Х.Баттулга: БНХАУ-ын дарга Ши Жиньпин ШХАБ-ын гишүүн орнуудад зориулан 30 тэрбум юанийн шугам нээхээ зарласан


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны зургадугаар сарын 9-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Дарга Ши Жиньпиний урилгаар БНХАУ-ын Чиндао хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаанд оролцсон юм.

Энэ удаагийн ШХАБ-ын уулзалтыг Монгол Улсаас хэвлэл, мэдээллийн байгууллагын 20 гаруй сэтгүүлч, зураглаач сурвалжилсан бөгөөд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын уулзалтыг сурвалжилсан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж, ярилцлага өгөв.

Ярилцлагын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Монгол Улс ШХАБ-ын ажиглагч улс болоод 14 жил болж байна. Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар анх удаагаа энэ уулзалтад оролцлоо. Олон давуу талуудыг олж харлаа. Та бүхэн мөн ажигласан байх.

ОХУ, БНХАУ, Беларусь, Киргиз, Казахстан болон Иран улсын Ерөнхийлөгч, Энэтхэг улсын Ерөнхий сайдтай хоёр талын уулзалтуудыг хийсэн. Хамгийн чухал асуудал нь БНХАУ-ОХУ-Монгол Улсын гурван талт уулзалт байлаа. Уулзалтын үеэр олон жил яригдсан эдийн засгийн коридор буюу хоёр хөршийн худалдааны эргэлтийг улсаараа дамжин өнгөрөөх асуудал байв. Бид энэ саналаа маш тодорхой илэрхийлсэн бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин анх удаагаа энэ төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Мөн “Монгол-Оросын санаачилга-2018” ажил хэргийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад айлчилсан Эрхүү мужийн Амбан захирагч Сергей Георгиевич Левченко эдийн засгийн коридор байгуулах төслөө бидэнд танилцуулсан юм. Тэр төслийг нь мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд гардуулж өгсөн.

Би ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хоёр удаа уулзаж байснаас бусадтай нь анх удаагаа уулзаж “нүүр хагарлаа”. Хөрш улс болох Казахстан, Киргиз болон далайд гарцгүй гэдэг утгаараа бидэнтэй хамтарч, саналаа илэрхийлдэг, ШХАБ-ын ажиглагч улс болох Беларусь улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкотой ойр дотно яриа өрнүүлсэн. Мөн Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Шарипович Жээнбеков шинээр сонгогдсон хүн байсан тул баяр хүргэсэн. Ираны Ерөнхийлөгч Хассан Руханитай мөн уулзаж, Монгол-Ираны хооронд байгаа тодорхой ажлуудыг дэмжиж ажиллана гэсэн асуудлыг ярилцсан” гэлээ.

МҮОНТ-ийн сэтгүүлч Д.Батнягт: Энэ удаагийн ШХАБ-ын уулзалтын хүрээнд гол анхаарал татсан асуудал нь яах аргагүй Эдийн засгийн коридор байгуулах асуудал байсан. 2016 онд Эдийн засгийн коридор байгуулах баримт бичигт гарын үсэг зурж, баталгаажуулсан. Түүнээс хойш бодит ажил хийгдээгүй. Энэ удаашралтай байгаа асуудлыг хэрхэн харж байгаа вэ. Бидний талаас санхүүжилтийн асуудал байх шиг байна?

-Мэдээж санхүүжилтийн асуудал бий. Бид ШХАБ-т 14 жил ажиглагчаар явж байна. Хашир байх нь зөв. Гэхдээ өнөөгийн ШХАБ-ын нөхцөл байдал өөр болсон. Өнгөрсөн жил 1.3 тэрбум хүн амтай Энэтхэг, 200 сая хүн амтай Пакистан улс ШХАБ-т элссэн. Энэ бол ШХАБ-ын анх байгуулагдахаа яригдаж байсан нөхцөл байдлыг өөрчилсөн томоохон хүчин зүйл юм. Илүү эдийн засгийн асуудлыг ярьдаг болсон. Та бүхний анзаарсанчлан Өргөтгөсөн хурал дээр үг хэлж буй төлөөлөгчид бүгд эдийн засгийн асуудлыг шүүмжилж, бодит алхам хийх ёстой гэсэн байр суурь илэрхийлж байсан. Үүний хариу болгож энэ жил ШХАБ-ыг удирдаж байгаа БНХАУ-ын дарга Ши Жиньпин ШХАБ-ын гишүүн орнуудад зориулан 30 тэрбум юанийн шугам нээхээ зарласан. Энэ мөнгө нь яригдаад байгаа дэд бүтцийг холбох ажилд зориулагдах юм. Өөрөөр хэлбэл, үүсгэн байгуулагдаад 22 жил болсон ШХАБ-д Энэтхэг, Пакистан элссэнээр нөхцөл байдал, чиглэл нь өөрчлөгдсөн. Шанхайд байгуулагдсан гэдэг утгаар нь Шанхайн байгууллага гэж үзээд буруу ойлгогдохоор зүйлсийг олон нийтийн сүлжээнд олноор ярьж байна. Мөн энэ жил ШХАБ-ыг БНХАУ даргалж байгаа. Ирэх жил Киргиз улс даргалахаар болсон. Жил бүр ШХАБ-ын орнууд ээлжилж даргалаад явдаг юм.

“UBS” телевизийн сэтгүүлч Ч.Бат-Оргил: БНХАУ-ын дарга Ши Жиньпин 30 тэрбум юанийн шугам нээх болсон хэдий ч үүнийг ШХАБ-ын гишүүн орнууддаа өгөх асуудал яригдаж байна. Бид хэдий ажиглагчийн байр суурьтай ч тээвэр, тэр дундаа төмөр замын тээвэрт хөрөнгө оруулалт татах боломж бий юу. Мөн УИХ ШХАБ-д элсэх асуудлаар хаалттай хуралдаж нийгэм тодорхой мэдээлэлгүй байна. Эдгээр асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-БНХАУ-ын дарга Ши Жиньпин “ШХАБ-ын гишүүн орнуудад зориулан гаргаж байгаа…” талаар маш тодорхой ярьсан. Тэдгээр улсууддаа л зарцуулагдах байх. Харин ШХАБ-д Монгол Улс элсэх асуудлаар олон янзын байр суурь байгаа ч УИХ-ын гишүүд маань хүртэл энэ байгууллагын бүтэц, түүх, одоогийн байдал, дараагийн зорилго зэргийг мэдэхгүй байна.

Дэлхийн эдийн засаг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хөдөлгөөнд орсон. Мэдээж бид энэ хөдөлгөөний эерэг, сайн талыг нь тусгаж авах ёстой бөгөөд эдийн засгийн энэ хөдөлгөөнөөс хоцорч болохгүй. Хоёр том хөрштэй, далайд гарцгүй орны хувьд бараа таваар, бүтээгдэхүүн борлуулах боломж харьцангуй хомс байна. Бид ОХУ болон БНХАУ-руу экспортын бүтээгдэхүүн гаргахдаа 20-35 хувийн гаалийн татвар төлдөг. 20-35 хувийн өндөр үнэтэй хил давсан бараа, бүтээгдэхүүн мэдээж үнээр өрсөлдөх боломжгүй болно гэдгийг хүн бүр л мэднэ. Гэтэл бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүйгээр улс орон хөгжихгүй, харин үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн зарагдахгүй бол үйлдвэр дампуурна. Ийм энгийн зүйлсээ УИХ-ын гишүүд анхаарах ёстой.

Та бүхэн санаж байгаа бол би нэн тэргүүнд хоёр хөршийн тэргүүнтэй уулзаж гаалийн татвар тэглэх санал тавина гэдгээ хэлж байсан. Ингэж байж бидний бүтээгдэхүүн өрсөлдөөнд орно. Яг үнэндээ цаасан дээр л буугаагүй болохоос 1990 оноос хойш бид эдийн засгийн хоригт орчихоод л яваад байгаа. Тиймээс гаалийн татварыг буулгах, тэглэх нь Засгийн газрын, Төрийн тэргүүнүүдийн үүрэг юм. Ажил эндээс эхлэх ёстой.

Сүүлийн долоо хоногийн дотор ярихад л дэлхий даяар маш олон үйл явдал болж байна. АНУ-ын Ерөнхийлөгч бизнесийн салбараас гарч ирсэн учраас улс төрөө хоёрдугаарт тавьдаг хүн болов уу. Мөн АНУ эдийн засаг болоод бусад бодлогоор дэлхийд тэргүүлдэг учраас АНУ-ын Ерөнхийлөгчөөс хамаарч бүс нутгуудад эдийн засгийн хөдөлгөөн гарч байгаа. Энэ хөдөлгөөнөөс бид хоцрох ёсгүй. Оролцдоггүй юм гэхэд сонсоод, дүгнэлт гаргах ёстой юм. Дүгнэлтээ яаж гаргаснаас шалтгаалж бид цаашдын оролцоо, бодлогоо гаргах ёстой. Тэгэхгүй бол бид 19-р зууных шиг хөмөрсөн тогоонд буцаад орчихлоо. Хулгана хүртэл саван дотор байвал бие, биенээ хэмлэдэг шиг бид олон нийтийн сүлжээ гэдэг зүйлээр бие, биенээ хэмлэхээс өөр зүйлийг хийж чадахгүй болчихсон. Дэлхий нийтэд болоод буй эдийн засаг болон улстөрийн хөдөлгөөнд идэвхтэй оролцдог Монгол Улсыг бий болгомоор байна. Бид байгалийн баялагтай, мал түүхий эдээ хөгжүүлнэ гэдэг ч хил, гаалийн бодлого одоогийнхоороо байвал бид яаж ч чадахгүй. Том гүрнүүд гаалийн татварыг л онцлон ярьж байна. Энэ татварын бодлого нь хөгжлийн бодлоготой уялдаатай тул бид ч гэсэн хоёр хөршөөсөө эхлэн энэ асуудлыг ярьж эхэлсэн.

Манай газар нутгаар дамжин өнгөрөхөд 1,000 гаруйхан км байдаг. Энэ бол том газар нутагтай БНХАУ болон ОХУ-ын хувьд бага тоо юм. 2020 он гэхэд манай хоёр хөрш гадаад худалдааны эргэлтээ 200 тэрбум ам.долларт хүргэх гэж байгаа. Тиймээс бид боломжоо сурталчилж, ажил хэрэг болгох шаардлагатай.

“С1” телевизийн сэтгүүлч Г.Энэбиш: -ОХУ-ын талаас судалгаагаа сайтар гаргаарай гэсэн байна. Мөн БНХАУ-ын удирдагч шинэ цикл эхэллээ гэж хэлсэн. Шинэ цикл гэдгийг та хэрхэн харж байна?

-ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд энэ оны гуравдугаар сард болсон. Нөгөө талдаа БНХАУ-ын дарга дахин сонгогдсон. Монгол Улсад найман жилийн дараа Ерөнхийлөгч нь өөрчлөгдсөн. Үүнийг шинэ цикл гэж нэрлээд байгаа юм болов уу. Ингээд шинэ циклийг идэвхтэй алхам хийж эхлүүлэх нь зүйтэй, үүнийгээ ШХАБ-ын уулзалтын үеэр зарлана гэсэн.

Харин Эдийн засгийн коридор байгуулах судалгаа байдаг. Саяхан манай улсад ирсэн Эрхүү мужийн Амбан захирагч Сергей Георгиевич Левченко эдийн засгийн коридор байгуулах төслийг надад өгснийг би ОХУ-ын Ерөнхийлөгчид өөрт нь гардуулсан. Танайхны судалгаа шүү гэсэн баримт болгож өгсөн. Мөн би Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байх хугацаандаа баг, хамт олонтойгоо нийлээд энэ судалгааг хийж байсан. Ямар ч тохиолдолд Сибир, Манжуур зэрэг өөр замаар бараа бүтээгдэхүүн дамжихаас илүүтэй манай улсаар дамжих нь худалдан авагч болоод борлуулагч талдаа ашигтай. Одоо ажлын хэсэг байгуулагдаж хоёр тал хамтарсан судалгаа хийж, маш богино хугацаанд боловсруулаад хоёр улсын Ерөнхийлөгчид судалгаа очих юм.

“Bloomberg TV Mongolia” телевизийн сэтгүүлч Б.Дашням: -Хоёр талын уулзалтуудаар цаашдаа ажил хэрэг болгоод явах ямар асуудлууд яригдсан бэ. Ялангуяа, Энэтхэг, Киргиз, Казакстаны уулзалтын талаар тийм ч их мэдээлэл байхгүй байна.

-Казахстан улсын Ерөнхийлөгч Н.А.Назарбаев улсынхаа Ерөнхийлөгчөөр удаан ажиллаж байгаа. Цаашдаа тогтвортой ажиллах байх. Тус улсын зүгээс хөрш орны харилцаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаа гэдгээ хэлсэн. Би түүнд нийслэлээ нүүлгэж байгаа бодлого болоод 100 алхам зэрэг хөтөлбөрийнх нь талаар хэлсэн. Тэд биднийг дээрх туршлагуудаас нь судлах хэрэгтэй гэж байсан.

Харин Энэтхэгээс нэг тэрбум ам.доллар авах асуудал Засгийн газрын түвшинд идэвхтэй яригдаж байгаа юм билээ. Кино урлаг, түүхийн салбарт хамтарч ажиллах боломжтой гээд улсдаа урьсан.

“Засгийн газрын мэдээ” сонины сэтгүүлч Г.Байгаль: -Монгол болоод БНХАУ нийлээд дэлхийн түүхий ноолуурны зах зээлийн 95 хувийг бүрдүүлдэг гэсэн асуудал мөн уулзалтын үеэр яригдсан. Энэ салбарын цаашдын хамтын ажиллагааг хэрхэн төсөөлж байна вэ?

-Ноолуурын салбар нь Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүнүүдийн нэг. Малчид ноолуураар амьжиргаагаа залгуулдаг. Харамсалтай нь бид ноолуураа бүтээгдэхүүн болгож чадахгүй байгаа. БНХАУ-тай буюу Өвөр Монголтой нийлээд бид дэлхийн ноолуурын 90-95 орчим хувийн түүхий эдийг бүрдүүлж байна. Хятад улс, АНУ-ын худалдааны дайн гэж яригдаад байгаа гаалийн татвартай холбоотой асуудалд оёмол бүтээгдэхүүний татвар нэмэгдэх асуудал яригдаж байгаа юм.

Харин манай улс АНУ-ын Конгресст Монгол Улсын оёмол бүтээгдэхүүн, ноолуурыг татваргүй оруулж өгөөч гэсэн хүсэлт тавиад, тус улсын Конгресст лобби бүлэг байгуулагдсан байгаа. Мөн би АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад захидал бичихдээ энэ асуудлаар дэмжлэг хүссэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Ингээд манай бүтээгдэхүүн АНУ болон Европ руу татваргүй экспортод гардаг болчихвол бид түүхий эдээрээ нэгдэж, нэг бүтээгдэхүүн гаргаад дэлхийд экспортолж болохгүй вэ, гэдэг санаа л явж байгаа юм.

“Bloomberg TV Mongolia” телевизийн сэтгүүлч Б.Дашням: -ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ та терроризмтой тэмцэх асуудлыг хөндөн ярьсан. Бусад улсын Төрийн тэргүүнүүд ч Афганистаны асуудлаар тусламж дэмжлэг үзүүлэх ёстой байр суурийг илэрхийлсэн. Энэ чиглэлд бидэнд хамтарч ажиллах ямар боломж байгаа юм бэ?

-ШХАБ-ын гишүүн орнууд Афганистаныг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Афганистан улс ШХАБ-д элсэх өргөдлөө өгөөд жил гаруйн хугацаа болж байгаа ч ШХАБ-д орох асуудал яригдаагүй байна. Гэсэн ч тус улсад болж байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд ШХАБ-ыг улсууд анхаарал хандуулахаа хэлсэн.

Харин терроризм гэдэг зүйл манай улсад байхгүй байж болох ч бүс нутагт байгаа тохиолдолд бид хамтарч ажиллах ёстой. Кибер халдлага гэхэд манай улсад хэдийн ороод ирчихсэн. Мөн хар тамхины наймаа зэрэг асуудлаар бид бусад улсаас дэмжлэг тусламж авах ёстой.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …