“Орчны эрүүл мэнд” Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж байна

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуульд Эрүүл ахуйч, тархвар судлал, нийгмийн эрүүл мэнд судлаач мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ойн хүрээнд Эрүүл мэндийн яам, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сан хамтран “Орчны эрүүл мэнд” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.

“Орчны эрүүл мэнд” Олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлтэд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн захирал Н.Хүрэлбаатар, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, Техасын Их Сургуулийн Анагаах Ухааны сургуулийн профессор Грегори Грей нар оролцож үг хэллээ.

 Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн захирал Н.Хүрэлбаатар хурлыг  нээж хэлсэн үгэндээ  “Орчны эрүүл мэндийн асуудал анхаарлын төвд байгаа энэ цаг үед Эрүүл мэндийн яам, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн сан хамтран “Орчны эрүүл мэнд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын бүтээлүүдийг хэлэлцэж байгаа нь эрүүл орчин, эрүүл ирээдүйг цогцлооход чухал хувь нэмэр оруулах үйл явдал болж байна.

Бидний 60 жилийн хугацаанд бэлтгэн төгсгөсөн 1600 гаруй мэргэжилтэн өнөөдөр мэргэжлийн хяналтын байгууллагууд, бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн болон эрдэм шинжилгээний байгууллагууд, салбар яам, их, дээд сургууль, олон улсын байгууллагуудад мэргэжлийн ажил үүргээ амжилттай гүйцэтгэн, орчны эрүүл мэндийг сайжруулах их үйлсэд хувь нэмрээ оруулан ажиллаж байгаад бахархалтай байна.

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль орчны эрүүл мэндийг сайжруулах талаар онцгой анхааран ажиллаж байгаагийн нэг тод жишээ нь 2021 онд “Хөдөлмөр, орчны эрүүл ахуйн лаборатори” бүхий Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнг шинээр байгуулан орчны эрүүл мэндийн судалгаа, шинжилгээг шинэ түвшинд гаргахаар зорин ажиллаж буй явдал юм. Мөн тус хүрээлэн нь Нийгмийн эрүүл мэнд судлаач хөтөлбөрт суралцаж буй оюутнуудад сургалт, судалгаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, дадлага хийх нотолгоо бүрдүүлэх бааз, түшиц болж байна.

Нийгмийн эрүүл мэндийн бакалаврын хөтөлбөр нь 2023 онд Нийгмийн эрүүл мэндийн Боловсролын Магадлан Итгэмжлэх Агентлаг (АРНЕА)-аар 6 жилийн хугацаагаар амжилттай магадлан итгэмжлэгдсэн нь манай бакалаврын хөтөлбөр  олон улсад хүлээн зөвшөөрөгдөж буйг илэрхийлж байгаа бөгөөд гадаадын их, дээд сургуулиудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, багш, оюутан солилцох, оюутан, төгсөгч нар маань олон улсын түвшинд ажиллах, суралцах боломж нээгдэж байна” гэв.

Орчны эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд, хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа сөрөг нөлөөг бууруулах, сэргийлэх хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлж, хүн амыг аюулгүй ундны усаар найдвартай хангах, ариун цэврийн байгууламж, хог хаягдлын менежментийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн бодлого хэрэгжүүлж, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулахад талуудын оролцоог ханган, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Орчны эрүүл мэнд-2023” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаа  юм.


“Орчны эрүүл мэнд-2023” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хуралд Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Техасын Их Сургууль, Өмнөд Калифорнийн Их сургууль, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сан зэрэг төрийн болон олон улсын байгууллага, орчны эрүүл мэндийн салбарын холбогдох мэргэжилтнүүд, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл 200 гаруй хүн оролцож байна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …