Ү.Амарбат: Илтгэл амнаас биш тархинаас гардаг

1399781_1388159344770789_1351874148_oЭнэ удаад 2009 онд зохиогдсон “Оюуны олимп” /Аггон – 4/ наадмын аварга, үндэсний шилдэг илтгэгч, Отгонтэнгэр Их Сургуулийн багш, Монголын Лектор Төвийн сургагч багш Ү.Амарбаттай ярилцлаа.

– Танд уншигчдынхаа өмнөөс энэ өдрийн мэнд хүргэе. Үндэсний шилдэг илтгэгчийн хувьд таны бодлоор илтгэх урлаг гэж чухам юуг хэлж байна вэ?

– Илтгэх урлаг гэж юу вэ? Эхлээд энэ урлаг мөн үү биш үү гэдгээс эхэлнэ. Хүмүүс янз бүрээр ярьдаг. Тухайлбал: илтгэх урлаг, илтгэх ур чадвар, уран илтгэл гэх зэргээр урлаг, уран гэдэг ойлголтууд ороод ирэхээр хөнгөн байдлаар ойлгох нь бий. Яг үнэндээ “илтгэнэ” гэдэг бол 4-н зүйлийн нийлбэр гэж үзээд байгаа юм. Нэгдүгээрт, олон хүний өмнө гарч ярьж байгаа гэдэг талаасаа урлаг юм. Хоёрдугаарт. Үгээр дамжин хүмүүст хүрч байгаа учраас хэлзүйн судалгаа юм. Гуравдугаарт, дуу хоолойгоор дамжин хүмүүст хүрч байгаа учраас физик давтамж талаасаа физикийн шинжлэх ухаантай холбоотой болно. Дөрөвдүгээрт, Бодож, бясалгаж, бэлтгэж, гүн гүнзгий утга агуулга илэрхийлж байгаа талаасаа философи юм.

Энэ дөрвөн том судлагдахууныг агуулсан боловч аль нэг рүү нь ордоггүй ухааныг илтгэх ур чадвар, Монголын Лектор төвийн үүсгэн байгуулагч Ц.Баатархүүгийн хэлсэнээр “Зөв ярих ухаан”  гэж нэрлэдэг. Хүмүүст ойлгоогүй байгаа эсвэл буруу ойлгочихсон байгаа зүйлийг зөвөөр ойлгуулан, зөв эерэг үйлдэлд уриалан дууддаг, урам сэргээж, ухаан хайрладаг тийм л зүйл юмдаа. Нэг талаасаа их хүч юм.

– Та их сургуулийн багш хүний хувьд ярих, ойлгуулах ур чадвараа хэрхэн ашигладаг вэ?

– Хүн нийт амьдралынхаа 70%-д бусадтай харилцдаг гэж сэтгэл судлаачид тогтоожээ. Энэ үүднээс үзвэл харилцаа бол хүний амьдралын зайлшгүй нэг хэсэг. Хүн харилцаагаа хэрхэн удирдах, харилцагчтайгаа ойлголцох, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чадаж байна уу гэдэгтээ үргэлж анхаарч байх ёстой.Тиймээс би багш хүний хувьд сайн харилцагч байхыг эрмэлздэг. Мөн багш хүний ажлын онцлог байна.

Нэгдүгээрт, Оюутнууддаа хичээлийн агуулгаа ойлгуулахын тулд өөрөө нэн түрүүн сайн судалсан байх ёстой. Түүний дараа тухайн хичээлийг сайтар тайлбарлах, бие даах ажил бол зөвлөмж, чиглэлээ сайн өгдөг байх ёстой. Энд илтгэх ур чадвар нэн хэрэгтэй.

Хоёрдугаарт, Их сургуулийн оюутнууд насанд хүрсэн хүмүүс байгаа учраас сэдэлжүүлэлт маш их чухал. Илүү сайн оюутан байх, илүү хариуцлагатай байх, илүү их зүйлийг уншиж судлах сэдлийг өгөх хэрэгтэй. Энэ бол цэвэр илтгэх ур чадвар, хамтын ажиллагаанаас бий болдог зүйл.

– Илтгэх ур чадварыг сонирхон судалж байгаа болон анхлан суралцаж байгаа залуусдаа хандаж та ямар зөвлөгөө өгөх вэ?

– Би өөрөө ч залуу хүний хувьд энэ чиглэлээр судалж суралцаж л байгаа. Арай түлхүү судалж байгаа гэж үзээд 3 зөвлөгө өгье гэж бодож байна. Эхнийх нь алдахаас айхгүй,  шантрахгүй байх ёстой. Ихэнхдээ хүмүүсийн анхны яриа амжилтгүй л болдог. Сандарч байгаа учраас тэр. Энэ тохиолдолд хүмүүс хоёр дахиа үзээд л больчихдог. Гэтэл алдаа бүхэн нь амжилтын гишгүүр нь болж байгаа гэдгээ ухаараагүй л байдаг. Удаах нь,  ярих гэж байгаа зүйлээ сайн уншиж, судалж, бодож, боловсруулж, хянаж, зөв бурууг нь тунгааж байх ёстой. Саруул ухаан, цэгцтэй сэтгэлгээнээс сайн яриа эхээ авна шүү дээ. Тийм ч учраас АНУ-н ерөнхийлөгч асан Билл Клинтон “Бэлдэх тусам миний од гийдэг” гэсэн алдартай үгээ хэлсэн байх. Гуравдугаарт, ярианаас хүмүүс зугатаадаг. Би чадахгүй байх, энэ удаад л биш, ямар хэцүү юм бэ? гэж боддог. Уг үндэс нь айдсаас эхтэй. Тэгэхээр эерэг бодлуудынхаа хүчээр айдсаа даван туулах хэрэгтэй.

– Та Үндэсний илтгэх ур чадварын аварга шалгаруулах Оюуны олимп тэмцээнд “Монголд хүн байна уу?” сэдвээр оролцож 2009 онд тэргүүн байр эзэлж байсан. Таныг Үндэсний шилдэг илтгэгчээр өргөмжилсөн сүүлийн шатны илтгэлийн турш үзэгчид 7 удаа алга ташсан байх юм. Энэ илтгэлийнхээ талаар хуваалцаач.1555285_1508914849361904_5830279955371291212_n

2009 оны 3-р сарын 27-ны өдөр “Оюуны олимп” гэдэг тэмцээн зохион байгуулагдаж байсан юм.  Миний хувьд  1-р курсын оюутан байсан, гэхдээ  хэрэндээ л сайн  бэлтгээд оролцож байлаа. Оролцохдоо бүртгэлдээ хоцрохоос эхлээд их л хөглөж байсан удаатай.

Эхний шатууд дуусаад хамгийн сүүлд шилдэг 20 илтгэгч үлдэж  “Монголд хүн байна уу?” сэдвээр  5 минутын илтгэл танилцуулсан юм. Тэр үед бидний ах эгч Пүрэвсүрэн, Батзориг, Мөнхбаатар, Энхмөнх гээд олон нийтэд төдийлөн алдартай болоогүй ч үеийн залуусыгаа үгээрээ манлайлсан томчуудтайгаа өрсөлдөж байлаа. Мэдээж би 1-р курсын оюутан өөрийнхөө сэтгэлгээнийхээ хэмжээнд л ярьж байгаа шүү дээ.  Аз болж хүмүүс сайн сонссон, дэмжсэн. Тэгээд л тэмцээний дүн гарч түрүүлж байсандаа. Одоо бодоход сайхан дурсамж. Энэ бүхэн миний эргэн тойронд намайг дэмжиж, тусалж зааж сургаж байсан хүмүүсийн маань л ач гавьяа дэмжлэг гэж би боддог.

Энэ тэмцээн хүртэл илтгэх ур чадвар миний сонирхол байсан бол тэмцээнээс хойш миний ажил болсондоо. Одоо хуульч, багшийн зэрэгцээгээр илтгэх ур чадварын сургагч багш хийдэг. Хүмүүс нэг үеэ бодвол амжилттай илтгэж сурахын  ач холбогдлыг их ойлгодог болсон байна.

– Дэлхийн олон их дээд сургууль, коллеж  боловсролын системдээ илтгэх ур чадварын хөтөлбөр, сургалтуудыг оруулсан байдаг. Монголд ийм хичээлийг ЕБС болон Их дээд сургуулиудын оюутнуудад сургах талаар та юу бодож байна вэ?

– Америкийн дунд сургуулиудад Public speaking гэдэг хичээл ордог гээд л ярихад надад анх мөрөөдөл шиг сонсогдож байлаа. Яагаад гэвэл бид чинь даруу байх, төлөв байхыг үр хүүхэддээ сургаж ирсэн хүмүүс шүүдээ. Тэр утгаараа хүүхдүүдэд зөв ярих тухай заана гэхээр нэг л бууж өгөхгүй санагддаг байсан.

Одоо бол би юу гэж итгэдэг вэ? гэхээр хүн нийгэмдээ амьдарч л байгаа бол өөрийгөө илэрхийлэх ёстой. Ийм учраас багаас нь зөв зааж өгөх ёстой юм байна гэж ойлгодог болсон.

Ингэхгүй бол Монголчууд бидний дунд “илтгэх ур чадвар” гэхээр хүн хуурдаг хүмүүсийн сэтгэл зүй дээр тоглодог, дараа нь улс төрд ордог болдог гэсэн сөрөг үзэл  бодол байгаад байна. Үүнээс үүдээд өөрийгөөө сайн илэрхийлдэг байх буруу юм байна эсвэл, зарим улс төрч нь “би ярихгүй шууд хийнэ” гэх мэтээр ярихгүй байгаагаараа бусдаас сайн гэдэг имиджийг хүртэл бүрдүүлж байх жишээтэй.

Үнэндээ өөрийгөө зөвөөр илэрхийлж сурахын буруу юу байх билээдээ. Public speaking гэдэг хичээлд нь чи хувь хүнийхээ хувьд нийгмийн нэг хэсэг. Нийгэм харилцаан дээр оршдог. Тэгэхээр та сургууль математик сайн чаддаг байхаас гадна өөрийгөө зөвөөр илэрхийлж сурах ёстой. Үүний тулд тодорхой арга, аргачлалыг хэрхэн  эзэмших ёстойг л заадаг. Ингээд сайн харилцагч бий болж байгаа юм. Ярина гэдэг бол амнаас гадна тархиараа хийж байгаа үйлдэл юм. Тиймээс хүүхдүүдийн тархины хөгжилд маш их хэрэгтэй. Гэхдээ энэ хөтөлбөрийг мэргэжлийн түвшинд шинжлэх ухаанчаар харж, прагматик байдлаар хэрэгжүүлэх  шаардлагатай. Тэгэхгүй бол бүр эсрэг үр дүн гарч болох юм.

Манай хүүхдүүдийн дунд өөрийгөө илэрхийлж чадахгүйгээс болж уур уцаартай, стресстэй бухимдуу байдал их байна. Харилцаа, илтгэх ур чадвар нь ганцхан сайн ярьж чаддаг байхаас илүү өөрийгөө стресс бухимдлаас хол байлгах ач холбогдолтой. Мөн манлайлагчдын удирдагчдын гол зэвсэг шүү дээ. Жон Кеннеди, Мартин Лютер Кинг, Ганди, Наполеон гээд л нийгмээ өөрчилсөн агуу удирдагчид цөм сайн илтгэгчид байсан шүү дээ.

– Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

Ярилцсан: “Open Mind” сургалтын төвийн хөгжлийн ажилтан Б.Чойсүрэн

Ugluu-logo3

 

 

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …