“Тавантолгой Төмөр Зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалтай ярилцлаа.
-Нүүрсний экспортыг нэмж, тээврийн өртөг зардлыг эрс бууруулах стратегийн ач холбогдол бүхий Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ажил ид өрнөж байна. Төмөр замын ажил одоогоор хэдэн хувьтай явж байна вэ?
-Юуны өмнө Монгол Улсад төмөр замын салбар үүсч хөгжсөний 82 жилийн ойн мэндийг нийт төмөр замчид, тэдний ар гэр болон энэ салбарт ажилладаг бүхий л хүмүүст хүргэе.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрээр 240 орчим км үргэлжилж, хоёр өртөө, зургаан зөрлөгтэй баригдах юм. Энэхүү төмөр зам нь нэгдүгээр зэрэглэлийн UIC- 60 зам төмөр бүхий уулзваргүй, нэг голын даац 25 тонн, 16 гүүр, 126 хоолой, найман малын гарцтайгаар баригдана. Өнөөдрийн байдлаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд 300 гаруй инженер техникийн ажилтан, 1470 гаруй ажилтан, 513 машин механизм ажиллаж байна.
Одоогоор төслийн хэмжээнд газар шорооны ажил 95 хувьтай, эвдрэл гэмтэл засварлах ажил 96 хувьтай, дугуй хоолойн ажил 92 хувьтай, дөрвөлжин хоолойн ажил 92 хувьтай, мал амьтны гарц 85 хувьтай, гүүрийн ажил 56 хувьтай нийтдээ доод бүтцийн ажил 85 хувьтай, дээд бүтцийн ажил 19 хувь буюу 50 км төмөр замын үеийг угсраад байна. Бүтээн байгуулалтын ажил 2022 оны долдугаар сард дуусч, туршилтын тээвэр явж эхлүүлэхээр тооцоолж байна.
-Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам уулзваргүй баригдахаар болж байгаа гэлээ. Тэгэхээр манай улсын хувьд төмөр замын арчилгаа шинээр яригдах нь ээ?
-Тэгнэ. Цоо шинэ арчилгааны тухай яригдана.Улаанбаатар төмөр замд уулзваргүй 50 орчим км замын арчилгаа хийж байснаас нэг маршрутын ийм урт замд арчилгаа хийж байсан түүх байхгүй. Ер нь боловсон хүчний асуудал үүсч байгаа. Бэлтгэгдсэн боловсон хүчин УБТЗ-д байна. Боловсон хүчний сэлгэлт хэрэгтэй. Бид ямартаа ч энэ асуудлаар ШУТИС-тай хамтарч, хоёр мэргэжлийн анги энэ жилээс нээсэн. Түүнчлэн мэргэжлийн ажилчдыг Цогтцэций сумтай хамтран МСҮТ-өөр дамжуулж бэлдэхээр ажиллаж байна. Бид одоо боловсон хүчин бүрдүүлэх том ажил руугаа ханцуй шамлан орсон.
-Төмөр зам ашиглалтад орсноор өмнийн бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Улсын төсөвт ч төвлөрүүлэх орлого нэмэгдэх болов уу. Нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөөг дурдахгүй юу?
-Төмөр зам ашиглалтад орсноор нүүрсний экспортыг дэмжиж, Австрали, ОХУ-ын нүүрстэй өрсөлдөх суурь боломж бүрдэнэ. Түүнчлэн малын бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс болон агаарын бохирдлын асуудал үлэмж хэмжээгээр багасна. Авто тээврийн осол, зөрчил буурч, иргэдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлээс урьдчилан сэргийлэн, хөдөлгөөний аюулгүй байдал бүрэн хангагдана. Төмөр замын боомтоор дангаараа жилд 30-51.6 сая тонн хүртэлх хэмжээний нүүрс экспортлох боломжтой. Ингэснээр Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой болно. Тогтмол ажлын байр 2000 орчим шинээр бий болно. Монгол Улсын нутаг дэвсгэр доторх нүүрс тээврийн зардал тонн тутамд найман ам.доллар болсноор өнөөгийн авто замаар хил хүртэлх тээвэрлэж буй зардал болох 32 ам.доллар дөрвөн дахин буурна. Мөн Таван толгой-Зүүнбаян, Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор улсын эдийн засгийг хоёр дахин тэлнэ гэж үзэж байгаа.
-Ашгаа хэзээ өгч эхлэх бол?
-Хөрөнгө оруулалтын хугарлын цэг 7.6 жил, нөхөх хугацаа 12 жил байгаа, Улсад жилд 20-28 сая ам.долларын татвар төлөхөөс гадна, 25 жилийн хугацаанд тэрбум гаруй ам.долларын цэвэр ашгийг Засгийн газарт төвлөрүүлэн Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд бодитойгоор дэмжлэг үзүүлнэ.
-Таван толгой-Гашуунсухайт чиглэлд нарийн царигтай төмөр зам барихаар тусгасан УИХ-ын тогтоолыг хүчингүй болгож, “Нэг улс, нэг цариг” бодлого хэрэгжихээр болсон. Өргөн, нарийн цариг маргаан дагуулсан сэдэв байсаар өдийг хүрлээ. Таны хувьд царигийн талаар ямар бодолтой байдаг вэ?
-Европ хоорондын жижиг улсууд ч дотроо өөр өөр царигтай байдаг юм билээ. Хятадын цариг буюу 1435 мм цариг бол стандарт цариг үүнээс өргөн нарийн байдагтай холбоотой өргөн нарийн царигийн тухай яриа байдаг. Улс бүр өөрийн гэсэн төмөр замын стандарттай байдаг. Монголын төмөр замын түүхийг сөхөөд үзвэл анхны УБ-Налайхын уурхайн замыг нарийн царигаар тавьсан ч гол замаа 1520 өргөн царигаар тавьсан байдаг. Ер нь эдийн засгийн ойлголтоороо дотооддоо өгөх өгөөжийн тухай л ойлголт. Яваандаа цариг маргаан дагуулахаа больж байна. Вагон нь илүү ухаалаг болоод аль ч цариг руу шилжиж ордог. Арчилгааны хувьд хүнд. Гэхдээ хурд шаардахгүй, уурхайн ачилтын тойрог зэрэг үл зогсох горимоор явдаг замуудад өргөн, нарийн царигийг хоёуланг нь тавьдаг тохиолдол бий. Авто замын хувьд сайнаасаа мууддаг бол төмөр зам арчилгаа шаарддаг учраас жил ирэх тусам улам сайжирдаг. Төмөр замыг 10 жил арчилж байж их аятайхан зам болдог.
-Шилжүүлэн ачилтын ямар хувилбарыг тооцож байна?
-Монголын нүүрс хилээр гараад Баян нуур дээр шууд буудаг. Шилжүүлэн ачих шаардлага гарахгүй.
-Төрийн гурван өндөрлөгөөс эхлээд сайд, дарга нар бүгд шинэ төмөр замын төсөлтэй газар дээр нь очиж, танилцаж байна. Улс төрийн хувьд нэлээд дэмжлэгтэй явж байгаа төсөл гэж харж байгаа?
-Улс төрийн гэхээсээ илүүтэй дэд бүтцийн бүтээн байгуулалтыг ойлгож дэмждэг улстөрчдийн дэмжлэг хэрэгтэй. Бид бүтээн байгуулалтаа зогсоож, муу үр дагаврыг улс үндэстнээрээ үзлээ. Одоо цаг өөр болж байна. Төр сайн менежмэнт хийж байгаа нэг жишээ.
-Цар тахлын үед хэрэгжиж буй томоохон төсөл. Өнгөрөгч гуравдугаар сард эхэлсэн ажил гэхэд нэлээд урагштай явж байна. Өөрсдөө бүтээн байгуулалтын ажлаа энэ хэмжээнд авч яваа нь сайшаалтай хэрэг байх, тийм үү?
-Тэгэлгүй яахав. Бид ямартаа ч гадныхны гар харахаа больчихлоо. Төмөр замын гүүр өөрсдөө барьж сурлаа. Төмөр замын гүүрийг монголчууд хэнээс ч гуйхгүйгээр барьдаг боллоо. Дэлхий дахинд үүсээд байгаа цар тахлаас шалтгаалсан зүйл бий хэдий ч төмөр замын хоёр төсөл маш амжилттай хэрэгжээд явж байна.
-Манай улсад хэрэгжиж буй Оюу толгой, Газрын тосны үйлдвэр гэх хоёр томоохон төслийн дараа шинэ төмөр замын төсөл зүй ёсоор орох байх. Энэ төсөл хэдий хэмжээний өртөг зардлаар босч ирэхээр тооцоолсон бэ?
-Төслийн нийт өртөг тэрбум гаруй ам.доллар болох тооцоо бий.
-Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын захиалагчаар Тавантолгой Төмөр зам, ерөнхий гүйцэтгэгчээр Бодь интернэшнл ажиллаж байгаа. Бодь интернэшнлийг хэрхэн сонгон шалгаруулж авсан бэ?
-Сонгон шалгаруулалт гэхээсээ илүүтэй төр хувийн хэвшлийн түншлэл энэ төслийг хөдөлгөж байна. Захиалагч чанарын хяналтаа тавьж, хувийн хэвшил гүйцэтгэх хэлбэр. Ямар үр дүн авчирч байгааг бид харж л байна. Засгийн газраас газрын баялгийг урьдчилан борлуулж хөрөнгө оруулалтыг босгох үүргийг манай компанид өгсөн байдаг. Энэ нь газрын баялаг шууд утгаараа дэд бүтцийн бүтээн байгуулалтад орж өөртөө тээвэрлэлтийн нэмүү өртөг шингээж уг баялгаас хүртэх өгөөжийг дээшлүүлж байна гэсэн үг. Үнэндээ ийм хэмжээний төслийг хөдөлгөхөд урьд нь яагаад гадныхныг хараад байдаг байсан гэхээр төрд хөрөнгө босгох, зарцуулалт, гадаад дотоод худалдан авалт гээд санхүүгийн нарийн зохион байгуулалт бүхий тогтолцоо, цаашлаад мэргэжлийн түвшний гүйцэтгэл хийх мэргэжлийн баг дутаж байсан. Энэ бүгдийг бид Бодь групптэй хамтран хэрэгжүүлж байна. Монголчууд дэлхийд томд тооцогдох төслийн төлөвлөлт, гүйцэтгэл, хяналтыг хийж чадсан гэж үздэг.
-Танай компани цаашдаа ямар төслүүд дээр ажиллахаар төлөвлөж байна вэ?
-Бид барьсан төмөр зам дээрээ тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэхээс гадна бусад бодлогын төмөр замын төслүүд дээр ажиллана. Төмөр замын нэг, хоёр, гуравдугаар үе шатанд баригдах 5000 орчим км төмөр зам бий. Үүний Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км замд бие дааж орон ажиллаж байгаа бол Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын 416 км замд хяналт тавьж ажиллаж байна. Цаашдаа төмөр замын бодлогын дагуу аль үе шатанд төмөр замыг яаралтай барих шаардлага байна, тэнд нь бид ажиллана. Бид чинь төрийн байгууллага. Төмөр замын инженерийн анхны компани болчихож байгаа юм. Төмөр замын төслүүд дээр ийм хэмжээний инженерийн компани бий болчихсон байхад гадны зөвлөгөө заавал шаардлагагүй. Бид үргэлж гадныхнаар заалгаж ирлээ. Одоо харин сурч мэдсэн зүйлээ өөрсдөө хийж бүтээхийг зорьж байна.