Хагас зуун жилийн өмнө дэлхийн эдийн засаг олон тооны материал, түүхий эдээс шалтгаалдаг байв. Тухайлбал мод, шавар, төмөр, зэс, алт, мөнгө болон хуванцруудын төрлөөс бүх зүйл хамаардаг байсан гэхэд болно.
Харин одоо бүх зүйл өөрчлөгджээ. Гибрид дамжуулагчтай авто машинаас айфон гар утас, шингэн талст дэлгэцтэй зурагт гээд технологийн шинэ дэвшлүүд гарч ирж, янз бүрийн металл, хайлш хэрэглэхээс өөр аргагүй болсон аж.
Энгийн компьютерийн чип л гэхэд 60 орчим төрлийн элементээс бүрддэг. Жишээлбэл европий, диспозий зэрэг ажиллагааг нь улам сайжруулахад зайлшгүй хэрэгтэй металлууд бий.
Эндээс хэд хэдэн асуудал урган гарч ирнэ. Хэрвээ эдгээр үнэт металл дуусчихвал яах вэ. Бас ховор металл олборлогч бүсүүдэд иргэний дайн дэгдэх, эсвэл Хятад улс стронцийн нөөцөө хувийн хэрэгцээндээ хадгалж үлдвэл юу болох вэ. Бид үүнийг орлох түүхий эд гаргаж авч чадах уу. Орчин үеийн эдийн засаг эдгээр ховор металлаас хэрхэн хамаарч байна вэ.
Эдгээр асуудалд хариулт авахын тулд АНУ-ын Шинжлэх ухааны үндэсний академиас орчин үеийн үйлдвэрлэлд өргөн хэрэглэж буй 62 материалд дүн шинжилгээ хийж, түүнийг орлох бүтээгдэхүүн байгаа эсэхийг судалж үзжээ.
Мэргэжилтнүүдийн тогтоосноор дор хаяж хэдэн арван материалыг орлох зүйл байгаагүй төдийгүй 62 материалыг төгс орлох нэг ч түүхий эд гараагүй байна. Өөрөөр хэлбэл эдгээр материал хомсдох нь аж үйлдвэрийн салбарт томоохон асуудал үүсгэж болзошгүй гэсэн үг.
Хүснэгтэд юугаар ч орлуулж болохгүй элементүүдийг тод өнгөөр тэмдэглэжээ. Үүнд марганец, магни, иттрий, родий, рений, таллий, лантан, европий, диспрозий, тулий, иттербий зэрэг орно.
100 баллын системээр орлуулах боломжтой эсэхийг заасан энэхүү хүснэгтийн 0** гэсэн заалт нь төгс орлуулах бүтээгдэхүүн байна гэсэн үг. Харин 100** гэсэн балл нь ямар ч арга хэрэглээд орлуулах түүхий эд олдохгүйг илтгэнэ.
Элементүүдийн орлуулах түвшинг тодорхойлохын тулд Йелийн их сургуулийн мэргэжилтнүүд эхлээд 62 металлын хэрэглэх хүрээг нь тодорхойлж, яг ямар зорилгоор хэрэглэдгийг гаргажээ. Дараа нь тэдгээрийн орлуулах түүхий эд байгаа эсэхийг тогтоосон байна.
1970-аад онд Каирт иргэний дайн дэгдсэнээс болж дэлхий дахинаа кобальт дутагдсан. Тиймээс “General Motors”-ын мэргэжилтнүүд түүнийг орлох магнитыг боловсруулсан байдаг. Түүнчлэн дэлхийн палладийн 54 хувийг хорт хаягдал хянах катализаторт ашигладаг. Онцгой тохиолдолд энэ элементийг цагаан алтаар орлуулж болдог байна. Мөн дэлхийн титаны 88 орчим хувийг будаг, хуванцар, цаасанд цагаан өнгө оруулах зорилгоор ашигладаг. Энэ элемент байхгүй үед тальк ашиглаж болно.
Гэвч зарим элементэд орлуулах бүтээгдэхүүн олох боломжгүй. Жишээлбэл авто машины яндангийн азотын ислийн агууламжийг хянадаг катализаторт родий хэмээх элемент ашигладаг. Үүнийг орлох түүхий эд үгүй. Түүнчлэн ган үйлдвэрлэлд хэрэглэдэг марганецийг орлох зүйл хаана ч үгүй.
Эдгээрээс гадна дэлхийн нэг ч орон өөрт хэрэгцээтэй ашигт малтмалын хангалттай нөөцтэй байж чаддаггүй. Цагаан алт гэхэд Орос, Өмнөд Африк л байдаг бол зэсийг Чили, АНУ-аас, стронцийг Хятад, Испаниас л олборлодог байх жишээтэй. Өнөөдөр ховор металлаар хамгийн баян орны тоонд Хятад улс ордог.
Тиймээс орчин үеийн технологи, тэр тусмаа эдийн засаг тив бүрээс олборлож буй нөөцөөс шалтгаалдаг ажээ. Тэгэхээр өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нэг ч орон энэ салбартаа бүрэн биеэ даасан гэж хэлэх боломжгүй юм.