Битүүний өдөр Монгол Улсын ардын уран зохиолч цол хүртсэн Шагдарын Дулмаатай ярилцлаа.
-Морин жилийн босгон дээр Ардын уран зохиолч хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртлээ. Танаас илүү ард түмэн их баярлаж байх шиг байна?
-Ард түмэн уншигч олон минь л баярлаж байвал дээдийн буян тэр шүү дээ. Түүнээс илүү том баяр гэж надад юу байх билээ. Идэр залуу наснаасаа би ард түмний хүн болсон. Үүнийг өршөөлт ижий аав минь хэлдэг байсан даа. Төрсөн аав минь Зана гэж хүн оточ маарамба, номтой мэргэн хүн байлаа. Аавын үлдээсэн баринтагласан судар манай үр удмыг үеийн үед дааж явна даа. Ээж минь Мажигсүрэн гэж сайхан бүсгүй байлаа. Ижийгийн минь төрх, гоо үзэсгэлэн надаар дамжиж үр хүүхдүүдэд минь хүрлээ. Би чинь Уранчимэг, Саранчимэг гэж хоёр охинтой. Саранчимэгийн охин Сарнай гэж мисс, миний зээ байна. Саяхан “Азийн од модель” гэсэн шагналыг аваад эх орондоо ирлээ. Ингээд бодохоор төрүүлсэн ижий аав хоёр минь яалт ч үгүй хүний дээд байдаг юм байна. Үүнийг 80 настай би ухаарч байна.
-Та бол Баянгийн унаган хүүхэд санагдана?
-Хуучнаар Төв аймгийн Авдарбаян сумын хүн. Авдарбаян маш өргөн газар нутагтай том сум байлаа. Газар нутаг нь одоогийн Баян, Сэргэлэн, Баянцагаан гэсэн гурван суманд харьяалагддаг. Би Баянгийнх гэж явдаг, бас Сэргэлэнгийнх ч гэдэг. Яг төрсөн газар маань Сэргэлэн юм. Манайх Цээл шар бүрдний хойд талаар нутаглаж, Сэргэлэнгийн гол овооны урд талд Урт худаг гэдэг газар зусч байхад би төрсөн юм билээ. Харин аав ээжийн ах дүү нар бүгд Баян сумынх.
-Түрүүнд төрсөн ижий аавынхаа тухай цухас дурдаад авсан. Одоо өргөж авсан ижий аав буюу өөрөөр нь овоглосон аавынхаа тухай дурсахгүй юу?
-Шагдар гэж өргөж авсан ачит эцгийгээ би ёстой л амьд бурхан гэж боддог. Өчүүхэн намайг хүний зэрэгтэй болгосон буянтан шүү дээ. Аавынхаа өвөрт очоод, тэр хүний манай Хулангийн хэлснээр хазайлгаж болохгүй титэм шиг нэрээр нь овоглоод би гэдэг хүн өдий зэрэгт хүрлээ. Өнөөдөр Ардын уран зохиолч хэмээх алдрыг хүртээд байж байна. Энэ бол өргөж өсгөсөн авсан ачит эцгийн минь буян юм. Манай аав бичиг үсэг мэдэхгүй ч гүйх ухаан сайтай хүн байсан. Амьдралын хар ухаанд нэвчсэн, цэцэн цэлмэг гэж жигтэйхэн “эрдэнэ хадгалсан авдар” гэмээр өвгөд хөдөө нутагт байдаг даа. Тийм л хүмүүсийн нэг байв.
-Та ингэхэд яагаад үрчлэгдэхээр болсон юм бол оо?
-Тун айхавтар юм болжээ. Би чинь долдугаар сарын нэгэнд халуун зунаар төрсөн хүүхэд. Намайг гаргачихаад ээжийн хойдох нь цөглөгддөггүй. Үндсэндээ эхэс нь гарахгүй гурав хоночихгүй юу. Тэр халуунд аюултай юм болно биз дээ. Бариач авчраад илүүлж, тойлуулаад нэмэр болсонгүй гэнэ. Гурав дахь хоногийн өглөө аав минь Шагдар гэж мал хуйгаа харуулдаг хүнийг дуудаад “Энэ хүүхдийг танайх авбал ав. Гэртээ оруулбал эхийнхээ толгойг залгичих гээд байна” хэмээн сандрангуй өгүүлжээ. Төрсөн эцэг минь бурхан шашны хүн байсан болохоор нэг юм мэдэж л дээ. Ингэж улаан нялзрай амьтан гэрийн гадаах сүйх тэрэгний мухлагт гурав хоноод айлд өргүүлсэн байгаа юм.
-Эхийнхээ ангир уургийг амласан болов уу?
-Ээж минь үхэх сэхэхийн дэнсэн дээр байхад би гэдэг амьтан ангир уургаа яаж амлах вэ. Үнээний сүүг хөвөнд дүрээд амлуулж байсан гэдэг. Тэгээд хүнд өргүүлээд угжны хурга гэдэг шиг угжны хүүхэд болохгүй юу.
-Өргөж авсан аав ээж тань юу ч бодолгүй авчихсан хэрэг үү?
-Аав ээж хоёр маань өргөж авахдаа бас их сандарцгаасан гэдэг. Авч болох эсэхээ мэдэхгүй. Тэгээд нутгийнхаа тамгатай хутагт дээр аав минь хөтөлгөө морьтой, морь сэлгэж давхисаар очсон байгаа юм.
-Тэд хүүхэдтэй байсан уу?
-Хүүхэдгүй байсан. Хэд хэдэн хүүхэд төрөөд халуун хижиг өвчнөөр алдчихсан юм билээ. Аав хутагтаас “Хөгшин бид хоёр голомт залгах хүү өргөж авъя гэж бодож байтал нутгийн нэг айл охин үрээ өгье гээд байх юм. Авах уу, яах вэ” гэж асууж. Хутагт шоогоо гурав хаячихаад “Наад охин үр чинь ямар ч бүстэй хүүхдээс илүү хүн болох юм байна. Нэг л ер бусын хүн буугаад байна… үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!