Засгийн газрын тэргүүн хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар өнгөрсөн долоо хоногт тодорхой танилцуулсан. Харин энэ талаар Засгийн газрын нэг бүрэлдэхүүн болсон ИЗНН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл ямар байр суурьтай байгаа талаар ярилцлаа.
-Ерөнхий сайд ирэх оны нийгмийн халамжийн бодлого бараг бүхэлдээ өөрчлөгдөх талаар хэллээ. Та ямар байр суурьтай байна?
-Нийгмийн салбарт авах зарим арга хэмжээний талаар тодруулсан. Өөрөөр хэлбэл, сүүлийн 25 жилийн манай хавтгайрсан халамжийн нийгэмд жаахан ч гэсэн өөрчлөлт хийх гэж байна. Ер нь хагас хавтгайрсан нийгэм болоод байна шүү дээ. Энэ асуудлыг өөрчлөх гэсэн санаа гэж харж байна. Хэрэв та бүхэн миний хэлж байсан үгийг ажиглаж байсан бол би парламентад орохоосоо эхлээд conditional cash transfer буюу нөхцөлт мөнгөн шилжүүлэг гэж маш олон удаа хэлсэн дээ. Аливаа хүмүүст нийгмийн халамж тарааж болно.
Гэхдээ тэр нь заавал нөхцөл, болзолтой байх ёстой. Үүнийг Дэлхийн банк болон бусад улс орнууд, Латин Америкт амжилттай хэрэгжүүлсэн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хэрэв та ямар нэг халамжийн шилжүүлгийг нийгмээс авч байгаа бол оронд нь ямар нэг юм өгөх ёстой. Тэтгэвэрт гарсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн эсвэл оюутан байсан ч эргээд заавал хариу өгөх ёстой гэсэн үг. Нөгөө талаас сэтгэлгээний хувьд хүн ажилтай байна гэдэг өөр. Тэтгэвэрт гарсан хэдий ч тэр хүмүүс ажилтай байвал баярладаг.
Тиймээс нийгмийн гишүүн гэдэг утгаараа энэ байх ёстой зүйл. Тухайлбал, хүүхдэдээ ямар нэг зайлшгүй тариулах тариа байсан бол түүнийгээ тариулаагүй байж нийгмийн халамж авч байгаа бол энэ буруу. Түүнийгээ тариулах ёстой ч гэдэг юм уу. Эсвэл нийтийн мод тарих ажилд оролцох ёстой гэх зэрэг олон хэлбэрээр нөхцөлт мөнгөн шилжүүлэг гэсэн үзэл баримтлалыг дэлхийн олон орон хэрэгжүүлж байгаа. Харин Монголд ийм зүйл байхгүй.
-Тэгэхээр та Ерөнхий сайдын санааг дэмжиж байгаа хэрэг үү?
-Яг энэ санааг бол дэмжиж байна.
-Харин хүүхдийн мөнгө, оюутны 70 мянга, алдарт эхийн одонтой ээжүүдэд олгодог тэтгэлгийг танах тухайд юу хэлэх бол?
-АН хүүхдийн мөнгийг байнга хамгаалж ирснийг та бүхэн мэднэ. Хүүхдэд оруулж байгаа хөрөнгө оруулалт гэдэг утгаар нь. Энэ бол хөрөнгө оруулалт биш гэдгийг би өнгөрсөн жил мөн хэлж байсан. Энэ талаар бүр саналаа хүртэл тавьж байсан шүү. Одоо хүүхдийн мөнгийг 0-18 насны хүүхдэд өгч байгаа. Статистикийн ангиллаар 0-15 насыг хүүхэд гэж тодорхойлдог.
Өөрөөр хэлбэл, эдийн засгийн идэвхтэй хүн амыг тооцоолохдоо 1.2 сая эдийн засгийн идэвхтэй хүн ам гэж тооцоолоход 15-аас дээш гэж явдаг. Тиймээс тэр насыг багасгах хэрэгтэй. Хоёрдугаарт, Монголын эдийн засгийг хэрэглээнийх нь бүтцээр 20:20 хувиар таван группт хуваалаа гэхэд хамгийн ядуу хэсэг нь 8.3 хувь. Түүний дараа арай илүү, дараа нь дунд хавьцаа гээд ядуу болон ядуувтар хэсэг ерөнхийдөө 38 орчим хувь байгаа. Тэр 38 хувьд хамаарч байгаа хүмүүсийн хүүхдүүдэд халамж өгөх ёстой. Чинээлэг хэсэг гэж байгаа. Үүний дээр арай чинээлэг хэсэг гэж бий. Энэ хүмүүсийн хүүхдүүдэд өгөөд байх хэрэггүй. Ингэснээр хүүхдийн мөнгө гэдгийн утга учир нь зорилтот бүлэгт жинхэнэ байдлаар хүрэх юм. Мөн нөхцөлтэйгөөр ингэж өгсөн мөнгө хүүхдийн хөгжил талаас илүү байх болно. Харин үүнээс илүү гарсан мөнгийг цэцэрлэг, эмнэлэгт зориулъя гэж би өмнө нь хэлж байсан. Одоо энэ нь хэрэгжих гэж байх шиг байна.
Түүнчлэн оюутны 70 мянга байна. Энэ мөнгийг бүх оюутан авахгүй. Ямар нэг шаардлага хангасан болзолтойгоор авна. Энэ зөв үү гэвэл зөв. Эндээс мөнгө хэмнэгдэх үү гэвэл хэмнэгдэнэ. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэг дээ. Гэтэл манайд ер нь хөнжил маань байна уу. Бараг байхгүй болчих гээд байна. Энэ тохиолдолд иймэрхүү арга хэмжээ авахаас өөр аргагүй. Гэхдээ энэ зөвхөн санхүүгийн утгаар нь хийгдэж байгаа юм биш. Нийгмийн утгаараа гэсэн үг.
-Тэгвэл таны яриад байгаа эдийн засгийн идэвхгүй хүн амыг хэрхэн идэвхжүүлэх вэ?
-Нийгмийн гишүүн гэдэг утгаараа хөдлөвөл хөлс байдаг. Би тэтгэвэрт гарсан байлаа гэж бодъё.Бусад улс оронд тэтгэврийн хүмүүсийн ахмад мэргэжилтнүүдийн холбоо гэж байгуулсан байдаг. Энэ холбоог хувийн хэвшилтэй холбож өгөөд гэрээгээр ажил хийлгэдэг байх жишээтэй. Манайд мундаг барилгын инженер, сайн дипломатууд гэртээ сууж байгаа нь элбэг байдаг.
Монголын хүн амыг гурван сая гэж бодоход 1.2 нь эдийн засгийн идэвхтэй. 658 мянган хүн нь эдийн засгийн идэвхгүй байна. Үүнд өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг багтаж байгаа. “Эдийн засгийн” идэвхгүй хүн амыг яаж идэвхтэй болгох вэ. Нөгөө талаас хувь хүний сэтгэлд зүйд би нийгэмд хэрэгтэй хүн юм байна гэдэг мессэжийг өгч байх үүднээс дээр ярьсан асуудлаас жишээ авах хэрэгтэй гэсэн санааг хэлж байгаа юм.
-Малчдад олгодог арьс, ширний урамшууллыг танах нь зөв үү?
-Тэдний хувьд олон төрлийн урамшуулал өгдөг. Гэтэл бодит байдалд малын бэлчээр муудаж, цөлжилт явагдаж байна. Тиймээс малын хөлийнх нь тоо толгойгоос хамааруулаад татвар байх ёстой. Угтаа бол энэ нь малчдаас гэхээсээ илүүтэй бэлчээрийн татвар юм. Энэ нь тухайн орон нутгийн төсөв рүү орж байгаа. Орон нутгийн төсөв нь төв төсвөөс шилжүүлэг авдаг. Орон нутагт бололцоогоо дайчлах, эдийн засгийн хөшүүргийг Ерөнхий сайд хэлсэн. Мөн малчдын бүтцийг харахад сонирхолтой дүр зураг харагддаг.
Өнөөдөр Монголын малчдын 130 гаруй мянган өрх байдаг. Эдгээрийн дунд хүчтэй ялгарал явагдаж байна. Тэдний зарим хэсгийг мянгат малчин гэж нэрлэдэг. Тэднийг шагнадаг. Өөрөөр хэлбэл, баян малчдаа дээрээс нь нэмээд шагнаад л байдаг. Тэгэхээр 50-100, 100-200, 200-400, 400, 500-аас дээш малтай малчдыг аваад үзвэл нийт малынхаа ихэнх хэсгийг бариад харин зах зээлд нийлүүлж байгаа малын махны 43 хувийг нийлүүлж байдаг. Нийгмийн ийм хүчтэй үзэгдэл болж байгаа энэ тохиолдолд малчдад хандах төрийн хандлага зөвхөн хайрлах, энэрэхээсээ илүү эдийн засгийн аргаар тэднийг хөшүүрэгдэх ёстой. Ингэснээр малчдын дунд үүссэн орлогын тэгш бус байдлыг ойртуулах нь зүйтэй.
-Ерөнхий сайд эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой төрийн албан хаагчдын орон тоог 15 хувиар бууруулна гээд байгаа шүү дээ. Энэ нь эдийн засгаа сайжруулах оновчтой шийдэл мөн үү?
-Энэ хэцүү л дээ. Одоо тэр цаг мөн үү, биш үү. Төрийн албан хаагчид гэхээсээ илүү төрийн засаглалын үр ашгаа дээшлүүлээсэй гэж бодож байна. Мэдээж тодорхой арга хэмжээ сая авлаа. Улаанбаатар хот дөрөв, таван орлогчтой байсныг болиуллаа. Иймэрхүү зүйл явагдана. Гэхдээ үүнийг зорилго болгоод арван хэдэн мянган хүнийг ажлаас хална гэсэн зүйл яриагүй байх. Ийм зүйл хийгдэхгүй байх гэж бодож байна. Яг тийм зорилго тавиагүй байх. Ер нь төрийн албыг төрлийн алба, намын алба болгосон энэ байдлыг халах ёстой юу гэвэл тийм. Merit буюу ололт амжилт дээр нь суурилсан зарчим гэж төрийн албанд авах хуулийг нь өөрчлөх ёстой. Мөн төрийн албыг намтай хольдог шууд болон далд байдлыг зогсоох хэрэгтэй. Хүн халахаасаа өмнө гэсэн үг шүү. Хэдэн жилийн өмнө төрийн албанд орох гээд залуучууд дугаарлаж жагсдаг байсан.
Төрийн бус, хувийн хэвшилд ажиллах орчныг сайжруулах хэрэгтэй. Ингэж байж сургууль төгссөн залуус тийшээ явах юмсан, боломж байна гэдгийг харах юм. Түүнээс төрд очоод сайхан түшмэл болоод сууна гэж бодоод байдаг. Энэ талаас нь бодож хийх хэрэгтэй. Ер нь арван мянган хүн халах нь өөрөө шийдэл биш. Төрийн чиг үүргийг шилжүүлээд цомхон төр болгох реформ одоо хийгдэх гэж байна. Мөн одоо хүртэл хөндөж чадахгүй байгаа засаг захиргааны хэдхэн хүнтэй суманд бүх дэд бүтцээ аваачдаг үрэлгэн байдлаа зогсоох ёстой. Тиймээс төсвөө таная гэж байгаа. Хэрэггүй, шаардлагагүй, хүлцэн тэвчиж болох хөрөнгө оруулалтаа таная. Урсгал зардлаа ч гэсэн. Энэ бүгдийг холбоо уялдаатай хийх ёстой. Түүнээс арван мянган албан хаагч түүн дотроо дөнгөж сургууль төгссөн залуусыг хоморголон ажлаас халдаг байж болохгүй. Ийм зүйл хийгдэхгүй байх гэж бодож байна.
-ИЗНН-аас яамдын Төрийн нарийн бичгийн даргад нэр дэвшүүлэх үү?
-Хэн ч нэр дэвшүүлж болно. Дэвшүүлнэ байх.
-Гэхдээ нам дотроо хэлэлцсэн яриа байгаа байх?
-Төрийн нарийн бичгийн даргыг төрийн албанаас ямар ажлын орон тоо байгааг зарлаад шалгаруулах замаар сонгон шалгаруулдаг. Хэрэв улс төрийн бусад намууд тэр дундаа хоёр гол том нам Төрийн нарийн бичгийн даргын албаар тохиролцож байгаа гэсэн ямар нэг албан ёсны зүйл байвал энэ нь хууль зөрчиж байгаа хэрэг. Хоёрдугаарт, ийм зүйл байж болохгүй. Манай намын хувьд Төрийн нарийн бичгийн даргын төлөө үзнэ. Товчхондоо нэг хүнээ сойно. Тэр байтугай ямар нэг үйлдвэрлэлтэй хэсэгт. Учир нь жижиг, дунд үйлдвэртэй яамдуудын Төрийн нарийн бичгийн дарга буюу тэр чиглэлийн хүмүүс нь бэлтгэгдсэн байгаа. Ороход бэлэн. Төрд ажиллаж байсан, бүх шалгуурыг нь хангаж чадах тийм хүмүүс бий.
-Нэгэнт хамтарч байгаа болохоор бүтэц бүрэлдэхүүний тал дээр харилцан тохиролцсон зүйл байгаа байх?
-Ер нь эвсэл гэж яриад байна. ИЗНН-ыг дурдаад байгаа. Бидэнд албан тушаал чухал биш гэдгийг хэлсэн. Бид хамтдаа Үндсэн хуулийг өөрчлөх үү , өөрчилье. Эдийн засгийн хүндрэлээс гарах уу гаръя. Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хууль зэрэг энэ бүгд дандаа манай намын ярьдаг байсан асуудал. Энэ утгаар нь бид хамтарч ажиллая гэж орсон. Түүнээс ганц дэд сайдын суудал байлаа ч яалаа, байхгүй байсан ч яалаа. Өөрөөр хэлбэл, ийм тэнэг нам байж болохгүй биз дээ. Нэг дэд сайдын төлөө үнэт зүйлээсээ ухардаг. Гэтэл үнэт зүйл маань хамтарч хийх ажлууд байгаа учраас түүнийг нь голлож бид эвсэлд орсон юм.
Тиймээс Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд ИЗНН харагдахгүй ч гэсэн бүтэц дотор нь ганц, нэг хүн явж байх нь илүүдэхгүй. Манай намын боловсролтой, чадалтай хүмүүс нь ороод хийе гэж байсан ажлаа хийж байсан нь дээр. Хамгийн гол нь 2012 онд байгуулагдахдаа Засгийн газрын мөрийн хөтөлбөрт маш олон ажил хийхээр оруулсан. Ногоон хөгжил гэхэд одоо бодит ажил хэрэг болоод явж байна. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол сайд боллоо гээд бид хийж байсан ажлаа орхихгүй, парламентын төвшинд үргэлжлүүлээд явна. Эдийн засгийн эрх чөлөө, бизнесийн орчин, инфляц зэрэг асуудлууд яригддаг. Энэ бүхнийг хийхийн тулд хамтарч байгаа.
-Засгийн газрын тэргүүн хийж, хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөг эхнээсээ тодохойллоо. Орхигдуулсан зүйл байгаа болов уу. Эсвэл өөр ямар асуудалд анхаараасай гэж бодож байна вэ?
-Ерөнхий сайд өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын нэгдсэн чуулган дээр инфляцын асуудлыг ярихгүй байсан. 2015 онд төрөөс баримтлах Мөнгөний бодлогод Засгийн газарт үүрэг өгсөн байгаа. Нийслэл, аймгийн төвшинд инфляцын талаар асуудлыг Засгийн газар хариуцна гэж. Тиймээс нийслэл, аймгийн хэмжээнд инфляц хэрхэн үүсч байна, ерөнхий дүр зураг нь ямар байна гэдгийг тодорхойлж, хянаж байх учиртай. Тиймээс инфляцын дунд хугацааны бодлого буюу 1.5 жилийн бодлого хэрэгжүүлэх ёстой гэсэн утга бүхий заалт оруулсан байгаа. Аль ч Засгийн газарт ард иргэдийн хүсдэг зүйл бол энэ. Ч.Сайханбилэгээс ч гэсэн үүнийг л хүснэ. Энэ мэт асуудлын талаар Ерөнхий сайд дуугарах байлгүй.
Зууны мэдээ
Д.Гэрэлцэцэг