Улиран одож буй онд дэлхий дахинаа болсон томоохон 8 үйл явдал

 лого Олон улсын “РИА Новости” агентлагийнхан ули­­ран одож буй 2013 онд дэл­­­­­хий дээр болсон чухал үйл явд­­луудыг жагсаажээ.

1. Сирийн асуудлаарх бага хурал нэгдүгээр сард болно

Сири улсад хоёр жилийн турш зэвсэгт тэмцэл өрнөж, Алеппо хотын ойролцоо эн­гийн номхон иргэдийн эсрэг хи­мийн зэвсэг хэрэглэсэнд АНУ Сирийн засаг захиргааг буруутгасан юм. Сирийн засаг захиргаа харин ч эс­рэ­гээрээ сөрөг хүчнийхнийг хорт бодис хэрэглэсэн гэжээ. Си­рийн Ерөнхийлөгч Башар Асад НҮБ-аас болсон явдлыг тодруулахыг хүссэн. Гэвч олон улсын шинжээчдийн бүлэглэл Кипрт саатаж, үүр­гээ гүйцэтгэж чадаагүй юм. Сири улсад наймдугаар сарын 21-нээс хойш нөхцөл байдал улам хурцадсан. Амери­кийн тагнуулын газ­рын мэдээлснээр энэ нь Зас­гийн газар химийн зэвсэг хэ­рэглэж, 1.4 мянга гаруй хүний аминд хүрсэнтэй хол­­боотой гэжээ. Асад энэ бүх­­нийг үгүйсгэж байсан ч АНУ НҮБ-ын шийдвэрийг ч үл харгалзан цэргийн дай­­­ралт хийнэ гэж байв.

Шин­­жээчид ч Америкийн Ирак руу халдан орсон шиг үйл явдал өрнөнө гэж ан­хаа­­руулж байлаа. Харин Моск­ва энэ бүхнээс аварч, олон улсын хяналт дор Сири дэх химийн зэвсгийг уст­­гах санаачилга гаргасан би­лээ. Ингээд есдүгээр са­рын сүүлчээр НҮБ-ын Аюул­­гүйн зөвлөлөөс Сирийн асууд­лаар тогтоол гаргаж, Си­­рийн засаг захиргаанд бүрт­­гэлтэй химийн зэвсгийг устга­­хаар болсноо зарласан. Мөн Сирийн асуудлаар энхийн бага хурлыг ирэх сарын 22-нд Женевт хий­хээр төлөвлөжээ. Хүний эрхийг хамгаалагчдын гар­гасан хамгийн сүүлчийн мэ­дээллээр Сирийн засаг захир­гаа, сөрөг хүчнийхний дунд хоёр жилийн турш өрнөсөн зөрчилдөөнд 120 мянган хүн өртсөн байна.

2. Ираны шинэчлэгч Ерөнхийлөгч

Ойрх Дорнодод улиран одож буй онд болсон бас нэг чухал үйл явдлаар Ираны Ерөнхийлөгчийн сонгууль яах аргагүй нэрлэгдэнэ. Тус улсын төрийн шинэ тэр­­­гүүнээр Хасан Роухани тодо­р­сон.

Тэрбээр өмнөх Ерөн­­­хий­­лөгчөөс ялгаатай нь гадаад ертөнцтэй харилцаагаа сайж­руулж байгаа юм. Роуханыг зарим шинжээчид “анти-Ах­мадинежад” хэмээн нэр­­лэ­жээ. Шинэ Ерөнхийлөгч өмнөх төрийн тэргүүнээсээ эдийн засаг нь ганхсан, өндөр инфляцитай хүндхэн улс хүлээн авсан. Тий­мээс түүний хувьд хам­гийн түрүүнд эдийн засгийн асууд­лаа шийдвэрлэх нь чухал байлаа. Роухани Ираны үн­дэ­с­­ний ашиг сонирхлыг хадгалсан хэрнээ эдийн зас­­гийн хоригоо цуцлуулах зо­рилгоор өрнөдийнхөнтэй хэлэл­цээр хийхэд бэлэн гэд­­гээ мэдэгдсэн. Роуханийн энэ бодлогын ачаар Ира­­ны цөмийн асуудлыг шийд­­­вэрлэх найдлага гарч ирж, цө­мийн бөмбөг бүтээж бол­­зош­гүй гэсэн эргэлзээ тай­лагд­­сан. Иран болон олон ул­сын зургаан оролцогч (ОХУ, АНУ, БНХАУ, Их Британи, Франц, Герман) өнгөрсөн арваннэгдүгээр сард Женевт есөн жилийн турш хийж ча­даагүй түүхэн зөвшилцлөө байгуулсан юм.

Өдгөө Иран улс цөмийн хөтөлбөрийн хүрээнд уран баяжуулалтаа таваас дээш хувиар багасгаж, плутони, центрифуг үйлдвэрлэхээ зог­соож, олон улсын шин­жээчдээр хяналт шалгалт хийлгэх боломж бүрдэх юм. Үүний хариуд тус улсын эс­рэг авч байсан хориг арга хэмжээг сулруулна.

3. Хоёр үндэстний хоёр улс

Ойрх Дорнодод бас нэг удаан үргэлжилсэн хэ­лэл­­­цээнд ахиц гарсан. Из­­­раиль, Палестин гурван жил завсарласны эцэст таван са­рын өмнө АНУ-ын шахал­­­таар хэлэлцээрийн ширээний ард суусан. Ингэхдээ ирэх оны тавдугаар сар гэхэд “Хоёр үндэстний хоёр улс” формулаар эвлэрэх нөх­цө­­лийг зөвшөөрөх ёс­той байв. Гэвч Израиль, Палес­­­тины төлөөлөгчид хэд хэ­дэн уулзалт хийсний дараа хэлэлцээр хямралын шатан­­даа орж, Палестины төлөө­­лөгчид огцрох болсноо зар­­ласан.

Палестины Үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас арваннэгдүгээр сарын дундуур ирэх дөрөв­дүгээр сар хүртэл Израильтай хэлэлцээрээ үргэлжлүүлэхэд бэлэн гэдгээ зарласан.

4. Арафатад шинжилгээ хийв

Энэ онд Палестины үн­­дэс­­ний автономит улсыг үндэслэгч Ясир Арафатын үхлийн шалтгааныг тогтоох ажиллагаанд ахиц гарсан. Түүнийг таалал төгссөнөөс хойш 10 жилийн дараа Орос, Франц, Швейцарийн эр­дэмтэд үлдсэн эд зүйлс дээр нь биологийн шинжилгээ хийж, цацраг идэвхт поло­ний-210 хэмээх бодис байгааг олж илрүүлсэн билээ.

Гэхдээ энэ нь Арафатыг хордуулж алсан гэсэн дүг­нэлт гаргахад хангалттай нотолгоо болж чадаагүй, эрдэмтэд хэд хуваагдсан юм. Францын шүүхийн задлан шинжээчид полоний хэмээх бодис илрүүлээгүй байхад Швейцарийн шинжээчид ийм бодис хэвийн хэмжээнээс 18 дахин их байгааг олж тог­тоосон байна.

2004 онд Парисын эм­нэлэгт гэнэт таалал төгс­сөн Арафатын үхлийн шалт­­гаанд Израилийг буруут­­­гадаг ч тус улс үүнийг үгүйс­гэсээр ирсэн билээ.

5. Хаврын хямрал

2013 онд Солонгосын хойгт өрнөсөн хямрал нь БНАСАУ 2005 оноос хойших цөмийн гурав дахь туршилтаа хийсэнтэй холбоотой гэхэд болно. Хоёрдугаар сарын 12-нд газар доор туршилт хийснийг дэлхий дахин шуу­гиантайгаар хүлээн ав­сан. Ингээд гуравдугаар сарын 7-нд НҮБ-ын Аюулгүйн зөв­лөлөөс Пхеньяны эсрэг ши­нэ хориг арга хэмжээ авах тухай тогтоол баталсан юм. Үүний хариуд Хойд Со­лонгосын засаг захиргаа эр­хээ эдэлж, шаардлагатай бол түрэмгийлэгчдийн эсрэг цөмийн цохилт хийхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн билээ. Тус улсын удирдагчдын хилэгнэсэн гол шалтгаан нь Өмнөд Солонгос, АНУ гуравдугаар сарын 1-нээс жил бүр хийдэг цэргийн хамтарсан сургуулилтаа төлөвлөсөнтэй холбоотой байв. Гуравдугаар сарын 5-нд БНАСАУ Өмнөд Солонгостой эв­лэрэх зөвшилцлөө цу­цалж, 30-нд Сөүлтэй харь­цах харилцаагаа дайны үед ирснийг зарласан.

Түүнч­­­лэн хоёрдугаар сарын сүүлчээр хоёр Солонгосын най­­рамдлын ганц түлхүүр гэгдэх Кэсоны аж үйлдвэрийн бүсийг хаасан. Харин өн­гөр­­сөн есдүгээр сард БНАСАУ, БНСУ Кэсоны үйл ажил­лагаагаа сэргээхээр болсон аж. Өнгөрсөн намраас хэвлэ­лүүдээр БНАСАУ-ыг цөмийн дөрөв дэх туршилтаа хийх гэж байгаа, баллистик пуу­жин хөөргөх тухай мэдээл­лүүд гарч эхэлсэн юм.

6. Украины эсэргүүцэл

Арваннэгдүгээр сард Вил­нюст болсон “Зүүний түншлэл”-ийн дээд хэм­жээ­ний уулзалтаар Киев ийш тийш хөлбөрдөг тог­лоомоо зог­соож, Европын хол­боо­ны зөвшилцөлд гарын үсэг зурж, Европын зүг ха­раагаа хандуулах ёстой байв. Гэтэл удаан хүлээсэн энэ­хүү үйл явдлыг Украины сайд нарын танхимынхан зогсоож, Орос­той худалдаа, эдийн засгийн харилцаагаа сэргээх болсноо зарлажээ. Үүнээс гадна Киев ОХУ-Украин-Европын холбоо гэсэн гурван талт хэлэлцээр явуу­лах санал гаргасан ч Брюссель үүнийг хүлээн зөв­шөөрөөгүй юм.

Гэтэл арваннэгдүгээр сарын 21-нээс Украинд зас­­гийн­­хаа шийдвэрийг эсэргүү­­цэгсэд жагсаал цуглаан хийж эхэлсэн. Энэ үеэр жаг­сагчид цагдаагийнхантай мөр­гөлдсөн. Өдгөө Европын талыг баримтлагчид Ерөн­хийлөгч, парламентыг огц­руулж, сонгуулийг яаралтай явуулахыг шаардаж эхэл­жээ.

7. Сноудены тагнуулын хэрэг

2013 оны зун Эдвард Сноуден Америкийн нууц задлагч гол дүрийн хүн болон хувирсан юм. Үндэс­ний аюулгүй байдлын агент­­­­ла­гийн залуу ажилтан тэрбээр улс орноосоо дүр­вэж, Америкийн тусгай алба­ны үйл ажиллагааг дэл­хий нийтэд дэлгэсэн. Тухайл­­­бал “PRISM” програм­­­мын тусламжтайгаар “Google”, “Facebook”-ийн хэрэглэгч­дийн мэдээлэл, утсаар ярих яриаг цуглуулдаг аж.

АНУ-ын засаг захиргаа Сноуденыг гурван зүйл ан­гиар буруутгасан. Уг зүйл анги бүр нь 10 жилийн хо­рих ялтай гэнэ. Тиймээс Эд­вард Сноуден Хонконг руу зугтаж, зургаадугаар сарын 23-нд Москва руу ниссэн байна. Түүний аяллын гол зорилго нь Куба, Эквадор байв. Латин Америкийн ор­нууд Сноуденд улстөрийн орог­нол олгоход бэлэн бай­сан ч тэр эдгээр орон руу нисч чадаагүй. Сноуден Мос­к­вагийн “Шереметьево” ни­сэх онгоцны буудалд 38 хо­­­­­нос­ны эцэст наймдугаар са­рын 1-нээс Оросын хилийг давж, нэг жил амьдрах эрх ав­сан.

8. Нельсон Манделагийн үхэл

2013 онд тохиосон хам­гийн таагүй үйл явдлын нэгд дэлхийн хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч, ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Нельсон Манделагийн таа­лал төгссөн нь бичигдэнэ. Тэ­рээр энэ сарын 5-нд 95 на­­сан­­даа Йоханнесбург дэх гэртээ нас нөгчсөн юм. Нельсон Мандела нь ӨАБНУ-ын анхны хар арьст Ерөн­хийлөгч байсан бөгөөд 1994 оны тавдугаар сараас 1999 оны зургаадугаар сар хүр­тэл улс орноо удирдсан. Апар­теидын дэглэмийн эсрэг идэвхтэй үйл ажиллагаа явуулсныхаа төлөө тэрээр 27 жилийг шоронд өнгөрөөсөн билээ. 1993 онд Нельсон Мандела Нобелийн энх тайвны шагнал хүртсэн.

Уушгины халдварт өвч­ний улмаас өнгөрсөн зунаас хойш эмнэлэгт хэвтсэн тэр­бээр есдүгээр сарын 1-нд гэртээ гарсан ч ярьж чадах­гүй байсан гэдэг.

Э.Мөнхзаяа

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …