С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт ял эдэлж байгаа Т.Чимгээгийн ээж Ц.Марууш төрсөн дүү Т.Өнөрмөнх нартай ярилцаж байна. Энэ хоёр хүн саяхан Т.Чимгээг эргэж очиход шоронгоос захидал бичүүлэхгүй гээд цаас, үзэг оруулаагүй гэнэ. Тэгээд арга тасрахдаа Т.Чимгээгийн ярьснаар хэвлэлд ярилцлага өгч байгаа нь энэ.
-Та нар хэвлэлд тэгтлээ ярилцлага өгч байгаагүй байх. Өөрсдийгөө танилцуулаад эхлэх үү?
Ц.Марууш: -Тэгье. Манайх Дорноговь аймгийн төвд, IV хороонд нь байдаг. Төмөрхүрдийнх гэж айл л даа. Өвгөн минь таалал төгсөөд нэлээн хэдэн жил болж байна. Би хэдэн хүүхдүүдтэйгээ амьдардаг. Манайх таван хүү, дөрвөн охинтой айл. Чимгээ минь охидын том нь. Би Чимгээ болон хүүхдүүдтэй нь хамт амьдардаг юм. Насны эцэст муу юм үзэж, зовж шаналж явна даа. Миний нөхөр хуульч, прокурор хүн байсан. Өвгөн минь байсан бол биднийг ийм гашуун зовлонд учруулахгүй, шударга үнэнээр шийдүүлэх байсан болов уу гээд л харамсах юм даа. (Марууш хэсэгхэн уйлж суулаа)
-Энэ хэрэг явдал танайхны хувьд яаж эхэлсэн бэ?
Ц.Марууш: -Тэр, хүн мөчилж алаад шоронд орсон Амгаланбаатар чинь, Чимгээгийн нөхөр Бямбасүрэнтэй үеэл ах дүү нар. Амгаланбаатар шоронд орсноосоо хойш Чимгээ, Бямбасүрэн хоёр руу эргэж ир, мөнгө төгрөг хэрэгтэй байна гэж хэлүүлдэг л байсан юм билээ. Нэг нь хөхүүл хүүхэдтэй, нөгөө нь ажилтай, үргэлж эргэж тойроод байх боломж байгаагүй байх л даа. Тэгж байснаа л Амгаланбаатар маань Чимгээ рүү мессэж бичиж эхэлсэн юм билээ. “Чи С.Зоригийг алаа биз дээ. Чамайг хэргээ хүлээхгүй бол ална хядна, бариулна” гээд л эхэлсэн гэдэг. Заримдаа болохоор хоёр ах намайг халамжилж сайхан байна гэсэн мессэж бичдэг байсан юм билээ. Тэгж байтал гэнэт нэг өдөр охиныг маань Төв аймгийн автобусны буудал дээрээс 2015 оны 8 дугаар сарын 31-нд баривчлаад явчихсан байсан. Охиноо хаа байгааг мэдэхгүй арваад хонож байснаа шоронд хоригдож байгаа сураг сонссон. Тэгтэл Чимгээгийн нөхрийн хамаатан Ганхуягийг бас аваачаад хорьчихсон. Зургаан сар болгоод сулласан л даа.
-Чимгээг хаана ямар байдлаар хорьж байсан юм бол?
Т.ӨнӨрМӨнх: -Төв аймгийн мөрдөнд хоригдож байсан. Маш хүнд дарамтанд байсан гэдэг юм. Төв аймгийн хориход, эхлээд найман сар подвалын хонгилд ганцааранг хорьсон гэсэн. Өрөөнийх нь таазны 4 буланд аалзны шүлс хэрсэн, булан нь онгорхой, хаалганых нь доогуур зайтай, цементэн шалтай, дээр нь гишгэхэд шороо пургисан, хана нь хөгцтэй, чийг даасан, өдөр шөнө болж байгаа нь мэдэгдэхгүй, хонгилын өрөөнд, гадна орчинд юу болоод байгааг мэдэхгүй, балай хүн шиг болгочихсон гэдэг. Тэгэхэд нөгөө, хүн мөчилж алаад хоригдож байгаа Амгаланбаатар коридороор хорихын атаман шиг явдаг байсан гэх юм билээ. Гэхдээ “Хорин таван жилийн ялтай ялтанд шээх газар байна уу” гэж хашхичин, Чимгээгийн камерын онгорхой нүхээр хараад: “Чи муу энд байгаа юм уу!” гэж заналхийлсэн гэдэг. Тэгээд ч зогсоогүй маргааш нь шөнийн 03 цагт камер онгойлгож орж ирээд 10-15 минут хэл амаар доромжилж, хэргээ хүлээ гэж дарамталж байгаад явсан гэдэг. Маргааш өглөө нь байцаагч Бямбажав полиграфийн шинжилгээ авах гэж шинжээчтэйгээ ирэхэд нь, эгч минь урьд шөнө болсон явдлыг хэлсэн байгаа юм. Тэгэхэд байцаагч нь “тийм юм болоогүй” гэж гүтгэсэн гэдэг. Энэ өрөөнд найман сар хориод 2016 оны тадугаар сард дээд өрөөнд оруулсан юм билээ. Ээж болон биднийг уулзахаар юм ярьж чадахгүй уйлаад, намайг энэ харгис харанхуй газраас салгаж аваач гэж гуйдаг байсан. Миний эгч чинь зүрх муу, нойр булчирхай нь өвддөг, бие муутай хүн л дээ. Тийм хүнийг баривчилж, хилс хэрэг хүлээлгэхээр яаж тамлан зовоосон гээч.
-Чимгээг баривчлагдсанаас хойш танайхан ямар байдалтай амьдарч байна?
Ц.Марууш: -Зөвхөн Чимгээ биш, энэ айл бүхэлдээ сүйрлээ л дээ. Энэ хооронд олон эмгэнэлт явдал болсон. Хамгийн аймшигтай нь Чимгээгийн том охин 28 настай Өнөрцэцэг авто машины ослоор нас барлаа.
-Энэ ослын талаар хүмүүс янз бүрээр ярьж, шуугьсан л даа. Зарим нь, зориуд зохион байгуулалттай аллага ч гэх шиг болсон. Чухам юу болсон юм бэ?
Ц.Марууш: -Ээжийгээ хоригдсоноос хойш, одоогоос хоёр жилийн өмнө болсон хэрэг шүү дээ. Талийгаач Өнөрцэцэг маань үсчин юм. Ажлын газрын хэдэн хүн Сэлэнгэ рүү явж байгаад замын тойруу дээр машин нь онхолдож Өнөрцэцэг таалал төгсөөд бусад нь зүгээр. Хүн амины энэ ноцтой хэргийг нарийн шалгаж арга хэмжээ аваагүй. Чимээгүйхэн дарж өнгөрөөсөн. Эрүүл үлдсэн хоёр хүн нь хаана, юу хийж явдагийг мэдэхгүй. Бид энэ аймшигтай осол хэргийг Чимгээгээс нуучихъя гэж гэр бүлээрээ шийдсэн юм. Яагаад гэвэл шоронд ядарч зүдэрч байхад нь сэтгэл санааны их дарамт болно. Аягүй бол солиорч ч мэднэ гээд таг нуусан. Осол гарснаас хэд хоногийн дараа Чимгээгийн нөхөр Бямбасүрэн эргэж очиж уулзсан. Болсон ослыг хэлэлгүй тойруулж яриад байсан чинь шоронгийн хуяг нь Чимгээгийн дэргэд “Энэ чинь цагаалганы юм байна. Танай ямар хүүхэд үрэгдсэн юм!” гээд зориуд санаа авахуулчихсан гэсэн. Чимгээ эндээс бүх учрыг мэдэж, ухаан нь балартаж унах шахсан гэдэг. Ингэж дарамтлахын тулд, өнөөх тагнуулынхан зориуд хуягаар хэлүүлсэн байхгүй юу. Энэ хооронд Чимгээгийн хайртай эмээ нь нас барсан. Бямбасүрэнгийнх гэж айлын зовлон ийнхүү барагдахгүй л байгаа юм даа. Сүүлд: “Хэргээ хүлээчихсэн бол ийм зүйл болохгүй л байсан” гэсэн утгатай үг ч сонсогдож байсан гэдэг юм. Хүнд хилс хэрэг хүлээлгэхийн тулд дарамталж тарчлаадаг бүх л арга мэхийг хэрэглэдэг юм гэнэлээ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу