“Монгол Улсын тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн асуудлууд” уулзалт өчигдөр болсон. Энэ үеэр ХАХНХ-ын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа.
-Өнөөдрийн /өчигдрийн/ уулзалт, хэлэлцүүлгийн гол зорилго нь юу вэ?
-Энд цугласан хүмүүс манай улсын тэтгэврийн даатгалын тогтолцооны төлөв байдал, шинэчлэх шаардлага үндэслэл, цаашдын зорилтуудын тухай, тэтгэврийн даатгалын сангийн алдагдал, төсөвт ирэх ачаалал, нийгэм эдийн засгийн үр дагавруудын хэтийн төсөөллийн тухай ярилцаж, санал солилцож байна.
Мөн Дэлхийн банкны удирдлагууд оролцож байгаа. Тиймээс бусад улс орны тэтгэврийн даатгалын тогтолцооны тухай, хагас хуримтлалын тогтолцоо гэж юу болох, түүний суурь нөхцөл болон энэхүү тогтолцоогд шилжсэн бас буцсан улс орнуудын туршлагуудын талаар харилцан ярилцаж, илтгэлүүд тавих юм. Нэгэнт гадаад орнуудын туршлагын талаар хөндөж байгаа учраас хувийн тэтгэврийн даатгалын сангийн ач холбогдол, сул болон давуу талуудын тухай хэлэлцэн, нэгдсэн ойлголтод хүрч, цаашлаад хуваарилалтын тогтолцоог халах эсэх, хуримтлалын тогтолцоонд шилжих эсэх асуудлуудыг хөндөх юм.
-Гадны байгууллагууд манай улсын тэтгэврийн даатгалын тогтолцоо болон шимтгэлийг хэрхэн дүгнэдэг бол?
-Уг нь манай улсын тэтгэврийн даатгалын тогтолцоо эв нэгдлийн зарчмаар буюу шимтгэлийн орлогоороо тэтгэврийн зардлаа санхүүжүүлдэг хуваарилалтын тогтолцоотой. Гэтэл гадаадын байгууллагын төлөөлөгчид энэ тогтолцоогоо хэвээр хадгалан, цаашид явсаар байвал тэтгэврийн сангийн алдагдал өсч, ДНБ-д эзлэх хувийн жин 2030 он гэхэд 7 хувь, 2040 он гэхэд 10 хувьд хүрнэ гэсэн судалгааны дүн гаргасан байна лээ. Эсвэл энэхүү сангийн алдагдлыг тогтворжуулахын тулд тэтгэвэрт гарах хувь хэмжээг бууруулах, шимтгэлийн хувь хэмжээг өсгөх, тэтгэвэрт гарах насыг өсгөх шаарлагатай гэдэг зөвлөмж өгөөд байгаа. Гэхдээ зөвлөснийх нь дагуу шууд өөрчлөлт хийнэ гэсэн үг биш шүү.
-Ахмадууд тэтгэврийн нэмэгдлээ чамлангуй байгаа. Тантай уулзсаных маш тодорхой байдлаар нэмэгдлийн хувийг тайлбарлаж өгөөч. Чухам ямар учиртайгаар тэтгэвэр 15-30 хувь нэмэгдсэн юм бэ?
-Энэ талаар уг нь маш тодорхой олон удаа ярьсан. Улсын хэмжээнд тэтгэвэр авдаг 318 мянган иргэн байдаг. Тэдний 63 орчим хувь нь 200 мянга хүртэлх төгрөгийн тэтгэвэр авдаг байсан. Сая 27 мянган төгрөг буюу 13-15 хувиар нэмэгдэж байгаа юм. Харин Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд нийт 490 гаруй мянган иргэн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулахаар бүртгүүлсэн. Тэдний 64 мянга нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг бөгөөд ажилласнаар нөхөн тооцуулсан хугацаандаа ногдох тэтгэврийн нэмэгдлээ энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн тооцуулан авч байгаа.
Ингэснээр ажилласан жилээ нөхөн тооцуулсантай холбоотой тэтгэврийн нэмэгдэл болон Засгийн газрын тогтоолын дагуу олгох тэтгэврийн нэмэгдэл нь нийлээд 30 хувь хүрэх тохиолдол бий.
-Тэгвэл зөвхөн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан иргэдийн тэтгэвэр л 30 хувиар нэмэгдсэн гэж ойлгох ёстой байна?
-Тийм ээ. Эдгээрийг ялгаж, салгаж ойлгоогүйгээс нэмэгдлийн хэмжээгээ буруу тооцож, бухимдах асуудал гарсан. Бүр тодорхой жишээгээр тайлбарлавал сарын 180 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байсан иргэн хуулийн дагуу 10 жилээ ажилласнаар нөхөн тооцуулсан бол тэтгэврийн хэмжээ нь хамгийн багадаа 15.4 хувиар нэмэгдэнэ. Дээр нь энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Засгийн газрын тогтоолын дагуу 22 мянган төгрөгөөр нэмэгдэн, нийтдээ 231 мянган төгрөг болж, 28.2 хувиар нэмэгдэж байгаа юм.
-Ажилласан хугацаагаа 10 жилээр л нэмэгдүүлсэн байна уу?
-Уг нь иргэд 1990-2000 оны хоорондох 11 жилээ ажилласнаар нөхөн тооцуулах боломжтой байсан. Нөхөн тооцуулсан жил тутамд тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингийнхаа 1.5 хувиар бодож тэтгэврийн нэмэгдэл авна. Хамгийн өндөр буюу 11 жилийг нөхөн тооцуулсан бол үүнийгээ 1.5 хувиар үржээд 16.5 хувь гарна. Тэтгэвэр тогтоолгосон дундаж цалин нь 400 мянган төгрөг байсан гэвэл үүний 16.5 хувь нь 66 мянган төгрөг болж байгаа юм. Гэхдээ ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан 64 мянган иргэн дунджаар 6.9 жилийг л ажилласнаар нөхөн тооцуулсан гэсэн дүн гарсан.
-Тэтгэврийн нэмэгдлийн хувь хэмжээний талаар ойлголттой болсон ч дахиад хэзээ нэмэгдэх бол гэсэн хүлээлт нийгэмд байнга байдаг. Энэ жил тэтгэвэр дахин нэмэгдэх үү?
-Сая Засгийн газрын тогтоолоор бүх тэтгэвэр авагчийн тэтгэврийг багадаа л 20 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн. Мэдээж өндөр тэтгэвэртэй иргэдийн хувьд тэтгэврийн нэмэгдэл нь авч байгаатай нь харьцуулахад бага байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ нийт тэтгэвэр авагчдад олгож буй тэтгэврийн нэмэгдлийн абсолют дүн нь 22-27 мянган төгрөг буюу төдийлөн ялгаагүй гэдгийг иргэд ойлгох байх.
Эдийн засгийн нөхцөл байдал, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн орлого бүрдэлттэй холбоотойгоор төсөвлөгдсөн хөрөнгөндөө багтаан хэрэгжүүлж байгаа арга хэмжээ учраас тэтгэврийг хүссэнээрээ нэмэгдүүлэх санхүүгийн боломж бага байна.