М.Эрдэнэжаргал: Залуучуудын байгууллага олон улсын жишигт хүрэхээр зорьж байна

Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчийн зөвлөх, “Залуучуудын хөгжлийн хүрээлэн”-гийн захирал М.Эрдэнэжаргалтай цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу. Танд шинэ өглөөний мэнд хүргэе. “Өглөөний зочин” ярилцлагын урилгыг хүлээн авсанд баярлалаа.

-Сайн сайн байна уу. Баярлалаа.

-100 жилийн түүхтэй залуучуудын ууган байгууллагын үүдээр орж ирэхэд залуучууд бужигнасан, ажил өрнөсөн сайхан байна. Монголын Залуучуудын холбоо шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхлээд байгаа. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Тийм ээ Монголын Залуучуудын Холбооны ээлжит бус 6-р их хурал хуралдаж шинэ удирдлагууд сонгогдон ажилдаа орцгоогоод байна. Энэ жил Монголын Залуучуудын Холбооны түүхт 100 жилийн ой болох гэж байгаатай холбоотой бэлтгэл ажлууд ихтэй байгаа. Мөн шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй болсноос хойш бүтэц, зохион байгуулалтын тодорхой өөрчлөлтүүд хийгдэж шинээр салбар нэгж бий болсон. Үүний нэг нь Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөгжлийн хүрээлэнг байгуулагдан миний бие захирлаар нь ажиллаж эхлээд удаагүй байна.

-Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын хөгжлийн хүрээлэн байгуулах шаардлага, эрэлт хэрэгцээ нь юу байв?

-Монголын Залуучуудын Холбоо нь үйл ажиллагаа, бодлого стратегийн хувьд шинэчлэлт хийж байгаатай холбогдуулан бодит үр дүнд хурдацтай хүрэхийн тулд судалгаа шинжилгээний баг бүрдүүлэх хэрэгтэй болсон. Олон улсын жишигт ч гэсэн залуучуудын байгууллага нь дэргэдээ тинк танк, хөгжлийн хүрээлэнтэй байдаг.

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн Нэгдүгээр бүлгийн тавдугаар зүйлд “залуучуудын хөгжлийн талаар төрийн бодлого, шийдвэр боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд залуучуудын иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн оролцоог хангах” гэж зааж өгсөн байдаг.

Залуучуудыг хөгжүүлэхэд Монголын Залуучуудын холбоо чухал үүрэг, оролцоотой байх ёстой, хийж хэрэгжүүлж байгаа ажил нь шинжлэх ухаанч, бодит үр дүн үзүүлэхүйц байх шаардлагатай учир дэргэдээ Залуучуудын хөгжлийн хүрээлэнг байгуулсан.

-МЗХ олон улсын залуучуудын байгууллагын жишгээр ажиллаж эхэлсэн гэж ойлгож болох уу?

-Монголын Залуучуудын холбоо үе, үедээ сургалт судалгааны үйл ажиллагааг дэмжсээр ирсэн. Өмнө нь холбооны дэргэд залуучуудын сургалт судалгааны Полиси төв гэж байсан. Мэдээлэл, технологийн асар хурдтай хөгжлөөс шалтгаалан цаг үе ч өөр болж байна. Олон улсын туршлага, бусад улс орнуудын жишгээр залуучуудын байгууллага нь судалгаа шинжилгээний үндсэн дээр хөгждөг, залуучуудыгаа хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь олон улсын жишигт нийцэх эхний алхам гэж ойлгож болно.

-Залуучуудын хөгжлийн хүрээлэн гэхээр шинэ сонсогдож байна?

-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар төрийн байгууллагын хүрээнд залуучуудын хөгжлийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг Залуучуудын хөгжлийн төвүүдийг байгуулсан. Харин ИНБ, ТББ-ын хувьд Залуучуудын хөгжлийн хүрээлэн байгуулсан нь Монгол Улсад магадгүй анхны тохиолдол.

-Залуучуудын хөгжлийн хүрээлэн хэрхэн ажиллах вэ?

-Залуучуудынхаа хөгжлийн асуудалд ТББ-ын хүрээнд онол, арга зүй, судалгаа шинжилгээтэйгээр, зөв байр суурьтай, бодлого чиглэлтэй ажиллана. Манай хүрээлэн Монгол Улсад залуучуудын хөгжлийн асуудлаар өмнө нь ямар судалгаа шинжилгээ хийгдсэнийг судалж, ирээдүйд ямар судалгаа шинжилгээ хийх шаардлагатай, хэрэгцээтэй байна вэ? гэдгийг тодорхойлохоор ажлаа эхлүүлээд байна.

-Залуучуудын хөгжлийн чиглэлд хэрэгжих судалгаа шинжилгээг нэгдсэн бааз суурь бий болох нь. Тийм үү?

-Монголын Залуучуудын Холбоо бол 21 аймаг, 9 дүүрэгт нийт 1200 гаруй салбар нэгжтэй үндэсний хэмжээний ууган байгууллага. Эдгээр салбар нэгж маань бидний судалгааны суурь дэд бүтэц болж байгаа учраас үндэсний хэмжээний судалгаа хийх чадвартай хүрээлэн болж чадна гэж харж байгаа. Ингэснээр хүрээлэн маань судалгаа шинжилгээний нэгдсэн том бааз болно. Үүндээ түшиглээд монгол залуу хүний хөгжлийн онцлогийг тодорхойлох боломжтой.

Залуучуудын хөгжлийн судалгааны тухайлсан байгууллагатай, хөгжлийн хүрээлэнтэй, хөгжлийн сантай улс орнууд бий. Тухайлбал Малайз Улсад “Малайзын залуучуудын хөгжлийн судалгааны хүрээлэн”, “Малайз, Энэтхэгийн залуучуудын хөгжлийн сан” гэж байдаг. Тэгэхээр улс орнууд аль хэдийн залуучуудын хөгжлийн судалгаа, шинжилгээндээ анхаардаг, санхүүжүүлдэг юм байна.

-Яг одоо төвлөрч хэрэгжүүлж байгаа ямар ажил байна вэ?

-Залуучуудын хөгжлийн хүрээлэн байгуулагдаад хамгийн түрүүнд нэг асуулттай тулгарсан. Монгол улс залуучуудын хөгжлийг юугаар тодорхойлж байгаа юм. Ямар индексээр, яаж тодорхойлох юм гэдгийг бид судалж үзсэн. Энэ талаар тодорхой шийдэл Монгол Улсад хараахан байхгүй, тодорхойлоогүй юм байна. Олон улсын туршлага, зааварчилга харин бий. Дэлхийн олон улсууд Залуучуудын хөгжлийн бодлого гэдгээ тодорхойлчихсон. Өөрийн орны онцлогтоо нийцүүлээд хөгжлийн индекс гаргачихсан байна.

2020 онд Монгол улс хүний хөгжлийн индексээрээ 189 орноос 99 дүгээр байрт жагссан байна. Хэдийгээр хэдэн байр урагшилсан ч илүү ахиц гаргахад залуучуудын хөгжил чухал байна. Хүн амын 30 гаруй хувийг эзэлж байгаа залуучууд хөгжиж байж улс орны хөгжил урагшлах нь дамжиггүй юм.

Тиймээс Залуучуудын хөгжлийн хүрээлэнгийн хамгийн түрүүнд хийх ажил Залуучуудын хөгжлийн бодлогын төслийг боловсруулах нь зүйтэй юм байна гэж үзсэн. Бид бодлогын судалгааны ажлаа эхэлчихсэн явж байна. Олон улсын байгууллагатай хамтарч ажиллаж, зөвлөгөө авч байна. Дээрээс нь энэ ажилд хамтрах, санал бодлоо солилцох, дотоодын ИНБ-ууд болон салбар нэгжүүдэд чиглэсэн эхний ажлын төлөвлөгөө гаргачихсан ажиллаж байгаа.

-Залуучуудын бодлого нь тухай улс орноосоо шалтгаалаад өөр өөр байдаг байх.

-Манай хүрээлэнгийн судлаачид хөгжингүй орнуудын залуучуудын хөгжлийн бодлогыг судалж үзсэн. Тухайлбал Япон, БНСУ, Израиль, Австрали зэрэг хөгжингүй орнуудын залуучуудын хөгжлийн бодлого нь 10-аад жилийн өмнө тодорхойлогдоод, бодлогын хэрэгжилтээ хянах дараагийн шатны судалгаагаа хийчихсэн байх жишээтэй. Тухайн орнуудын залуучуудын хөгжлийн бодлогын зорилго, зорилтууд нь хөгжлийн түвшин болон улс үндэстнийхээ онцлогоосоо хамаараад өөр өөр байгаа нь харагдсан.

Тэгэхээр манай улсын залуучуудын хөгжлийн бодлого өөрийн гэсэн онцлогтой байх ёстой. Тиймээс Монгол залуу хүний онцлогт тохирсон бодлогын баримт бичгийн төсөл гаргахаар зорьж байна. Удахгүй бид дотооддоо хэд хэдэн үе шаттай хэлэлцүүлэг өрнүүлж залуучуудынхаа дуу хоолойг сонсоно.

-Хэр өргөн хүрээнд ажиллах вэ?

-МЗХ-ны Залуучуудын хөгжлийн хүрээлэн гэдэг байгууллага нь судалгаа шинжилгээтэй, бодлоготойгоор залуучуудын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна. Гэхдээ энэ нь зөвхөн манай хүрээлэнгээр хязгаарлагдахгүй. Энэ чиглэлд ажилладаг, суралцдаг залуучууд болон судлаач, эрдэмтэдтэй хамтарч ажиллана. Ганцхан Монголын Залуучуудын холбоо, Залуучуудын хөгжлийн хүрээлэн үүнийг тодорхойлчихгүй. ИНБ, ТББ-ынхаа үүрэг оролцоог нэмэгдүүлэх, Монголын Залуучуудын холбооныхоо салбар нэгжийнхээ хүрээнд судалгаа шинжилгээг хэрэгжүүлж ажиллана.

-Танайхаас залуучуудад чиглэсэн ямар үйлчилгээ үзүүлэх вэ?

-Залуучуудын хөгжлийн хүрээлэн маань байгуулагдаад хоёр сар л болж байна. Энэ хугацаанд бид залуучуудад тулгамддаг асуудлыг олж харах, түүнийг өөрсдийнхөө хэмжээнд хэрхэн шийдвэрлэж болох вэ гэдгийг олж гаргахыг хичээсэн.

Манай залуучуудад нэгдүгээрт тулгамддаг асуудал бол хувь хүний хөгжил, ажлын байр, хөдөлмөр эрхлэлт. Тэгэхээр хувь хүний хөгжил, хөдөлмөр эрхлэлт, бизнес эрхлэхэд нь хамгийн түрүүнд хувь нэмэр оруулж болох зүйл нь зөвлөх үйлчилгээ. Дээрх чиглэлээр зөвлөх үйлчилгээг залуучуудын хөгжлийн хүрээлэнгээс хийе, энэ чиглэлээр тодорхой түвшний хөтөлбөрүүд зохион байгуулъя, ур чадварыг нь дээшлүүлж, чадавхижуулахад зөвхөн сургалтаар биш, дээрээс нь зөвлөх үйлчилгээгээр нэвтрүүлье гэж онцолж байна. Бид зөвлөх үйлчилгээний хөтөлбөрийг нэвтрүүлж эхэлж байгаа бөгөөд хөтөлбөрүүд маань зарлагдаад эхэлсэн.

-Төрийн байгууллагатай хамтарч ажиллахад нээлттэй юу?

-Мэдээж хамтран ажиллахад нээлттэй. Төрийн байгууллагын зарим чиг үүргийг залуучуудын ИНБ, ТББ, манай хөгжлийн хүрээлэн хэрэгжүүлэх боломжтой юу? Монголын залуучуудын холбооны үйл ажиллагаа төрийн байгууллагын аль чиг үүрэг нийцэх вэ, бид юуг нь хийж чадах вэ гэдгийг эрэл сурал хийж, судалж байна. Юу юугүй төрийн зарим чиг үүргийг бид хийнэ гэхгүй.

-Хөгжлийн хүрээлэнгийн хүний нөөц чадамжийн талаар?

-Хүрээлэн маань хэдийгээр шинээр байгуулагдсан хэдий ч маш туршлагатай, ур чадвартай, гадаад дотоодод боловсрол эзэмшсэн чадварлаг залуучуудтай баг бүрдсэн. Тийм учраас сургалт, судалгаа шинжилгээ, зөвлөх үйлчилгээний чиглэлээр ямар ч байгууллагатай хамтарч ажиллах чадамжтай. Бидэнд хандаж болно. Ялангуяа залуучуудыгаа бүх талаар дэмжиж хамтарч ажиллахад нээлттэй.

-Сонирхлын бүлгүүд байгуулагдаж байгаа гэж сонссон?

-Залуучуудын хөгжлийн хүрээлэн дэргэдээ залуучуудын хөгжлийг дэмжих сонирхлын клубүүдийг байгуулсан. Хөл хориотой холбоотойгоор үйл ажиллагаа идэвхжиж чадахгүй байгаа ч удахгүй бид идэвхжүүлээд, цахим хэлбэрээр уулзалтууд хөгжүүлэлтийн ажлуудаа хийгээд эхэлнэ.

Ярилцсанд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …