Авлигын эсрэг дэвшилтэт бодлого aвлига, албан тушаалын гэмт хэрэг нь сүүлийн 20 гаруй жилийн турш Монгол хүний амьдралын чанарыг сайжруулж, дундаж давхаргыг өргөжүүлэх, эдийн засгийн 11 өсөлтөөс иргэн бүрдээ хүртээх, нийгэмд шударга ёсны засаглалыг бий болгоход ихээхэн саад дөнгө болж байгаа. Төрийн байгууллагын хүнд суртал, авлига, албан тушаалын гэмт хэрэг нь шударга өрсөлдөөнийг үгүй хийж, бизнес эрхлэгчдийг зах зээлээс шахан, авлигачдад давуу тал бий болгож, шударга иргэдийг хохироож байгаатай бид эвлэрэх ёсгүй гэдгийг Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан 30 дугаар Их хурлын индрээс мэдэгдсэн билээ.
Монгол Ардын Нам 30 дахь Их хурлаас “Авлигын эсрэг дэвшилтэт бодлого”-ыг хэрэгжүүлэхээ зарлаж, авилга, хүнд суртал, албан тушаалын гэмт хэрэг, хариуцлагагүй байдлын эсрэг дараах зарчмаар тэмцэхээ илэрхийлсэн юм. Тодруулбал авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн болон ашиг сонирхол, ёс зүйн зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох заалтыг намын дүрэмд тусган хэрэгжүүлнэ. Намын зүгээс авлига, хүнд сурталтай тэмцэх дунд болон урт хугацааны хөтөлбөрөө боловсруулж, нийт гишүүдийн идэвх оролцоотойгоор хамтран хэрэгжүүлнэ. Намын үйл ажиллагааны санхүүгийн эх үүсвэр, түүний зарцуулалт болон сонгуулийн хандив, санхүүжилтийн өгөгдөл мэдээллийг олон нийтэд ил тод, болгож нийт сонгогч иргэддээ тайлагнадаг шинэ тогтолцоог нэвтрүүлнэ. Авлигын эрсдэлийн үнэлгээг тогтмол хийж, түүнээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг нийт гишүүдэд зохион байгуулах, хяналт-шинжилгээ мониторинг хийх намын дотоод хяналтын тогтолцоог сайжруулна. Энэ бүхний үр дүнд иргэд олон нийтийн өмнө хариуцлага хүлээдэг, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид улс төрийн намын хэв маягийг Монгол Ардын Нам манлайлан бий болгох юм.
“Авлигын эсрэг дэвшилтэт бодлого”-ыг хэрэгжүүлэх ажил эхэлсэн бөгөөд энэ талаар Монгол Ардын Намын гишүүн, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Монголын Үндэсний Олон Нийтийн Радио телевизийн “Хуулийн засаглал” ярилцлагын нэвтрүүлэгт оролцож, асуудлын гарц шийдлийн талаар ярилцлаа.
Түүний хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэе.
-Авлига бол төр улсад хамгийн том аюул занал учруулагч дайсан. МАН эрх барьж буй намын хувьд авлигатай хийх тэмцлийг хүчтэй болгох нь эрх баригчид өөрийнхөө эсрэг ажиллах мэт ойлгогдож болох ч бид улс орны төлөө ажиллах үүрэгтэй улс төрийн хөдөлгөгч хүч. Намын эрх ашгаас илүү улсын эрх ашгийг бодож ажиллах ёстой.
-Намын ХХХ Их хурлаар авлигын эсрэг, ёс зүй, хүний эрхийг хамгаалах асуудлыг хөндлөө. Цаашид Засгийн газар, бүлэг, нам бүх түвшинд авлигын асуудал дээр нэгдсэн бодлого, үзэл санаагаар тэмцэнэ. Ажлын хэсгүүд байгуулагдаж, шат шатандаа ажлуудаа хуваарилсан.
-Авлигын асуудал бодитой оршиж буй учраас олон давтагдаж, үнэн учраас улиг болсон мэт хэлэгдэж байна. Харин ч авлигын эсрэг, хувь хүний эрхийг хамгаалах асуудал бидний амны уншлага болтол, тарни болтол ойлгогдож ярьсаар байх нь чухал. Иргэд биднээс эргээд шаардахад авлигын индексийг бодитоор бууруулж, хүний эрхийн хамгаалалт сайжирсан зэрэг тодорхой үр дүнгээр, ажлаар харуулах ёстой.
-Бид асуудлаас зугтах биш асуудлыг өөрсдөөсөө эхлүүлж байна. Дүрэмдээ авлигын хэрэгт холбогдсон бол намын гишүүнчлэлээс түдгэлзүүлдэг болсон. Нам ийм тохиолдолд өмгөөлж хамгаалахгүй гэсэн үг. Авлигын гэмт хэрэгт ял шийтгэл авсан хүнд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх заалтууд оруулсан.
-Авлигатай тэмцэх асуудлыг гадна талдаа ч, дотооддоо ч эхлүүлж байна. МАН шинэ хандлага, шинэ соёлыг бий болгоно. 2022 оныг авлигатай тэмцэх, хүний эрхийг хамгаалах жил болгон зарлан дэс дараалсан арга хэмжээнүүдийг авч байна. Шүүхийн шинэтгэлийг үргэлжлүүлж холбогдох процессын хуулиудыг ч цэгцлэх арга хэмжээ авах зэрэг шинэтгэлийн, шинэ сэргэлтийн бодлогыг тууштай хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
-Шүгэл үлээгчдийн эрх зүйн орчныг сайжруулж хамгаалдаг, урамшуулдаг тогтолцоог бий болгоно, зөвшөөрлийн системийг хялбаршуулан хөнгөвчилнө, улс төрийн намын зохион байгуулалт, үйл ажиллагааг шинэчилж, санхүүжилтийн механизмыг нийтэд ил тод, нээлттэй авлигаас ангид байлгах хуулийг шинээр гаргана, цахим шилжилт хийж төрийн буюу нийтийн өмчийн засаглал, хяналтын тогтолцоонд томоохон өөрчлөлт оруулна.