Сүхбаатарын талбайд энэ сарын 24-нд “Эх дэлхийн цаг”-т нэгдэх арга хэмжээг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Зориг сан, “Байгаль орчны манлайлагчид” ТББ, Нийслэлийн Байгаль орчны газар, Ариг банк хамтран зохион байгуулна.
Уг арга хэмжээний үеэр 20:30 цагаас 21:30 цаг хүртэл Сүхбаатарын талбайн эргэн тойрны гэрэл унтарч, лаа гэрэлтэх юм. Мөн бүрээ бөмбөр, язгуур урлагийн тоглолт болж, монголчууд эх дэлхийгээ хамгаалах үйлсэд нэгдэнэ. Түүнчлэн энэ өдөр Монголын үндэсний олон нийтийн телевизээр уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний хэмнэлтийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулах ажээ.
Хэрвээ та арга хэмжээнд ирж чадахгүй байсан ч гэрийнхээ гэрлийг нэг цаг унтрааж “Эх дэлхийн цаг”-т нэгдэж болох юм. 2010 онд Улаанбаатар хот анх удаагаа нэгдсэн бөгөөд энэ жил ес дэх удаагаа ийнхүү албан ёсоор оролцох гэж байна. “Эх дэлхийн цаг-2018” гуравдугаар сарын 24-ний бямба гарагт орон нутгийн цагаар үдшийн 20:30 минутад дэлхий даяар нэгэн зэрэг эхэлнэ.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголт, оролцоог нэмэгдүүлэхээр “Эх дэлхийн цаг” хөтөлбөрийг 2007 оноос хэрэгжүүлж байгаа юм. Энэ нь дэлхийн бүх хүмүүсийг нэг цагийн турш нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг. Гол утга санаа нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олны анхаарлыг хандуулахад оршдог.
Анх 2007 онд Австралийн Сидней хотоос гараагаа эхэлсэн “Эх дэлхийн цаг”-т нийт 2.2 сая айл өрх, албан байгууллага хамрагдан нэг цагийн турш гэрлээ унтрааж байсан бол 2008 оноос энэхүү уриалга нь дэлхийг хамарсан хөдөлгөөн болон өргөжиж, 2017 онд дэлхийн 187 орны 5251 хотын 3 тэрбум 500 сая хүнийг хамруулж чаджээ.
Дэлхийн алдартай газрууд болох Сан Франциско дахь Голден гэйт гүүр, Ромын Колоссейн театр, Тайм талбай, Торонто дахь CNN цамхаг энэхүү уриалгыг дэмжиж нэг цагийн турш гэрлээ унтрааж байв.