Монголын залуучуудын дуу хоолой болж нийгэмд болж бүтэж буй мөн бүтэхгүй байгаа болгоны төлөө хүчтэй дуугардаг холбоодын нэг нь Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо. Тус холбооноос өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн залуучуудын талаар баримтлах төрийн бодлого хэмээх төслийг эхлүүлсэн юм. Энэхүү төслийн талаар болон өнөөгийн залуучуудын асуудлын талаар НАМЗХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэтэй ярилцснаа уншигч та бүхэндээ хүргье.
-Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос залуучуудын талаар баримтлах төрийн бодлого гэсэн төслөө эхэлсэн. Энэ талаараа тодруулбал?
-Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо 2013 оны аравдугаар сараас эхлээд залуучуудын талаар баримтлах төрийн бодлого гэсэн томоохон төслийг эхлээд явж байгаа. Төслийн хамгийн эхний ээлжийн ажил бол үндэсний хэмжээнд 18-38 нас хүртэлх залуучуудын судалгааг авч дуусгасан. Мөн дээр нь фокус бүлгийн судалгаа, бодлогын шинжилгээ явагдаж дууссан. Дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Монгол улсын бүх их дээд сургуулиудын хэмжээнд “Залуучуудын талаар баримтлах төрийн бодлого-Гадаад орнуудын туршлага” гэдэг эрдэм шинжилгээний бага хурлыг хийхээр бэлтгэл ажил хийгдэж байна. Нийтдээ 30 гаран илтгэл ирсэн. Эхний шатанд шалгарсан 10 илтгэлийг эрдэм шинжилгээний бага хурлаар оруулна.
-Залуучуудынхаа дунд явуулсан судалгааныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулна уу?
-Өнөөдөр Монгол улс залуучуудын орон гэж явдаг. Нийт хүн амын 68,7 хувийг 35 хүртэлх насны залуучууд эзэлж байна. Улс орон өнөөдөр хөгжил ярихын өмнө залуучуудынхаа хөгжил, хүний хөгжлийг ярихаас өөр аргагүй болж байгаа юм. Өнөөдөр нийт сонгогчдын 60 орчим хувь нь 18-35 насны залуучууд байна. Тэгэхээр монгол улс хаашаа явах вэ, хаашаа чиглэж алхах вэ гэдгийг залуус шийдэж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Монгол улсын залуучууд өөрсдийнхөө амьдралыг тодорхойлж байна. Яг үнэнийг хэлэхэд монгол улс залуучуудын талаар баримтлах бодлоготой орон мөн үү биш үү. Нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орнуудын 80 гаруй хувь нь залуучуудынхаа бодлогыг тодорхойлоод явдаг орнууд бий.
Тэгвэл өнөөдөр монголын төр залуучуудынхаа төлөө бодлого хэрэгжүүлж байна уу, залууст тулгамдаж байгаа асуудлуудыг бодлогын түвшинд шийдэж чадаж байна уу, засгийн газар, улсын их хурал, яам тамгийн газраас ямар бодлого бодитоор хэрэгжүүлж байна гэдэг нь асуултын тэмдэг хэвээрээ байгаа.
Өнөөдөр залуусын 49,7 хувь нь цалингаараа л амьдарч байна. Гэтэл бизнес эрхэлдэг залуучууд 13 хувиас хэтрэхгүй байна. Нийт ажилгүйчүүдийн 60 хувийг залуучууд эзэлж байна. Харамсалтай нь энэ ажилгүй залуучуудын дунд дийлэнх нь дипломтой ажилгүйчүүд. Тэгэхээр боловсролын салбараасаа авахуулаад том хэмжээний асуудлууд яригдаж байгаа.
Залуу гэр бүл гэж өнөөдөр яригддаг. Гэтэл залуу гэр бүлийн зөрчилдөөн юунаас болж үүсээд байгаа юм. Өөрсдийн гэсэн орон байргүйгээс болоод хэдэн хувь нь ямарваа нэг шалтгаанаар гэр бүл салалтанд өртөж байна. Үүнийг Монголын төр мэдэж байна уу?, Хуучин бид архидалтын тухай ярьдаг байсан. Гэтэл өнөөдөр хар тамхи, мансуурлын тухай ярьдаг болж. Өнөөдөр нийт залуу гэр бүлийн зөрчилдөөний 31.7 хувь нь хааяа хар тамхи болон мансуурлаас болж зөрчил үүсдэг гэж судалгааны дүн гарсан. Мөн 9 хувь нь байнга хар тамхи, мансууруулаас болж зөрчилдөөн үүсдэг гэсэн судалгаа гарч байна. Нийлүүлээд үзэхээр залуу гэр бүлийн 40.7 хувь нь хар тамхи, мансуурлаас болж зөрчилдөж байна. Энэ бол аюулын харанга дэлдсэн гэсэн үг. Үүнийг монголын төр юу гэж бодож байна вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй.
– Өнөөгийн залуусын асуудал ямар түвшинд байна вэ?
-Монголын залуучууд өнөөдөр өөрсдийн хүчээр л амьдарч байна. Ямар ч төрийн бодлого, яамны бодлого дэмжлэг байхгүйгээр. Холбооны Бүгд найрамдах Герман улс, Солонгос, Орос зэрэг улсуудад залуучуудын асуудал эрхэлсэн яам, агентлаг, тамгийн газар бий. Ядаж л парламент нь дотроо залуучуудын асуудал эрхэлсэн байнгын хороодтой. Гэр бүлийн хороо гэж хүртэл тусдаа байх жишээтэй. Монгол улсын нийт хүн амын тоо 2 сая 900 мянга давчихлаа гээд байгаа. Энэ хүмүүсийн 10 орчим хувийг нь л ахмадууд эзэлдэг. Харин 27.7 хувийг 0-14 насны хүүхдүүд, 37.5 хувийг нь 14-35 насны залуучууд эзэлж байна. Одоо ингээд бодохоор бол монгол улс эхлээд хөгжлийн төлөө ярихдаа хүний хөгжил, залуучуудын хөгжил, залуучуудын бодлого ярих хэрэгтэй байна.
-Манай залуучууд өөрсдөө өөрсдийнхөө амьдралыг авч явна гээд яриад эхлэхээр нийгэм залуу хүмүүс өөрсдөө бүгдийг хийх ёстой. Өөрсдөө гэр бүлээ авч явах нь хэрэгтэй хэмээн шүүмжлээд эхлэнэ?
– Төрийн бодлого заавал байх ёстой. Тухайлбал, ерөнхий боловсролын сургууль төгсч байгаа хүүхдүүдэд монгол улсад ирээдүйд ядаж ойрын таван жилд энэ салбар хөгжинө гэсэн мэдээлэл өгч байгаа юм уу? Энэ мэдээлэл байхгүйгээс үүдэн хүүхдүүд мэргэжлээ сонгохдоо эцэг, эх, найз нөхдийн эсвэл өөрийн сэтгэл хөөрлөөр сонголтоо хийж байгаа. Түрүүн би хэлсэн. Нийт ажилгүйчүүдийн 60 хувь залуучууд байна аа гэж. Энэ 60 хувьд байгаа залуусын ихэнх нь дипломтой дээд боловсролтой хүмүүс. 2010 оноос уул уурхай хөгжиж, эдийн засагт маш сайн үр дүн авчирна одооноос бэлдэе гээд 1990 оноос ярьж эхэлсэн үү гэвэл үгүй шүү дээ. Тэгвэл өнөөдөр 2020 онд ямар мэргэжил монгол улсад хамгийн их эрэлттэй байх вэ гэдгийг гаргаад залуучуудад хэлж ойлгуулж, мэргэжлээ зөв сонгоход нь төр нөлөөлж чадаж байна уу, бас л үгүй шүү дээ.
Залуус өнөөдөр тэрбумтаны л хүүхэд биш юм бол хаанаасаа байртай болох вэ. Хаанаас сургуулиа төгсөөд өндөр цалин авах уу. Тэгэхээр дөнгөж амьдрал руу орж ирж буй залууст төр өөрийн бодлогоороо зохицуулалт хийж, тодорхой хүрээний бодлого хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Тухайлбал, төрөөс залуучуудыг орон сууцжуулах бодлого гаргаад тэдэнд зориулсан хямд өртөгтэй орон сууцыг хувийн хэвшлүүдтэй тохирч хэрэгжүүлж яагаад болохгүй гэж? Ингэж залуучуудаа орон сууцжуулах асуудлыг төр өнөөдөр хийх ёстой. Хэтэрхий их ардчилал, хэтэрхий их зах зээл гээд дүрэмгүй тоглоомыг гаргаад тавьчихлаа. Тодорхой түвшинд төр өөрийнхөө бодлогоор залуучуудыг зайлшгүй хөдөлмөр эрхлүүлэх ёстой.
-Цогц бодлого алга?
– Тэгэхээр л төрийн бодлого яригдаад эхэлж байгаа юм. Монгол улсад өнөөдөр уулзсан залуус болгон төрийн бодлого байхгүй гэдгийг хэлж байна. Тэгвэл гадаад орнууд яадаг юм бол? Залуучууд өөрсдөө судлаад асуудлыг ил гаргаж тавиасай гэж хүсэж байна. Тийм ч учраас Их дээд сургуулиудын оюутнуудын дунд эрдэм шинжилгээний бага хурлыг хийж байна.
-Энэхүү эрдэм шинжилгээний үр дүнд юу гарч ирээсэй гэж хүлээж байна?
– Бид нар судалгааны үндсэн дээр залуучууд өөрсдөө юу хүсч байна. Төр засгаас залуучуудын талаар юу хийх ёстой вэ, төрийн бодлого нь өөрөө ямар түвшинд байх ёстой вэ гэдгийг гаргаж тавьж байгаа.
Монголын залуучууд монгол улсын ирээдүйг авч явна. Залуус өөрөө өөрсдийнхөө ирээдүй амьдралын төлөө хөдлөх ёстой. Өнөөдөр монголын залуучуудын асуудал эрхэлсэн нэг ч газар монгол улсад байхгүй байна аа гэдэг нь залуучууд та бидний ирээдүй маш бүрхэг байна гэсэн үг. Тэгэхээр ядаж залуучуудынхаа асуудал дээр аль нэг нам, улс төрийг хасаад бид нэг бодол, санаа зорилгоор нэгдээд өөрөө өөрсдийнхөө төлөө тэгээд энэ улсынхаа төлөө нэг алхам ч гэсэн хийх ёстой. Тэгэхээр бүх залуучууддаа өөрсдийн ирээдүйн төлөө хамтдаа тэмцэцгээе гэж хэлмээр байна.
-Одооны залуус ч дээ гэж их шүүмжлэх болсон. Нийгэмд яагаад болж бүтэхгүй зүйлс нь давамгайлж харагдаад байна вэ. Үүн дээр таны бодол?
– Ажилгүйдэл, хүрээлэн буй орчны асуудал. Мөн боловсрол, ухамсарын асуудал. Өнөөдөр магадгүй Соёл спорт аялал жуучлалын яам байх ёстой юу? Эсвэл соён гэгээрүүлэх яам хэрэгтэй болчихсон уу гэдэг асуудал бий болчихсон. Залуучууд ажилгүй байна гэдэг бол тэр залуус баар хэснэ, архи ууна, гудамжинд гарна гээд дараа дараагийн үр дагавар гараад эхэлнэ. Тэгэхээр өнөөдөр бид нарын хувьд бол үүн дээр төр ямар байдлаар хандах ёстой вэ гэдгийг анхааралдаа авч ядаж залуучуудын яамтай болох ёстой. Болохгүй бол УИХ дотроо залуучуудын байнгын хороотой байх. Бүүр болохгүй бол залуучуудын агентлагтай байх хэрэгтэй байна. Өнөөдөр 18 настай залуугийн асуудлыг 50 настай улстөрч ойлгоод шийднэ гэж бараг байхгүй дээ.
Би дахиад хэлье. Монгол улсын хөгжил гэж хүн бүр яриад байна. Ерөөсөө хүний хөгжлийг нэн түрүүнд тавих хэрэгтэй. Энэ нь залуучуудын хөгжлөөс эхлэх ёстой. Яагаад үүнийг өнөөдөр УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч ярихгүй байна. Энэ бол асуудал. Дэлхийн маш олон оронд бослого, хөдөлгөөнүүд гарч байсан. Үүний дийлэнх нь ажилгүй залуучууд ихэссэнээс, төр залуучуудаа анхааралгүй орхисноос болж гарч байлаа. Үүнийг сайн анхаарах хэрэгтэй. Нэг өдөр маш том бослого гарч нөгөө залуучууд чинь бүгд гудамжинд гараад жагсахыг үгүйсгэхгүй. Тэр үед энэ асуудалд анхаараагүй байсан төр засаг тийм том урсгалыг яаж зогсоох вэ гэдэг хэцүүү байдалд очно. Үүнийг л анхаарах ёстой. Монгол улс эдийн засаг, уул уурхай бүх цогц бодлогынхоо хамгийн түрүүнд хүний хөгжил гэдэг зүйлийг тавих ёстой.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа
Х.Даваанаа