Улаанбаатар хотыг агаарын бохирдолгүй, иргэдэд ээлтэй хот болгох үүднээс сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсон. Ирэх өвөл түлэх сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлт ямар байгаа талаар холбогдох албан тушаалтнууд ийн тайлбарлаж байна.
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд:Нийслэлийн хувьд Улаанбаатар хотын агаарын бохирдолтой холбоотой гурван чиглэлийн үүргийг хүлээн ажилладаг. Тодруулбал, сайжруулсан түлшний нөөцийн агуулах, тээвэрлэлт, борлуулалтын цэгийн асуудлыг бид хариуцдаг гэсэн үг. Энэ жилийн хувьд сайжруулсан түлшийг тавдугаар сарын 1-ний өдрөөс үйлдвэрлэж нөөцөлж эхэлсэн. Одоогоор 80 мянган тонны нөөцтэй байна. Түлшний тээвэрлэлтийг 29 компанитай гэрээ байгуулан шийдвэрлэж байгаа. Шинээр 227 борлуулалтын цэг байгуулахаар тендер зарлаж, борлуулагчдыг шалгаруулж эхэлсэн. Есдүгээр сарын 15-аас борлуулалтын цэгүүд ажиллаж эхэлнэ.
“Таван толгой түлш” ХХК-ийн Санхүүгийн албаны дарга Г.Ундармаа:Манай компанийн баруун үйлдвэрт таван шугам, зүүн үйлдвэрт хоёр шугам ажиллаж, өдөр тутамд 1006.5 тонн түлш үйлдвэрлэж байна. Түлш үйлдвэрлэх түүхий эд буюу мидлингийн нөөц 144611 тонн байгаа бол барьцалдуулагч 8000 тонн, шуудай 788327 ширхэг, үйлдвэрлэсэн түлш 80 орчим мянган тонны нөөцтэй байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс илүү байна гэсэн үг. Өнгөрсөн өвөл 607 цэгээр борлуулалт хийж байсан бол энэ онд цэгийн тоог 670-д хүргэхээр зорьж байна. Өмнөх жил ажилласан 450 цэгийн хувьд гэрээний үүргээ биелүүлсэн учир сунгаж ажиллахаар болсон.
Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, нөөцлөлтийг жигд явуулахын дээр түлшний чанарт онцгойлон анхаарахыг Нийслэлийн Засаг дарга үүрэг болгов. Түлшний нөөц бүрдүүлэх ажлын хүрээнд дараах ажлуудыг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болголоо.
Үүнд:
- Сайжруулсан түлш нөөцлөх агуулахыг нэмж бэлтгэх
- Түлшний түүхий эд болон түлшний нөөц бүрдүүлэхэд анхаарах
- Түлш борлуулах цэгүүдийг бэлтгэх
- Иргэдэд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх талаар мэдлэг, мэдээлэл олгох зэрэг ажлыг өрнүүлэхийг санууллаа.