Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн докторант, MUSTAK-ийн гишүүн Ж.Азжаргал нь Солонгос улсын Чонбукийн Үндэсний Их Сургуульд докторын (Ph.D) зэрэг амжилттай хамгаалсан байна. Тэрээр амьтаны гаралтай өөх тосноос биодизель түлш гарган авч уг биодизелээр ажиллах машины хөдөлгүүрийн техникийн үзүүлэлт болон биодизелийн шаталтаас үүсэх хий, утааны өөрчлөлтийг судлаж, байгальд ээлтэй, сэргээгдэх чанартай, өндөр октантай, маш сайн чанарын түлш болохыг туршилтаар баталж харуулсан байна. Монголдоо төдийгүй Дэлхийд шинэ нээлтийг хийсэн энэ залуу Ховд аймгийн Дарви сумын уугуул нэгэн. Механик инженерийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн манай улсад маш цөөхөн ажээ. Даруухан залуу эрдэмтэнтэй судалгааны ажлынх нь талаар ярилцлаа.
-Малын гаралтай өөх тосноос шатахуун гаргаж авна гэхээр сонин сонсогдож байна. Энэ том нээлтийг хийх болсон анхны гараа хаанаас эхлэсэн бэ?
-Би Дарханы ШУТИС-ийг машин үйлдвэрлэлийн технологийн мэргэжлээр 1998 онд төгссөн. Сургуулиа төгсөөд багшилж байгаад 2004 онд төв ШУТИС-д шилжиж ирсэн. 2009 онд БНСУ-ын Чонбукийн Үндэсний Их Сургуульд Засгийн газрын тэтгэлэгээр докторын зэрэг хамгаалахаар явсан юм. Манай сургууль нь Солонгостоо тавт ордог том сургууль. Тус сургуулийг механик инженерийн мэргэжлээр докторын зэрэг хамгаалсан. Миний хамрагдсан судалгааны ажил бол авто машины дизель хөдөлгүүр судалдаг тэнхим байсан. Автомашинаас гарч байгаа хорт утааг судлах, хийг нь багасгах, байгалиас гаралтай шинэ түлш ашиглах замаар байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулах зорилготой төслийн баг руу орсон. Биологийн гаралтай цэвэр түлш гаргаж авахаар судалсан гэсэн үг юм. Биологийн гаралтай гэхээр ургамалаас тос гаргаж авч болно. Ургамлаас гаргасан тосоор шатахуун хийгээд явна гэсэн үг л дээ. Нөгөө талаар амьтны өөх тосноос шатахуун гаргаж аваад автомашиндаа хийгээд хэрэглээд явах боломжтой. Үүнийг судалгааны түвшинд тогтоосон.
-Энэ санаа анх яаж төрсөн бэ?
-Би багийнхандаа хэлэхдээ “Манай орон бол мал аж ахуйн орон. Малын гаралтай өөх тос их гарах хандлагатай байдаг. Тийм учраас малын гаралтай өөх тосноос шатахуун гаргаж авах судалгааны ажил руу орьё” гээд малын гаралтай бүтээгдэхүүнээс шатахуун гаргаж авах чиглэл дээр ажилласан. Малын өөх тосноос шатахуун гаргаж авах боломжтой болохыг тогтоосон байгаа. Ердийн нефтиэс гаргаж авдаг шатахуунтай харьцуулахад илүү өндөр чанартай түлш гаргаж авч болохыг баталсан. Мөн өөх тосноос гарсан шатахуун нь байгальд ээлтэй, маш бага хор ялгаруулдаг юм байна.
-Судалгааны ажилд хэр хугацаа зарцуулсан бэ. Хүндрэл бэрхшээл их байсан байх?
-Солонгосын эрдэмтэдийн зүгээс малын гаралтай өөх тосноос шатахуун гаргаж авч болохыг батал гэсэн. Үүнийг 2 – 3 жил судалсаны үндсэн дээр малын өөх тосноос шатахуун гаргаж авч болохыг нотолж докторын зэрэг хамгаалсан. Гэхдээ ганцхан өөх тосноос шатахуун гаргаж болдогийг нотолсон юм биш. Ердийн нефтиэс гарч байгаа шатахуунтай харьцуулахад байгальд ээлтэй, автомашинд эвдрэл гэмтэл бага гардаг, дуу чимээ бага гээд давуу тал их бий. Үүнийг судалгаагаар баталж тогтоосноор эрдэмийн зэрэг өнгөрсөн оны наймдугаар сард хамгаалаад ирсэн. Энэ судлагааны нээлт нь өмнө нь хаана ч хийгдэж байгаагүйгээрээ онцлог юм. Чанарын хувьд автомашин бага шатахуун зарцуулах гээд давуу талууд их байх боломжтой байна. Уулын өөд хоёр машин давхихад био дизелээр ажиллаж байгаа автомашин нь илүү хүчтэй учраас өндөрт очиж зогсоно гэсэн үг. Малын гаралтай өөх тосноос гаргаж авсан шатахууныг автомашинд хийж туршиж үзэхэд ашиглах бүрэн боломжтой нь нотлогдсон.
-Энэ технологийг өргөн дэлгэр хэрэглэх, Монгол Улс малын гаралтай өөх тосоо нэрээд шатахуунаар хангагдах боломж хэр байна?
-Үүнийг судалж байгаа. Нэгдүгээрт малын гаралтай өөх тос хэр байдаг вэ гэдгийг судлах ёстой. Хоёрдугаар нөөцийг хэрхэн цуглуулах уу, эдийн засгийн эргэлтэд яаж оруулах вэ гээд судалж байна. Шатахуун гаргаж авсан тохиолдолд олон улсын чанарын сертифкат авдаг. Эхлээд малын гаралтай өөх тосны нөөц хэр байх нь уу гэдгийг судлаад, лаборатори байгуулаад ирэхээр зохиогчийн эрхээ аваад хэрэгжүүлээд явах асуудал юм. Манай ШУТИС бүтцийн өөрчлөлт хийж байгаа. Зөвхөн сургалт явуулах бус эрдэм шинжилгээний ажлыг илүүтэй дэмжиж гарааны компани байгуулах боломжтой болж байна. Гарааны компани байгуулагдах боломжтой болж байгаа учраас намраас энэ чиглэлээрээ гарааны компани байгуулаачээ гэдэг зүйлийг удирдлагууд ярьж байна. Иймээс малын өөх тосны хүрэлцээ хэр байна гээд хөдөөгүүр явж судалгаа хийх шаардлага бий. Өөрийн төрсөн нутаг Ховд аймгийн Дарви суманд судалгаа хийх, малын гаралтай өөх тос хэр цуглуулах боломжтойг судлана. Өөрийнхөө төрсөн нутгаас эхлүүлэх бодолтой байна. Манай сум улсдаа эрдэмтэдийн тоогоороо тэргүүлдэг шилдэг сум. Тэр хүмүүсийн тоонд орж, эрдэмтэдийнхээ өв уламжлалыг залгуулж байгаадаа баярлаж явдаг.
-Төр засгийн хэмжээнд дэмжсэн, цаашид том хэмжээнд хэрэгжүүлэх боломж байгаа болов уу?
-Төр засгийн хэмжээнд дэмжсэн, БШУЯ-тай ч юм уу холбогдсон зүйл алга байна. Би энэ чиглэлээр докторын зэрэг хамгаалаад удаагүй байгаа учраас ШУТИС-ийн хэмжээнд ярьж байна. Таван хошуу малын өөх тосноос гадна далайн гаралтай амьтны өөх тосноос шатахуун гаргаж авах боломжтой эсэхийг судлаж үзсэн. Гэхдээ малын өөх тосыг бодвол халим, загасны тос арай муу шатахуун гарах жишээтэй. Хамгийн сайн түлш нэрэх боломжтой тос бол үхрийн тос байсан.
-Монгол Улс 40 сая гаруй малтай. Дээр нь тахиа, гахай гээд гэрийн тэжээвэр амьтадын өөх тос их гарах боломжтой байх. Тэгэхээр өөх тосны нөөц чамгүй гарах байх. Шинэ технологийг ашигласнаар манай улс шатахууныхаа бага ч гэсэн хэрэгцээг хангах боломж харагдаж байна уу?
-Өөх тосны нөөцийг л судлах хэрэгтэй байгаа юм л даа. Солонгост өөх тосны нөөц бага учраас амьтны гаралтай өөх тос иддэггүй улс орнуудаас импортолж оруулж ирье гэж байгаа юм. Жишээлбэл Бангладиш, Ветнам, Энэтхэг зэрэг орнуудаас өөх тос импортолж вагон вагоноор нь авч эхэлсэн. Миний хийсэн судалгааны ажил, хөтөлбөр маань Солонгосын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжсэн төсөл. Тэгэхээр бидний хийж буй судалгааны ажлын үр дүнг Засгийн газраас хянаад сууж байсан гэсэн үг л дээ. Манай төсөл амжилттай болонгууд Засгийн газар нь бизнес хийж эхлэж байна л даа. Тиймээс манай улс гаднаас өөх тос импортолж авч хэрэгжүүлж болж байна. Түүнээс манай улс өөрийнхөө нөөцөөр шатахууныг их хэмжээгээр гаргах боломж байхгүй байх. Ойролцоогоор шатахууны хэрэгцээний 1 хувийг хангах тосны нөөц байх боломжтой. Тийм учраас гаднаас тос импортоор авах боломж бий. Нэг литр тосыг ойролцоогоор 100 төгрөгөөр авлаа гэхэд нэрээд шатахууныг 500-600 төгрөгөөр гаргаад авчих боломжтой. Гэтэл бид өнөөдөр 1600, 1700 төгрөгөөр нэг литр шатахууныг авч хэрэглэж байна.
– Баярлалаа, танд судалгааны ажилд чинь өндөр амжилт хүсэн ерөөе