Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд хүн амын төвлөрлөөс шалтгаалан газар талбайн зохион байгуулалт, агаарын бохирдол, авто замын бөглөрөл гээд л тоочоод барамгүй, хойшлуулж боломгүй олон тулгамдсан асуудлууд бий болсоны нэг нь хуучин оршуулгын газруудын асуудал яахын аргагүй мөн.
Монголчууд бид 1950-иад оны дунд үеэс одоог хүртэл сүүлийн 50-60 жил талийгаачдыг булж бунхалах буюу газарт оршуулж иржээ. Ингэж оршуулгын газрууд тэлж, иргэдийн суурьшилын бүстэй ойртох тусам эдгээрээс үүдэлтэй оршуулгын газарт аваачиж дээрэм тонуул хийжээ, шарлын төмөр хайс хашаа хулгайлаад баригджээ, ил задгай тавьж оршуулсан шарлын хөл, гар, чөмөгний яс зуусан нохой хүүхэд хөгшидыг айлгасан, айлын хаяанд цогцос ил тавьжээ, шарилын хайрцагны мод түлдэг иргэд баригджээ, оршуулсан шарлын нүхэнд орж зугаацсан залуучууд бий болжээ гэх мэт хүний санаанд оромгүй хачин үзэгдлүүд гарсаар ирсэн. Үүний дотор сүүлийн жилүүдэд улиралын чанартай ч гэж хэлж болох нэгэн гаж үзэгдэл бий болсон нь оршуулсан шарилыг ухах явдал юм.
Монголчууд бидний дунд хорвоогоос одсон нэгнийхээ шарилыг ухан толгой дэрлүүлсэн цай, хайрцаганд нь хийсэн ганц шил архи, чихэр жимсхэнийг тонож ашиг хонжоо харах нь битгий хэл эрт дээр үеэсээ нас барсан хүний эд зүйлийг хулгайлсан хүнд амьд хүний эд зүйл авсантай адил хариуцлага хүлээлгэдэг байжээ.
“Улаанбаатар Буян” ХХК-ийн үйлчилгээ хариуцсан захирал Д. Мөнхнасантай уулзаж энэ талаар тодруулга авлаа.
-Энэ оршуулгын газар маш том юм. Нийт талбайн хэмжээ хэд вэ?
-2014 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн хэмжээнд байгаа оршуулгын газруудын оршуулгын талбайн хэмжээ тогтоох, одоо ашигдагдаж байгаа газруудын хил хязгаар, хамгаалалтын бүс, талбайн нөөц тогтоох ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Энэ ажлын хэсгийн 2014 оны есдүгээр сард хийсэн хэмжилтээр Нарангийн энгэрийн оршуулгын газрын талбайн хэмжээ 297 гаран га газар байсан. Энэ нь нийслэлийн хэмжээнд хамгийн том оршуулгын газар юм. Газар талбайгаараа хамгийн том энэ далд оршуулгын газрын талаар холбогдох засаг захиргааны байгууллагууд нь анхааралдаа авч цаашдынх нь төлөвлөгөөг гаргах цаг хэдийнэ болсон.
-Энэ оршуулгын газарт сард хэчнээн талийгаачийг хөдөөлүүлдэг юм бол. Оршуулга хийж байгаа иргэд танай шаардлагыг хүлээж авах тал дээр ямар вэ?
-2014 оны байдлаар нийслэл хотын хэмжээнд 6535 хүн нас барсны 40 хувь нь чандарлах зан үйлээр, 60 хувь нь газарт оршуулсан байна.
Энэхүү газарт оршуулсан 3900 гаруй талийгаачийн 50 хувь нь буюу 2000 нь зөвхөн Нарангийн-Энгэрийн оршуулгын газарт нутаглуулсан байгаа. Нэг талийгаачийг оршуулахад зарцуулагдаж буй 15 метр квадрат газраар тооцож үзвэл Нарангийн Энгэрийн оршуулгын газар зөвхөн нэг жилд 30 га газраар тэлсээр байна.
Иргэд шаардлага хүлээж авах нь янз бүр, зарим нь хэцүү. Одоо баруун хойд тал руугаа газар олгож байгаа. Гэтэл зарим хүмүүс дураараа л энд авна гээд зүтгэдэг, тайлбарлаад ойлгохгүй, харуулыг хэл амаар доромжилно. Манайхан их дураараа дээрэлхүү, түрэмгий, ажлаа хийж байгаа хүний ажлыг хүндрүүдэг. Энэ оршуулгын газар талбайн хэмжээ маш том учир аль болох зохион байгуулалттай газар олгохгүй бол дороо л тэлж улам л хэцүү болно гэдгийг уг нь хүн болгон ойлгомоор санагддаг.
-Саяхан талийгаачдын шарилыг хөндсөн хэрэг гарсан гэсэн үнэн үү. Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн үү. Эзэн нь олдсон болов уу?
-2015 оны нэгдүгээр сарын 8-9-нд шилжих шөнө гурван шарил ухагдсан байсан. Сүүлийн жилүүдэд өвөл болохоор ийм тохиолдол гардаг болсон. Ухсан хүнийг нь олох талаар бол цагдаагийн байгууллага шалгаж тогтоох байх. Одоогоор олж илрүүлсэн тохиолдол байхгүй. Энэ удаа 9-нд СХД-ийн Цагдаагийн хэлтэст дуудлага өгсөн ч ирээгүй болохоор манай харуул шороог нь янзалсан. Ухагдсан шарилыг тэр хэвээр нь удаан байлгаад байж болдоггүй юм.
Оршуулах ёслол болох, газар сонгох гээд олон хүн ирэхэд онгорхой байгаад байж болдоггүй учраас тэгсгээд л өөрсдөө янзлахаас аргагүй байдалд ордог.
-Энэ явдал зөвхөн Нарангийн оршуулгын газарт гараад байна уу. Бусад оршуулгын газруудад ийм тохиолдол байдаг уу?
-Нарангийн оршуулгын газар нь хэчнээн том талбай хамардаг боловч хоёр харуултай учраас байнга эргэж тойрч, шалгаж байдаг учраас хэрэг гарсан тохиолдолд цаг алдалгүй мэдэгдэж байгаа юм. Бусад оршуулгын газрын тухайд тогтсон харуул байхгүй учраас ямар нэгэн мэдээлэл байхгүй болохоор ийм тохиолдол бүртгэгдээгүй. Ер нь харуултай газруудад ингэж ухаад байгаа юм чинь эзэнгүй газруудад шарил ухагдаж, тоногдож байхыг үгүйсгэхгүй.
Даландавхар, Цагаан даваа гээд хуучин газрууд ингэж тоногдсоор байгаад одоо үнэхээр хүнд байдалтай болсон байгаа шүү дээ. Нийслэлийн эргэн тойронд олон зөвшөөрөлгүй, хариуцсан эзэнгүй оршуулгын газрууд байна гэлээ.
Монголчууд бид дэлхий нийтийн хөгжлийг даган өмсөх хувцас, идэх хоол, унах унаа, байшин барилга, компьютер гээд бүгд л дэлхий нийтийн хөгжлийг дагаад өөрчлөгдсөөр ирсэн шүү дээ. Үүнтэй адил оршуулах зан үйлдээ ч орчин үеийн дэвшилтэт хэлбэрийг сонгож өөрчлөгдөн, шинэчилэгдэж болохгүй гэж үү.
Гэтэл оршуулга маань дэлхийн улс орнуудын оршуулгын газруудаас даруй 100 жилээр хоцроод байгаагийн учир бидний мухар сүсэгт байна уу? Үүнийг бодох л хэрэгтэй. Газар талбайгаараа хамгийн том далд оршуулгын газрын талаар холбогдох засаг захиргааны байгууллагууд нь анхааралдаа авч цаашдынх нь төлөвлөгөөг гаргах цаг хэдийнэ болсныг анхааруулсаар байна.
Хүн амын нягтрал ихсэж буй энэ үед газарт оршуулах нь байгаль экологи болон агаар мандал бидний хойч үед хор нөлөө ихтэйг хүн бүр мэддэг болсон. Тиймээс цаг үеийн шаардлагаа дагаад чандарлах зан үйлийг дэлхий нийт зөв зүйтэй алхам гэж үздэг болоод байна. Өнөөдрийн нийслэл хотод бий болоод байгаа хуучин оршуулгын газруудын өнөөгийн байдал бидний хүсэж тэмүүлэн байгаа хөгжлийн хэв маяг, 21-р зуунд амьдарч буй улсын нийслэлийн дүр төрх мөн гэж үү….
Амьд сэрүүнд нь хүндэлж, хайрлаж явсан аав, ээж, ахан дүүсээ хорвоогоос үдэхдээ “Хайрт аав, ээж…… таныгаа үүрд дурсана” хэмээн хөшөө чулуун дээр нь сийлэн үлдээсэн бичээс, шарлын нь хажууд тангаргалан зогссоноо эргэн нэг санаач…Тэднийхээ өмнө амласан амлалт, үзүүлсэн хүндлэл, хүлээсэн хариуцлага мөн гэж үү.