Монголын эрэгтэйчүүдийн холбоо үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож байна.
Тус холбооноос өнөөдөр 20 жилийн ойн хүрээнд “Эрэгтэйчүүдийн сэтгэлзүйн эрүүл мэндийг хамгаалах асуудал” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.
Зөвлөлдөх уулзалтад Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Жендерийн үндэсний хороо, Зэвсэгт хүчний жанжин штаб, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн Боловсролын газарт ажилладаг сэтгэлзүйч, судлаач, мэргэжилтнүүд оролцсон юм.
“Эрэгтэйчүүдийн сэтгэлзүйн эрүүл мэндийг хамгаалах асуудал” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг нээж Монголын эрэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, үүсгэн байгуулагч Д.Бадамцэцэг, Сэтгэл судлалын ухааны доктор, дэд профессор Д.Баярмаа нар үг хэллээ.
Зөвлөлдөх уулзалтын эхэнд Монголын эрэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, үүсгэн байгуулагч Д.Бадамцэцэг холбооныхоо зорилго, хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэх ажлуудаа танилцуулав.
Монголын эрэгтэйчүүдийн холбоог анх 2003 оны гуравдугаар сарын 3-нд долоон эмэгтэй, долоон эрэгтэй нийт 14 хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ.
Тус холбоо нь Монгол эр хүнийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, эрэгтэйчүүдэд хамгийн их тулгамддаг эрүүл мэнд, ёс суртахууны асуудалд анхаарах, гэр бүлийн харилцаанд эрэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэхийг зорилго болгон ажиллаж байна.
“Эрэгтэйчүүдийн сэтгэлзүйн эрүүл мэндийг хамгаалах асуудал” сэдэвт зөвлөлдөх уулзалтад “Эрэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлууд” сэдвээр Сэтгэл судлалын ухааны доктор, дэд профессор Д.Баярмаа илтгэл тавьсан юм.
Сэтгэл судлалын ухааны доктор Д.Баярмаа илтгэлийнхээ үеэр Эрэгтэйчүүдийн дундаж наслалт 69,9 байгаа нь эмэгтэйчүүдийнхээс 10 орчим насаар, хөгжиж буй орнуудын дунджаас 6 насаар, дэлхийн дунджаас 5 насаар доогуур насалж 52 хувь нь 60 нас хүрэлгүй нас барж байна.
Нас баралтын шалтгаан нөхцөлийг аваад үзвэл гадны шалтгаантайгаар 80 хувь, шээс бэлгийн тогтолцооны эмгэг өвчнөөр 70 хувь, хавдраар 57 хувь, зүрх судасны өвчний улмаас нас барагсдын 60 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.
Гэр бүлийн хүчирхийлэлд зөвхөн эмэгтэйчүүд өртөгддөггүй, эрэгтэйчүүд ч өртдөг атал гэр бүлийн хохирогч хамгаалах үйлчилгээ эмэгтэйчүүд рүү голлон чиглэгддэг.
Өөрсдийгөө гэр бүлийн хүчирхийллийн хохирогч гэдгээ илчилсэн эрчүүдийг нийгмээрээ шоолох хандлага гаргадаг.
Тиймээс эрчүүдийн эрүүл мэнд, сэтгэл зүйн асуудалд анхаарах зайлшгүй шаардлагатайг онцлов.