Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдоржтой ярилцлаа.
-Монгол Улсад бүтээн байгуулалтын улирал эхлэхээр гадаадаас маш олон ажиллах хүчин ирдэг. Зун болохоор бүтээн байгуулалт явагдаж байгаа газар Хятад хороолол шиг болчихлоо, үндэсний оюулгүй байдалд нөлөөлөх нь гэсэн шүүмжлэл гардаг. Одоогоор манай улсад гадаадын хэдэн иргэн байна вэ?
-Өнөөдрийн байдлаар нэг сараас дээш хугацаагаар Монгол Улсад оршин сууж ажиллаж, амьдрах нийт 120 орчим орны 24 мянга 400 орчим гадаадын иргэн байна. Эдгээрийн найман мянга орчим нь гадаадын иргэн байна. Ид ачаалалтай үед гадаадын ажиллах хүчний тоо 48 мянгад хүрдэг. Дөрөв, тавдугаар сард гадаадаас ирэх иргэдийн тоо эрс нэмэгдэхээр төмөр замын вокзал, онгоцны буудал дээр хэдэн зуун хятад иргэн зогсож байна гээд шуурдаг. Ингэх нь буруу зүйл биш. Гэхдээ манай газраас үндэсний аюулгүй байдалд харшлахгүйгээр асуудлыг шийдэж байгаа.
Өөрөөр хэлбэл нэг улсын иргэн манай улсын иргэдийн нэг хувиас олонгүй байх ёстой гэсэн зарчмыг баримтлан ажиллаж байгаа. Жишээ нь Монгол Улс 2.9 сая иргэнтэй. Тэгвэл БНХАУ-аас 29 мянган ажиллах хүч оруулаад ирвэл Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нь гэж ярих нь зөв. Бодит байдал дээр энэ тоонд хүрсэн зүйл байхгүй.
-Гадаадаас ажиллах хүч авч байгаа компаниудын квотыг хэрхэн тогтоодог вэ?
-Барилгын салбарт 25 хувь, газрын тосны салбарт 75 хувийн квот өгч байгаа. Тодруулбал 100 ажилтантай барилгын компани гэхэд 25 нь гадаад улсын иргэн байж болно гэсэн үг. Газрын тосны салбарт яагаад ийм өндөр байна вэ гэхээр энэ салбарт ажиллах монгол мэргэжилтэн дутмаг учраас ийм байдлаар зохион байгуулж байна.
-Оргил үедээ 48 мянгад хүрдэг гадаад ажилчдыг нутаг буцахад нь хэрхэн анхаардаг вэ?
-Нэг сар буюу түүнээс дээш ажиллах хүчний зориулалтаар орж ирдэг бүх гадаадын иргэд манайхаар дамждаг. Манайхаар дамжиж байгаа иргэдээс хууль бусаар үлдээд энд тэнд ажиллаад байгаа юм байхгүй. Ямар хүмүүс үлдэж байна вэ гэхээр манайхаар дамждаггүй. Аялал жуулчлал болон өөр зориулалтаар орж ирсэн нөхдүүд үлдэх магадлал өндөр байдаг.
-Монгол Улсад хууль бусаар оршин суугаа гадаадын иргэд хэр олон байна вэ? Албадан гаргах ажиллагааны талаар?
-Албадан гаргах ажлыг ЦЕГ, ТЕГ болон манай байгууллага хариуцдаг. 2011 онд 700, 2012 онд 1976, 2013 онд 1800 орчим иргэн хууль бусаар оршин сууж албадан гаргах ажлыг зохион байгуулсан. Өнгөрсөн онд өршөөлийн сарын аян зарлаж ажилласнаар 400 орчим иргэнийг гаргасан. 2012 онд гаргасан 1976 хүний 1971-ийг нь манай 7-8 байцаагч гаргасан байдаг.
Эндээс юу харагдаж байна вэ гэхээр манай мөрдөн байцаагчдын тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Гурдамжаар яваад хууль бус оршин суугаа гадаадын иргэдийг шалгадаг, баривчилдаг 30 байцаагчтай болчихвол хууль бус оршин суугчдын тоо буурах юм.
-Өнгөрсөн онд хэдэн монгол хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлсэн бэ?
-2013 онд зургаан хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлсэн байгаа.
-Хүүхэд үрчилж авсан иргэдээс ямар нэгэн асуудал гаргасан зүйл байна уу. Гадаадын иргэнд үрчлүүлсэн хүүхдэд хяналт тавих ажлыг хэрхэн зохион байгуулдаг вэ?
-Одоогоор асуудал гарсан зүйл алга. Гэхдээ гадаадын иргэнд үрчлүүлсэн хүүхдэд манай талаас тухайн оронд сууж байгаа элчин сайдын яам анхаарал халамж тавьж ажиллах ёстой.
-Хилийн боомтын тухай хууль оны өмнөхөн батлагдсан. Энэ хуулийн хүрээнд гарч буй гол өөрчлөлт нь юу байна вэ?
-Уг хууль хэрэгжиж эхэлснээр Хил хамгаалах ерөнхий газрын хилийн шалган нэвтрүүлэх албаны зарим чиг үүрэг манайд шилжиж, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар маань Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болон өөрчлөгдөх юм.
Ингэснээр манайх хилээр орж, гарч байгаа зөвхөн гадаадын иргэдийн асуудлыг хариуцдаг байсан бол дотоодын иргэд, шалган нэвтэрч буй тээврийн хэрэгсэл гээд бүхий л асуудлыг шийдвэрлэх болно.
Холбогдох хууль журмууд бүрэн дүүрэн гарсны дараа хилийн боомт зөвхөн дамжин өнгөрүүлэх бүс биш, эдийн засаг, бизнес хөгжлийн төв болон хөгжих үндэс суурь тавигдана гэж ойлгож болно.
-Монголын иргэд хурууны хээгээрээ улсынхаа хилээр нэвтэрдэг болно гэж байсан. Энэ талаар сонирхуулаач?
-Өөрөөр хэлбэл бүх бичиг баримтаа үзүүлээд тамга даруулж, нэг байцаагч дээр очоод хоёр минутын дотор нэг иргэн нэвтэрдэг байсан бол хурууны хээгээ уншуулаад 15 секундын дотор нэвтрэх боломжтой болно. Замын-Үүд боомт дээр ачаалал ихтэй үед 15 мянган хүн дугаарладаг. Хурууны хээгээр нэвтрүүлдэг болсон тохиолдолд энэ ачааллыг хөнгөвчлөх боломжтой.
Мөн техник технологийн дэвшлийг ашиглан өөр нэг үйлчилгээ нэвтрүүлж байгаа нь онлайн application байгаа.
Энэ программыг ашиглан хоол идэх зуураа гадаадын хамтрагч, найз нөхдөө урих боломж бүрдэж байгаа юм. Манай мэргэжилтнүүд шалгаж үзээд боломжтой гэж үзсэн тохиолдолд визийг нь хаягаар нь хүргүүлэх арга хэмжээг авна.
-Иргэд хурууны хээгээрээ хил нэвтэрдэг болох нөхцөл хэзээ бүрдэх вэ?
-Дөрөвдүгээр сарын 1-нээс энэ нөхцөл бүрдэх болно.
-Иргэд Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрыг чирэгдэл ихтэй үйлчилдэг. Улмаар гадаад худалдааны алдагдалд орох нэг нөхцөл болдог хэмээн их шүүмжилдэг байсан. Энэ асуудлыг шийдсэн үү?
-Иргэд, эрдэмтэн мэргэд, байгууллагынхаа чадварлаг боловсон хүчний оролцоотойгоор хууль, журмын шинэчлэлтийн ажил хийж байна. Мөн техник технологийн дэвшлийг ашиглах байдлаар зарим асуудлуудаа үндсэнд нь шийдсэн.
Манай салбарт мөрдөгдөж буй Гадаадын иргэдийн эрх зүйн тухай, харьяатын тухай хуулиуд маш сайн хууль байдаг. Гэхдээ түүнийг дагаж мөрдөх журам нь олон шат дамжлагатай цаг хугацаа шаардсан зүйл олон байсан.
Тухайлбал Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомт дээр ирсэн ОХУ-ын жолооч виз гаргуулахын тулд хилийн боомтын байцаагчид хүсэлт гаргаад аймгийн ЗДТГ-аар дамжаад нэг мэргэжилтэн нь манайх руу явуулаад хамгийн сүүлд нь би гарын үсэг зурж байж тухайн жолоочийн виз гардаг ийм марзан тогтолцоотой байсан. Буянт-Ухаагийн боомт дээр 14 хоногийн өмнө тухайн компани манай газарт хүсэлтээ гаргадаг гэх мэт даргын гарын үсэггүйгээр ажил урагшилдаггүй дүрэм, журмаар төрийн ажлыг тушдаг байжээ. Энэ мэтээр 86 журам үйлчилж байсныг бид өөрсдийн эрх мэдлийн хүрээнд төв рүү эрх мэдэл татсан 36 журмыг хүчингүй болгосон. Тиймээс төрийн үйлчилгээний түгжрэлийг тодорхой хэмжээгээр бууруулж чадсан.
Одоо бол хил дээр виз олгодог, Буянт-Ухаагийн боомтын асуудлыг өдөрт нь шийддэг болсон. Ингэснээр гадаад худалдаа нэмэгдэх, алдагдал бага гарах нөхцөл бүрдсэн. Дээрээс нь аялал жуулчлалын тоо ч өссөн гэх мэт эдийн засагт чухал нөлөө үзүүлж байгаа. Жишээ нь 2012 онд 8.6 тэрбум төгрөгийн орлого улсын төсөвт төвлөрүүлж байсан бол 2013 онд 10.6 тэрбум төгрөгийн орлого оруулсан байна.
-“Том төрөөс ухаалаг төр рүү” гэдэг мессеж төрийн байгууллагуудад хүчтэй нөлөөлж байна. Танайх энэ тал дээр анхаарлаа хэр хандуулж байна вэ?
-Ер нь бол цөөн чадварлаг боловсон хүчнээр төрийн ажлыг эмхлэх бодлогыг баримтал гэсэн чиг үүргийг Монгол улсын Ерөнхийлөгч шинэчлэлийн Засгийн газарт тавьж байгаа.
Энэ тал дээр манайхыг боловсон хүчний боломжийн бодлоготой гэж хэлэхэд болно. Адилхан чиг үүргийн дөрвөн байгууллага Замын-Үүдийн хилийн боомт дээр ажиллаж байна. Тодруулбал Гаалийн байгууллага 160, Мэргэжлийн хяналтынхан 110, Хилийн цэрэг 90 орчим хүний орон тоотойгоор ажиллаж байхад манай газар 16 хүний орон тоотойгоор хилийн хяналтын ажлаа хийж байгаа.