Хүүхэд өөрт тохирохгүй цүнх үүрснээс болж нуруу нь өвчилж, өсөлт зогсох аюулд хүрдэг. Гэтэл өөрөөсөө том цүнхээ үүрч ядан сургуулийн зүг алхах бяцхан сурагч манай улсад олон бий. Олон улсад хүүхдийн цүнхний хүндийн жин нь тухайн хүүхдийн биеийн жингийн 10-15 хувиас хэтрэхгүй байх нь зохимжтой гэж үздэг. Тэгвэл манай улсын зургаан настай эрэгтэй хүүхдийн биеийн жин дунджаар 19.2 кг, эмэгтэй хүүхдийнх дунджаар 18.8 кг байдаг байна.
Тэгэхээр олон улсын стандартаар бол зургаан настнууд буюу нэгдүгээр ангийн сурагчийн цүнх 2 кг-аас хэтрэхгүй жинтэй ёстой аж. Харин манай улсын хувьд бага ангийн сурагчийн цүнхний жин 2-5 кг байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Иймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ цүнхийг биед нь тохируулан сонгох сонгох шаардлагатай юм.
Өдөр бүр хүүхдийнхээ хичээлд зайлшгүй шаардлагатай зүйлсийг нь л өгч явуулах, сургууль хүргэж өгөх болон авахдаа цүнхийг нь эцэг эх нь үүрч явахыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөжээ.
Эцэг эхцүүд хүүдийнхээ цүнхийг худалдаж авахдаа дараах зүйлсийг анхаараарай.
- Цүнхэндээ олон дэвтэр, ном авч явдаг хүүхэд хоёр үүргэвчтэй цүнх үүрч, хүндийн жингээ тааруулж байх хэрэгтэй. Нэг оосортой цүнх нь мөр хүзүүнд тэгш бус ачааллыг үүсгэж байдаг.
- Цүнх нь бүсэлхийнээс доош хамгийн ихдээ 10 см-аас илүү гарч болохгүй ба тохиромжтой нь 5 см байдаг
- Цүнхний хүндийн жин нь хүүхдийн үндсэн жинд таарч байх ёстой. Хүүхдийн цүнх нь хэт томдохоор толгой нь урагшилсан байрлалтай болдог. Тиймээс хөнгөн жинтэй цүнх сонгоорой. Хөнгөн жинтэй цүнх нь чанартай сайн материалаар хийгдсэн байдаг.
- Цүнх өөрийн гэсэн хэмжээ тааруулагч тохируулагчтай байвал сайн. Энэхүү тохируулга нь хүндийн жинг тааруулж өгдөг ач тустай.
- Цүнхний оосор өргөн байх ёстой
- Цүнх хүүхдийн нуруунд буюу биед бүрэн наалдах ёстой
- Хүүхэд хөдөлгөөн ихтэй тул их хөлөрдөг. Тиймээс цүнхний материал хөлс шингээж, нян бактери үүсгэдэггүй байвал сайн.
- Дөрвөн улирлын усны хамгаалалттай цүнх нь халтар болдоггүй ашиг тустай.
- Эцэст нь цацруулагчтай цүнх заавал хэрэглүүлэх хэрэгтэй. 3 метр буюу 3 талаас бүрэн цацардаг байх нь аюулгүй.