УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогттой ярилцлаа. МАН-ынхан Шинэчлэлийн Засгийн газарт үнэлэлт дүгнэлт өгч, УИХ намрын чуулганаар ямар үр бүтээлтэй ажилласан талаар судалгаа хийжээ.
-Намрын чуулганы хугацаанд МАН-ынхан хэрхэн ажиллав. Ажиллах нөхцөл бололцоо байсан биз дээ. Хэдэн хуулийн төсөл өргөн барьж, хэдийг нь батлуулсан бэ?
-Засгийн газрын өргөн барьсан 12 хуулийн төслийг МАН-ын бүлэг дэмжиж ажилласан. Алдаатай бодлогыг нь ч заслаа. Тодруулбал, “Оюутолгой” компанид гурван тэрбум ам.долларын хөнгөлөлт үзүүлэх байсныг болиулсан. Бид дандаа сөрөөд суусангүй. Ард түмэн, улс орны хөгжилд хэрэгтэй зүйлийг дэмжинэ. 100 мянган тонн улаан буудайг НӨАТ, Гаалийн татвараас чөлөөлөх Засгийн газрын саналыг дэмжиж 20 мянган тонн үрийн буудай оруулж ирэх асуудлыг нэмж орууллаа. Мөн он дамжсан төсөвт өртгийг Засгийн газар 740 тэрбумаар нэмэгдүүлсэн байсныг зогсоож, он дамжсан, төсөв тооцоогүй 243 барилгыг Үндэсний аудитын газраар шалгуулахаар болсон. Үндсэндээ авилгажсан төсвийг МАН-ын бүлэг онилсон гэсэн үг. Үүнээс гадна улсын төсвийн өрийн хэмжээг ДНБ-ний 60 хувь болгох гэсэн АН-ын бодлогыг зогсоож чадлаа.
-Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагаанд дүгнэлт хийсэн үү?
-Манай намаас цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэхийг шаардсан боловч зөвхөн тэтгэврийг 20-27 мянган төгрөгөөр нэмсэн. МАН-ын бүлгийн зүгээс цалин, тэтгэврийг нэмэх зорилгоор таван хуулийн төсөл өргөн барихаар санал хүргүүлсэн юм. Гэвч Засгийн газраас тодорхой хариу ирүүлээгүй байна. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад төрийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэхгүй, орон тоог нэмэхгүй, төрийн бүтцийг данхайлгахгүй гэсэн амлалт өгч байлаа. Гэтэл 2012 оны нэгдүгээр сард 121 мянга 600 төрийн албан хаагч байсныг167 мянга 800 болгож нэмэгдүүлсэн. Төрийн өмчит компаниудад ажиллаж байсан 26900 орон тоог 49600 болгожээ. Нийт төрийн албан хаагчийн тоог 68 мянга 900 орон тоогоор нэмэгдүүлсэн үзүүлэлтэй. Энэ нь төрийн бүтцийг данхайлгаж, том төрөөс ухаалаг төр рүү шилжих биш эсрэгээр ажиллаж байгааг илтгэж байгаа юм. Яамдын тоо зургаагаар нэмэгдэж, мэргэжилтний тоо 982, газар хэлтсийн дарга 116-аар нэмэгджээ. Н.Алтанхуягийн Засгийн газар 1991-2013 оны хооронд ажилласан үе, үеийн Засгийн газраас хамгийн баян төсөвтэй нь байлаа. Манай улсад Н.Алтанхуяг шиг мөнгөтэй Ерөнхий сайд түүхэнд байгаагүй. Зөвхөн 1990 оноос хойш П.Жасрай, Д.Бямбасүрэн, Ц.Элбэгдорж, С.Баяр, С.Батболдын Засгийн газрыг харьцуулан үзэхэд асар ялгаатай. Түүхэндээ байхгүй мөнгийг зарцуулсан Ерөнхий сайд нь Н.Алтанхуяг юм. Хамгийн сүүлд С.Баяр, С.Батболд нарын Засгийн газрын үед төсвийн зарлага хоёр их наяд байж. Тэгвэл Шинэчлэлийн Засгийн газар төсвийн долоон их наядаас гадна , төсвөөс гадна долоон их наяд төгрөг эргэлдүүлсэн ч нийгэм эдийн засагт энэ их мөнгөний үр дүн мэдрэгдсэнгүй. Мөн төрийн албаны газар, хэлтсийн дарга нарын тоо 2008-2012 онд нийт 85 байсныг 2012-2014 онд 201 болгож нэмэгдүүлжээ. Өөрөөр хэлбэл, яамдын газар, хэлтсийн дарга нарын орон тоо 116 орон тоогоор нэмэгдсэн байгаа юм. Нийтэд нь тооцож үзвэл яамдын тоог зургаа, мэрэгжилтний тоо 982, газар, хэлтсийн дарга нарын орон тоог 116-аар нэмэгдүүлсэн тооцоо байна.
-Танай намынхан тэтгэвэр, тэтгэмжийг нэмээгүй гээд байгаа. Бодит байдалдаа тааруулсан нэмсэн юм биш үү?
-Засгийн газар тэтгэврийг 20-27 мянган төгрөгөөр нэмсэн ч үнийн өсөлтийг гүйцсэнгүй. Үүнийг дагаад Н.Алтанхуягийн Засгийн газар хамгийн их өрийг тавьсан. Сүүлийн 22 жилд манай улс 2.2 тэрбум ам.долларын гадаад өр зээлтэй байсан. Гэтэл Н.Алтанхуяг сүүлийн нэг жилд 2.1 тэрбум ам.долларын өр тавьж өмнөх 21 жилийнхээс давж гарлаа. Монгол Улсын эдийн засаг 2012 оны эхээр 17.5 хувийн өсөлттэй байсан бол өнөөдөр 11.7 хувь болж буурлаа. Гадаад валютын нөөц огцом унаж 3.7 сарын импортыг хангах нөөцтэй байна. Дээрээс нь дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 18.5 хувьд барихаар төлөвлөж байсан бол 2013 оны эхээр 11.5 хувьтай гарч 61 хувиар төлөвлөснөөс уналаа. Засгийн газар инфляцийг найман хувь барина гэж тооцсон боловч өнөөдөр 12.5 хувь болж өсөөд байна. Энэ хэмжээгээр үнэ ханш өссөн гэсэн үг. Гадаад худалдааны эргэлт 46 хувь, нүүрсний экспорт 44.5 хувийн биелэлттэй байна. Төсвийн орлого 7.2 их наядаар төлөвлөсөн ч 2013 оны эхний байдлаар 5.9 их наяд төгрөгт хүрч 1.3 их наядаар төсөв тасарч байна. Энэ бүх эдийн засгийн урвуу үзүүлэлт, хариуцлагагүй хууль зөрчсөн үйлдлүүдийн гол шалтгаан нь Засгийн газар ямар ч тодорхой бодлого, төлөвлөлтгүй улс орныг удирдаж байгааг харуулж байна.
-УИХ батлах ёстой 30 хуулийнхаа талыг нь баталсан шүү дээ. Ажлын бүтээмж муу гэж дүгнэж болох уу?
-Намрын чуулганы хугацаанд 30 хуулийн төсөл хэлэлцэн батлах ёстойгоос 19 хуулийн төслийг баталж чадаагүй. Үүнээс УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс 22 хуулийн төсөл өргөн барьсан бөгөөд гурван хуулийн төслийг нь баталжээ. Манай бүлгээс өргөн барьсан хуулийн төслүүд дотор Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болох, төрийн хүнд суртал, чирэгдлийг багасгах, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, цалин, тэтгэврийн нэмэгдэл, оюутан болон олон хүүхэдтэй эхчүүдэд дэмжлэг үзүүлэх зэрэг нийгмийн тулгамдсан чухал төслүүд байсан юм. Гэвч сөрөг хүчин гэдэг утгаар нь бидний санаачилсан төслийг үл ойшоолоо. Мэдээж бид эрх, үүргийн хэмжээнд Засгийн газарт цөөнгүй удаа асуулга тавьсан. Нийт 23 асуулга тавьсны 13 нь МАН-ын бүлгийн гишүүд тавьсан байгаа юм. Асуулгын тавд нь хариулт өгч, үлдсэн асуулгад хариулт өгөхгүй 65-299 хоног болсон байна. Өнгөрсөн хугацаанд УИХ, Засгийн газраас цөөнхийн бүлэгт ялгавартай хандаж, МАН-ын бүлгийн гишүүдийн санаачилсан хуулийн төслүүдийг хэлэлцэхгүй, тавьсан асуулгад хариу өгдөггүйг хэлэх хэрэгтэй.
-Гадаад өрийн хэмжээг 60 хувьд хүргэхийг МАН таслан зогсоосон гэлээ. “Самурай” бондын эхний ээлжийг оруулж ирсэн. Өмнө нь Сангийн сайд гадаад өр хуулиар заасан хэмжээнд байгаа, хэрэв нэмэгдүүлбэл гадаад өр давна гэж байсан. Гадаад өрийн хэмжээнд сөрөг хүчний зүгээс хэрхэн хяналт тавьж байна?
-Өнөөдрийг хүртэл “Чингис” бондоос 1.5 тэрбум ам.доллар Монгол Улсын дансанд орж ирсэн гэсэн боловч энэ мэдээллийг бидэнд өгөхгүй байна. УИХ-ын гишүүдэд нээлттэй байх ёстой ч хаалттай байдаг. Сая “Самурай” бондоос 290 сая ам.долларын бонд гаргасан ч 50 сая ам.доллар нь алга болсон гэж яриад байгаа. Энэ нь үнэн худал эсэхийг тодруулахад мэдээлэл өгдөггүй. УИХ-аас томилогддог Засгийн газар нь мэдээллээ нууцлаад байна. Ч.Улаан сайдын мэдээлснээр Монгол Улсын ДНБ-ний өр зээлийн хэмжээ 40 хувиас даваагүй гэж байгаа ч бидний тооцоолсноор давсан байгаа.