Ерөнхий сайдын танилцуулсан МУ-ын 2013 оны эхний 8 сарын байдлаарх макро эдийн засгийн үзүүлэлт

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 48 дугаар зүйлд зааснаар сар бүрийн сондгой долоо хоногийн баасан гарагт Ерөнхий сайд улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал болон цаг үеийн анхаарал татсан асуудлаар чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийх боломжтой байдаг. Энэ дагуу Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг Монгол Улсын 2013 оны эхний 8 сарын байдлаарх макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл өглөө.

Манай улсын эдийн засаг энэ оны I улиралд 7.1 хувийн өсөлттэй байсан бол II улиралд хурд нь эрчимжиж, эхний хагас жилийн дүнгээр 11.3 хувьд хүрчээ. Оюутолгойн баяжуулах үйлдвэр 6 дугаар сард ашиглалтад орж, зэсийн баяжмалаа 7 дугаар сараас экспортолсон, “Чингис бонд”, Хөгжлийн банкны хөрөнгөөр авто зам, дэд бүтцийн байгууламжууд барьж эхэлсэн, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөр бодит салбарыг дэмжсэн нь эдийн засгийн өсөлтийн хурдад нөлөөлсөн гэж Ерөнхий сайд хэллээ.

Инфляцийн өсөлтөд гол нөлөө үзүүлдэг шатахуун, мах, гурил зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийг дэмжихээр Засгийн газраас 4 дэд хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд 2012 оны эцэст 14.2 хувь байсан инфляци 6.7 хувь болж буурчээ. Экспорт эхний 8 сард өмнөх оноос 6 хувь буурч, 2.7 тэрбум ам.доллар байлаа. Нүүрсний экспорт 21 хувиар буурсны дээр нүүрсний үнэ 30 хувиар хямдарсан нь үүнд нөлөөлсөн гэлээ.

Валютын ханш 2013 оны дунд хүртэл тогтвортой байсан ч сүүлийн сард өсөөд байна. Энэ нь гадаад валют орж ирэх урсгал саарсан, дэлхийн зах зээлд ам.долларын ханш чангарсантай холбоотой байсан. Харин ажилгүйдлийн түвшин өнгөрсөн оны мөн үеэс 1,1 хувь буурч, 7.3 хувь боллоо. Барилга, бүтээн байгуулалтын ажил эрчимжсэнээр 77 мянган хүн ажилтай болж, үүнийг дагаад гадаадаас авах ажиллах хүчний тоо эрс буурсан гэж танилцууллаа.

Ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл хэвийн явагдаж байна. Ургац хураалтад цэргийн 800 албан хаагч, 300 гаруй оюутан гэрээгээр ажиллуулсан, борлуулалтад шинэ зохицуулалтууд хийснийг Ерөнхий сайд онцоллоо. Нийслэлд 28 цэгт түр төв байгуулан хүнсний ногооны борлуулалт хийж, үүний зэрэгцээ Дүнжингарав худалдааны төвд 760 гаруй ногоочин худалдаа хийж байна.

Авто зам, төмөр зам, барилга, хот байгуулалтын салбарын ажлууд төлөвлөсний дагуу үргэлжилж байна. Нийслэлд шинэ төлөвлөлт хийх, орон нутагт аймгийн төвүүдийг хот болгох хөгжлийн төлөвлөгөөнүүд гаргаж байна. Хилийн боомтуудыг шинэчлэх, эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд барих, одоо байгаа станцуудын хүчин чадлыг нэмэх ажлуудын үр дүн эхнээсээ гарсан гэсэн ерөнхий мэдээллүүд өгөөд, УИХ-ын гишүүдэд бичгээр тарааж өгсөн материалд дэлгэрэнгүй тооцоо, ажлын явцын талаар тайлагнасныг Ерөнхий сайд дурьдлаа. Мэдээллийнхээ төгсгөлд Ерөнхий сайдын Япон улсад 9 дүгээр сарын 11-14-нд хийсэн албан ёсны айлчлалын гол үр дүн болон энэ сарын 21-26-ны өдрүүдэд БНХАУ-д хийх айлчлалын төлөвлөгөөг танилцууллаа.

Ерөнхий сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, дэлгэрэнгүй хариулт авлаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …