Энэ онд 16 сумын төв шинэчлэгдэнэ

indexЗасгийн газрын 2014 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Энэ онд 16 сумын төв шинэчлэгдэнэ

Шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө “Сумын төвийн шинэчлэл хөтөлбөр”-ийг 100 хүртэл суманд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр тусгасан. Өнгөрсөн онд Баянхонгор аймгийн 2, Дорноговь аймгийн 1 суманд жишиг сумын төсөл хэрэгжүүлсэн бол энэ онд нэмж 16 аймгийг тус бүр нэг жишиг сумтай болгох шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.

Төвийн айл өрх, албан байгууллагууд нь халуун хүйтэн ус, бохир, дулаанд холбогдсон орчин үеийн тохилог суурин байгуулах “Сумын төвийн шинэчлэл” төслийн ажлын явцын талаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан Засгийн газрын гишүүдэд танилцуулга хийлээ.

Чухам аль сумыг сонгож шинэчлэх талаарх саналыг тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд, аймаг, сумдын Засаг дарга нараас авсан ба БХБЯ-ны зүгээс тавьсан шаардлага, нөхцлүүд хангаж буй 16 сумыг сонгожээ. Сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, цаашдын чиг хандлага, хүн амын тоо, байршлын хувьд бусад сумаас үйлчилгээ хүргэх боломжтой байх, ойрын таван жилд гадаад дотоодын төсөл арга хэмжээ хэрэгжээгүй байх гэсэн үндсэн шаардлагыг БХБЯ-наас тавьжээ. Ингээд энэ онд Архангайн Тариат, Баян-Өлгийн Цэнгэл, Булганы Хутаг-Өндөр, Говь-Алтайн Дэлгэр, Дорнодын Баян-Уул, Дундговийн Өлзийт, Завханы Тосонцэнгэл, Өвөрхангайн Богд, Өмнөговийн Цогт-Овоо, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Сэлэнгийн Цагааннуур, Төв аймгийн Лүн, Увсын Тэс, Ховдын Зэрэг, Хэнтийн Биндэр, Хөвсгөлийн Цэцэрлэг сумдыг шинэчлэхээр тогтлоо. Сумын төвийн шинэчлэлийн зураг төсөл боловсруулах, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний угсралтыг батлагдсан төсөвт багтаан түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр хэрэгжүүлэхийг Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн, Барилга, хот байгуулалтын сайд нарт даалгалаа.

Төсөл хэрэгжүүлж буй сумдад дэд бүтэц бий болгосноор хүн амын хэт бөөгнөрөл, их нүүдэл саарна. Сумын төвийн бүрэн дунд боловсролын сургууль, сум дундын эмнэлэг, соёл, ахуйн үйлчилгээ зэрэг барилга байгууламжийг инженерийн дэд бүтцэд холбосноор иргэдийн ая тухтай амьдрах, орон нутагт тогтвортой суурьших нөхцөл бүрдэнэ. Фермер болон эрчимжсэн аж ахуй, аялал жуулчлал зэрэг үр ашигтай үйлдвэрлэл хөгжүүлж ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх өргөн боломж бий болох юм.

Ойн цэвэрлэгээ” хөтөлбөр баталлаа

Монгол улсын ойн сан бүхий аймгуудад хэрэгжүүлэх “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Ийм хөтөлбөр хэрэгжүүлэхийг УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 04 тоот тогтоолоор Засгийн газарт даалгасан юм.

Өнөөгийн байдлаар ойн сангийн 76 хувийг болц гүйцэж хөгширсөн, ойн түймэр, хөнөөлт шавж, өвчинд удаа дараа нэрвэгдсэн ой эзэлж байна. Үүний зэрэгцээ цэвдэгт хөрс багасч байгаагаас хүчтэй салхинд мод унах үзэгдэл сүүлийн жилүүдэд нэмэгджээ. Сүүлийн 10 жилд манай улсын нутаг дэвсгэрт 1400 гаруй удаагийн ой хээрийн түймэр гарч, 90 тэрбум төгрөгийн экологийн, 2 тэрбум төгрөгийн эд материалын хохирол учирч, түймрийг унтраахад 1,5 тэрбум төгрөгийн шууд зардал гарчээ. Түймрийн ийм аюултай нөхцөл үүсгэдэг гол шалтгааны нэг нь ойн цэвэрлэгээний ажлыг орхигдуулсантай холбоотой. Ойд их хэмжээний хуурай мод хуримтлагдаж, шатах материалын нөөц нэмэгдэх нь түймэр гарах үндэс болдог байна. Түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн ойг цэвэрлээгүйгээс модны таваарлаг чанар муудаж, зөвхөн түлшний хэрэгцээ хангах төдий болж байгаа нь үндэсний баялаг болсон ойн эдийн засгийн ач холбогдлыг ихээр бууруулж байна гэж салбарынхан дүгнэжээ.

Өнөөдөр баталсан “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрийн хүрээнд ойн цэвэрлэгээ хийх шаардлагатай талбайн нарийвчилсан судалгаа хийх, талбай тусгаарлалтын ажилд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгаж гүйцэтгэх, ойн цэвэрлэгээг экосистемд сөрөг нөлөөгүйгээр зохион байгуулахыг БОНХ-ийн сайдад даалгалаа. Хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, ойн цэвэрлэгээ хийх “Ногоон ажлын байр” бий болгон мэргэжлийн ур чадвар олгохыг Хөдөлмөрийн сайдад үүрэг болгосон байна. Харин цэвэрлэгээгээр бэлтгэсэн модон түүхий эдээр шинэ нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, орчин үеийн технологитой үйлдвэрүүд байгуулах ажлыг Үйлдвэр, хөдөө ахуй, Эдийн засгийн хөгжлийн сайдууд хариуцна. Хөтөлбөр хэрэгжүүлэхэд урьдчилсан байдлаар 15,5 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарсан байна.

Ойн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн, хүчтэй салхи, их цасанд өртөж унасан болон хатсан, мод бэлтгэсэн талбайн үлдэгдлийг цэвэрлэх энэ ажлыг ойн мэргэжлийн байгууллага, ойн нөхөрлөл, иргэдийн оролцоотойгоор зохион байгуулна. Ойн сан бүхий аймаг, сумын Засаг дарга нар хүн хүчээр дэмжих үүрэг хүлээнэ.

“Ойн цэвэрлэгээ” төсөл 2014-2016, 2016-2020 он гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжих юм.

Хүн төрөлхтний нийтлэг өмчөөс хувь хүртэх ирээдүйн өрсөлдөөнд Монгол Улс идэвхтэй оролцох нь зүйтэй гэж үзлээ

Монгол Улс “Антарктидийн тухай гэрээ”-нд нэгдэн орох асуудлыг хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.

Даяаршлын эрин үед олон улсын харилцаа, хамтын ажиллагаанд улам идэвхтэй оролцохын зэрэгцээхүн төрөлхтний нийтлэг өмчөөс хувь хүртэх ирээдүйн өрсөлдөөнөөс хоцрохгүйн тулд Монгол Улс “Антарктидийн тухай гэрээ”-нд нэгдэн орох нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ. Гэрээнд нэгдсэнээр Антарктидэд өөрийн бие даасан судалгааны баг илгээх, судалгааны станцаа тус бүсэд байршуулах боломж нээгдэнэ. Энэ тивд нүүрс, уран, газрын тос, төмөр зэрэг эрдэс баялгийг эрдэмтэд илрүүлээд байгаа юм.

Антарктидийн тухай олон улсын анхны эрх зүйн баримт бичиг болох тус гэрээгээр Антарктидийг зөвхөн энхийн зорилгоор ашиглахыг тунхаглаж, цэргийн болон цөмийн шинжтэй аливаа арга хэмжээ явуулахыг хориглож, олон улсын шинжлэх ухаанч хамтын ажиллагааг дэмжсэн байдаг. Гэрээ өмнөд уртрагийн 60°-аас урагш орших нутаг дэвсгэрт үйлчилдэг. Тогтоосон энэ бүс олон улсын нутаг дэвсгэрт хамаарах бөгөөд “Антарктидийн тухай гэрээ”-нд нэгдсэн улсууд тэнд үйл ажиллагаа явуулах эрхтэй юм.

Монгол Улс анх 1972-1974 онд Антарктидыг судлах олон улсын судалгааны багт мэргэжилтнээ оролцуулж байжээ. Өнгөрсөн хугацаанд туйл судлаач монгол эрдэмтэд бусад улсын багийн бүрэлдэхүүнд орж ажиллах замаар тус тивд судалгаа хийж ирсэн юм. Тэдний судалгаа дэлхийн уур амьсгалын өөрчлөлт хандлагыг тодорхойлох, цаг агаарын прогноз гаргах, далайн усны болон эрдэс баялгийн судалгаа хийхэд хувь нэмэр оруулсан байдаг.

Олон улсын геофизикийн жилийн хүрээнд Антарктидэд хамтарсан судалгаа хийсэн 12 улсын төлөөлөгчид 1959 оны 12 дугаар сарын 1-нд “Антарктидийн тухай гэрээ”-нд гарын үсэг зурж,1961 оны 6 дугаар сарын 23-нээс хүчин төгөлдөр болгосон түүхтэй. Одоогийн байдлаар 50 улс уг гэрээнд нэгдэн оржээ.

Шүлхий өвчний талаар авсан арга хэмжээг танилцууллаа

Сүхбаатар аймагт гарсан гоц халдварт шүлхий өвчний талаар болон цаашид авах арга хэмжээний талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Сүхбаатар аймгийн Онгон суманд энэ оны 1 дүгээр сарын 27-ноос мэдээлэгдэж, мөн сарын 30-ны өдөр онош нь тогтоогдсон шүлхий өвчнөөр Онгон суманд 109, Наран суманд 22, Баяндэлгэрт 7, Дарьганга суманд 5, нийт 143 үхэр өвчилснийг устгажээ. Халдварын 6 голомтод одоо 47 өрхийн 183 хүн, 21568 толгой мал байна. Өвчинтэй тэмцэх арга хэмжээнд 293 хүн, 64 тээврийн хэрэгсэл үүрэг гүйцэтгэж, 35000 гаруй мал вакцинжуулаад байна. Онцгой байдлын Ерөнхий газар, Мал эмнэлэг, үржлийн газар, аймагт 24 цагийн шуурхай жижүүр ажиллуулан байнга мэдээлэл солилцож байна.

Түвшинширээ суманд 10 орчим үхэр шүлхийн шинж тэмдэгтэйгээр өвчилсөн тухай мэдээллийн дагуу мэргэжилтнүүд онош тодруулахаар ажиллаж байна. Түвшинширээ нь Хэнтий аймгийн Галшар, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумтай хил залгаа оршдог сум тул онош нотлогдвол өвчний халдвар аймаг дамнан тархах эрсдэлтэй юм. Цаашид хүн, мал, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, цагаан зээр болон бусад зэрлэг амьтдын хөдөлгөөнд хяналт тавих, шаардлагатай тохиолдолд зээрээс дээж авч шинжилгээ хийнэ. Мөн Сүхбаатар аймагтай хил залгаа өндөр эрсдэлтэй 6 аймаг, нийслэлийн 4.9 сая толгой малыг 2 удаа дархлаажуулах вакцин, халдваргүйтгэлийн бодис, зүү, хуруу шил, тариур, зүү худалдан авахад шаардлагатай гэж ҮХАА-н сайд танилцууллаа.

Товчхон:

  • – Гадаад харилцааны сайд Л.Болдын 2014 оны 2 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсад хийх албан ёсны айлчлалын үеэр баримтлах удирдамжийг баталлаа. Энэ нь БНСУ-д шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш Гадаад харилцааны сайдын түвшинд хийх анхны айлчлал болох юм. Айлчлалын үеэр Л.Болд сайд БНСУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт бараалхаж, Гадаад хэргийн сайдтай хэлэлцээ хийж, холбогдох бусад албаныхантай уулзахаар төлөвлөж байна. Яриа хэлэлцээний үеэр иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх, БНСУ-ын виз мэдүүлэхэд Монгол Улсын иргэдээс авдаг барьцааг болиулах, хоёр улсын хооронд байгуулсан нийгмийн хамгааллын хэлэлцээрийг эрчимжүүлэх, БНСУ-д гэрээгээр болон хувиараа ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн ажиллаж, амьдрах нөхцлийг сайжруулах талаар хөндөнө.
  • – Газрын тосны хайгуулын “Номгон-IX” талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газрын тосны газар, “Сансарын геологи хайгуул” ХХК-ийн хооронд 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээг баталлаа. Сард олборлосон гэрээт түүхий тосны өдрийн дундаж олборлолтын хэмжээг 5000-аас эхэлж тав, таван мянгаар өсгөх, хуваах тосны хувийг тав, таван хувиар нэмэгдүүлж Гэрээлэгчид ногдох хувийг 35, Монголын Засгийн газарт ногдох хувийг 65-д хүргэх, олборлолт эхэлсний урамшууллыг 500 мянган ам.доллар болгох, олборлолт нэмэгдүүлсний урамшуулалд шатлал бүрт 300 мянган ам.доллар өгөх зэрэг нөхцлийг гэрээнд тусгажээ.
  • – 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ЗГХЭГ, ЗТЯ-наас зохион байгуулсан Монгол, Орос, Хятад гурван улсын хил дамнасан төмөр замын “Умард коридор” сэдэвт гурван талт зөвлөгөөний мөрөөр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнг сайшаалаа. Ачаа тээврийн галт тэргийг хил дээрх шалган нэвтрүүлэх ажиллагааг хөнгөвчлөх замаар төмөр замын дамжин өнгөрөх тээвэрлэлтэд таатай нөхцөл бүрдүүлэх ажлуудаа үргэлжлүүлэн хийхийг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Зам тээврийн сайд А.Гансүх нарт даалгалаа.
  • – “Донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогыг 2008-2015 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний 2013 оны биелэлтийн талаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Монгол Улсад цусны донорын эгнээг өргөжүүлэх ажлыг орон нутаг бүрт зохион байгуулахыг бүх шатны Засаг дарга нарт, “Цусны сийвэнгийн бүтээгдэхүүний хорионы технологи” нэвтрүүлэх асуудал боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулахыг ЭМ-ийн сайдад даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …