Д.Баярхүү:Монголчууд бид хичээж, хэрсүүжиж, гэгээрч байж л дэлхийн шинэ орчинд улс гэрээ авч явна

– Дэлхий ертөнц хурдацтайгаар хөгжиж буй энэ үед геополитикийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

-Даян дэлхий их өөрчлөлт, их хурдны үедээ байна. Технологи хурдацтай хөгжиж байна. Гадаад орчны хувьсал ч гэрлийн хурдаар явж байна. Дэлхийн шинэ дэг гэж юу байх, ямар байх нь тодорхойгүй, хэлж мэдэхгүй, тааж тааварлашгүй их ажил үйлстэй алхам тутам тулгарах болж байна. Глобал ба бүс нутгийн геополитик хурдтай хувьсаж байна. Монголын хувьд гэрэлт ирээдүй гэхээсээ бүдэг бүрхэг ирээдүй угтахгүй гэх баталгаа алга. Монголчууд бид өөрсдөө хичээж, хэрсүүжиж, гэгээрч, боловсорч байж л дэлхийн шинэ орчинд улс гэрээ авч явах болно. Манай орон руу шууд халдаад, түрэмгийлээд орж ирэх дайсан хаа очиж алга. Хоёр хөрш маань тогтвортой, нэгдмэл, тулхтай байж гэмээнэ манай аюулгүй байдал хангагдах учиртай. Харин үндэсний аюулгүй байдлын дотоодын элемент бүрдэлүүд, тухайлбал эдийн засгийн аюулгүй байдал, байгаль орчин, хүний аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал гээд яривал бид өөрсдөө сүйтгэж буй жишээ сургамж зөндөө байна.

-Манай хоёр хөршийн хоорондын харилцаа нь ямар байгаа вэ. Ер нь ОХУ, БНХАУ-ын харилцаа ямар байвал манай улсад ашигтай юм бэ?

-Хөрш хоёр улсын харилцааны өнгө төрх, түвшин, уур амьсгал манай улсын хөгжил дэвшил, бүр томруулбал хувь заяанд чухал үүрэг нөлөөтэй. Энэ хоёр улс зөрчилдөж, сүүлдээ харилцаа нь бүр муудаж, хил дээрээ дайтах дээрээ тулсан үед бид нэг талд нь бат зогсож, хэр чинээндээ зэвсэглэж цэрэгжиж, тэр хэрээрээ Монгол-Зөвлөлтийн харилцаа өргөжин тэлж, Монгол маань социалист хамтын нөхөрлөлийн дорнод цайз бэхлэлт гэсэн алдрыг хүртэж явсан түүх хуучраагүй. Хоёр улсын зөрчил дунд бид зөв байраа эзлэн хөгжлийнхөө гарц түлхүүрийг зөв олж ашигласан тэр түүхэн цаг үе алсран одсон. Тэр үе эргэж ирэхгүй нь мэдээж. Гэлээ гээд бид энэ хоёр улсын өвөр хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийг анхаарлынхаа гадна орхиж болохгүй болов уу. Хоёр хөрш маань эвтэй найртай байж, бүх салбарт хамтран ажиллаж, хамтын ажиллагааных нь хаялга бидэнд хүртэж, бид бас өөрийн бодлого байр сууриа өмнөөс нь идэвхтэй гаргаж тавих нь зөв. Хөтлөгдөх бус хамтран ажиллаж, хамтдаа ашгаа хүртэж байж манай улсын хөгжил дэвшилд нэмэх оноо цугларах учиртай. Угтуулж ухаалаг ажиллах, итгэлийг нь хүлээх, даах тухайд бид өөрсдөө санаачилгатай ажиллахгүй бол оройтлоо.

 

-АНУ, БНХАУ-ын худалдааны дайн цаашид яаж үргэлжлэхээр байна вэ. Гар барилцаж чадах болов уу?

-Хятад-АНУ хоёр худалдааны дайн хийж байна. Гэхдээ байлдагч хоёр талын алиныг дагаж, хэний төлөө дуугарах вэ гэдэг тулгамдсан чухал асуудал биш. Худалдаа, эдийн засгийн харилцаа, иргэд хоорондын харилцаа гээд яривал Хятадын талд Америкийг буруутгуулах гэсэн хүсэл хаа нэгтээ байж болно. Гэтэл гуравдагч хөршөөрөө АНУ-ыг нэрлэчихсэн бид хариулт өгөхөөс булзаж, бултаж байгаа.

Бид төвийг сахиж хандахгүй бол өөр гарц байхгүй. Гэхдээ дүлий дүмбэ оргиод суугаад бай гэсэн үг биш. Байр сууриа илтгэх хэрэгтэй. Оросоос жишээ сургамж авах хэрэгтэй. АНУ-аас хөдөө аж ахуйн арвин их бүтээгдэхүүн импортолдог Хятадын хэрэгцээг Орос өлхөн хангана хэмээн үзээд эрдэнэшиш, тутарга, буурцаг, арвайн эрүүл ахуйн хэлэлцээр байгууллаа. Орос энэ чиглэлээр экспортоо эрс нэмнэ. Алс Дорноддоо ихээхэн тариална. Үр тариа Хятад руу экспортлох экспортлогч бүс нутгийн жагсаалтыг огцом тэлнэ. Оросоос мах Хятад руу урсаж өгнө. Оросын бүс нутаг, муж хязгаарууд ид язганаж байна. Монголчууд бид дүлий дүмбэ оргиод суугаад байх уу. Хөдөө аж ахуй, газар тариалангаа сэргээж байгаа юм бол Хятадын энэ их сул хэрэгцээг хангахад Монголын хувь оролцоо байх ёстой гэдгийг эрх баригчид ба хөдөө аж ахуйн бизнесчдэд ухааруулах, уриалан дуудах ёстой мэт. Элдэв юм энд тэндээс олж ирээд хэдэн биендээ зардаг худалдааны болхи арчаагүй аргаа өөрчлөөд, мах махан бүтээгдэхүүнээрээ бялхсан, 70 сая толгой малтай манай улс Хятад руу мах гаргадаг бол одоо л яг цаг нь ирлээ шүү дээ.

-Монгол-Хятадын худалдаа бүр огцом тэлэх ёстой гэж та хэлээд байна аа даа?

-Яг тийм. Хятадын Худалдааны сайдын туслах Рэнь Хунбинь ярьсан байна лээ. 2020 он гэхэд Хятад-Монголын худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэхээр хичээн ажиллана гэж. Тэр 10 тэрбум нь манай түүхий нүүрс, Хятадын бараа хувцас, хүнс 100 хувь бүү байгаасай, АНУ-аас үзүүлдэг тэр дарамтыг нь нөхөх өчүүхэн ч гэсэн өөр нэр төрлийн бүтээгдэхүүн манайхаас очоосой гэсэндээ би тэгж ярьж байна. Хоёр орны харилцаа бүрэн сайжирснаас хойших 30 орчим жилд Хятад Монголын хамгийн том худалдааны түнш болж чадсан, 2018 онд Монгол-Хятадын худалдааны хэмжээ найман тэрбум ам.долларт хүрч, 2017 оныхоос 24.7 хувиар нэмэгдсэн, 2019 оны эхний дөрвөн сард хоёр талын худалдааны хэмжээ 2.56 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оныхоо мөн үеийнхээс 14.5 хувиар өссөн хэмээн Рэнь Хунбинь ярьсныг хятадын төвийн хэвлэлд бичсэн байсан даа. Би тэрийг л ярьж байна. Одоо Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалт, Монгол-Хятадын чөлөөт худалдааны бүсийн нэгдсэн судалгааны ажил ахицтай явж байна гээд ярьвал их зүйл байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …