VIII дүрийн Ажаа гэгээнтэн Лувсан Түвдэн Жигмэд Жамцтай хийсэн ярилцлагыг толилуулж байна.
Монголд ирээд төрсөн сэтгэгдэлээсээ Та бидэнтэй хуваалцана уу?
Анх би Монголд 2006 онд ирж байлаа. Ирээд хөдөө нутгаар явж байхдаа би өөрийн бага нас болоод нутаг усаа өөрийн эрхгүй санаж билээ. Би Хөх-нуурын монгол малчин айлын гэрт төрж, 2 наснаас Гэгээнтнээр тодрон Гүмбүм хийдэд шавилан сууж Бурханы шашины сургаалд суралцсан. Нутагтаа монгол гэрт амьдран, малчин ардын зочломтгой ёсоор ирсэн гийчдээ нохойгоо хорин угтан авч, хоймортоо залан идээ ундааныхаа дээжийг мөнгөн аягандаа хийж өргөдөг ёс минь санагдаж, өөрийн төрсөн нутагтаа ирсэн мэт сэтгэл маш их хөдөлж нүднээс нулимс гарч байлаа.
Та өөрийн төрсөн нутагтаа ойрын үед очив уу?
Би улс төрийн асуудлаас болоод нутагтаа очиж чадахгүй байна. Монголд ирэхэд би төрсөн нутагтаа ирсэн мэт сэтгэгдэл төрдөг.
Монголын Бурханы шашины өнөөгийн байдлын талаар та юу хэлэх вэ? Юуг шинэчилж, юуг чухам өөрчлөх хэрэгтэй гэж боддог вэ?
Түүхэндээ төвд, монголчууд бурханы шашины уламжлалт өв соёлтой ард түмэн байсан бөгөөд одоо үед залуучууд утгыг нь мэдэхгүй мөртлөө эцэг эхээ даган сүм хийдийн газраар явж байх юм. Орчин үеийн боловсрол мэдлэг олж авсан эдгээр залууст манай лам хуврагууд бурханы шашиныхаа утга учир, ямар ном уншдаг, сүм хийд шашины ямар зан үйл явуулдаг талаар сайхан таниулж тайлбарлах хэрэгтэй. Монгол нутаг, өвөр Монгол, дээд Монгол болоод Төвдөд хорь гучин жилийн өмнө шашины асуудал их хэцүү байлаа.
Монголд 1990 оноос хувь хүн Үндсэн хуулинд заасан шашин шүтэх эрх чөлөөгөө чөлөөтэй эдлэх болж, шашины байгууллага, сүм хийдүүд чөлөөтэй үйл ажиллагаа явуулдаг болсоноос хойш олон сүм хийд шинээр байгуулагдан, түүнд шавилан сууж буй лам хуврагт хийх ажил их байна.
Өнгөрсөн хорин жилийн турш шашин чөлөөтэй болж, бурханы шашины хуврагууд Гандан хийд гээд өөр олон сүм хийдүүдэд суун хамаг амьтны тусын тулд гурван эрдэнэдээ залбирч ирлээ. Одоо сүм хийдэд суугаа лам хуврагууд энэрэн нигүүлсэх сэтгэлээр нийгэмрүү хандсан эмнэлэг сургууль барих, мод тарих, нийтийн талбайг тохижуулах зэрэг үйл ажиллагаа явуулбал тустай болов уу.
Харин гаднаас Христ, Мормон гээд олон шашины байгууллагууд орж ирэн шашины үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ олон нийтэд хандан эмнэлэг, сургууль барих, ядуу эмзэг хүмүүст туслах хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулах болжээ. Үүнтэй холбоотой бас нэг болсон явдлыг би жишээ болгож хэлье. Нэгэн төвд лам гудамжинд явж байтал нэгэн настай эмээ хүрч ирээд амар мэнд мэдэн, та намайг номондоо болгоож байгаарай гэж хэлээд тэр хоёр хэсэг зуур ярилцаж гэнэ. Тэгээд эмээ салж явахдаа би одоо христийн сүмд очиж залбирал хийхээр явлаа гэхэд нь лам та яагаад тийшээ явж байна гэж асуухад: манай бурханы шашины сүм хийдүүдээр эргэл мөргөл үйлдэж, буян ном хуруулахад үнэтэй байдаг, эмээгийн нь амьдрал жаахан хэцүү тул бага ч гэсэн тус дэм авах гэж христийн шашины сүмд очдог гэжээ. Тиймээс манай сүм хийдийнхэн нийгэм, олон нийтийн тусын тулд хийж буй ажилд манлайлан оролцох цаг болжээ. Миний бодоход сүм хийд болоод олон нийтийн харилцаа холбоо нь жаахан холдоод байх шиг харагдана.
Монголд одоо баян ядуугийн ялгаа их болж зарим хүмүүс америк хүмүүсийн амьдралын түвшинтэй адил баян тансаг амьдарч америкчуудаас ч илүү байхад нэг хэсэг нь ажилгүй, идэх хоол, суух газаргүй гудамжинд тэнэж явна.
Миний бодлоор эдгээр хүмүүст зориулсан 3 давхар байр бариулан дээд давхарт нь… цааш нь