Эх дам тамхилалтад өртөснөөр “үр хөвөрлийн өсөлт зогсч, хүүхэд амьгүй төрдөг”

altТамхины хяналтын тухай хууль, тамхины хор хөнөөлийн асуудлаар Анагаах ухааны доктор (PhD) Г.Цэцэгдарьтай ярилцлаа.

-Дам тамхидалтын талаарх тодорхой мэдээлэл өгнө үү?

– Дам тамхидалт нь хүний амь насанд аюултай зүрхний өвчин, уушги, ходоод болон хамар хоолойн хорт хавдар зэрэг 40 гаруй өвчний шалтгаан болж байна. Тамхины утаа нь гэр, ажлын байр зэрэг орчны агаарыг бохирдуулагч гол хүчин зүйл юм. Тамхины утаатай өрөөнд нэг цаг байхад 15 ширхэг тамхи татсантай тэнцэх хэмжээний хорт бодисоор амьсгалдаг байна.  АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлаг нь дам тамхидалтаар хүний биед шингэж байгаа бодисыг “А ангиллын” хорт хавдар үүсгэх бодис гэж үздэг байна. Иймээс тамхи татдаг хүмүүст тохиолддог олон өвчнөөр дам тамхилагчид мөн адил өвчилдөг.

 Жирэмсэн, тамхи татдаггүй эмэгтэйчүүд дам тамхидалтад өртсөний улмаас үр хөврөлийн өсөлт нь зогсож, амьгүй төрөх, жин багатай, амьдрах чадвар муутай, сул дорой хүүхэд төрөх нь элбэг байдаг байна. Хүүхэд, багачуудын хувьд нөхцөл байдал бүр ч ноцтой, амьсгалын замын өвчин, дунд чихний үрэвсэл, уушгины багтраа өвчнөөр өвчлөх төдийгүй нярай хүүхдийн гэнэтийн үхлийн шалтгаан болдогийг судлаачид тогтоосон байна. Ийнхүү дам тамхидалтын нөлөөгөөр олон зуун мянган эрүүл хүн, бага насны хүүхэд, өсвөр үеийнхэн, эмэгтэйчүүд өвчин эмгэгт өртөмхий болж үндэсний эрүүл мэнд, эдийн засаг, нөхөн үржихүйн үзүүлэлтүүдэд ихээхэн хор уршиг учруулж байна.

-Тамхины хяналтын суурь конвенцид манай орон нэгдэн орсон байдаг. Хүлээх үүрэг нь юу байдаг юм бол? 

– ДЭМБ-ын санаачлагаар Тамхины хяналтын суурь конвенц(ТХСК)-ийг боловсруулсныг 2003 оны Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 56 дугаар чуулганаар тус байгууллагын гишүүн 192 орон санал нэгтэй баталсан бөгөөд одоо дэлхийн 176 улс орон энэхүү конвенцид нэгдэн ороод байна. ТХСК нь тамхидах “тахлын” эрүүл мэнд, нийгэм, байгаль орчин, эдийн засгийн сөрөг үр дагавраас одоо ба хойч үеийнхнийг хамгаалах зорилготой гарсан анхны нийгмийн эрүүл мэндийн олон улсын эрх зүйн баримт болсон байдаг. Энэхүү конвенцид тамхины хэрэглээг бууруулах үр дүнтэй арга хэмжээнүүдийг тодорхойлсон нь улс орнуудад тамхины хяналтын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх ач холбогдолтой болсон.

 Энэхүү конвенцид Монгол улсын Засгийн газар 2003 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гарын үсэг зурж, Улсын Их Хурал 2003 оны 10 дугаар сарын 24-ны өдөр соёрхон баталсаныг 2004 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр НҮБ, түүний ДЭМБ албан ёсоор бүртгэж олон улсын хэмжээнд баталгаажуулсан. Ийнхүү “Тамхины хяналтын суурь конвенци”-д нэгдэн орсон нь тамхины хяналтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд ахиц дэвшил гаргах нэг нөхцөл бүрдсэн юм. Монгол улсын Засгийн газраас тамхины хяналтыг сайжруулах зорилгоор эн тэргүүнд хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох арга хэмжээ авч байна. “Тамхины хяналтын суурь конвенц”- ийн ерөнхий зарчим, арга хэмжээнүүдийг дотоодынхоо нөхцөл байдалтай уялдуулан “Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хууль”-ийг шинэчлэн найруулж “Тамхины хяналтын тухай хууль”-ийг 2005 онд, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 2012 онд УИХ-аар батлуулан хэрэгжүүлж байна.

-Тамхины хэрэглээ, түүний сөрөг үр дагавар манай оронд ямар байна вэ?

– 2013 онд явуулсан Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаагаар нийт хүн амын 27.1 хувь, үүнээс эрэгтэйчүүдийн 49.1 хувь, эмэгтэйчүүдийн 5,3 хувь тамхи татдаг. Хоёр хүн тутмын нэг нь (42.9%) гэрийн дотоод орчинд, гурван хүн тутмын нэг нь (35.6% ) ажлын байрандаа дам тамхидалтад өртөж байгаа нь 2005, 2009 оны судалгааны дүнтэй харьцуулахад онцын өөрчлөлтгүй байна. Манай улсад мөн тамхинаас үүдэлтэй өвчин эмгэг хүн амын өвчлөл, нас баралтын үндсэн шалтгаан болж, сүүлийн 10 жилд зүрх судасны эмгэгээр нас барах явдал 2 дахин нэмэгдэж, нас барж байгаа 3 хүн тутмын нэг нь зүрх судасны эмгэг, 5 хүн тутмын нэг нь хавдрын улмаас эндэх болсон. Уушгины хорт хавдрын 90-95 хувь, уушгины архаг өвчнүүдийн 80-85 хувь, зүрхний шигдээс болон тархины харвалтын шалтгаант нас баралтын 20-25 хувь нь тамхитай холбоотой.

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилжээ. Төслийн 1-р зүйлд тамхи татах зөвшөөрөгдсөн цэг, түүнд тавигдах шаардлага, 2,3-р зүйлд нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар, аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны тамхи татах зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт тамхи татахыг хориглохоор тусгасан байна. Энэ талаар таны бодол?

 – ДЭМБ-ын ТХСК (Тамхины Хяналтын Суурь Конвенци)-ийн 8-р зүйлд олон нийтийг тамхины утаанд өртөж, хордохоос үр дүнтэй хамгаалах талаар заасан нь хүний үндсэн эрх, эрх чөлөөн дээр үндэслэгдсэн заалт юм. Тамхины утаагаар амьсгалах нь аюултай учраас тамхины утаанаас хамгаалах үүрэг, хариуцлага байх тухай олон улсын хууль, эрх зүйн олон баримт бичиг (Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үндсэн хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах конвенци, Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах конвенци, Эдийн засаг, нийгэм болон соёлын эрхийн тухай тунхаглал)-т хүлээн зөвшөөрөгдсөн байдаг бөгөөд энэ талаар ДЭМБ-ын ТХСК-ийн удиртгал хэсэгт албан ёсоор тусгагдаж, мөн олон үндэстний үндсэн хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Манай улсын үндсэн хуульд ч бас Монгол улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй болохыг бататган тунхагласан байдаг. Иймээс Тамхины хяналтын тухай хуулиар тамхины худалдаа, үйлчилгээ, хэрэглээг хязгаарласан зохицуулалт нь дээр дурьдсан олон улсын болон үндэсний хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байгаа болно.

 100 хувь тамхигүй орчин бүрдүүлэх хууль нь тамхичин хүний эрхийг зөрчиж байна гэсэн ташаа ойлголт байдаг. Гэвч тамхигүй орчин бүрдүүлэх хууль нь тамхи татаж болох газруудыг хязгаарлаж байгаа болохоос биш тамхи ерөөсөө татаж болохгүй гэж заагаагүй юм. Иймээс тамхичид бусдыг дам тамхидалтаар хордуулах эрхгүйгээ мэддэг байх ёстой. Түүнчлэн тамхи татах нь хэрэглэгчдийн сонголт хийх эрх чөлөөний хэрэг гэсэн ташаа ойлголт ч байдаг. Үнэндээ тийм биш гэх хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, олонхи тамхичид өөрт учрах эрсдлийн талаар мэддэггүй буюу түүнийг дутуу үнэлэх, өөрт нь хамааралгүй мэтээр төсөөлдөг. Хоёрдугаарт, ихэнх тамхичид ухамсартай сонголт хийж чаддаггүй. Тэд хүүхэд өсвөр насандаа тамхи татаж эхэлдэг. Яваандаа тамхинаас гарахыг оролдсон ч ихэнх нь аль хэдийнээ тамхины хамааралтай болсон байдаг. Гуравдугаарт, тамхидалт нь тамхи татдаггүй хүсмүүст бас сөргөөр нөлөөлдөг. Иймд тамхиа татах талаархи сонголт хийх эрх чөлөө нь бусад өргөн хэрэглээний барааг худалдаж авах сонголтоос эрс ялгаатай юм.

 2007 онд ТХСК-д Оролцогч талуудын II бага хурлаар хэлцэгдсэн батлагдсан “тамхины утаанд өртөхөөс хамгаалах тухай ТХСК-ийн 8 дугаар зүйлийг хэрэгжүүлэх удирдамж”-д ТХСК-д оролцогч талууд …бүх олон нийтийн газарт дам тамхины утаанд өртөхөөс олон нийтийг хамгаалах үүрэгтэй, …эрүүл мэндийн болон хууль зүйн үндэслэлээр аль нэг газрыг орхигдуулж болохгүй бөгөөд аль болох богино хугацаанд орхигдуулсан газруудыг хамруулан олон нийтийг дам тамхины утаанд өртөхөөс бүрэн хамгаалах арга хэмжээг авах үүрэгтэй гэж заасан юм. Энэ үүргээ манай улс ТХСК-д оролцогч талын хувьд хэрэгжүүлж 2005 онд батлагдсан “Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хууль”-д байсан зорчигч тээврийн буудал, зочид буудлын нийтийн үйлчилгээний танхим, нийтийн хоол, худалдаа, үзвэр, үйлчилгээ, баар, цэнгээний газар, байгууллага, аж ахуй нэгжийн албан байранд тамхи татах тусгай цэг байгуулж болох тухай заалтыг өөрчлөн УИХ-д 2010 онд өргөн мэдүүлж, 2012 онд батлагдсан “Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-д тамхи татах цэг байгуулахаас татгалзаж 100 хувь тамхигүй орчин бий болгох талаар тусгасан нь манай улс ТХСК-оор хүлээсэн олон нийтийг тамхины утаанд өртөж хордохоос үр дүнтэй хамгаалах гэсэн үүргээ биелүүлж байгаа юм. Хэрэв тамхи татах зөвшөөрөгдсөн цэг байгуулах талаар хууль гарвал ТХСК-д 2004 онд нэгдэн орсон манай орны хувьд хүлээсэн үүргээ зөрчсөн хэрэг болох юм.

-Хуулийн төслийн 4-р зүйлд ЕБС-ийн хичээлийн болон дотуур байрнаас 100 метрийн дотор тамхи худалдахыг хориглохоор өөрчлөн тусгасан байна.

– Манай улсад архи, тамхи зэрэг бүтээгдэхүүн хоол, хүнсний зүйл олохоос илүүтэйгээр амар хялбар олдож, хүртээмж ихтэй байгаагаас болж хэрэглээ бодитой буурахгүй байна. 2007 онд залуучуудын дунд явуулсан тамхины судалгаагаар ЕБС-ийн сурагчдын тамхи худалдан авах боломж, хүртээмжийн байдлыг судлахад 8% ихэвчлэн гэртээ тамхи татдаг, 79% дэлгүүрээс тамхи худалдан авдаг, 80.9% тэдний насыг харгалзахгүйгээр тамхи чөлөөтэй худалдаалдаг гэжээ. Харин сумын төвд дэлгүүр, сургууль 500 метрээс ойрхон байгаа тохиолдолд хууль хяналтын байгууллага төдийгүй бизнес эрхлэгчид, сургуулийн захиргаа, эцэг эх, сурагчид олон нийтийн хяналтыг сайжруулбал хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж чадна. Ер нь, тамхийг үл тэвчих нийгмийн уур амьсгал бий болгож, тамхины хүртээмжийг хязгаарласан орчин бүрдүүлэх нь тамхины хэрэглээг ялангуяа хүүхэд, залуучуудын дунд бууруулах ач холбогдолтой юм.

-Тамхины хяналтын тухай хуулийн 8.4 дэх заалтын “Нийгмийн хариуцлага гэдэг нэрийн дор” гэснийг хасч тамхи, тамхин бүтээгдэхүүнийг худалдах эсвэл тамхийг шууд, шууд бусаар хэрэглэх явдлыг урамшуулах зорилгоор гэж өөрчлөхөөр тусгасан байна. Энэ талаар 

– Тамхины үйлдвэр /үйлдвэрлэгч, ипортлогч, борлуулагч/-ийн зүгээс эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжийн чиглэлээр байгууллага, иргэдийг дэмжих үйл ажиллагааны мөн чанар нь бүтээгдэхүүнээ сурталчлах, олонд танигдаж ашиг, орлого нэмэгдүүлэх ганцхан зорилгыг агуулдаг болох нь олон судалгаагаар нотлогдсон зүйл юм. ДЭМБ-аас гаргасан “Тамхигүй спорт” номонд тамхины үйлдвэрийн мөн чанарыг тодорхой харуулсан байдаг. Тухайлбал:

 • Тамхины компаниуд спортын үйл явдалд зарцуулж буй нэг ам.доллар бүрийн цаана хичнээн тамхичныг өөртөө татаж чадах вэ гэдгээ маш сайн тооцоолсон байдаг.

 • Тамхины зар сурталчилгаа нь тамхи татдаггүй хүмүүсийг тамхинд оруулах, харин тамхинаас гарах гэж буй хүмүүсийг болиулж чаддаг.

 • Тамхины зар сурталчилгаа нь хүүхдүүдийг тамхинд оруулж, тамхидалтыг нийгмээрээ хэвийн үзэгдэл мэт хүлээн зөвшөөрөхөд хүргэдэг.

 • Тамхины компаниуд спортын уралдаан тэмцээнийг ивээн тэтгэснээрээ хууль дүрэм зөрчиж байгаагаа халхалдаг.

 Манай улсад 2007 онд явуулсан Дэлхийн залуучуудын тамхины судалгаагаар ЕБС-ийн сурагчдын зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэлэгт өртсөн байдлыг судлахад 58.9% сүүлийн 30 хоногт зар сурталчилгааны самбар дээр тамхины сурталчилгаа харсан, 40.8% сүүлийн 30 хоногт сонин хэвлэлээс тамхины сурталчилгаа харсан, 9.9% тамхины брэнд лого бүхий эд зүйлтэй, 11.2% тамхины компаниас тамхи үнэгүй авахыг санал болгож байсан байжээ. Тиймээс архи, тамхи зэрэг хүний эрүүл мэнд, нийгмийн амьдралд хор хөнөөл сөрөг үр дагавар бий болгодог бүтээгдэхүүний үйлдвэрүүд “нийгмийн хариуцлага” нэрийн дор элдэв хандив тусламж өгөх, дэмжлэг үзүүлэх, ивээн тэтгэх үйл ажиллагааг явуулахыг бүрэн хориглохыг ТХСК-д зааж хуульчилсан байдаг. Харин тэдгээр үйлдвэрүүд онцгой болон бусад албан татвараа цаг хугацаанд нь нуун дарагдуулалгүй улсад төлдөг байхыг шаарддаг. Улс энэ татвараас нь тодорхой хувийг эрүүл мэнд, нийгмийн хамгааллын арга хэмжээнд зарцуулдаг жишиг дэлхийн олон оронд бий болоод байгаагийн нэг нь Монгол улс юм. Мөн манай улс 2007 онд тамхины онцгой албан татварын 2 хувийг хуримтлуулан, Эрүүл мэндийг дэмжих сан байгуулсан. Мөн 2011 оноос эхлэн согтууруулах ундааны онцгой албан татварын 2 хувийг Эрүүл мэндийг дэмжих сан болон Архидан согтууруулахтай тэмцэх санд төвлөрүүлж, нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөр, стратегийн хэрэгжилт, эрүүл мэндийн хүний нөөцийн хөгжил, архи, тамхины хяналт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулж байна.

-Хуулийн төсөлд баар, цэнгээний газарт тамхи худалдахыг хориглосон заалтыг хүчингүй болгох тухай тусгасан байна. Энэ нь хэр оновчтой юм бол?

– Баар, цэнгээний газар чинь бас л олон нийтийн газар шүү дээ. Тэнд хэн нэг нь тамхи татвал хажууд байгаа үйлчлүүлэгч төдийгүй тэнд ажиллаж байгаа бармен, бусад ажилчид бас дам тамхины утаагаар хордох болно. 2010 онд ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, АНУ-ын Жон Хопкинсын Нийгмийн эрүүл мэндийн сургуультай хамтран Улаанбаатар хотын 10 баар, цэнгээний газрын 50 ажиллагсдын дам тамхидалтад өртөх байдлыг тодорхойлсон судалгаа явуулж баар, цэнгээний газрын агаар, ажиллагсдын үсэнд никотины хэмжээг тодорхойлж, АНУ-ын Жон Хопкинсын Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн лабораторт шинжлүүлсэн байна. Энэхүү судалгаагаар Монгол улсын зарим баар, цэнгээний газрын агаар дахь никотины дундаж агууламж 14.8 мg/м3 байгаа нь Ази, Африк, Америк болон Европын зарим оронд хийсэн судалгаатай харьцуулахад 2-3 дахин их байгаа төдийгүй  баар, цэнгээний газрын тамхи татдаггүй ажилчдын үсэн дэх никотины агууламж 3.6 мg/мг байгаа нь бусад оронтой харьцуулахад 30-60 хувиар их байгааг тогтоожээ. Иймээс баар, цэнгээний газарт тамхи худалдахыг хориглох нь чухал юм.

Түүнчлэн тамхигүй орчин бүрдүүлэх хууль нь кафе, баар, рестораны үйлчлүүлэгчийн тоог цөөрүүлж, орлогыг бууруулна гэсэн ташаа ойлголт байдаг. Гэтэл бусад орны туршлага, мэдээллээс харахад эсрэгээрээ үйлчлүүлэгчдийнхээ тоог нэмэгдүүлж, ашиг орлогоо сайжруулдаг болох нь батлагдсан байна. Мөн үйлчлүүлэгчид төдийгүй тэнд ажиллагсдын эрүүл мэндэд асар их хувь нэмэр болж байгаа юм.

-Тамхины хэрэглээг хүн ам, хүүхэд залуучуудын дунд бодитой бууруулахын тулд юу хийвэл зохих вэ?

– Цаашид тамхины татварыг жижиглэн худалдааны үнийг 70-аас доошгүй хувь хүртэл нэмэгдүүлэх, ажлын байр, олон нийтийн үйлчилгээний газруудад тамхигүй орчин бүрдүүлэх, тамхины зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэх үйл ажллагааг бүрэн хориглох, тамхинаас гаргах эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, насанд хүрээгүй хүүхдэд тамхи худалдахгүй байх хуулийн хэрэгжилтийг хангахад онцгой анхаарах шаардлагатай байна. Тамхийг дамлаж зардаг, тамхи татдаг нууц өрөө бий болгох зэргээр хууль зөрчих явдал гарч байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт хангалтгүй байгаатай холбоотой юм. Шинэ зүйл хэвшихэд хугацаа шаардлагатай байх нь мэдээж. Иймээс улс төрчдийн зүгээс нэгэнт баталсан хуулиа тууштай хэрэгжүүлэх талаар сурталчилах, хэрэгжилтэд нь дэмжлэг үзүүлэх, хууль хяналтын байгууллагууд болон аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчид, иргэд, олон нийтийн зүгээс хуулийн хэрэгжилтийг хангахын төлөө хамтран ажиллах нь чухал байна. ЭМЯ

– Ярилцсанд баярлалаа.

index

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …