Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяртай ярилцлаа.
5 БҮЛЭГ БҮХИЙ 63 АНГИЛЛЫН ВИЗИЙГ ГАДААДЫН ИРГЭДЭД ОЛГОНО
Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хуульд томоохон нэмэлт, өөрчлөлт орж батлагдсан байна. Гадаадын иргэн, харьяатын асуудал гэхээр иргэдийн хувьд төдийлөн өргөн мэдээлэл байхгүй санагддаг. Эхлээд хуулийн талаар товч мэдээлэл өгөхгүй юу?
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 630 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагаас 120 гаруй хуульд гадаадын иргэн, аж ахуйн нэгж, тэдгээрийн эрх, үүрэг, эрхэлж болох үйл ажиллагаа, хориглох заалтыг тусгайлан хуульчилсан. Тэр дундаа гадаадын иргэн Монгол Улсад орох, гарах, дамжин өнгөрөх, оршин суух харилцаа болон гадаадын иргэний эрх, үүрэг, эрх зүйн байдлыг тогтоодог гол хууль нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш 1993 онд анх баталж, 2010 онд шинэчилэн найруулсан. Үүнээс хойш 10 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд мэдээллийн технологийн хөгжил хурдацтай явагдаж, нийгэм, цаг үед багагүй өөрчлөлт орсон учраас нийгэм, цаг үеийнхээ хэрэгцээнд нийцүүлж нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий болсон. Тиймээс олон улсын жишигт нийцүүлэн цахимжуулах, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх чиглэлийн уян хатан зохицуулалтуудыг нэмэлтээр тусгаж, батлууллаа.
Нэмэлт, өөрчлөлт энэ зургаадугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжээд эхлэх юм байна. Гол ямар өөрчлөлтүүд байна вэ? Мөн танай байгууллага дээр ямар шинэчлэлүүд орж ирэх бол?
Хуульд нийт 60 гаруй төрлийн нэмэлт, өөрчлөлт орсон. Үүн дотор Монгол Улсын визийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгож цахим виз олгох, визийн төвийг ажиллуулах, визийн хүчинтэй хугацааг уртасгах, зарим зориулалтын визийг халах зэрэг Монгол Улсын визийг олон улсын жишигт нийцүүлсэн олон чухал зохицуулалтууд байна. Тухайлбал, Визийн ангиллыг хуулиар хатуу тогтоож байсныг өөрчилж, Засгийн газрын журмаар визийн ангиллыг зохицуулахаар болсон. Энэ нь визийн төрөл, ангиллыг өөрчлөхийн тулд заавал УИХ-д хууль өргөн мэдүүлэх шаардлагагүйгээр Засгийн газрын журмаар тухайн үеийн нөхцөл байдалд нь тохируулан хөнгөн, хялбар байдлаар нэмэх, хасах, өөрчлөх боломж бүрдлээ гэсэн үг. Өмнөх хуулиар 11 ангиллын виз олгож байсан.Тэгвэл Засгийн газарт өргөн мэдүүлээд байгаа “Монгол Улсын виз олгох журам”-ын төсөлд 5 бүлэг бүхий 63 ангиллын визийг гадаадын иргэдэд олгохоор тусгасан. Энэ нь визийн ангиллыг нарийвчилж ойлгомжтой, тодорхой болгож, виз хүсч буй гадаадын иргэн зорилгодоо нийцсэн визээ мэдүүлэх боломж бүмрдэнэ. Жишээ нь, өмнө нь соёл урлаг, спортын чиглэлээр ирж буй гадаадын иргэдэд зориулсан визийн ангилал байхгүй учраас тухайн иргэд жуулчин юм уу бизнес ангиллын виз мэдүүлэх, эсвэл спорт, соёл урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын урилгаар орж ирдэг байсан. Одоо бол эдгээр ангиллын визийг бий болгож, визийн ангиллыг олшруулж, төрөлжүүлж өгснөөрөө онцлог. Мөн Монгол Улсад удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн манай улсаас гарах бүртээ “гарах-орох” зориулалтын виз авдаг нь гадаадын иргэдэд багагүй хүндрэл үүсгэж байсан. Тиймээс “гарах-орох” гэсэн зориулалтын визийг халж, Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн манай улсаас гараад буцаж ирэхэд гарах-орох виз мэдүүлэх шаардлагагүй болж байна. Үүнээс гадна визийн хүчинтэй хугацаа 90 хоног байсныг 150 хоног болгон сунгалаа. Энэ мэтчилэн уян хатан, иргэдийн чирэгдлийг багасах олон онцлог зохицуулалтууд бий.
ГАДААДЫН ИРГЭНД ДАХИН ДАВТАГДАХГҮЙ 14 ОРОНТОЙ ТОО БҮХИЙ РЕГИСТРИЙН ДУГААР ОЛГОНО
Визийн төрлүүд нэмэгдэж, гадаадын иргэдийн зорилгод нь нийцсэн олон ангиллын виз олгоод эхлэхээр эргээд тухайн иргэдийн бүртгэл, хяналтыг сайжруулах асуудал яригдах болов уу?
Тэгэлгүй яахав. Бүртгэл, хяналт гэдэг бол хамгийн чухал асуудал. Тийм ч учраас гадаадын иргэдийн бүртгэл, хяналтыг сайжруулах зорилгоор гадаадын иргэний хурууны хээг хил дээр авч гадаадын иргэнд дахин давтагдахгүй 14 оронтой тоо бүхий регистрийн дугаар олгох асуудлыг хуульд шинээр тусгаж оруулсан. Энэхүү дугаар олгогдсоноор гадаадын иргэний бүртгэлийн давхцал арилж, мэдээллийн шинэ дата үүсч байгаа. Тиймээс тухайн гадаадын иргэн Монгол Улсад хэдэн ч удаа орж ирсэн нэг л регистрийн дугаараа ашиглана. Мөн регистрийн дугаар олгогдсоноор Монгол иргэдийн адил банкны үйлчилгээ авах, нийгмийн даатгал, татвар төлөх гэх зэрэг олон боломжууд нээгдэх юм.
Үүнээс гадна гадаадын иргэний зорчих хугацаа, зорилгыг үл харгалзан, тэднийг урьсан иргэн, хуулийн этгээд, байрлуулж буй зочид буудлууд тухайн иргэнийг 48 цагийн цахимаар бүртгүүлэх зохицуулалтыг хуульд шинээр тусгаж, үүрэгжүүлж өгсөн. Хуучин зохицуулалтаар Монгол Улсад удаан хугацаагаар оршин суух гадаадын иргэн 7 хоногийн дотор олон тооны бичиг баримт бүрдүүлж, ГИХГ-т өөрийн биеэр ирж бүртгүүлдэг байсан. Тэгвэл одоо 6 дугаар сарын 1-нээс эхлэн бүртгэл хийлгэхийн тулд заавал өөрийн биеэр ирэх, нэмэлт төлбөр төлөх, дэлгэрэнгүй анкет бөглөх шаардлагагүйгээр тухайн гадаадын иргэний мэдээллийг бичиг баримтын зургийн хамт цахимаар илгээхэд л хангалттай болно.
Тодорхой улс орнууд дээр Виз мэдүүлгийн төв байгуулах асуудал шинээр орж иржээ. Энэ өмнө нь байгаагүй зүйл байх шиг байна?
Хуульд визийн төв гэдэг цоо шинэ зохицуулалт орж ирсэн. Гадаадын улс орнууд виз мэдүүлэх үйл ажиллагаатай холбоотой визийн материалын бүрдлийг хянах, зөвлөгөө, мэдээлэл өгөх зэрэг техникийн чанартай ажиллагааг визийн төв буюу хувийн хэвшлийн байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх чиг хандлагыг баримталж байна. Манай улсын хувьд ч мөн Монгол Улсын визийг олон тоогоор мэдүүлдэг улс орнуудад визийн төв ажиллуулах зохицуулалтыг хуульдаа тусгаж өгсөн. Ингэснээр гадаад улсад Монгол орныг сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадын иргэдэд хүргэх үйлчилгээг ойртуулах, виз олгохтой холбоотой хууль бус дундын зуучлалыг багасгах, дипломат төлөөлөгчийн газруудын ачааллыг бууруулах, визийн мэдүүлэгт тавих хяналтыг сайжруулах зэрэг олон давуу талууд бий болно. Визийн төвийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг Гадаад харилцааны яам чиг үүргийнхээ хүрээнд хариуцан ажиллаж байгаа.
ГАДААДЫН ИРГЭДЭД ХҮРГЭХ ҮЙЛЧИЛГЭЭГ ХЯЛБАРШУУЛЖ, МОНГОЛ УЛСЫН ВИЗИЙГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ОЛГОНО
Бүх л салбарт цахим шилжилт хийгдэж, үйл ажиллагаа, үйлчилгээгээ хялбаршуулах процесс явагдаж байгаа харагдаж байна. Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр цахим визийн асуудал орж ирсэн нь сонирхол татаж байна. Энэ нь ямар боломжийг шинээр бий болгож байгаа вэ?
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэгэн чухал заалт шинээр нэмэгдсэн нь цахим виз байлаа. Даяаршлын өнөө үед дэлхийн ихэнх улс оронд цахим виз нэвтрүүлж, гадаадын иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг улам бүр хөнгөвчилсөөр байна. Манай улс ч дэлхий нийтийн энэ хандлагад нийцүүлж, гадаадын иргэдэд хүргэх үйлчилгээг хялбаршуулж, Монгол Улсын визийг цахим хэлбэрээр олгох эрх зүйн үндсийг ийнхүү хуульдаа тусгасан нь шинэлэг алхам байлаа. Цахим виз нэвтэрснээр заавал Монгол Улсын Дипломат Төлөөлөгчийн Газар байрлах хот руу очих, цаг авах, дараалал хүлээх шаардлагагүйгээр дэлхийн хаанаас ч интернэтийн сүлжээнд холбогдон цахим визээ мэдүүлэн, төлбөрөө төлж, хянагдсаны үндсэн дээр ажлын 3-4 хоногт хариугаа авах боломжтой болсон. Энэ нь иргэдийн цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэхээс гадна МУ-ын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг татах таатай нөхцлийг бүрдүүлнэ гэж үзэж байгаа. Бид цахим визийг эхний удаад Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдэд олгохоор бэлтгэл ажлыг хангаж байна. Үүнтэй холбоотойгоор цахим виз олгох улс орны жагсаалт гэж гарна. Жагсаалтыг Засгийн газраас баталж ирүүлнэ.
Цар тахалтай холбоотойгоор хамгийн их цохилтод орсон салбар бол аялал жуулчлалын салбар. Та түрүүнд визийн ангиллыг олшруулж, төрөлжүүлж байгаа гэлээ. Аялал жуулчлалын виз дотроо ямар нэг өөрчлөлтүүд гарч байгаа юу?
Аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд хил орчмын аялал жуулчлалд зориулсан нэг өдрийн аялал, жуулчлалын виз гэдэг шинэ зохицуулалтыг тусгаж өгсөн. Энэ нь гадаадын иргэд БОАЖЯ, орон нутгийн засаг захиргааны нэгж, аялал жуулалчлалын компаниудын гаргасан маршрутын дагуу 24 цагаас доошгүй хугацаанд хил орчмын бүс нутгаар аялах боломжтой болно гэсэн үг. Ингэснээрээ хил орчмын бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг татах том хөшүүрэг болж, аялагчдын тоо нэмэгдсэнээр эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь сайжирна гэж үзэж хуульд тусгасан.
МАНАЙ БАЙГУУЛЛАГААС ҮЙЛЧИЛГЭЭ АВАХЫН ТУЛД 2-3 УДАА БИЕЧЛЭН ИРДЭГ БАЙСНЫГ ӨӨРЧИЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА БҮРЭН ЦАХИМЖУУЛНА
Гадаадын иргэдийн хувьд мэдээллийн тодорхой байдал дутмаг, ямар эрэмбэ дараагаар, хаана хандах вэ гэдэг мэдээлэл байхгүй гэдэг асуудал яригддаг. ГИХГ үйл ажиллагаагаа хялбаршуулах, мэдээллийг хүртээмжийг нэмэгдүүлэх талаар ямар ажлыг төлөвлөж байгаа вэ?
Мэдээлэл тодорхой бус гэдэгтэй санал нэг байна. Үүнээс үүдэлтэйгээр дундын жуулчлалыг бий болгож, гадаадын иргэдэд буруу ойлголт төрүүлдэг асуудал цөөнгүй гардаг. Мөн мэдээллийн дутмаг байдлаас шалтгаалж гадаадын иргэд зөрчилд ч холбогдож байна. Зөрчилд холбогдсон иргэдтэй уулзахад дийлэнх нь мэдээлэлгүйгээс шалтгааж ийм зөрчилд холбогдсон гэж тайлбарлах жишээтэй. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, хууль тогтоомж, байгууллагын үйлчилгээтэй холбоотой мэдээ мэдээллийг цахим сайт, гар утасны аппликэйшнээр дамжуулан англи, орос, хятад, солонгос гэсэн 4 хэлээр мэдээлэл авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр гадаадын иргэд өөрийн орны хэлээр хууль тогтоомж, мэдээ, мэдээллийг хүлээн авч, аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх болов уу гэж харж байгаа.
Цар тахлын хүнд үе тохиож байгаа хэдий ч нэг эерэг боломжийг олгож байгаа нь цахим шилжилт. Гадаадын иргэн, харьяатын газарт ямар байдлаар тусч байгаа бол?
Дэлхий нийтээр мэдээллийн технологи, интернэтэд суурилсан онлайн үйлчилгээ, цахим хэрэглээнд шилжиж байна. Төрийн байгууллагаас үйлчилгээ авахын тулд дахин дахин очдог, замын түгжрэлд олон цаг зогсож хугацаа алддаг, цаас их үрдэг гэх мэтчилэн асуудал их байсан. Үүнийг хялбарчилж, үйл ажиллагаа цахимжуулах нь нэн тэргүүний ажил болоод байна. Ялангуяа хотын төвөөс алслагдсан манай байгууллагын хувьд энэ асуудал байнга яригддаг. Тиймээс үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үйлчилгээгээ цахимжуулж, цахим үйлчилгээний evisa.mn сайтыг 2019 онд нэвтрүүлсэн. Evisa.mn цахим үйлчилгээний сайтаар визийн зөвшөөрөл хүсэх, виз, оршин суух зөвшөөрөл сунгах зэрэг 11 төрлийн үйлчилгээ авах боломж бүрэн хангагдсан байгаа. Үүнээс гадна бид үйлчлүүлэгчдийн цаг завыг хэмнэх шуудан хүргэлт, цахим төлбөрийн системийг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. Ингэснээр өмнө нь үйлчилгээ авахын тулд 2-3 удаа биечлэн ирдэг байсныг өөрчилж ганцхан удаа л ирэх боломж, нөхцлөөр хангахыг хичээж байна. Бүр цаашлаад 2-3 удаа биечлэн ирүүлдэг энэ хүнд суртлыг арилгаж, үйл ажиллагаагаа 100 хувь цахимжуулах зорилттой байгаа.