Улаанбаатар хотод таван өдрийн туршид “Хятад орныг танин мэдэх нь” сэдвийн хүрээнд Өвөр Монголын соёл, аялал жуулчлалын өдрүүд зохион байгуулагдана. Соёлын өдрүүдийн зорилго, ач холбогдлын талаар арга хэмжээг зохион байгуулагчид болон зочид төлөөлөгчид өөрсдийн байр суурийг илэрхийлсэн юм.
ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юньшян: Хятад улсаа Монголчуудад таниулах нь энэ үйл ажиллагааны эрхэм зорилго
Хятад Монголын аялал жуулчлалын өдрүүдийн үйл ажиллагааг БНХАУ-ын төрийн явдлын хороо, ӨМӨЗО-ны намын хороо, Засгийн ордон, Хятад улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамнаас хамтран зохион байгуулж байна. Хятад улсаа Монголын ард түмэнд танилцуулах, сурталчилах зорилготойгоор манай үйл ажиллагаа сайхан эхэллээ. Соёл, аялал жуулчлалын өдрүүдэд Монгол улсын Засгийн газар, салбар яамдын дэмжлэгтэйгээр арга хэмжээнүүд өндөр зохион байгуулалттай, сайхан болно гэдэгт итгэж байна. Энэхүү үйл ажиллагааг дэмжиж оролцож байгаа Монголчууд, хэвлэл мэдээллийн байгууллагынханд талархаж байгаагаа илэрхийлье. Манай Хятад орон ӨМӨЗО-нд айлчилж найрсаг, сайн хөршийн харилцаагаа улам батжуулахыг хүсч, урьж байна. Сайн сайхан мэдээллийг хамтдаа түгээцгээе.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Соёлын өдрүүдэд оролцохоор ӨМӨЗО-ны удирдлагын түвшний томоохон бүрэлдэхүүн хүрэлцэн иржээ
Монгол, Хятад хоёр улсын хооронд найрамдалт харилцаа тогтоосны 70 жилийн ой ирэх жил болно. Энэ ойг угтсан маш сайхан арга хэмжээ болж байна. ӨМӨЗО-ны төлөөлөгчид “Соёл, аялал жуулчлалын өдрүүд” арга хэмжээгээ Улаанбаатар хотод амжилттай эхлүүллээ гэж хувьдаа бодож байна. 300 гаруй зочид төлөөлөгчид ирсэн байна. ӨМӨЗО-ны удирдлагын түвшний томоохон бүрэлдэхүүнүүд ирсэн нь энэхүү арга хэмжээний үнэ цэнэ, ач холбогдлыг илэрхийлж байгаа юм. Тиймээс бидний хувьд анхааралтай ажиллаж, дараа дараагийн арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч ажиллах хэрэгтэй.
Кино өдрүүд, эрдэм шинжилгээний хурал, хоёр орны хамтарсан уран бүтээлчдийн тоглолт зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөгдсөн байна. Мөн хүнсний чиглэлээр үйлдвэрлэл хийж байгаа үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн, яармаг нээгдэнэ. Энэ бүгдэд манай нийслэлчүүд, Монголчууд өргөнөөр оролцож, хөрш орны соёл, уламжлалтай танилцана гэж итгэж байна. Хамгийн гол нь соёлын биет бус өвийн үзэсгэлэн зохион байгуулагдахаар байгаа. Энэ үзэсгэлэн анхаарлыг ихэд татаж байгааг онцолж хэлмээр байна. Манай хоёр улсын дунд ижил төстэй зүйлүүд байгаа гэдгийг кино өдрүүд болон биет бус өвийн үзэсгэлэнгээр тодорхой харагдахаар байгаа. Үүний дараа Хөх хотод Улаанбаатар хотын соёлын өдрүүд зохион байгуулагдахаар төлөвлөсөн.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин: Хоёр улсын хоорондын хамтын үйл ажиллагааг улам илүү батжуулах хүсэлтэй байна
Манай хоёр улс бол найрсаг сайн хөрш, сайн түнш. Бид энэ удаагийн соёл, аялал жуулчлалын өдрүүдэд Өвөр Монголын шилдгүүд дундаас шилдгийг нь сонгож, Монголын ард түмэнд танилцуулахаар авч ирсэн. Соёлын арга хэмжээг илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулж, хоёр улсын хоорондын хамтын үйл ажиллагааг улам илүү батжуулах зорилготой байна.
ӨМӨЗО-оос соёлын өдрүүдийн арга хэмжээнд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Манай гадаад хэргийн сайд Ван И нь Монгол улсад айлчлахдаа хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Энэхүү санамж бичиг нь ирэх жил хоёр орны найрамдалт харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан зохион байгуулах арга хэмжээнүүдэд чиглэсэн.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр: Хоёр орны хамтын ажиллагаанд хэвлэл мэдээллийн салбарынхан томоохон байр суурь эзэлдэг
Энэ жилийн соёлын арга хэмжээ өмнөх жилүүдээс илүү онцлогтой. Хятад, Монголын хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудын есдүгээр форум энэ сарын 6-7-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл энэхүү форумд өндөр ач холбогдол өгч ажиллаж байгаа. Хоёр улсын хоорондын хамтын ажиллагаанд хэвлэл мэдээллийн салбарынхан томоохон байр суурь эзэлдэг.
Өнгөрсөн жилүүдэд найрсаг сайхан анд нөхөрлөлийг тогтоосон нь хоорондоо танилцах өнөөдрийн энэ боломжийг бидэнд өгсөн байна. Бид дараагийн 10 жилд хамтарсан контент бүтээх, илүү их туршлага солилцох, контент солилцох гэх мэтчилэнгээр хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд бодитой үр дүнд хүрсэн, дараагийн том шатанд гарна гэж итгэж. Мөн хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагаагаа дэмжих, ялангуяа хүмүүнлэгийн, эдийн засгийн, соёлын хамтын ажиллагааг хэвлэл мэдээллийн салбараараа дамжуулж дэмжих боломжтой гэж харж байгаа.