцэгийн Санзай, Зам тээврийн яамны санхүү хөрөнгө оруулалтын газрын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч асан Зундуйдаваагийн Цэрэнчимэг нарыг,
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Архивын ерөнхий газар сургалт судалгааны газрын дарга Отхоны Энхмөнхийг,
Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор Чөлөөт уран бүтээлч Бямбажавын Базаррагчаа, Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын гоцлол бүжигчин, ахлах ахлагч Амарбаясгалангийн Бямбатөгс, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дуурийн дуучин Рэгзэнгийн Доржхорол, Хөгжим бүжгийн коллежийн багш, ятгачин Чулуунбатын Мөнх-Эрдэнэ, Өвөрхангай аймгийн Баянгол сумын Эх онги мал эмнэлгийн малын их эмч, чөлөөт уран бүтээлч, кино жүжигчин Дэмидийн Төмөртогтох, СУИС-ийн багш Лувсаншаравын Халиунсүрэн, Эртний сайхан чуулгын жүжигчин Халтарын Цэрэнчимэд нарыг,
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Урбан прожект ХХК-ийн ерөнхий продюсер Наранбаатарын Халиуныг,
Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор Хавдар судлалын үндэсний төвийн хагалгаа мэдээгүйжүүлэлтийн тасгийн их эмч Дашзэвэгийн Нарантуяа, П.Н.Шастиний нэрэмжит 3-р эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч Хайруллагийн Хусаян, Дорнод аймгийн БОЭТ-ийн мэс заслын их эмч Галсантавхайн Хүрэлбаатар нарыг,
Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан цолоор Наран трейд ХХК-ийн ТУЗ-ийн дарга Сэрээтэрийн Болдхэтийг,
Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн эх баригч эмч асан Өлзийн Энхтуяа нарыг,
Монгол Улсын гавьяат уурхайчин цолоор Уул уурхайн сайдын зөвлөх асан Доржийн Цогбаатарыг,Монгол Улсын гавьяат нисгэгч цолоор МИАТ ХК-ийн Бойнг 767-300 агаарын хөлгийн багш нисгэгч Готовын Мөнх-Очирыг,
Монгол Улсын гавьяат тээвэрчин цолоор Зам, тээврийн хөгжлийн сайд асан Намсрайн Нямдавааг,
Алтан гадас одонгоор Нийслэлийн Ерөнхий боловсролын Оюуны төв сургуулийн захирал Бадамсэдийн Энхтуяаг,
Цэргийн гавьяаны одонгоор ХХЕГ-ын Хилийн албаны ахлах офицер Лхагважавын Цогтжаргалыг,
Хөдөлмөрийн хүндэт медалиар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүүхдийн гэмтэл согогийн тасгийн асрагч Энэбишийн Эрдэнэбилэгийг,
Цэргийн хүндэт медалиар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах Х ангийн гал сөнөөгч Баасанжавын Батсайханыг тус тус шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шагнал гардуулсны дараа хэлсэн үгэндээ “Монголчууд аа,
Төрийн шагнал хүртэгч манлайлагч нар аа,
Уламжлалын дагуу шинэ оны босгон дээр салбар салбарын манлайлагч тэргүүний хүмүүсийг төрийн цол, одон, медалиар шагнаж байна.
Эрхэлсэн ажилдаа чин сэтгэл гарган зүтгэж, бахдам амжилт гаргасан олон олон хүмүүсээс би заримыг нь онцлон тодруулж, гавьяаг нь цохон дурдахыг хүсэж байна.
Геологи-минералогийн ухааны доктор Чойжингийн Хурц. Эрдэс баялгийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллан Геологи, уул уурхайн үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн зэрэг хариуцлагатай албан тушаалыг нэр төртэй хашиж, шинэ Үндсэн хуулийг батлалцан, эх орныхоо баялгийг зөв, хариуцлагатайгаар олборлох, баялгийн шударга хуваарилалт хийлгэхийн төлөөх иргэдийн тэмцлийг олон жил манлайлсан нөр их зүтгэл, эх оронч сэтгэлийг тань үнэлж, Монгол улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнаж байна.
Монгол улсын Их сургуульд 43 жил, дээд боловсролын салбарт 45 дахь жилдээ зүтгэж, монгол хэл соёлыг эх орондоо төдийгүй олон улсад түгээн дэлгэрүүлж, монгол судлалын шинэ чиглэлийг үүсгэн хөгжүүлсэн гавьяаг тань үнэлж Сэндэнжавын Дулам танд Монгол Улсын Ардын багш цолыг хүртээж байна. Монгол домог зүйг судлан дэлгэрүүлэх үйлстээ улам их амжилт гаргахыг танд хүсэн ерөөе.
Сэлэнгэ аймгийн “Өргөн Сэлэнгэ” компанийн захирал Доржийн Нэргүй. Ойн нөөц багатай манай улсын ойг нөхөн сэргээх, тарьж ургуулах, хамгаалах чиглэлээр 44 жил ажиллаж Тужийн нарсанд 10 мянга гаруй га талбайд ойжуулалт хийж, мод үржүүлгийн аж ахуй байгуулан 40 сая ширхэг нарсны тарьц суулгац ургуулсан гээд таны байгаль эхийн өмнө, эх орныхоо төлөө хийсэн ажлыг дурдахад үнэхээр бахархал төрж байна. Хэзээнээсээ монгол хүн байгалиа хайрлаж, тордож, хамгаалж ирсэн түүхэн уламжлалтай. Алдагдаж, бүдгэрч асан ариун уламжлалыг орчин цагийн технологи, мэдлэгээр баяжуулан эх орныхоо ойн сан хөмрөгийг нэмэгдүүлэхээр цуцалтгүй ажиллаж байгаа танд баярлалаа. Таныг Монголын төр үнэлж Монгол улсын Байгаль орчны гавьяат ажилтан цол олгож байна.
Сүхбаатар аймгийн Онгон сумын малчин Лхасүрэнгийн Боргарьд. Улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн аавынхаа нэрийг ажил хөдөлмөрийн амжилтаараа өндөрт өргөж, 15 настайгаасаа мал маллан Монгол Улсын сайн малчин, манлай малчнаар удаа дараа шалгарч, нүүдэлчин ардын малч ухаан, өв уламжлалыг хадгалан өдий хүргэж буй таны зүтгэлийг үнэлж Монгол Улсын гавьяат малчин цол олгож байгаа юм. Мал, малчин хоёр бол монгол ахуй, уламжлал, соёл, эх оронч сэтгэлийн суурь бөгөөд үүнийг хадгалж тээж, мал сүргээ арвижуулан өсгөж ирсэн бүх малчдадаа баярлаж, талархаж байна.
Монголын хөгжмийн урлагийг олон улсад таниулж, ятга хөгжмийн тоглолтын арга барилыг бүтээлчээр хөгжүүлэн, монголчуудын дээд өвөг хүннүчүүдийн соёлын өв Алтай ятгыг сэргээн босгож, хөгжүүлсэн зүтгэлийг тань үнэлж Чулуунбатын Мөнх-Эрдэнэ таныг Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнаж байна. Дээдсээс өвлөсөн тэнгэрлэг урлагийг улам бадрааж яваарай.
Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 106 жилийн ойн жилд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 30 жил, орчин цагийн Архивын алба үүсч хөгжсөний 90 жил, Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын 85 жил, Дуурь бүжгийн эрдмийн театрын 55 жилийн ой тус тус тохиож байгаа юм. Эдгээр байгууллагуудын үе үеийн ажилтан, ажилчдад ойн баярын мэндийг уламжилж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Эрхэм хүндэт манлайгчид, төрийн цол, шагнал хүртэгсэд ээ,
Та бүхний гавьяа зүтгэлийг тоочивч барагдахгүй их бөгөөд эх орон ард түмэн чинь үнэлж, дээдэлж яваагаа илэрхийлэн төрийн цол, одон медалиыг та бүхэнд хүртээлээ. Монгол хүн бүрийг та бүхний үлгэр дуурайллаар эрхэлсэн ажилдаа эзэн болж, эх оронч зүрх сэтгэлээр зүтгэл гарган ажиллахыг, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө чадах бүхнээ зориулахыг бас уриалж байна. Монгол Улс хөгжин бадрахад хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй.
Та бүхэнд баярлалаа. Дахин баяр хүргэе.
Мөнх тэнгэр монголчууд биднийг, Монгол Улсыг минь ашид үүрд ивээх болтугай. Баярлалаа, та бүхэнд” гэлээ.