Манай сонин гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийлэл, ажлын байран дахь бэлгийн дарамтын эсрэг дуу хоолойгоо нэгтгэж энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж байгаа билээ.
Бид энэ удаа “Хүчирхийллийн эсрэг хамтдаа” цуврал нийтлэлээрээ охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн нэг хэлбэр болох ажлын байран дахь бэлгийн дарамт гэж юу болох, ямар хэлбэрээр үйлдэгддэг, хэрхэн урьдчилан сэргийлэх, өртсөн тохиолдолд хаана хандах талаар өгүүлэх болно.
Ажлын байран дахь бэлгийн дарамт гэж юу вэ ?
Хүний бие махбодь, сэтгэл санаа, эрүүл мэнд, нэр төр, нөхөн үржихүйн эрх, эрх чөлөө, бэлгийн болон хувийн халдашгүй байдалд халдахыг ажлын байран дахь бэлгийн дарамт гэж үздэг.
Манай улсад энэ төрлийн гэмт хэрэг маш нууцлагдмал орчинд явагддаг тул бүр ч илэрдэггүй.
Тодруулбал хохирогч буюу бэлгийн дарамтад өртсөн эмэгтэй өөрийн нэр төр болон ажлын байраа алдахыг хүсдэггүй. Мөн ихэнхдээ хохирогчийг буруутгаад өнгөрдөг учраас тэд энэ тухай мэдээллийг цоожилдог гэсэн үг.
Энэ төрлийн гэмт хэргийг манай улсад сүүлийн тав, зургаан жил ил гаргах гэж багагүй ажилласны хүчинд 2011 онд “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай” хуулиар ажлын байран дахь бэлгийн дарамт нь хууль зөрчсөн үйлдэл болохыг тогтоож анх удаа хуульчилсан байна.
Өөрөөр хэлбэл хуульд энэ тухай зохицуулалт орсноор тухайн хүн ажлын байран дахь бэлгийн дарамтад өртсөн байвал хамгийн эхэнд Хүний эрхийн үндэсний комисст хандаж тус газраас гарсан ажлын хэсгийнхэн эрх мэдлийнхээ хүрээнд хяналт, шалгалт хийж баримтжуулж, нотолгоожуулах боломжтой болдог. Хамгийн гол нь манай улсад энэ төрлийн гэмт хэргийн бие даасан хууль байдаггүй учраас дээрх хуулийг баталж эрх зүйн орчинг бүрдүүлж өгсөн гэсэн үг.
Тухайлбал ажлын байран дахь бэлгийн дарамт учруулагчийг “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь хэсэгт зааснаар тодорхойлдог.
Тодруулбал “Бэлгийн дарамт гэж бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлсэн, эсхүл хурьцал үйлдэхээс аргагүй байдалд оруулсан, мөн бэлгийн сэдлийн улмаас ажил, албан тушаал, эд материал, сэтгэл санааны болон бусад байдлаар хохироох үр дагавар бүхий тэвчишгүй орчинг үүсгэх, айлган сүрдүүлэх, тулган шаардах зэрэг үйлдэл, эс үйлдэх” гэх энэ хуулийн заалтаар тухайн хүний буруутай эсэхийг тогтоодог байна.
Х.Мөнхзул: Ажлын байран дахь бэлгийн дарамт, хүчингийн гэмт хэрэг хоёрыг салгаж ойлгох хэрэгтэй
Ингээд бид энэ тухай асуудлаар Хүний эрхийн үндэсний комиссын Захиргаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Х.Мөнхзулаас асуухад “Ажлын байран дахь бэлгийн дарамт гэдэг нь бусдыг хүсээгүй байхад үг хэлээрээ болон бусад өөр хэлбэрээр тухайн хүнийг шахалтад оруулсан бол энэ нь дээрх үг хэллэгт хамаарагдана. Зарим хүн их буруу ойлголттой явдаг юм билээ.
Иргэд хүчингийн гэмт хэрэг ажлын байран дахь бэлгийн дарамт хоёрыг утга агаар нэг гэж ойлгоод байдаг. Хүчин бол хамгийн сүүлийн шатны буюу хүнд хэлбэр. Хүсээгүй үед нь үйлдэгдсэн бол энэ нь хүчингийн хэрэг гэсэн үг.
Тиймээс энэ хоёр зүйлийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Ажлын байран дахь бэлгийн дарамт нь өөрөө их онцлогтой. Далд буюу нууц хэлбэрээр үйлдэгддэг. Тодруулбал хохирогч өөрийгөө олон нийтэд зарлахаас айж ичих, ажлын байраа алдахгүй, нэр төрөө хамгаалах гээд олон асуудал байдаг л даа.
-Бэлгийн дарамт гэж юу вэ?
-Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хуульд хэн нэгнийг хүсээгүй байхад бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлэх, хурьцал үйлдэхээс аргагүй байдалд оруулах, бэлгийн сэдлийн улмаас ажил, албан тушаал, эд материал, сэтгэл санааны болон бусад байдлаар хохироох үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэх айлган сүрдүүлэх, тулган шаардах зэрэг үйлдэл, эс үйлдэхүйг бэлгийн дарамт гэж тодорхойлсон байдаг.
-Тэгвэл ажлын байрны бэлгийн дарамт яаж үйлдэгддэг юм бэ?
-Албан тушаал, эрх мэдэл бүхий этгээд давуу байдлаа ашиглан, хохирогчийг хүсээгүй буюу зөвшөөрөөгүй байхад зөвхөн нэг талын хүсэл зорилгоор үйлдэгддэг.
-Ажлын байрны бэлгийн дарамтын эсрэг тусгай хууль тогтоомж байдаг уу?
Ихэнх улс орон өөрийн үндэсний хууль тогтоомжоор бэлгийн дарамт нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн нэг хэлбэр болохыг хүлээн зөвшөөрч эрхзүйн зохицуулалтыг бий болгох, батлан хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ирсэн. Тухайлбал Белиза, Израйль, Люксенбург зэрэг улсад эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн дарамтын талаар бие даасан хууль батлан гаргасан. Энэ талаарх эрх зүйн зохицуулалтыг бий болгох санаачлагыг анх АНУ гаргасан бөгөөд 1964 оны Иргэний эрхийн талаарх холбооны хуульд аливаа бэлгийн шинжтэй ялгаварлан гадуурхалт болон бусад хууль бус үйл ажиллагааны эсрэг гомдол мэдүүлэх иргэний эрхийг баталгаажуулсан байдаг.
Харин манай улсад бие даасан хууль байхгүй ч 2011 оны хоёрдугаар сарын 02 нд “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль” баталж бэлгийн дарамт гэж юу болохыг тодорхойлж, ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх эрх зүйн орчинг бүрдүүлж өгснөөрөө их онцлог.
-Тэгвэл Жендэрийн эрх тэгш байдлыг зөрчсөн талаарх гомдлыг яаж хянан шийдвэрлэх вэ?
-Энэ нь хуульдаа тодорхой заасан байгаа л даа. Тухайлбал дээрх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс нь Монгол Улсын олон улсын гэрээнд заасан жендэрийн эрх тэгш байдлын тухай заалтын хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих, эдгээр хууль тогтоомж зөрчсөнтэй холбоотой гомдлыг хүлээн авах, хянан шийдвэрлэх үйл ажиллагааг Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулиар олгосон бүрэн эрхийнхээ дагуу хэрэгжүүлнэ” гэсэн заалтаар шийдвэрлэнэ.
-Хохирогч өөрийгөө ажлын байран дахь бэлгийн дарамтад өртсөн гэж үзвэл хуулийн дагуу хамгийн түрүүнд танайд хандана гэсэн үг үү?
-Тийм. Бид эрх мэдлийнхээ хүрээнд хяналт, шалгалт хийж бүх зүйлийг баримтжуулж нотолгоожуулна гэсэн үг. Үүний дараа асуудлыг арай өөрөөр ярина л даа.
-Гэмт этгээд та нарын өгсөн шаардлагыг биелүүлэхгүй бол ямар арга хэмжээ авах вэ?
-Бид эхлээд тухайн албан газар руу нь энэ хүн ийм, ийм хуулийн заалт зөрчсөн учраас арга хэмжээ авна гэсэн албан тоотыг явуулдаг. Хэрвээ тус байгууллага тухайн хүндээ арга хэмжээ аваагүй бол бид шүүхээр асуудлыг шийдүүлэхэд хүрдэг.
-Уучлаарай гэмт этгээдэд тухайн байгууллага өөрсдөө арга хэмжээ авдаг гэсэн үг үү?
-Тэгэлгүй яах вэ. Бид өөрсдөө арга хэмжээ авч болохүй. Бидэнд тийм хууль эрх зүйн тогтолцоо нь байхгүй. Зөвхөн тэр хүний буруутай гэсэн үндэслэлийг тогтоож албан газар руу нь явуулна. Гэхдээ энэ их өрөөсгөл л дөө. Учир нь тэднийг цалингийн 10 хувиар торгоод өнгөрч байгаа нь их харамсалтай санагддаг. Гэхдээ бид энэ асуудлыг Эрүүгийн тухай хуульд оруулахаар ярьж байгаа. Тэгээд ч ажлын байран дахь бэлгийн дарамт нь гэмт хэргийн зүйлчлэлд заавал орох ётой гэж боддог.
-Гэхдээ бодит байдал дээр хохирогч буруутаад байх шиг санагддаг. Та үүн дээр санал нийлэх үү?
-Тийм шүү. Мэдээж тэр хоёр хүний хажууд гуравдагч хүн гэж байхгүй учраас эл хэргийг нотлоход их хэцүү. Гэхдээ бид олон жилийн ажлын туршлага арга барилаараа ямар нэгэн аргаар тогтоодог. Тиймээс ч саяхан энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нөхрийг зохих газруудад нь өгч шалгуулсан.
Эмэгтэйчүүддээ хандаж хэлэхэд энэ төрлийн гэмт хэрэгт өртлөө гэхэд маш сайн нотлох баримт цуглуулах хэрэгтэй гэдгийг хэлэх хэрэгтэй байх.
-Танай байгууллагад энэ асуудлаар хандсан хүн олон байдаг уу?
-Цөөхөн. Тухайлбал өнгөрсөн онд бид хоёр гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн. Энэ онд нэг л гомдол ирээд байна. Надад яг одоо өмнөх онуудын тоо байхгүй байна л даа. Би түрүүн хэлсэн зарим хохирогч нэр төрөө хамгаалах, ажлын байраа алдах вий гэх үүднээс энэ төрлийн гэмт хэргийг нуудаг. Мөн хаана хандахаа мэддэггүй.
-Тэгвэл эл хэргийг цагдаагийн байгууллагад шийдэх ямар ч боломжгүй гэж ойлгож болох уу?
-Хэрвээ тухайн хүнийг хүчирхийлсэн бол ямар нэгэн шинж тэмдэг болон нотлох баримт хохирогчийн биед үлддэг учраас энэ нь нотлох баримтаар тогтоогддог.
Харин ажлын байран дахь бэлгийн дарамтад өртсөн хохирогчоос заавал нотлох баримт нэхдэг гэсэн. Тиймээс хохирогч нотолгоо гаргахын тулд янз бүрээр баримт цуглуулах болж байгаа юм.
Тухайлбал хувцас хунарыг нь урж тасдах ч юм уу аль эсвэл биед нь шарх сорив үлдээх гэх зэрэг. Тиймээс нууц хэлбэрээр үйлдэгдэж байгаа учраас цагдаагийн байгууллага шийдэх боломжгүй. Гэхдээ тун удахгүй энэ асуудал Эрүүгийн тухай хуульд зүйлчлэгдэж орох байх.
Ямартай ч бид өнөөгийн нийгэмд тулгарч буй далд хэлбэрээр явагддаг ажлын байран дахь бэлгийн дарамтад өртөгсдөд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мөн хаана хандах талаар мэдлэг өгөх үүднээс энэхүү нийтлэлийг бэлтгэлээ.
Бид энэ сэдвээр үргэлжлүүлэн мэдээлэл бэлтгэж хүргэх болно.