Хөөмэй урлагийг ЮНЕСКО-д бүртгүүлсэн уран бүтээлч

mjiopmjopmjop Улсын филармонийн Морин хуурын чуулгын дуучин, хөөмэйч, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Э.Сандагжав Монголдоо төдийгүй дэлхийд танигдсан уран бүтээлч юм. Хөөмэйн урлагийг хөгжүүлэхийн төлөө бие, сэтгэлээ чилээн яваа түүний яриа таны сэтгэлийн дайднаа хөөмэйн түрлэг уянгалуулан хүрэх болов уу.

-Хөөмэйч Сандагжавыг монголчууд хэзээний андахгүй. Урлагийн ертөнцөд хөл тавьсан үеэ эргэн дурсвал…?
-Би чинь гурван жилийн цэргийн албаны сүүлийг мушгилцсан эрчүүдийн нэг нь шүү дээ. Завхан аймгаас цэргийн албанд мордож, олноо “Упиастайн дивиз” хэмээн алдаршсан Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд 1983 онд ирж байлаа. Хөгжмийн салаанд хуваарилагдаж, Үлээвэр хөгжмийн мундагчуулын нэг Орго гэдэг ахмадын командад бүтэн жил хөгжмөөр “амьсгалсан” даа. Тэндээсээ Зүүнбаянгийн 126 дугаар нэгтгэлд шилжин очиж, Орос улсад цэргийн хөгжмийн дээд мэргэжил эзэмшиж ирсэн Эрдэмсайхан гэдэг хүний гарын шавь болсон. Ингэж л цэрэг, арми маань миний урлагийн зам мөрийг тэгшитгэж өгсөн юм.
-Хөөмэй гэдэг урлагтай хэрхэн холбогдсон бэ?
-Миний ээжийн аав У.Жигмэд гэж нутаг усандаа шагшигдсан, гайхамшиггай сайхан хөөмэйч хүн байсан. Ямартаа л 2 км-ийн цаанаас хөөмэйлж байх нь сонсогдож байхав. Намайг 16 настай байхад өвөө маань хөөмэйн урлагийг анх зааж эхэлсэн. Тэгээд цэргийн албанд яваад хэсэг хугацаанд мартагдсан. Цэргээс халагдаж очоод дахин сэргээсэн дээ.
-Хөөмэйн урлагийг ЮНЕСКО-д бүртгүүлэхэд өөрийн тань хувь нэмэр гол үүрэг гүйцэтгэснийг мэдэх юм?
-Тийм ээ. Энэ сайхан урлагаа дэлхийд нэр цуутай тэр том байгууллагад бүртгүүлэхийн төлөө хүчин зүтгэсэн олон хүмүүсийн нэг нь болсондоо баяртай байдаг юм. Хөөмэйн урлагийг судлаач хүний хувьд холбогдох бүхий л бичиг баримтыг нь бүрдүүлэхэд голлох үүрэгтэй оролцсон.
-Хөөмэйн урлаг хэдий үеэс үүдэлтэй юм бол?
-Миний бичсэн “Монгол хөөмэй” ном 2010 онд хэвлэгдсэн. Ахмад хөөмэйчдийн түүх намтар, сургалтын программ, судалгааны хэсгээс бүрдсэн энэ ном хөөмэйн урлагийн тухай цэгцтэй ойлгоц өгсөн анхны бүтээл юм. Гол үүсэл нь Монголчууд байгаль дэлхий, уул, ус, тэнгэр бурхнаа тахин шүтдэгтэй холбоотой гэж үздэг. Бугын урамдалт, чонын улилт, бөөгийн дуудлага, туульс хайлах ч мөн холбогддог.
Ер нь хүн гэдэг амьтан хэдий үеэс үүссэн, тэр үеэс л хөөмэй үүссэн гэж үзэж болно. Хөөмэйг “ан тогтоох урлаг” гэж үздэг үе ч байсан юм билээ. Тухайлбал, хүн янз бүрийн дуу авиа гаргахад ан амьтад алмайран зогсдог, тэр үед нь агнадаг байжээ.
-Монголын алдартай хөөмэйчдийг нэрлэвэл…?
-У.Жигмэд, Гаанжуур, Цэнд-Аюуш, Чимэддорж, Сундуй, Цэрэндаваа, Ганболд гээд нэрлээд байвал олон хүн бий. Хөөмэйн урлагийг дэлхийд анх таниулсан хүн нь Чимэддорж гуай юм.
-Орчин үед хөөмэйн урлаг хэр зэрэг хөгжиж байгаа вэ?
-Одоо бол ид үедээ цэцэглэн хөгжиж байгаа гэж ам бардам хэлж болно. Гагцхүү залуу хөөмэйчид ахмад үеэ хүндэлж, дурсаж, хайрлаж яваасай гэдгийг л дашрамд захимаар байна.
-Өөрөө цэрэг, армитайгаа 3 дахь удаагаа холбогдсон гэж ярих дуртай юм билээ. Үүнийгээ жаахан тодруулна уу?
-ЦДБЭЧ-д 1997-1999 онуудад дуучин, хөөмэйчнээр ажилласан. Энэ хугацаанд ардын язгуур урлагийн хамтлаг байгуулж байлаа. Тухайн үед ажиллаж байсан хүмүүс одоо байхгүй ээ. Бүгд өөрсдийн чиглэлээр уран бүтээлээ хийж явна. Өнгөрсөн онд ЦДБЭЧ-ын чуулгын тайзнаа “Хүннү” дуурийг тавьсан.
Энэ дуурийн туульчдын хэсгийг найруулан шавь нараараа хөөмэйлүүлсэн. Их ч сайхан болсон. Цэргийн амьдрал надтай байнгын холбоотой байдаг гэж ярьдгийн учир ийм юм. Тэгээд ч Улсын филармони гэдэг том айлд ажиллах эх үндсийг цэргийн амьдрал л надад тавьсан болохоор хайртай байхаас аргагүй ээ!
-Удахгүй таны томоохон бүтээл тоглогдоно гэсэн?
-Энэ сарын 15-нд Улсын филармоний бүх дуучид оролцсон “Бид нэг гэр бүл” томоохон тоглолт Соёлын төв өргөөнд болох юм. Энэ тоглолтод миний үг, аяыг нь зохиосон хөөмэйн магтаалыг ЦДБЭЧ-ын эрэгтэй найрал дуучид хөөмэйлнэ. Урьд өмнө нь найрал дуучидтай хөөмэйн магтаал хийгдэж байгаагүйгээрээ энэ тоглолт их онцлогтой болох байх.
-Өөрийг тань хөөмэйчээс гадна дуучин гэдэг нэр байнга дагалддаг …?
-Миний аав уртын дуучин хүн байсан юм. Тийм учраас аавынхаа үйлсийг үргэлжпүүлэн уртын дуу дуулдаг. Гэхдээ зөвхөн уртын дуу гэж туйлшраад байдаггүй. Ардын болон зохиолын дуугаа ч дуулдаг.
-Уралдаан, тэмцээний шагнал ч ундарч өгнө дөө?
-Уртын дууны олон улсын их наадмын тусгай байрын шагнал, Тува улсад зохиогдсон хөөмэйн Олон улсын наадмын шагнал гээд яриад байвал мундахгүй ээ.
-Таны цаашдын зорилго?
-Хөөмэйн урлагаа гүнзгийрүүлэн судлах, шавь нараа бэлтгэхэд багагүй цаг, хөдөлмөрөө зориулна даа. Энэ дашрамд Зэвсэгт хүчнийхээ бие бүрэлдэхүүнд ялалтын баярын цогтой халуун мэндчилгээг дэвшүүлье!
МЗЭ-ийн шагналт зохиолч, дэд хурандаа Гомбын БААТАРНУМ
Эх сурвалж: “Соёмбо”

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …