Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд шинэчлэл, бусад 20 хуульд өөрчлөлт хийх татварын багц хуулийн төсөл 5000 аж ахуйн нэгж саналаа өгч байна. Энэ татварын багц хууль бизнес эрхлэгчдээ дэмжсэн хуулийн төсөл боллоо гэж байгаа ч муу тал ч бий тул үүнийг тодруулахаар “Монголтакс ТМЗ” ХХКомпанийн ҮҮГ-ын захирал, татварын мэргэшсэн зөвлөх З. Оюунчимэгтэй ярилцлаа.
Энэ хуулийн төслийг аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийг дэмжсэн сайн хууль боллоо гэх юм. Гэхдээ ямар ч зүйлд сайн, муу хоёр тал байдаг. Та манай уншигчдад энэ хуулийн төсөл батлагдлаа гэхэд улс орон, аж ахуйн нэгжид хэрхэн нөлөөлөхөөр байгааг тайлбарлаж өгөөч?
Юуны түрүүнд Ерөнхий сайд өөрөө санаачлан оролцож татвар төлөгчдийн эрх ашиг хөндөгдөж байгаа хуулийн төсөлд татвар төлөгч бидний саналыг авч байна гэдэг нь өөрөө хамгийн том давуу тал гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл хууль тогтоох хамгийн зөв үйл явцыг хэрэгжүүлж байгаа нь хамгийн том давуу тал гэж харагдаж байна.
Энэ саналыг есөн чиглэлээр авч нэгтгэн боловсруулж татварын багц хуулийн төсөлд оруулна гэж байгаа. Одоо байгаа татварын багц хуулийн төслөөр сайн ч, муу ч заалт байна. Үнэхээр хэрэгжиж чадах юм бол сайн заалт бий.
Гэхдээ эдгээр заалт батлагдах уу? үгүй юу? гэдэг нь асуулт хэвээрээ байгаа. Энэ төслөөр том, жижиг аж ахуйн нэгжүүдийн аль алинд нь орсон эерэг заалтаас эхэлж яръя.
Монгол Улсын төсвийн орлогын 80-90 хувийг бүрдүүлж байгаа том компаниуд нь нийт татвар төлөгч аж ахуйн нэгжийн 2 хувийг эзэлдэг. Энэ зорилтот бүлэгт хамааралтай сайн заалт гэвэл:
Одоо хэрэгжиж буй хуульд 3 тэрбумаас дээш татвар ногдуулах орлогын хязгаарлалтыг 6 тэрбум болгосон нь том татвар төлөгчдөд зориулсан хамгийн эерэг заалт.
Тухайлбал: Хэрвээ таны бизнесийн чинь татварын өмнөх ашиг 4.5 тэрбум байлаа гэж үзвэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар 3 тэрбумын орлогодоо 10 хувийн татвар төлөөд 1.5 тэрбумдаа 25 хувиар татвар төлдөг байсныг хуулийн төсөлд 10 хувь байхаар тусгасан байна.
Жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн хувьд жилд тушаах тайлангийн тоо багассан, түүнчлэн нийт төлсөн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох заалт нь хамгийн том дэмжлэг болохоор байгаа хэдий ч үүнийг буцаан олгоход маш их зардал, чирэгдэл цаг хугацаа зарцуулна. Уг нь 100 хувь татвараа төлчихөөд 90 хувийг нь буцаан өгнө гэж байхаар анхнаасаа ийм шалгуур хангасан бол хөнгөлөлтөө эдлээд үлдсэнээ төлөхөөр зохицуулбал цаг хугацаа хэмнээд зогсохгүй, татвар хураах зардал нэмэгдэхгүй сайн талтай.
Дараагийн нэг сайн тал нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12-р зүйлд татвар ногдох орлогоос хасагдах зардлыг жагсаалтаар тоочсон байдаг. Энэ жагсаалтад ороогүй л бол хасагдах зардалд ордоггүй байсан. Одоогийн төсөлд тухайн орлого олохтой холбоотой, үндсэн шалгуураа хангасан тохиолдолд хасагдах боломжтой болж байгаа сайн тал байна.
Тухайлбал, орлого олохтой холбоотой бизнес уулзалтын зардал хасагддаггүй байсан нь хасагдахаар төсөлд туссан. Энэ нь зарчмын хувьд сайн заалт болж байна.
Нийтлэг эрх ашгийг хамгаалахад хамгийн их давуу тал олгож байгаа заалт дээр ярихад иймэрхүү байна. Түүнээс их олон заалт бий.
Манай аж ахуйн нэгжийхэн нийгмийн даатгал төлөхгүй байх, орлого нуух, “Х” тайлан гаргах гээд л татвараас зугтах үзэгдэл элбэг бий. Үүнийг зохицуулсан заалт орсон уу?
Энэ тал дээр хариуцлагын арга хэмжээ нэлээн хүндэрч орж ирж байна. Татвараас зайлсхийсэн этгээдэд ногдуулах татварыг нөхөн төлүүлж, 100 хувь хүртэл торгууль ногдуулах (ТЕХ 78-81)
Манай аж ахуйн нэгжүүд татварын тайлангаа санаатай, санамсаргүй буруу гаргах тохиолдол байдаг. Үүнийг харгалзахгүйгээр ижил хариуцлага оногдуулахаар байна.
Улсын бодлого, хөгжилд нөлөөлөхүйц ямар заалт тусгагдсан байгаа вэ?
Монгол Улсын хөгжлийн асуудлын хувьд энэ хуулийн төслөөр худалдааг илүү дэмжээд өгчихсөн байна. Худалдаа нь богино хугацаанд эргээд хөрөнгө оруулалтаа олоод авдаг салбар. Гэтэл үйлдвэрлэл, үйлчилгээ нь маш их цаг хугацаа зарцуулж байж баялаг бүтээдэг. Баялаг бүтээдэг салбараа орхигдуулсан байна. Жишээ нь, гадаадаас шилдэг ноу хау шингэсэн ажил, үйлчилгээ авлаа гэхэд тухайн ажил, үйлчилгээг худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар нь төлөх татварын ногдолоос хасагдахгүй байна. Харин эсрэгээрээ Хятадаас хэдэн бараа оруулаад ирвэл гааль дээр төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар хасалт хийх зохицуулалттай байна.
Энэ зохицуулалт нь мэдлэгт суурилсан эдийн засгийн хувьд хамгийн гол салбараа дэмжих бодлого байхгүй гэж үзэхэд хүргэж байна. Богино хугацаанд хурдтай хөгжсөн бусад улс орнуудын туршлагаас харахад тэд бүтээмжид суурилсан үйлчилгээний салбараа илүү их дэмжсэн байдаг. Гэтэл манай энэ хуулийн концепц баялаг бүтээж буй хүмүүсээ дэмжих заалт дээрээ хойрго, татварын тэгш шударга байх зарчмыг алдагдуулан худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэлтээр нь ялгаварлах хандлага бүхий зохицуулалт тэр чигээрээ л явж байна. Үүнийг онцгой анхаараасай гэж бодож байна.
Дараагийн нэг анхаарах ёстой асуудал бол 2016 оны 1-р сарын 1-ны өдрөөс мөрдөж байгаа нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд зааснаар үндсэн хөрөнгөнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар хасагдахгүй болсон.
Жишээ нь би үндсэн хөрөнгөө хандивлаа гэхэд бусдад шилжүүлсэн гэдгээр нэмэгдсэн өртгийн албан татвар төлнө. Анх би энэ үндсэн хөрөнгөө бусдаас худалдаж авахдаа нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн ч тэр нь хасагдахгүй, хандив өгсөн тул дахиад л нэмэгдсэн өртгийн албан татвар төлнө, түүнчлэн хандив авсан тал нь бас бусдаас үнэ төлбөргүй бараа, ажил, үйлчилгээ авсан гэдгээр давхар нөат төлөхөөр байгаа. Өөрөөр хэлбэл нэг үндсэн хөрөнгө дээр хоёр дахин татвар оногдоод байна гэсэн үг. Дэлхий нийтээрээ нэг орлого дээр давхар татвар төлөхгүй байх гэдгээр давхар татварын гэрээ байгуулдаг байтал манайх давхар татвар оногдуулаад байгаа нь татварын хуулийн үндсэн зарчимтайгаа уялдахгүй болчихоод байна.
Энэхүү үндсэн хөрөнгө худалдаж авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой асуудлыг нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн төсөл дээр үл хөдлөх хөрөнгийн нэмэгдсэн өртгийн албан татвар 10 жил бусад хөрөнгийнх 5 жил хувааж хасахаар орчихсон байна.
Энэ нь нийт аж ахуйн 90 хувь буюу жижиг дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хүндхэн тусна. Тэд тэр бүр нягтлан бодогч аваад ажиллуулж чаддаггүй, тэгээд ч 10 жил нэг байгууллагад ажилладаг нягтлан бодогч хэд байх билээ? Гэтэл нэг удаа авсан хөрөнгөнд төлсөн татвараа 10 жилд хувааж хасна гэхээр орхигдох, давхардах гэх мэтээр тайлагналын хувьд ч татвар хураах зардлын хувьд ч хүндрэл үүснэ. Аль 10 жилийн өмнө тушаасан мөнгө мөн үү? биш үү? түүнийг хуваагаад нөгөө 10 жил нь гүйцэж үү? үгүй юу? гэдгийг хэн шалгаж байх юм бэ? гэх мэтчилэн хүндрэлтэй заалтууд байна.
Иргэд анх удаагаа орон сууц худалдан авахад хувь хүний орлогын албан татварын буцаан олголтыг дараа жил нь авдаг. Энэ хамаарах уу? Хувь хүн, иргэдэд энэ татварын багц хуулиар олгогдох сайн тал нь юу байна?
Хувь хүний орлогын албан татварын хуулийн төслийн хувьд: хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол албан татвар төлөгчид 6 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний албан татварын хөнгөлөлт эдлүүлэхээр болж нэмэгдсэн, түүнчлэн жилийн 50,0 сая хүртэл бизнесийн орлоготой хувь хүн борлуулалтын орлогын 1хувиар татвар төлж, жилд 1 удаа тайлан гаргахаар болж буурсан, бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч тогтмол татвар төлөх сонголттой байх зэрэг эерэг өөрчлөлтүүд байна.
Манай байгууллага МҮХАҮТ-ийн гишүүн байгууллага бөгөөд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэгч компанийн хувьд нийгмийн хариуцлагаа биелүүлэн татварын багц хуулийн төсөлд саналаа өгсөн танхимын гишүүн компаниуд, салбар зөвлөлийн саналыг нэгтгэн ажилласан. Заалт бүрээр тайлбарлахад маш их хугацаа зарцуулах тул энд зарчмын гол өөрчлөлтүүдийг дурдлаа.
updown.mn