Долоон сургаал нь улс орны хөгжил цэцэглэлтийг хангаж чадна.
Нэгдүгээрт, ард түмэн улс төрийн асуудлыг хэлэлцэхийн тулд үе үе хуран цугларч, улс орноо найдвартай хамгаалах ёстой.
Хоёрдугаарт, нийгмийн бүх давхрагын хүмүүс эв найртай амьдарч, улсын үйл хэргийг хамтран хэлэлцэх ёстой.
Гуравдугаарт, эртний зан заншлаа хүндэтгэж, тэдгээрийг учир шалтгаангүй солихыг цээрлэж, найрсаг ёс хийгээд үүрэг хариуцлагыг дагаж мөрдөх ёстой.
Дөрөвдүгээрт, хүйсний ялгаа, ах захын ёсыг баримталж, гэр бүл, нийгмийн цэвэр ариун байдлыг сахих ёстой.
Тавдугаарт, эцэг эх, багш нар, ахмад үеийнхнээ хүндэтгэх ёстой.
Зургадугаарт, элэнц, хуланц, өвөг дээдсээ хүндэлж бурхныхаа өмнө залбирч, жил бүр шарил дээр нь очиж буян үйлдвэл зохино.
Долдугаарт, нийгмийн ёс суртахууныг чанд сахин, буянт үйлийг үнэлж, ариун явдалт багшийн сургаалыг дагаж, түүнд өргөл барьц өргөх ёстой.
Хэрэв энэхүү долоон сургаалыг дагаж мөрдвөл ямар ч улс орон цэцэглэж, бусад улс гүрнээр хүндлүүлэх болно.
2. Эрт урьд цагт улс орноо сайн удирддаг хаан байжээ. Оюун ухааныг нь үнэлж түүнийг Аугаа их гэрэл хэмээн алдаршуулжээ. Тэрбээр улс орноо удирдан жолоодох зарчмуудаа тайлбарласан нь:
“Улс орноо удирдахын өмнө өөрийн сэтгэлийг залж чаддаг болох ёстой. Ард түмэндээ энэрэнгүй хандаж, залж чиглүүлэн, хүмүүсийн сэтгэлийн бузрыг арилгаж ариусгах хэрэгтэй. Тэдний бие сэтгэлийг амирлангуй болгож, энэ хорвоод Бурхан багшийн сургаалаас илүү юм үгүйг ойлгуулахын тулд хүмүүст зөв сургаалыг номлох хэрэгтэй юм. Хэрэв ядуу хүн ирвэл, бүх агуулах, авдар саваа онгойлгож, дуртай юмыг нь өгөх хэрэгтэй. Үүний зэрэгцээ тэрбээр бүх нүглээсээ ангижрах ёстойг ухуулан ойлгуулах нь зүйтэй.
Сэтгэл ямар буйгаасаа шалтгаалан хүн бүр эд юмсыг өөр өөрийнхөөрөө хардаг. Энэ нийслэлийн оршин суугчид хүртэл төрөлх хотоо өөр өөрийн нүдээр хардаг.
Нэг хэсэг нь гоё сайхан хэмээхэд нөгөө хэсэг нь үгүй гэлцэнэ. Энэ бүхэн тэдний санаа сэтгэл болон орчин тойрны нөхцөл байдлаас шалтгаална. Сургаалыг хүндэлдэг, зөв сэтгэлтэй, шулуун шударга хүн бол номин чулууны сайхан гэрэл туяаг жирийн мод, чулуунаас ч олж харж чадна. Харин сэтгэлээ удирдахыг л үл хичээдэг шунахай хүнд хамгийн баян тансаг ордон ч тааруухан санагдана. Ард түмний өдөр тутмын амьдралд бүх юм үүнтэй адил болж байдаг. Хамгийн чухал нь сэтгэл санаа тул, би бээр ард түмэн сэтгэлээ төгс төгөлдөр болгох нь улс орныг удирдахад хамгийн чухал гэж үздэг юм”.
3. Аугаа их гэрэл хааны хэлснээр ард түмэн сэтгэлээ төгс төгөлдөр болгох нь улс орныг удирдахын хамгийн чухал нь мөн бүлгээ. Сэтгэлээ төгс төгөлдөр болгох нь гэгээрэх зам мөрийг хийхийг хэлнэ. Тиймээс улс орноо удирдаж буй хүн юуны түрүүн Бурхан багшийн сургаалд сүсэглэх ёстой.
Хэрэв улс орныг удирдаж байгаа хүн Бурхан багш, Түүний сургаалд итгэж, энэрэнгүй сэтгэлтэй буянтай хүмүүсийг хүндэлж, тэдэнд өргөл барьц өргөдөг байвал, тэрбээр дайсангүй болох бөгөөд хэн ч түүнд муу санахгүйгээс гадна, улс гүрэн нь зайлшгүй цэцэглэн хөгжинө.
Хэрэв улс гүрэн цэцэглэн дэгжвэл бусад улс орныг эзлэн түрэмгийлэх хэрэггүй болох бөгөөд тэдэнтэй дайтахад хэрэглэх зэвсэг хүртэл утгагүй болно. Улмаар ард түмэн зол жаргалтай, сэтгэл хангалуун амьдарч, бүх давхарга энх амгалан, эв найртай аж төрж, алив буян хийгээд буянт үйлс дэлгэрч, хүмүүс бие биенээ хайрлан хүндэлдэг болно. Хүмүүс өөдлөн бадарч, цаг агаар зөөлрөн сайхан болж, огцом хүйтрэх хийгээд тэсэшгүй халуун болох явдал зогсож, нар, сар, од мичид цугаараа тэнгэрт байнга гэрэлтэн мандаж, ус бороо цагтаа орж, салхи намуун тогтуун болж, байгалийн гай гамшиг арилна.
4. Хааны үүрэг нь ард түмнээ хамгаалахад оршино. Хаан ард түмнээ хууль зарлигаараа хамгаалах тул ард түмэндээ эцэг, эхийг нь орлодог. Тэрбээр эцэг эх, ур хүүхэддээ ханддагтай адил ард түмэндээ хайр халамжтай хандах ёстой. Эцэг эх, нялх хуухэд нь сануулаагүй байхад норчихсон даавууг нь сольж өгдөгтэй адил хаан ч гэсэн ард түмнийхээ зол жаргалын төлөө санаа тавьж, зовлон зүдүүрээс нь ангижруулах ёстой. Хааны хувьд ард түмэн бол улс гүрнийх нь жинхэнэ эрдэнэ юм. Учир нь ард түмэнгүй бол улс гүрэн байдаггүй. Ард түмэн сэтгэл хангалуун, элбэг дэлбэг амьдарч буй нөхцөлд улс гүрэн хүчтэй, бат бэх байдаг.
Хаан ард түмнийхээ төлөө байнга сэтгэл зовж, бүхий л зовлон жаргалыг нь олж харж, хөгжиж дээшлэхийнх нь төлөө санаа тавих ёстой. Үүний тулд тэрбээр ус, салхи, борооны тухай болон ургац арвин эсэхийг урьдаас хэлж чаддаг, ган зуд болохыг зөгнөж таадаг, ард түмнийхээ зовлон, жаргалыг мэддэг, гэмт хэрэг болон гавьяа зүтгэлийн тухай мэдээллийг сайтар авдаг байх, ер нь бүх юмыг мэдэх ёстой. Тэрбээр гэмт хэрэгтнийг үйлдсэн хэргийнх нь хүнд хөнгөнөөс шалтгаалан шийтгэж цээрлүүлж, гавьяа зүтгэлээрээ шалгарагсдыг шагнаж урамшуулах ёстой. Хаан ард түмнээ сайн мэдэх үүрэгтэй. Ард түмэндээ өгөхдөө цагт нь өгдөг, ард түмнээсээ авахдаа хэм хэмжээг нарийн барих ёстой. Ард түмнээ мөлжихгүйн тулд татварыг багахан авбал зохино. Тэгвэл ард түмэн сэтгэл хангалуун амьдарна. Хаан өөрийн хүч чадал, эрх дархаараа ард түмнээ хамгаалж байдаг юм. Өөрийнхөө төлөө зовохоос илүү ард түмнийхээ төлөө зовж буй хүнийг эзэн хаан хэмээн зүй ёсоор өргөмжилдөг.
5. Хаадын хаан нь Үнэний Хаан юм. Тэрбээр зөв шударга, эртний сурвалжит язгууртай хүн байдаг. Тэрбээр энэ ертөнцийн бүх улс орныг жолоодоод зогсохгүй бас ном сургаалыг хүндэлнэ. Энэ хаан хаана л хөл тавина, тэнд хэрүүл маргаан тасарч, гомдон өших явдал үл гарна. Тэрбээр үнэний хүчээр сайн үйлс бүтээж ард түмэндээ энх амгалан, сэтгэл хангалуун амьдрал авчирч, муу муухайг арилгана. Үнэний Хаан амь үл хороож, хулгай үл хийж, буруу үл хурьцаж, үл хуурч, муу үг үл хэлж, хоёр нүүр үл гаргаж, дэмий үл чалчиж, ховдог хомхой сэтгэлийг үл мэдэж, үл уурлаж уцаарлана. Тэрбээр оюун ухаантай хаан билээ. Хаан хүн эдгээр 10 сайн үйлээрээ, ард түмнийхээ 10 хар нүглийг арилгадаг. Тэрээр үнэний хүчээр жолоодох тул бүхнийг чадна. Түүний байгаа газар дайн дажин, гомдол үл гарах бөгөөд хүмүүс бие биетэйгээ үл хэрэлдэнэ. Улмаар ард түмэн амгалан тайван бол улс гүрэн нь бат бэх болдог. Ард түмэн амьдралын жаргал цэнгэлийг эдэлдэг. Тиймээс түунийг Үнэний Хаан хэмээнэ. Үнэний Хаан бол хаадын хаан учраас бүх хаад түүний сайн үйлсэд баясч, түүнээс үлгэр аван улс орноо удирдана. Ингэхлээр Үнэний Хаан бол Бурхан багшийн сургаалын дагуу, Туүний ачаар өөр өөрийн улс орныг сайн жолооддог бүх хаадын хамгаалагч юм.
6. Хаан гэмт хэргийг шүүхдээ энэрэнгүй, нигүүлсэнгүйг үзүүлэх хэрэгтэй. Бүхнийг саруул тунгалаг оюун ухаанаар тунгаахдаа таван зарчмыг баримтлах ёстой. Энэ бол дараах зарчмууд юм. Үүнд: Нэгдүгээрт, тэрбээр бодит байдалд тулгуурлах ёстой. Тэрбээр эд юмсын бодит байдлыг тогтоож, түүн дээрээ тулгуурлан шийдвэр гаргах хэрэгтэй. Хоёрдугаарт, хаан хүч чадал, эрх дархтай байхдаа шийтгэл оноох хэрэгтэй. Тэгвэл шийтгэл нь шийтгэл болно. Хэрэв хааны хүч чадал, эрх дарх буурч суларсан байвал шийтгэл нь эмх замбараагүй байдлыг буй болгоно. Тиймээс дахин хүч чадал, эрх дархтай болтлоо хүлээх хэрэгтэй юм. Гуравдугаарт, шүүх үедээ гэмт хэргийн үр дүнг бус, харин түүнийг өдүүлсэн санааг харгалзах хэрэгтэй. Гэмт этгээдийн сэтгэлийн гүн рүү харж хэргийг санаатай үйлдсэн эсэхийг тогтоох ёстой. Хэрэв санаандгүй үйлдсэн байвал түүнийг өршөөвөл зохино. Дөрөвдүгээрт, хэрэгтэн этгээдтэй зөөлөн хараад, хэрхэвч бүдүүлэг загнаж болохгүй.
Энэ нь гэмт хэрэгтэн ямар хууль зөрчсөнийг үнэн зөв тогтоож, түүнийг хэтрүүлж хилсдүүлэхгүй байхад хэрэгтэй юм. Түүгээр ч зогсохгүй уйлдсэн хэрэгтээ гэмшиж, нуглээ наманчилтал нь түүний сэтгэлийг халамжтай сайхан үгээр уярааж зөөлрүүлэх хэрэгтэй. Тавдугаарт, гэмт хэрэгтэнд энэрэнгүй, нигүүлсэнгүй ханд, түүнийг үзэн ядаж хэрхэвч болохгүй. Гэмт хэргийг үзэн ядахдаа хүнийг нь үзэн ядаж болохгүй.
Хэрэгтнийг гэмт явдал үйлдсэнд нь харамсан гэмшүүлэхийн тулд түүнд энэрэнгүй, нигүүлсэнгүй сэтгэл хэрэгтэй юм.
7. Хэрэв чухал сайд нь улс гүрнийхээ ашиг сонирхлыг мартаж, гагцхүү хувийн сонирхолд хөтлөгдөн, эрх дархаа буруу ашиглаж хээл хахууль авч, ингэснээрээ нийгмийн ёс суртахууныг эвдвэл, хүмүүс нэг нэгийгээ хууран мэхэлж, эрх дархтай нь сул доройгоо дээрэлхэн доромжилж, сурвалжит язгууртнууд доорд хүмүүсийг жигшин гоочилж, баян нь ядуугаа хууран мэхэлж, шударга ёс алга болно. Зовлон зүдүүр, гай гамшиг улам ихсэж, нэмэгдэнэ. Үнэнч сайдууд ажил төрлөөсөө хөндийрч, шударга хүмүүс амь насаа алдахаас эмээж дуугаа хураана. Гагцхүү хоёр нүүртэнүүд чухал албан тушаалд тохоон томилогдож, эрх дархаа буруу ашиглан, хөрөнгө мөнгө хураан цуглуулж, ард түмэн улам ядууран доройтно. Ийм мехцөлд хааны зарлигийг хэн ч хэрэгсэхгүй бөгөөд эрх дарх нь улайрч доройтно. Хорон санаатнууд ард түмнийг зол жаргалгүй болгодог учир тэд нар улс гүрний хамгийн хорт дайснууд бүлгээ. Тэд дээдсээ хууран мэхэлж, дордсыг уруу татан эвдэж, улс гүрний гай гамшиг, зовлон зүдүүрийн шалтгаан болдог. Иймэрхүү хорон санаатнуудыг эзэн хаан нь онцгой хатуу шийтгэх ёстой. Хаан эзэн нь ариун сургаалын дагуу, шударга хууль журмыг баримтлан удирдаж буй улс оронд эцэг эхээ хүндэлдэггүй, гагцхүү өөрсдийн гэр бүлийг боддог, хөгшдөө үл анхаардаг, эсвэл эцэг эхээсээ бүх юмыг нь салгаж авдаг, үгийг нь тоож сонсдоггүй хүмүүс байвал тэдгээрийг хамгийн хортойд тооцвол зохино. Учир нь эцэг эхийн өмнө хүлээсэн үүрэг асар их тул хүүхдүүд ачийг нь юугаар ч бүрэн хариулж чадахгүй. Эзэндээ үнэнч бус, эцэг эхээ хүндэлдэггүй гэмтнийг хамгийн хатуу шийтгэх хэрэгтэй юм.
Хаан нь ариун сургаалын дагуу шударга хуулийг баримтлан удирдаж буй улсад Бурхан багш, Түүний сургаал, лам хувраг буюу гурван эрдэнэд итгэж сүсэглэдэггүй, сүм хийдийг эвдэн нураадаг, ном судар шатаадаг, лам хуврагуудыг барьж баривчилдаг, тэднийг хөөж цөлдөг, мөн Бурхан багшийн сургаалыг сав л хийвэл зөрчдөг хүмүүс байвал, тэд хамгийн хүнд хэрэг үйлдсэн гэмт этгээдүүд юм. Учир нь ийм хэрэг явдал сайн сайхан үйл бүхний үндэс болдог ард түмний итгэл сүсгийг алдагдуулна. Тийм хүмүүс бүх ариун нандин санаа бодлыг устгаж, өөрсдийнхөө үхлийн нүхийг ухаж байгаа юм. Энэ гурав бол хамгийн хүнд хэргүүд тул, хамгийн хатуу аргаар шийтгэж, залхаан цээрлүүлэх хэрэгтэй. Энэ гурвын дэргэд бусад гэмт хэрэг хүнд гэж тооцогдохгүй.
8. Хаан нь ариун сургаалын дагуу удирдаж буй улс оронд хуйвалдаан гарах, эсвэл энэ улс орон руу гадаадын дайсан халдан довтолбол гурван итгэлтэй байх хэрэгтэй.
Нэгдүгээрт, хуйвалдагчид буюу гадаадын дайсны аль нь ч хүмүүсийг гагцхүү алж талж, ард түмнийг дарлаж боолчлохыг хүсдэг тул түүнийг мэдэх хаан бээр гартаа зэвсэг барьж ард түмнээ аврах ёстой.
Хоёрдугаарт, хэрэв бололцоо байвал, хүч үл хэрэглэн хуйвалдагчдыг дарж, гадаадын дайсныг номхотгох хэрэгтэй юм. Гуравдугаарт, бололцоо байвал дайснаа олзолж, зэвсгийг нь хурааж, харин алахгүй байх хэрэгтэй.
Хаан энэ гурван итгэлд тулгуурлан цэрэгтээ зохих зарлиг буулгаж, байлдааны байрлалыг нь эзлүүлж, тулалдаанд бэлэн болгох хэрэгтэй. Ийм нөхцөлд цэргүүд хааныхаа сайн үйл, шийдэмгий зан чанар, агуу их сүр жавхланг биширнэ. Тэд ямар утгатай дайн дажин явуулж буйгаа ойлгож, эзэн хаанаа дэмжинэ. Тэд хааныхаа энэрэнгүй, нигүүлсэнгүй сэтгэлд итгэж, амь насаа эс хайрлан тулалдана. Иймээс ч хаан нь ямагт ялан дийлнэ. Түүний ялалт бүр буяныг нь нэмнэ.
Аливаа хилэнцийг өчүүхэн үл үйлдээд
Ариун буяныг хотол чуулган болгоод
Анхаарч өөрийн сэтгэлийг огоот номхотговол
Аяа тэр бурханы шашин болой.
Бурхан багш
Эх сурвалж: Будда.мн