Үзэл бодол, нийгмийг харах өнцгөө өөрийн уран бүтээлээр дамжуулж олонд хүргэдэг реппер GEE-тэй ярилцлаа. Тэрээр нийслэлийн 2017 оны шилдэг татвар төлөгч иргэнээр шалгарсан юм.
-Таны сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас ярилцлагаа эхлүүлье?
-2017 он маань хэдхэн хоногийн дараа улирах гэж байна. Энэ оны эхэнд хувийн зургаа дахь цомог болох “33” цомгоо гаргасан. Энэ цомогт орсон дуунуудаа дүрсжүүлж хүмүүст хүргэхээр ажиллаж байна. Хажуугаар нь 2018 оны эхэнд “Хэл хязгааргүй” цомгоо олны хүртээл болгохоор бэлтгэл ажилдаа ороод завгүй л явж байна.
-Таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ. Хип хоп урлагт хэрхэн хөл тавьж байв?
-Бусад хүүхдүүдийн адил гэр хороололд л өнгөрсөн. Хип хопын нөлөө өсвөр насанд маань зөвхөн надад бус манай үеийн залуусын дунд их байсан. Тэр соёлын шуурганд өртөж л реппер болсон доо. Анх би чинь нэг их реп хийдэггүй, манай найзууд л үглэдэг байсан. Би шүлэг зохиодог байсан болохоор үгийг нь бичиж өгдөг байлаа.
-Та Радио, телевизийн дээд сургуулийн сэтгүүл зүйн ангийг төгссөн. Яагаад сэтгүүлчийн мэргэжил сонгож суралцах болов?
-Миний өвөө сэтгүүлч хүн байсан. Өвөөгийнхөө мэргэжлийг өвлөнө гэж бодож явсаар наймдугаар ангиа төгсөхдөө л сэтгүүлч болохоор сэтгэл шулуудсан. Бүр бага насны мөрөөдөл маань дунд ангид ортол өөрчлөгдөөгүй.
-Анх таныг уран бүтээл хийж эхлэхэд нийгмийн дийлэнх нь шүүмжлэлтэй хандаж өсвөр насныханд буруу үлгэр дууриал болж байна гэж хүлээж авч байсан. Харин өнөөдөр таны хийж буй уран бүтээлийг өөр өнцгөөс харах болжээ. Байдал өөрчлөгджээ?
-Тууштай уран бүтээлээ шаргуу хийсний үр дүн болов уу. Эхлээд хүмүүс өнгөцхөн, хайрцагны гадна талыг харж байгаа шүү дээ. Энэ буруу биш. Өнөөгийн нийгэмд хүнтэй уулзахад эхлээд хувцсыг нь л хардаг шүү дээ. Үүнтэй ижил эхлээд өнгөцхөн ажигласан байх. Харин дасаад ирэхээр хайрцагны дотор руу өнгийж энэ залуу юу хэлэх гээд байна, юуг зориод байна гэх талаас харж ойлгосон байж болох юм. Би ер нь энэ зүйлийг хийж эхэлсэн цагаасаа хойш нуух нууцгүй, түмний нүдэн дээр ил л явлаа шүү дээ. Хүмүүс үүнд эерэг үнэлгээ өгсөн ч байж болох юм.
-Сэтгүүлч хүний гол үүргүүдийн нэг нь нийгмийн дуу хоолой болох. Та үзэг цаас нийлүүлэхгүй ч уран бүтээлээрээ энэ үүргээ гүйцэтгээд явж байгаа болов уу?
-Мэдээж сэтгүүлчийн бичсэн мэдээ материал, бидний хийж буй уран бүтээлүүд хүнд сонсох харах мэдрэхүйгээр нь нөлөөлж буй нөлөөллийн ажиллагаа шүү дээ. Миний хувьд хүмүүст эрч хүч өгөх, ухаарал өгөх зэрэг хэлбэрүүдийг ашиглаж уран бүтээлээ хийж байна. Заримдаа шүүмжлэлтэй байдлаар нийгмийн дуу хоолой болох ч тохиолдол байдаг.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу