Мөсөнд авиралтын 2013 оны улсын аварга шалгаруулах тэмцээн 12 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг, Орхоны хөндий дэх байгалийн үзэсгэлэнт ”Улаан цутгалан”-д амжилттай болж өнгөрчээ. Тэгвэл эл тэмцээний улсын шүүгчээр оролцсон уулын спортын ОУХМ Даасүрэнгийн Батжаргалтай ярилцлаа.
– Энэ удаагийн авиралт ямар онцлогтой болсон вэ?
– Уулын спорт үндсэн гурван төрөлтэй. Энэ нь хаданд авиралт, спорт авиралт, мөсөнд авиралт юм. Тэгвэл энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн нь Мөсөнд авиралтын төрлөөр амжилттай явагдлаа. Тэмцээнд 12 багийн 80 гаруй тамирчид, өсвөр үе болон насанд хүрэгчдийн гэсэн хоёр ангилалаар, мөн мөсөнд авиралтын хурдны төрлөөр болж аваргуудаа шалгарууллаа.
– Мөсөнд авиралтын тэмцээн бусад төрлийн тэмцээнүүдээс юугаараа ялгардаг вэ?
– Мөсөнд авиралт бол эрсдэлтэй төрлүүдийн нэгэнд хамаардаг. Мөн тодорхой багаж хэрэгслийг зайлшгүй хэрэглэдэгээрээ онцлогтой. Мөн өвлийн хүйтэнд, цаг агаарын хүнд нөхцөлд болдог. Гэхдээ биднийг улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр байгаль дэлхий биднийг ивээж цаг агаар тогтуун сайхан байлаа. Тэмцээнд оролцогчдын бараг 80 орчим хувь нь залуучууд байсан бөгөөд тэдний ур чадвар, багажтайгаа харилцах байдал өндөр түвшинд хүрсэн нь анзаарагдаж байна билээ.
– Багуудын хоорондын өрсөлдөөнийг хэрхэн явуулдаг вэ?
– Тэмцээнд оролцсон багуудын ур чадвар нийтээрээ сайжирсан нь эл тэмцээний өрсөлдөөнийг улам илүү сонирхолтой болгож байсан. Олон улсын шүүлтийн дүрмээр бол мөсөнд авиралтын хурд болон техникийн гэсэн хоёр төрлөөр шүүлт явагддаг. Манай улсын аваргын тэмцээн бол дан ганц хурдны төрлөөр зохион байгуулагдсан. Учир нь мөсөнд авиралтын тэмцээн нь өртөг өндөртэй, цаг хугацаа их ордог учраас энэ удаад дан хурдны төрлөөр тэмцээнээ явуулсан.
– Аливаа тэмцээнийг явьуулна гэдэг нь хөрөнгө мөнгө, удирдлага зохион байгуулал, мэргэжлийн боловсон хүчин гээд олон зүйл тулгардаг байх. Тэгвэл энэ удаагийн улсын аваргын тэмцээнийг амжилттай зохион байгуулахад та бүхэн хаанаас дэмжлэг авсан вэ?
– Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг “Аялал жуулчлалын үндэсний төв”-ийн Алтангэрэл , “Монгол экшпидишн” ХХК-ийн захирал С.Алдархишиг, “Монголын уулын хөтөчдийн холбоо”, МУГТ, уулын спортын ОУХМ Г.Өсөхбаяр, “Red bull” -ийн удирдлага нар ивээн тэтгэж оролцсон бол тэмцээнийг зохион байгуулах ажилд САЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч Батжаргал, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг дарга Баттулга, МУБИС-ийн Биеийн тамирын багш н.Батболд нарын хүмүүс гүн туслалцаа үзүүлснийг дурьдах нь зүйтэй . Мөн “Монголын уулчдын үндэсний холбоо”-ны улсын шүүгчид оролцсон бөгөөд тэмцээний нарийн бичгийн дарга шүүгчээр МУГТ, Уулын спортын ОУХМ Б.Гангаамаа, техникийн шүүгчээр уулын спортын ОУХМ, улсын шүүгч Д.Батжаргал нар оролцлоо.
– Улсын аваргаар ямар баг шалгарсан бэ?
– Мөсөнд авиралтын тэмцээний хувийн дүнгээр насанд хүрэгчдийн эрэгтэй төрөлд “Монголын хүүхэд залуучуудын спорт авиралтын холбоо”-ны I зэрэгтэй тамирчин Д.Энхбаатар 0:29:88 минутын амжилтаар нэгдүгээр байр эзлэсэн. Өөрөөр хэлбэл Улаан цутгалангийн 24 метр эгц хөлдсөн мөсөн хананы доод бэлээс халз дээш авирч оройд нь гарахад дээрх хэмжээний хугацаа зарцуулсан гэсэн үг. Хоёрдугаар байранд “Монголын хүүхэд залуучуудын спорт авиралтын холбоо”-ны спорт авиралтын I зэрэгтэй тамирчин Л.Нямбаяр 0:34:66 минутаар, гуравдугаар байранд “Монголын уулын хөтөчдийн холбоо”-ны тамирчин спортын мастер Г.Жангар 0:38:16 минутаар тус тус байр эзлэсэн. Харин насанд хүрэгчдийн эмэгтэй төрөлд нэгдүгээр байранд Ядамын Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” уулын клубын III зэрэгтэй тамирчин Г.Баярцэцэг 0:54:76 минутаар, хоёрдугаар байранд ЦЕГ-ын харьяа “Цасны барс” багийн I зэрэгтэй тамирчин Ц.Уугансувд 1:13:23 минутаар, гуравдугаар байранд “Монголын хүүхэд залуучуудын спорт авиралтын холбоо”-ны II зэрэгтэй тамирчин М.Мөнхзул 1:13:35 минутаар тус тус байр эзлэжээ. Өсвөр үеийн тэмцээний нэгдүгээр байранд Ядамын Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” уулын клубын тамирчин Д.Баасандорж 0:47:94 минутаар, хоёрдугаар байранд “Монголын хүүхэд залуучуудын спорт авиралтын холбоо”-ны тамирчин Г.Хүрэлбаатар 1:09:45 минутын амжилтаар, гуравдугаар байранд “Эрдэнэтийн уулын холбоо”-ны тамирчин Б.Маралгуа 1:39:76 минутаар тус тус байр эзлэж хувийн амжилтаараа тэргүүллээ.
– Багийн дүнгээр Нэгдүгээр байранд “Монголын хүүхэд залуучуудын спортын авиралтын холбоо” 2:16 минутын хугацаагаар , 2-р байранд Ядамын Жанцангийн нэрэмжит ”Сутайн бор” уулын клуб 2:20 минутын хугацаагаар, 3-р байранд “Монголын уулын хөтөчдийн холбоо”-ны баг 2:55 минутын хугацаагаар багуудын амжилт тодорлоо.
– Цаашид мөсөнд авиралт буюу энэ төрлийн экстрим спортын төрлүүдийг хөгжүүлэхэд д анхаармаар зүйл юу байна вэ?
– Энэ төрлийн спортыг хөгжүүлэхэд юуны өмнө бид ОУ-ын түвшинд хэрэглэгддэг стандарт ханатай болох хэрэгтэй байна. Манай тамирчдын ур чадвар өндөр байдаг ч гэсэн ийм төрлийн стандарт хана болон спорт авиралтын төрлийн бусад материаллаг баазтай болох асуудал чухал байгаа юм. Үүнийг дан ганц мэргэжлийн клуб, холбоо, төрийн бус байгууллагууд шийдвэрлэх боломж хязгаарлагдмал байдаг. Иймээс төр засгийн бодитой хөрөнгө оруулалт, дэмжлэг их шаардлагатай байна. Хэрвээ төр засгаас ингэж дэмжвэл бидэнд энэ төрлүүдээр өвлийн олимп болон тив дэлхийн аварга төрөх ойрхон байна. Цаашлаад энэ стандарт хана баригдвал бид эх орондоо мөсөнд авиралтын болон экстрим төрлийн ОУ-ын хэмжээний тэмцээнийг явуулах боломж бүрдэнэ. Учир бид бусад улс орнууд хананд ус цацаад түүнийгээ хөргүүрээр хөлдөөх шаардлагагүй, жинхэнэ мөсөн хананы төгс орчин бүрдүүлэх бүрэн боломжтой.
Ярилцсан: Ц.Мөнх