Коронавирусийн халдварын тархалт буурахгүй байгаатай холбоотойгоор Сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд биш, гэртээ тэмдэглэхийг уриалж буй.
Баярын өдрүүдэд цагдаа, онцгой, эрүүл мэндийн байгууллага, ямар зохион байгуулалтаар хэрхэн ажиллах болон иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ.
Уул овоонд олноороо гарахгүй байхыг санууллаа
Цагаан сараар цагдаагийн албан хаагчид хэв журам сахиулах чиглэлээр хэрхэн ажиллах талаар Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Нийслэлийн урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хурандаа Л.Амармөрөн дараах сэрэмжлүүлгийг өгч байна.
-Цагаан сарын баярыг элдэв эрсдэл, осол хэрэггүй, амгалан тайван тэмдэглэн өнгөрүүлэхэд цагдаагийн байгууллагаас анхааран ажиллаж байна. Иргэд Богдхан уулын ам, энгэрүүд, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан ууланд гарч шинийн 1-ний нар харах гэж олноороо зорин очдог. Тиймээс цар тахлын халдвар хамгааллын дэглэмийг барьж олон хүн нэг дор бөөгнөрүүлэхгүйн тулд хотын ойролцоох уул овоо орчимд эргүүлд гарч байгаа.
Энэ жилийн хувьд Цагаан сарыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэнэ. Ингэхдээ хүүхдийн дэргэд архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг мөн сануулахад илүүдэхгүй. Энэ нь хүүхдийн эсрэг зөрчилд тооцогддог бөгөөд 300 мянган төгрөгөөр торгох заалттай байдаг. Аль болох архи хэрэглэхгүйгээр баярлаж сурах, цаашид зуршил болгохыг уриалж байна.
Олон хоног амарч байгаатай холбоотойгоор иргэд хөдөө, орон нутаг руу явцгаадаг. Ингэхдээ гэр орныхоо аюулгүй байдал, хаалга, цоожныхоо бэхэлгээг сайтар шалгаагүйгээс болж орон байрны хулгайд эд зүйлсээ алдаж, хохирох тохиолдол урьд өмнө нь олонтаа гарч байсан. Мөн аж ахуйн нэгж байгууллагууд эзэнгүйддэг. Харуул, хамгаалалтын ажилтнууд ажлын байраа орхиж, айл хэсэх, архи согтууруулах ундаа хэрэглэснээс болж аж ахуйн нэгжийн өмч хөрөнгө алдагдах нь бий. Гэрээс гарахдаа зул асааж, арц хүж уугиулж орхидог эрсдэл мэр сэр гарч байсан. Энэ бүхэнд онцгойлон анхаарч, айл хөрш, зэргэлдээ айлдаа захих, цоож цуургаа бөхлөх, байгууллагууд эргүүл жижүүр ажиллуулахад анхаараарай.
Баярын үеэр эрс нэмэгддэг нэгэн зөрчил бол архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих юм. Багахан балгасан, айраг л уусан гэдэг жолооч олон байдаг. Архи, согтууруулах ундааг зайлшгүй байдлаар хэрэглэсэн бол, багахан амссан байлаа ч дуудлагын жолооч дуудаж үйлчлүүлж занших нь зөв юм.
Хөдөө орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, хурдаа тохируулан зорчихыг онцгойлон сануулъя. Хүүхдийг зориулалтын суудалд суулган, хамгааалах бүс хэрэглэн зорчих, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг сонсож, алсын замд гарч байгаарай.
Битүүний өдөр болон Сар шинийн өдрүүдэд хүмүүс хурал ном даган баясах, засал хийлгэх зорилгоор гандан хийдийг зорьдог. Олон хүн бужигнасан тийм л үед халаасны хулгайн гэмт хэрэг өсдөг. Өнгөрсөн амралтын өдрүүдэд зах, худалдааны төвд халаасны хулгайн дуудлага нэмэгдэж, өдөрт 18 хэрэг бүртгэгдсэн. Тиймээс иргэд хулгайн гэмт хэргээс сэргийлж, аль болох гэрээсээ цахим хэлбэрээр хурал номоо хуруулж, заслаа хийлгэх нь зөв юм.
Гол мөрний мөсөн дээгүүр бүү зорчоорой
Сар шинийн баярын үеэр гал түймэр, аваар ослоос сэргийлэхийн тулд дараах зүйлст онцгойлон анхаарахыг онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүлж байна.
-Цагаан сарын баяраар нийслэлээс хөдөө орон нутаг руу, хөдөөнөөс хот руу зорчих иргэдийн тоо нэмэгддэг. Алсын замд зорчихдоо жолооч нар онцгойлон анхаарах зүйл бол авто техникийн бүрэн бүтэн байдал, жолоочийн анхаарал болгоомж, ур чадвар, хариуцлага байдаг. Тиймээс алсын замд хайртай, дотно хүмүүсээ, гэр бүлийнхэнтэйгээ явж байгаагаа ямагт санан, машид болгоомжтой зорчихыг сануулж байна.
Иргэд зам товчлох, цаг хожихын тулд гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос мөс цөмрөх, автомашинтайгаа живэх тохиолдол гардаг. Энэ жилийн хувьд цаг агаар харьцангуй дулаан байгаагаас гол мөрөн, нуурын мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац зарим газраа тээвэр хийх хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул мөсөн дээгүүр бүү зорчоорой. Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс мөс нимгэн, зорчих боломжгүй аюултай газруудад тусгай тэмдэг, тэмдэглэгээг байршуулсныг анзаарч явахыг санууллаа. Мөн бага насны хүүхдийг нуурын мөсөн дээр тоглуулахгүй, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.
Түүнчлэн аюул, осолд өртсөн иргэн аврах багийн болон эмнэлгийн яаралтай тусламж авахын тулд өөрийн байгаа газрынхаа байршлын хаягийг үнэн, зөв өгөх нь хамгийн чухал байдаг. Иргэд, малчид цасан болон шороон шуурганы үеэр төөрөх, малтайгаа уруудах, нуур, усанд живэх, цасанд суух, зүг, чигээ алдах, төөрөх зэрэг эрсдэлт нөхцөлд өөрийн байгаа хаяг, байршлаа тодорхой хэлж мэдэхгүйгээс яаралтай тусламж авч чадалгүй эрсдэлд өртөх, эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол гардаг. Онцгой байдлын байгууллагад иргэдээс ирдэг дуудлагын 40 орчим хувийг хаяг, байршил нь тодорхойгүй дуудлага эзэлдэг бөгөөд иргэд хөдөө нутгийг зорин зорчихдоо хаяг тодорхойлох шинэ технологи ашиглах, байршил тодорхойлох аппликэйшнийг гар утсандаа суулгаж явах нь эрсдэлээс сэргийлэх нэг алхам гэдгийг анхаарууллаа.
Хүүхэд, ахмад настан, архаг, хууч өвчтэй хүмүүс халдвар авах эрсдэл өндөртэй
НЭМГ-ын Зонхилон тохиолдох халдварт өвчний тандалт, зоонозын халдвар хариуцсан мэргэжилтэн Г.Дашдаваа Цагаан сарын баярын өдрүүдэд халдвараас сэргийлэх талаар ийн зөвлөмж өгч байна.
-Гэр бүлийн хүрээнд Цагаан сараа тэмдэглэн өнгөрүүлье гэсэн уриалга их ач холбогдолтой. Нийслэлд төдийгүй хөдөө, орон нутагт ч коронавиурсийн омикрон хувилбарын халдварын тархац их байна. Иймд Цагаан сарын үед халдварыг олон нийтийн дунд тархаахгүй, урьдчилан сэргийлэхийн тулд халуун ам бүлээрээ Цагаан сарыг тэмдэглэх нь хамгийн зөв шийдэл. Ялангуяа бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, 65-аас дээш насны ахмадууд болон архаг, хууч өвчтэй хүмүүст халдварын эрсдэл өндөр байна. Цагаан сарын үед айлд зочлохдоо настай хүмүүстэй эхэлж золгодог. Настай хүн халдвар авах эрсдэл өндөртэй байдаг гэдгийг бүү мартаарай. Түүнчлэн айлд зочлохгүй, зочлохоор явсан ч хүүхдүүдээ дагуулахгүй байхыг уриалмаар байна. Харин зайлшгүй тохиолдолд золгуут хийх үедээ хүүхэд багачуудыг үнсэхгүй байх хэрэгтэй.
Мөн халдваргүйжүүлэх, халдвар хамгааллын дэглэмээ сайн барих, бага насны хүүхдийг аль болох гадуур дагуулж явахгүй байх нь чухал. Цагаан сарын өдрүүдэд тандалтын баг, Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажиллаж байгаа. Тиймээс халдварын шинж тэмдэг илэрвэл Өрхийн эрүүл мэндийн төвийн утсанд хандаж зөвлөгөө авч болно. Мөн дархлаажуулалтын цэгүүд дүүрэг бүрд ажиллаж байгаа.
Сар шинийн баярын үеэр хоолны болон архины хордлого, гэдэсний халдварт өвчин, осол гэмтэл, осголт, хөлдөлт, томуу томуу төст өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг. Иймээс НЭМГ-аас иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
- Коронавируст халдвар, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, эрсдэлт бүлгийн болон бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд хүндрэх магадлалтай тул олон айл хэсэхгүй байх.
- Архи дарс, согтууруулах ундааны хэрэглээнд онцгой анхаарах, архи хэтрүүлэн хэрэглэсэн хүнийг заавал гэрт нь хүргэж өгөх.
- Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх нь таны болон ойр дотны хүмүүсийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эдийн засагт эрсдэлгүй юм.
- Хэт өндөр илчлэгтэй хоол унд нэг дор идэж уухаас татгалзах.
- Хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, олон нийтийн газраар явах, олны гар дамжсан мөнгөн тэмдэгтийг барьсны дараа гараа заавал угаах, гар угаах боломжгүй нөхцөлд цэвэрлэх, ариутгах зориулалттай санитол, нойтон сальфетикийг биедээ тогтмол авч явж хэрэглэж хэвших, энэ нь бохир гараар дамждаг гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой юм.
- Гудамж талбайд ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй хүн байгаа бол яаралтай 102, 103 дугаарын утсанд мэдэгдэх
Хоолны хордлогот халдвараас сэргийлэхийн тулд
- Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа үйлдвэрлэсэн хугацаа, хадгалалт, хамгаалалт, сав баглаа боодлын бүтэн байдлыг шалгаж, баталгаатай газрыг сонгон үйлчлүүлээрэй.
- Хоол хүнс бэлтгэхийн өмнө гараа заавал угаах хэвших.
- Хоол хүнсэнд хэрэглэгдэх аяга, сав суулга, халбага, сэрээ, хутга, усны сав бусад хэрэгслэлийг сайтар угааж цэвэрлэх.
- Бялуу, өндөг, хиам, цөцгий, төрөл бүрийн салад, зууш, сүү, сүүн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хөргөгчинд 24 цагаас ихгүй хугацаагаар зөв хадгалах, хэмжээг тохируулан бэлтгэж хэрэглэх.
- Жимс, хүнсний ногоог сайтар угааж хэрэглэх.
- Ундаа, айргийг ам дамжуулан нэг аяга, саваар уухыг цээрлэх.
- Хордлого халдвар болон бусад өвчний шинж тэмдэг илэрсэн үед яаралтай эмчид хандах.