Дэлхий нийтийг түгшээсэн Коронавирус цар тахал нь Монгол улсыг ч мөн тойролгүй дайраад гарсан билээ. Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал олон ААН-үүдийг үүд, хаалгаа барихад хүргэж, санхүүгийн маш том дарамтад оруулж байв.
Харин эдийн засгийн хүнд нөхцөлтэй тухайн үед Монгол Улсын Засгийн газраас тодорхой арга авч байсан нь иргэдийн ачаанаас бага ч болов хөнгөлж өгсөн юм. Тухайлбал, ус болон цахилгааны мөнгийг төрөөс төлж, мөн зээлийн төлөлтийг түр хугацаагаар хойшлуулж өгөх гэх мэт ажлууд байв. Энэ нь ААН, болон айл өрхүүдэд нэмэр болохуйц үр дүнтэй явдал болсон.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын ТОП-100 ААН-ийг тодруулах арга хэмжээнд оролцохдоо дараах зүйлсийг онцлон хэллээ.
Тэрбээр “Цар тахлын үед манай улсын эдийн засаг -4,7 хувьд хүрч, төсөв 23 хувиар тасарч, олон мянган ажлын байр эрсдэлд орсон. Бид 1,3 жилээр эдийн засгаа бүс нутагтаа нээж чадсан бөгөөд энэ үед Шинэ сэргэлтийн бодлого мэндэлсэн гэж хэлж болно. 2020 онд -4,6 хувь байсан эдийн засаг 2023 оны эхний улиралд 7,9 хувийн өсөлттэй байна. Нэг хүнд ноогдох ДНБ анх удаагаа 5000 ам.долларт хүрээд байгаа бөгөөд улсын төсөв мөн анх удаагаа 1,1 их наяд төгрөгөөр даван биелж, валютын нөөц 3,7 тэрбум ам.долларт хүрлээ” гэв.
Мөн тэрбээр хэлсэн үгэндээ сүүлийн 3 жил ковид, дайн гээд дэлхий дахинд инфляци тэлж, өндөр үйлдвэрүүд хаалгаа барьж, дэлгүүрүүд хаагдаж, худалдан авагч нар чадамжгүй болж байхад тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ажлын байраа хадгалан улс орны эдийн засаг сэргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажиллана, цаашид төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаагаа явуулж буй төрийн өмчит компаниуд, аж ахуйн нэгжүүдийг хувийн хэвшилтэй зэрэгцүүлж өрсөлдүүлэхгүй гэдгээ илэрхийллээ.
Г.Дэлгэр