Ц.Оюунгэрэл: “Бие засах газаргүй байж сая жуулчин олж ир” гэдэг

07aba3fe5665e68original УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа. “Аварга тосон” рашаан сувилал болон Хэрлэний хөдөө аралын талаар бичсэн нийтлэл, дэвшүүлсэн санаа, хүмүүсийн зарим сайтуудад тавьсан сэтгэгдлийг Та уншиж амжив уу.  Ямар сэтгэгдэл төрөв?

 -Уншсан. Манайд хог хаягдал, бохир ус, орчны тохижилт, төлөвлөлт ерөөсөө байхгүй. Тэр тусмаа байгалийн гоо сайхан бүрдсэн, олон үеийн турш ард түмний сүсэг бишрэл, хүндэтгэлийг хүлээж ирсэн онгон дагшин газруудад ариун цэвэр, эрүүл ахуй, бохирын асуудлыг огтхон ч анхааралгүй явж ирсэн. Манай аялал жуулчлалын салбар олон хүмүүсийг бөөнөөр нь хүлээж авахад бэлэн биш байна. Бид нүүдлийн иргэншлийнхээ маягаар тархай бутархай амьдарч ирсэн шигээ, энэ чухал асуудлыг мөн л нэг хоёроороо тархай бутархай байдлаар шийдвэрлэхийг оролдож яваа учраас масстуризм гэдгийг жинхэнэ утгаар нь ойлгож, харахгүй байгаа юм. Тэгсэн хэрнээ “Аялал жуулчлалаа хөгжүүл. Дотоодын аялан жуулчлагчдыг нэмэгдүүл. Жуулчдын тоог олшируул. Олон хүн олж ир” гэж тал талаас шахаж шаарддаг. Бас  ч гэж манай компаниуд олон хүн авчирч чаддаг болжээ. Нэг үгээр хэлэхэд хүмүүсийг бөөгнөрүүлж чаддаг болсон. Гэтэл бөөгнөрсөн, тэр олон хүнд зориулсан орчны дэд бүтэц огт байхгүйг та нийтлэлдээ хөндөж, чухал асуудлуудыг дэвшүүлсэн. Тийм болохоор Аварга тосонгийн дүр төрх надад шууд харагдсан. Би саяхан бас яг тийм байдалд орчихсон нуурыг газар дээр нь очиж үзлээ. Тэр бол Тэрхийн цагаан нуур. Орчны хог, бохирдол гэдэг дээд цэгтээ хүрсэн, зах замбараагүй байдал тэнд л байна. Сэтгэл маш их эмзэглэлээ. Бид ийм байдлаас яаралтай гарах ёстой. Үнэхээр аялал жуулчлалыг өргөжүүлье, жуулчдын тоог нэмэгдүүлье гэж байгаа бол тэр олон хүнийг хүлээж авахад бэлэн болох хэрэгтэй. Зарим нь надад “Чи одоохон сая жуулчин олж ир” гэдэг. Гэтэл сая жуулчин бие засах газар хаана байна. Сая жуулчны хаясан хогийг цэвэрлэдэг, тээж зөөж хаядаг байгууллага юу билээ гэдэг нь өөрөө сая жуулчнаасаа илүү чухал юм. Энэ бол миний сэтгэлийг хамгийн их зовоож байгаа асуудал. Манай яам энэ бүхнийг шийдвэрлэх арга замыг хайж, янз бүрийн судалгаа хийж байна.

Та, Хэрлэний хөдөө арлаар яваад ирэв үү. Ямар ойлголт, мэдээлэл олж авав. Энэ нутаг Хүн гүрэн, Хамаг Монгол, Их Монгол, өнөөгийн Монгол Улсын түүхэнд ямар ач холбогдолтой газар гэж үзэж байна вэ?   

-Хэрлэний хөдөө аралын бүс нутаг монголчуудын түүх соёлд ямар их ач холбогдолтой нь ойлгомжтой. Миний ойлголт, дүгнэлтээр бол Хэнтий аймаг тэр чигээрээ түүх соёлын дурсгал, байгалийн цогцолбор, аялал жуулчлалын орон, өлгий нутаг юм билээ. Монгол Улсын түүхийн асар их баялаг баримт, эд өлгийн зүйл хадгалагддаг. Тэр бүхнийг бид нарийн судлах, таньж мэдэх, оновчтой сурталчлах, зөв хадгалж хамгаалах, хамгийн гол нь тэр сайхан нутгийг бохирдуулахгүйгаар аялал жуулчлалыг цэгцтэй, төлөвлөгөөтэй зохион байгуулах явдал юм. Гэвч энэ ажилд Хэнтий аймгийн өөрийнх нь хүчин чадал хүрэхгүй гэж үздэг. Тийм учраас энд салбарын яамдын хамтын ажиллагаа нэн чухал. Манай яамнаас Хэнтий аймгийг тусгайд нь анхааран үзэж байгаа. Би саяхан Хэнтийн Дадал сум ороод ирлээ. Хэрлэний хөдөө арал, Аварга тосон нуураар орохоор төлөвлөж явах маршрутдаа оруулчихаад танаас зам асууж байв даа. Гэвч буцах замдаа оройтоод цаг нарны байдлаас болоод орж амжсангүй.

Би таныг Хөдөө арлаар ороод ирсэн гэж бодож байлаа. За, тэр яахав. Харин танд боломж байвал хүн томилоод Аварга тосонгийн байдлыг нэг үзүүлчихвэл зүгээр дээ. Болж өгвөл бүр зуны дэлгэр цагаар амралт сувиллууд ид ажиллаж байгаа үед нь үзэж танилцвал бүр ч их зүйл ойлгогдох байх?

-Хүмүүс явуулж үзүүлье. Тэгээд ч манайх Хэнтий, Төв аймгуудыг дамнан орших нутгийг хамруулан тухайлбал, Бурхан Халдун уулын орчин зэрэг тахилгат, түүх соёлын дурсгалт газруудыг ЮНЕСКО-д бүртгүүлэх өргөдлөө өгөөд байгаа. ЮНЕСКО-гийн хурал зөвлөгөөнд өргөдөл хүсэлтээ хамгаалах, бэлтгэл ажлын хүрээнд Хэнтий аймгийн түүх соёлын дурсгалт газрууд, байгалийн цогцолборт нутгаар явж байдлыг үзэж танилцах шаардлагатай байна.

Ер нь Хэрлэний Хөдөө аралыг тэр чигээр нь Тусгай хамгаалалтад авах, нэн чухал шаардлага, ач холбогдол бүхий газар нутаг гэдэгтэй та санал нийлэх үү?

-Маш чухал санаа. Гэхдээ тусгай хамгаалалтад авах, төлөвлөлтийг зөв хийх хоёрыг оновчтой хослуулах нь зүйтэй. Өнөөгийн байдлаас харж ажиглахад аль нэг нутгийг “Тусгай хамгаалалттай газар шүү” гээд хууль гаргаж зарлачихлаар тусгай хамгаалалттай сайхан болчихно гэж ухаарч болдоггүй юм байна.  Цаана нь өдий төдий ажил асуудал бий. Наад зах нь Тусгай хамгаалалтад авах тусам төсөв зардал нэмэгддэг. Гэтэл “Төсөв зардлыг данхайлгалаа” гэж шүүмжилж  эхэлдэг. Тэгэхээр яах ёстой гэвэл юуны өмнө аялал жуулчлалын орчны төлөвлөлтөө орон нутаг өөрсдөө хийдэг эрх мэдэлтэй болох ёстой. Жишээ нь сумын Иргэдийн Хурал иргэдтэйгээ хамт суугаад “За манай сум түүх соёлын  арвин дурсгал, байгалийн цогцолбор газартай. Бид нар энэ буган чулуу, тэр хүн чулуу, энэ агуй, тэр сүм хийдийнхээ орчныг аялал жуучлалын орчин болгоё. Энэ хавьд малаа маллахгүй, жаахан өөр газар нутаглая. Тэнд жуулчдын явдаг замыг заая. Нойлыг нь хийж өгье. Аялал жуулчлалын баазуудыг нөгөө түүх соёлын дурсгалт газартаа шавааралдуулахгүй, газрыг нь нэг хоёр километрийн зайтай олгоё. Заагийг нь тодорхой болгож, хавь ойрыг нь хамгаалъя” гэж ярилцаж, шийдвэрлэдэг эрх мэдэл сум орон нутагт байх хэрэгтэй. Тэгээд өөрсдөө түүндээ таарсан дүрэм горимтой болох нь чухал. Энэ эрх мэдлийг бид хуулиар батлагаажуулахаар ажиллаж байна. Аялал жуулчлалын шинэ хуулийн төсөлд аялал жуулчлалын орон нутгийн бүсийн хил заагийг тогтоох, тогтоосон хил зааг дотроо сум өөрсдөө дэд бүтэц, дүрэм горимоо тогтоох эрхийг нь өгөхөөр тусгасан. Жишээлбэл Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумыханд дээр дурдсан эрх мэдлийг одоогоор өгөөгүй байгаа боловч тус сумынхан өөрсдөө мэдээд Балданбэрээвин (Балданбрайвүн хийд. 1789 онд байгуулагдсан) хийдийн орчинд миний яриад байгаа бүх ажлыг хийгээд эхэлчихсэн байна. Тухайлбал, Балданбэрээвин сүмийн ойролцоо хоёр километрийн дотор аялал жуулчлалын бааз байгуулах газрын зөвшөөрөл өгдөггүй. Жуулчид хийдээс нэлээд зайтай орших баазаасаа явган алхах юм уу, мориор очиж сүм хийдийг үзэж, ойр хавиар нь аялж болдог. Хийдийн ойр хавьд хадаг уяж болохгүй. Хадаг уяж өлгөх тусгай баганыг хийдээсээ бараг километрийн зайд босгоод өгчихсөн. Тэр нь хийдийн үзэгдэх бараанаас хол зайтай юм. Үзэгдэх бараанаас зайтай байгаа нь, хийдийг анх байгуулахад байсан орчин, байгалийн үзэсгэлэнт төрх цогцолборыг яг анхны өнгө байдлаар нь байлгана гэсэн үг. Сүсэгтнүүд зөвхөн тэр тусгай бэлдсэн багана модонд хадгаа уяж өлгөнө. Ургаа амьд модонд хадаг уяж болохгүй. Үзэгдэх бараа орчныг шинээр барилга барих, хадаг уях зэргээр өөрчилж одоочилж болохгүй гэх мэт олон асуудлыг иж бүрэн шийдвэрлэжээ. Мөн гороолох газрууд, хаданд бүтээсэн бурхад зэргийг бүрэн тэмдэгжүүлсэн. Зөвхөн тэмдгүүдийг дагаад өдөржин явахад тэр нь аяллын маршрут болохуйцаар зохион байгуулсан байх юм. Энэ бүхэн нь тус тусдаа дүрэм горимтой их аятайхан болсон байна.

Тэр Балданбэрээвин хийдийн туршлага чинь нөгөө Аварга тосонд таарах юм биш үү?

-Магадгүй. Балданбэрээвин хийдийн орчныг шийдэж байгаа шийдэл нь хаа ч хэрэглэж болох маш зөв эхлэл, боломжийн туршлага. Бас нэг сайн эхлэлийг энд онцлон хэлэхэд Хөвсгөлийнхөн нуур орчимынхоо хатуу хог хаягдлын асуудлыг бүрэн шийдэж чадсан байна. Хөвсгөл нуурын орчинд хүн чихрийн цаас ч хаяж аргагүй болсон. Энэ бол том ахиц. Учир нь “Та цэвэр сайхан нуур усныхаа дэргэд ирлээ. Энэ сайхан нуурынхаа орчинд хог хаяж, лус савдаг бүү хилэгнүүл. Хог хаягдлаа өөрөө аваад яваарай” гэсэн тэмдэгжүүлэлтийг хийж, хаана л бол хаана санамж анхааруулга тавьсан. Тэр нь хүмүүсийн сэтгэхүйд нөлөөлж Хөвсгөл нуурын орчинд хог хаядаггүй болгож чадсанд жуулчид, нутгийн иргэд ам сайтай байна. Тэгвэл Тэрэлж, Тэрхийн цагаан нуур гээд олон газар хатуу хог хаягдлаа шийдвэрлэж чадаагүй. Таны нийтлэлээс Аварга тосон яг тийм болчихжээ гэж ойлгосон. Харин Хөвсгөлийнхөн нуур орчим дахь шингэн хаягдлаа шийдвэрлээгүй байна. Шингэн хаягдлыг нуур уруугаа шүүрүүлэн алдаж байна. Энэ бол аюултай. Үүнийг нэн яаралтай өөрчлөх шаардлагатай. Тэнд хичнээн олон хүн очихын хэрээр нуур төдий чинээ бохирдоно. Тэгэхээр Хөвсгөл нуур орчмын бохирын систем, түүнийг оновчтой шийдвэрлэх арга зам бол хамгийн тулгамдсан асуудлуудын нэг яах аргагүй мөн.

Архангайн Өгий нуур бас тийм болчихсон байна гэж Байгаль орчин, ногоон хөгжлийн яамныхан ярьж байна?

-Бид бүх асуудлыг танай, манай гэхгүйгээр тал талаасаа анхаарч, бүгдээрээ эрвийх дэрвийхээрээ ажиллаж байж шийдвэрлэнэ. Бид энд яриад л, орон нутгийнхан тэнд өөрсдөө бохирдуулаад сууж байдгийг өөрчлөх цаг болсон. Дээр дурдсанчлан горим дүрэмтэй орчныг бий болгож чадвал тухайн байгаль орчин тэр аяараа тусгай хамгаалалтад орсноос бүр илүү хамгаалагдана гэсэн үг. Хэдэн мянган га газрыг зүгээр ерөнхийд нь Тусгай хамгаалалттай нутаг гээд зарлачихдаг. Гэтэл тэр нутаг дахь өдий төдий жижиг хэсгүүдийг хэн хамгаалах нь тодорхойгүй үлдэж, нөгөө тусгай хамгаалалттай газрын чинь ам болгоныг бохирдуулж байна. Тэнд нойлоо хаана нь байгуулах, хогоо хаана хаях гээд олон асуудал ойлгомжгүй. Ямар нэг бодлого төлөвлөлтгүй явж байна. Жишээ нь өнөөдөр Горхи, Тэрэлж хавийг тусгай хамгаалалттай гээд байдаг ч тэнд орчны ямар нэг горим дүрэм байхгүй. Тийм учраас тэнд дийлдэхийн аргагүй их хог бий болжээ. Бид эхлээд энэ бүхнийг өөрчлөх ёстой.Тэнд ямар нэг дүрэм горим байхгүй учраас хаана нь байшин барих, хаана нь зөвхөн гэр барих, чухам хаагуур нь мориор явах, машин хаагуур явж болох зэргийг журамласан юм алга. Тааралдсан газраа хогоо хаяна. Холоос харахад нэг их сүртэй сайхан байгаль харагддаг. Дотор нь ороод жижигхэн гүвээ давахад цаана нь эцэс төгсгөлгүй хог хаягдал нэвсийж байдаг шүү дээ. Тэрэлжийн нөгөө үзэсгэлэнт сайхан хаднаас ч том том хог бий болсон. Хэн тэнд хогоо хаяад байгаа юм. Тэр хогийг хэн цэвэрлэж, хаана аваачиж, яаж устгаж далд хийхийг хэн ч мэдэхгүй. Хэн журам сахиулах ёстой. Хогоо хамаагүй хаясан этгээдийг ямар газрын хэн журамлаж торгож арга хэмжээ авах бас эзэн байхгүй. Ийм маягаар тусгай хамгаалалтад авснаас байсан нь дээр.

Тусгай хамгаалалттай газрын тухайд тусгай хамгаалалтын ерөнхий горим байж болно. Горим нь “Энэ говийн хамгаалалтын горим ийм байна, тэр уул нурууны горим тийм байна шүү” гэж тодорхойлох учиртай. Орон нутаг тэдгээр горимд нийцүүлэн тус тусад нь жижиг дүрэм горим гаргана гэсэн үг. Жишээ нь Гималайн нуруу бол Непалын тусгай хамгаалалттай нутаг. Тэр нутгийн ерөнхий горим нь Гималай нуруунд жорлон байж болохгүй гэсэн нэг л хатуу дэг горимтой. Гималайн нуруунд уулчид ойролцоогоор жараад хоног бэлтгэл сургуулилтаа хийж байж авирна гээд бодоход тэр хугацаанд хүн бие засч л таарна. Гэтэл тэнд ердөө хоёр талдаа гишгүүртэй нүх ухаад дотор нь манайхаар 40-ийн битоны анзааны сав суулгачихдаг. Уулчид нүхэнд биш, нүхэнд байрлуулсан тусгай саванд бие засна. Битоноо дүүрэхээр авч таглаад сарлагт ачаад явуулчихна. Нүхэндээ дахиад өөр нэг сав суулгана. Ийм байдлаар Гималайн нурууны ариун дагшин газар шороонд ялгадас оруулахгүй байх дүрмийг хийж түүнийхээ дагуу зохион байгуулж чадсан юм. Нөгөө савтай хаягдлыг ерөөсөө илжиг, сарлаг хоёр зөөнө. Бид, энэ туршлагыг юуны өмнө анзаарч, бас нэг дүрэм горимтой болох нь чухал. Ингэж байж ариун дагшин газраа цэвэр сайхан байлгаж чадна. Хамгаална.

Таны бодлоор сарлаг, илжигний үүргийг манайд хэн гүйцэтгэх вэ?

-Төрийн тусгай хамгаалалттай, байгалын өвөрмөц тогтоц үзэсгэлэн бүрдсэн онгон дагшин нутагт бие засах газрыг яаж хийдэг технологийг судалж байх явцдаа бид Гималайн туршлагыг олж мэдсэн. Тусгай хамгаалалттай нөгөө ариун дагшин газруудад хүний өтгөн шингэнийг цэвэрлэж, зөөх үйлчилгээг зохион байгуулахдаа Гималайн нурууны дүрэм, туршлагыг манайх ашиглаж болно. Харин тэнд бохир ачааг зөөдөг илжиг, сарлагуудын ажлыг хэн хийх вэ гэвэл манайх бас сарлагаар хийлгэнэ. Бид сарлагандаа нуруу ачилт хийдэг уламжлалт аргаа мартаж болохгүй. Монголчууд сарлаганд нуруу ачилт хийдэг эртний уламжлалтай хүмүүс. Мөн номхон морь, тэмээ байж болно. Тэгж байж байгаль орчноо онгон дагшнаар нь хадгалж чадна. Харин өтгөн шингэн сордог, ачдаг том том машин явуулаад эхэлбэл тухайн нутаг тусгай хамгаалалттай газар биш болно. Ялгаагүй л техникийн хүчээр, бензин шатахууны утаа тортог, нефть бүтээгдэхүүний хог хаягдлаар бохирдуулах болно. Хүчирхэг техникээр тусгай хамгаалалттай газар нутгийнхаа онгон дагшин байдлыг хадгалж, цэвэр цэмцгэр байлгаж чадахгүй. Гималайн нуруунд энэ бүхнийг орон нутгийнх нь засаг захиргаа дүрмэндээ тусгаж хэрэгжүүлдэг юм билээ. Тэр бүх боломж нь манайд бэлэн байж байгаа. Нөгөө талаар бид Шинжлэх ухааны академид хандаж, Аялал жуулчлалын үндэсний төвийнхөн ШУА-ийн технологийн зарим байгуулалгуудтэй ярилцаж байна. Жишээ нь үнэр сааруулагч байх уу, битон доторх зүйлийг задалдаг бичил биетүүдийг ашиглах боломж байгаа эсэх, бохир нь шингэн байдлаар, эсвэл хатуу хэлбэрээр байх уу, нунтаг зүйл байх уу гэдгийг ч нарийвчлан судалж боловсруулж байгаа эрдэмтэд бий. Тэдний боловсруулсан технологи өвлийн нөхцөлд яах вэ, урин дулааны улиралд яадаг юм, аль нөхцөлд ямар дозоор хэрхэн яаж хэрэглэж болох зэргийг тодорхой болгоно байх. Ингэснээр бид битон доторх зүйлийн агуулга, шинж чанарыг өөрчилдөг технологийг Монголдоо боловсруулан гаргаж чадвал түүнийг хэн ч хаана ч хэрэглэж болно. Тийм боломж харагдаж байгаа.

Бид, бохирын асуудлыг шийдвэрлэж болох өөр тогтолцоо, тэмдэгжүүлэлт хийдэг олон улсын жишиг туршлага, орчны тохижилт, орчны дүрэмд чухам юу юуг анхаарч тусгадгийг бас судалж байна. Монгол Улсын Аялал жуулчлалын тухай хуулийн шинэ төслийг хэд хоногийн дараа Дэлхийн аялал жуулчлалын байгууллагад явуулна. Тэд манай хуулийн төсөлтэй танилцаад саналаа ирүүлнэ гэж тохирсон. Бид тэднээс орон нутаг, орчныхоо газар нутгийн даацыг хэрхэн тооцож, яаж тохируулж ашигладаг, дэд бүтцийг хэрхэн шийдвэрлэх зэрэгт санал, зөвлөлгөө авах зорилготой. Жишээлбэл хөрс нь эмзэг, ерөөсөө нэг метр ухаад ус гардаг газар байдаг. Тийм газар нойл байж болохгүй гээд нарийн асуудал зөндөө бий. Хэрвээ тухайн газраас ус шүүрч байвал бид бохирыг газрын гүн уруу оруулахгүйн тулд нөгөө Гималайн нурууны туршлага, дүрмээр явахаас өөр аргагүй. Энэ бүхнээс харахад бид ихээхэн бодлоготой, тэсвэр тэвчээртэй, өндөр ухамсар хариуцлагатай ажиллаж байж байгалиа цэвэршүүлнэ. Бид энэ бүхнийг ажил гэж тоохгүй, энэ бүхнийг “Ажилд садаа болж байна” гэж ойлгоод эхэлбэл харин ч байгальдаа гай болж улмаар устгах болно. Тэгэхээр тусгай хамгаалалттай газрын хог хаягдал, бохирыг шийдвэрлэх том менежмент, улмаар том бизнес яах аргагүй хэрэгтэй боллоо. Энэ бизнесийг Монголд одоогоор яаж зохион байгуулж болохыг сайн мэдэхгүй байна.

Та, дүрэм горимын тухай ярилаа. Тэр дүрэм горимыг чинь манай нөхцөлд хэн гаргах юм. Яам, Засгийн газар эсвэл УИХ уу?

-Бидний шинээр боловсруулж байгаа Аялал жуулчлалын тухай хуулийн төсөлд орон нутаг дүрэм горимоо боловсруулан баталж, мөрдөх боломжийг нээж өгч байгаа. Тухайлбал орон нутгийн аялал жуулчлалын бүсийн дүрэмд ийм ийм зүйлийг заавал тусгана гэсэн заалт бий. Түүний дагуу орон нутаг дүрмээ боловсруулж мөрдөх боломжтой болно. Бас салбарын яамнаас баталсан үлгэрчилсэн загвар горим байна. Түүнийг ашиглаж болно. Шаардлагатай бол нарийн мэргэжлийн хүмүүс зөвлөж тусална. Харин Төрийн тусгай хамгаалалттай нутаг, томоохон хөшөө дурсгалуудын орчин, хүн олноор цугладаг газруудад чиглэсэн горимыг яамдууд заавал гаргана. Бусад газарт орон нутаг өөрсдөө горимоо гаргана гэсэн үг.

Харин энэ чинь одоогийнхоосоо бүр дордож, яам хамаг юмаа гараасаа алдаж, та бүхний хараа хяналт огт байхгүй болох юм биш үү?

-Үгүй. Орон нутгийн дүрэмтэй газар л хамгийн цэгцтэй, хамгийн цэвэрхэн байна. Бас орон нутаг, ард иргэд нь нутаг усаа хамгаалахыг санаачилсан, тэмдэгжүүлсэн тэр газарт орчин нь цэвэрхэн байдаг юм байна. Орон нутгийн иргэд оролцоогүй, орон нутгийн иргэд нь өөрсдөө өрсөлдөгч болчихсон, хүн бүр л нэг нэг гэр байшин бариад ганц ч гэсэн хүн хонуулахыг бодсон, дарга нар нь тэдэнтэйгээ өрсөлдөж ах дүү хамаатандаа гэр байшин барих зөвшөөрөл өгдөг тийм дүрэмгүй замбараагүй газарт хамгийн их хог, бохирдол байна. Тэгэхээр орон нутагтаа тохирсон, иргэд нь санаачилсан дүрэмтэй газар л хамгаалалтад орно гэдэгт би итгэлтэй байгаа.              – Бас нэг зүйлийг тодруулахад Тусгай хамгаалалттай газруудад аж ахуйн нэгж, иргэд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам өгдөг. Харин Аялал жуулчлалын бааз байгуулах зөвшөөрлийг танай яам өгдөг. Гэтэл бас орон нутгийн төр, захиргааны байгууллага зөвшөөрөл олгодог гээд хачин ойлгомжгүй зүйл байх шиг санагддаг. Энэ бүхнийг жаахан цэгцэлж болох уу. Эсвэлбуруу ойлгоод байгаа юм уу?

-Ер нь рашаан сувиллын газрыг, аялал жуулчлалын бааз гэж үздэггүй байсан. Бидний боловсруулж байгаа шинэ хуулийн төслөөр бол хүүхдийн зуслан, рашаан сувилал, аялал жуулчлалын бааз гээд бүгдийг нь адилхан аялал жуулчлалын байгууллагын үйлчилгээ гэж үзэхээр тусгагдсан. Яагаад гэвэл байр сууцны үйлчилгээг дагаж хог хаягдал, бохир усны асуудал гарч ирдэг. Тэр бүхэн чинь байгаль орчинд яг адилхан нөлөө үзүүлдэг. Учир нь рашаанд орж байгаа хүмүүс, зусланд амарч буй хүүхдүүд, амралт сувилалд амрагчид, гадаадын жуулчид тэд цөмөөрөө бие засдаг, хог хаядаг. Тэгвэл тэнд нойлын асуудал, хог хаягдлын асуудал яг адилхан яригдана. Аялал жуулчлалын байр сууцны үйлчилгээ гэдэг бол яам яаманд хуваарилагддаг, яам яам зэрэгцэж уралдаж лиценз өгөөд байх тийм уралдааны талбар биш. Энд энэ яам нь тэр яамнаасаа илүү оролцоотой, давуу эрхтэй гэсэн ойлголт байж болохгүй. Гагцхүү орчны ариун цэврийг яаж сахих, үзэгдэх орчныг хэрхэн хамгаалах, аль бизнест яаж хандвал ашигтай байх вэ гэдгийг орон нутаг мэдэх ёстой. Энд яамдууд оролцож лиценз өгөх шаардлагагүй. Тийм учраас бид шинэ хуульдаа орон нутгийн аялал жуулчлалын орчны бүсийн дүрмийг сумын Иргэдийн хурал баталж, зохих зөвшөөрөл лицензийг аймаг нь өгч байхаар тусгасан. Яагаад гэвэл томоохон хөрөнгө оруулалтын асуудал гарахад аймаг шийдвэрлэхээр, өөрөөр хэлбэл аймгийнхаа газар нутаг дээр сумдын гаргасан дүрмийг нь сахиулах ажлыг аймаг хариуцаж байхаар, байр сууцны үйлчилгээний лицензийг аймаг өгөхөөр хийсэн. Харин лиценз нь байгаль орчинд халтай байвал Байгаль орчин, ногоон хөгжлийн яам цуцалж болно.

 Манай яамны хувьд түүх соёлын дурсгалт газруудад сөрөг нөлөө үзүүлэхээр байвал оролцдог зохицуулдаг байх, өөрөөр хэлбэл хяналт тавих, бодлого тодорхойлох талдаа яамд илүү нөлөөтэй байх талыг бодолцсон. Гэтэл сумдууд орчны бүсийн дүрэм гаргана гээд баахан эрх мэдэл авчихаж байгаа юм шиг харагдаж болно. Тийм биш. Хамгийн гол нь батлах, цуцлах талаар сумынхан иргэддээ нээлттэй байх учиртай. Тийм л дүрмийг батална гэсэн үг. Иргэд нээлттэй ярина. Манайх энд малаа маллана, тэнд тариагаа тарина, эндээ үйлдвэрлэл явуулна гэдэг эрх нь нээлттэй. Харин тэр дүрэм нь байгальд ээлгүй, сөрөг нөлөөтэй, тогтвортой аялал жуулчлалын үйлчилгээ явуулахад тохиромжгүй байвал түүнд манай яам оролцож дүрмийг нь өөрчлөх, сайжруулахаар хамтран ажиллаж байхаар тусгасан нь бий.

Танай яам, Хэрлэнийн Хөдөө арал дахь түүх соёлын дурсгалт газруудыг нарийвчлан судалж, чухамдаа наслаж шүдлэх, дансалж бүртгэх талаар ямар бодлого, төлөвлөгөөтэй байна. Тийм боломж, үүрэг, шаардлага бий юу?

-Яг тэр чиглэлээр бид ажиллаж амжаагүй байна. Боломж гаргана. Бид ЮНЕСКО-гийн шугамаар бүртгэл хийж эхэлбэл тэр бүхнийг хүссэн хүсээгүй хийх үүрэгтэй. Юуны өмнө орчны төлөвлөлт хийлгэхийг хүссэн газруудад мэргэжлийн хүмүүсийг явуулж туслуулах зорилгоор төсөв хөрөнгө хөөцөлдөж байна. Орон нутгийн зүгээс тухайлбал Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумынхан “Бид Хэрлэний Хөдөө аралд орчны аялал жуулчлалын бүсийн дүрэм хийе. Бид тэр хавийг нэг цэгцэлж авъя. Боловсруулсан дүрмээ зохих шатны хурлуудаараа хэлэлцэе. Энэ талаар танай яамтай хамтарч ажиллая” гэвэл бид туслахад бэлэн. Тийм байгууллагуудад тус нэмэр болохуйц төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр хөрөнгө мөнгө хайж байна. Бас мэргэжлийн хот төлөвлөгч, орчин төлөвлөгч нарт хандаж байгаа.

Би, гурван яам хамтраад “Аварга тосон”-гийн рашаан сувилал, Аваргын усан рашаан, Ауруг хотын туурь, Хэрлэн тооно уул, Долоон болдог, Хэрлэн Баян-Улаан уул тэдгээрт багтдаг түүх, соёлын дурсгалт газруудыг хамруулан рашаан сувилал, аялал жуулчлалын “Хэрлэний хөдөө арал” цогцолборыг байгуулах төсөл боловсруулан хэрэгжүүлэх боломж байгаа юм биш үү гэдэг асуудлыг хөндсөн. Тийм боломжбий юу. Та юу гэж үзэж байна вэ?

-Бид тийм цогцолбор байгуулахаар бол орон нутгийн санал санаачилга, тэдний хяналтад тулгуурлана гэсэн бодлого баримталж байна. Одоогоор яам шууд очоод зураг төслийг нь хийгээд цогцолбор байгуулчихна гэх зүйл алга. Манай яам эхний ээлжинд Хэнтий аймгийн Өндөрхааны хажууханд байгаа Чингис хааны цогцолборт анхаарал тавьж, ажилд нь шууд оролцож байна. Чингис хааны цогцолборын зураг төслийн уралдаан зарлах ажлыг бид зохион байгуулсан. Одоо зураг төсөл хийх гэрээ хэлэлцээр эхлээд явж байна. Зураг төсөл гарсны дараа бүтээн байгуулалтыг эхлүүлэх хөрөнгө мөнгө босгоход манай яам оролцоно. Энд дэс дарааллын хувьд Чингис хааны цогцолбор эхний ээлжинд ороод байгаа. Бусад газар, бүс нутгийг мөн ялгаагүй анхаарч ажиллана гэдгээ энд онцлон хэлье.

 Та, улс төрийн зүтгэлтэн хүний хувьд, Монгол Улсын соёл түүх, аялал жуулчлалын том салбаруудыг хамарсан яамыг толгойлж яваа хүний хувьд Монголын өнөөгийн төрийн тогтолцоо, засаглал хуваарилалт, яам агентлагуудын бүтэц зохион байгуулалт, тэдгээрийн ажлын уялдаа холбооны талаар ямар санал бодолтой явдаг бол…  Зохион байгуулж, хийж байгаа ажилд тань хэрхэн нөлөөлж байх шиг байна вэ?

-Бид Улсын Их Хурлын баталж өгсөн хуулийн дагуу, тэр хүрээнд л ажлаа явуулж, үүргээ биелүүлж байгаа. Эргэж хармаар, бодмоор зүйл цөөнгүй байх шиг санагддаг. Юуны өмнө яамдууд маш их ачаалалтай ажилладаг. Гэтэл дэндүү цөөхөн орон тоо баталж өгдөг. Нэг хүнд ноогдох үүрэг ачааллын хэмжээ маш их байдгаас шалтгаалж байнгын хүлээлт үүсдэг. Жишээ нь мэргэжилтнүүдээ орой болтол сууж, өдөр шөнөгүй ажиллаж байгааг хараад сэтгэл эмзэглэдэг. Яагаад гэвэл тэр хүмүүс чинь ар гэртэй, үр хүүхэдтэй. Бас өөрсдөө ханиад хүрчихсэн байх тохиолдол бий. Тэд эмчид үзүүлэх, эмнэлэгт хэвтэх эрхтэй хүмүүс гэдэг талаас нь харж сэтгэл зовж, өрөвдөх явдал цөөнгүй гардаг. Манай яамдууд цөөхөн хүний хүчээр их ажил хийх тогтолцоотой. Тэгээд л хүмүүс ачаалал дороосоо өндийж чаддаггүй.

Өөрийгөө боловсруулах, олны дунд ажиллах, хүмүүсийн бодол сэтгэгдлийг сонсож ярилцах цаг байдаггүй. Ажлаа уялдуулан зохицуулах ямар ч боломжгүй нөхцөлд ажилладаг. Үүнээс шалтгаалан ажилдаа алдаа дутагдал гаргах нь ч бий. Манай яаманд л лав хүн илүүдээд, зарим нь зүгээр суудаг газар, хэлтэс байхгүй. Манайд хүн хүч хүрэлцдэггүй. Тэр нь яван явсаар ажилд нөлөөлдөг зовлон байдгийг нуугаад яахав.

– Ингэхэд өөрөө аль нутгийн хүн бэ. Хөдөөгийн ажил амьдрал, аж төрөх хэв маягийг хэр мэдэхэв. Дөчийн битон гэхчилэн их танил үг хэрэглэж яриад байх чинь?

-Би Хөвсгөл аймгийн Тариалан сумынх. Таны хэлдгээр жинхэнэ хөдөөний хүн. Хөдөөгийн чухамдаа малчдын ажил амьдралыг жаахан мэднэ. Би хорь гартлаа хөдөө амьдарч, мал маллаж, хар үүрээр босч үхрээ саадаг, хот хороогоо цэвэрлэдэг, идээ цагаагаа боловсруулдаг байлаа.

эх сурвалж: шударга .мн С.Зэвсэг

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …