Хорвоогийн хамгийн сайхан хүмүүсийн нэг яах аргагүй эмэгтэйчүүд, эхчүүд бид. Гэхдээ бид чинь жинхэнэ утгаараа сайн сайхны илэрхийлэл байж чадаж байна уу? Ийм зүйл асуух болсон минь учиртай.
Даяаршиж байгаа нь энэ гээд л эх хүнд, эмэгтэй хүнд байх ёстой нандин чанаруудаа гээгээд байгаа юм биш биз? Эр нөхөр, үр хүүхэд, орон гэртээ тавих бидний хайр халамж хэт өнгөцхөн болсон мэт санагдах юм…
Бидний ээжүүд үнэхээр сайн сайхны илэрхийлэл байж чадсан гэж бид нүүр бардам хэлнэ. Тэд олон хүүхэд өсгөж, бойжуулсан ч энгэртээ эхийн одонгоос өөр гавьяа шагналгүй. Ажил мэргэжилгүй ч, жинхэнэ утгаараа сайн сайхны илэрхийлэл, энэ хорвоогийн хамгийн тэсвэр тэвчээртэй гайхамшигтай хүмүүс. Ээжүүд маань бидэн шиг олон өрөө дулаан байшинд, халуун устай тав тухтай орон гэрт амьдарч байсангүй. Таван ханатай жижигхэн гэрт олуулаа, халуунд халж, хүйтэнд хөрч, даарч ядарч байсан ч, эр нөхрийгөө ажлаас ирэхэд нь, элгээ эвхэж буруу хараад хэвтэж угтаж байсангүй.
Үнэ хүндгүй ажил гэгдэх гэрийн ажлыг тээр шааж төвөгшөөлгүй хурдан шаламгай гэгч хийнэ. Бидэн шиг наалддаггүй хайруулын таваг, будаа агшаагч, түргэн чанагч, шарах шүүгээ гэж тэдэнд байсангүй. Ганц ширмэн тогоон дээр бүхий л төрлийн хоолоо хийчих нь… Гал дээр ширмэн тогоон дотор будаа агшааж байсан гэвэл итгэх үү? Хагас бүтэн угаалгын машин ч гэж байсангүй паалантай цагаан түмпэнд аль эсвэл хөнгөн цагаан ваннд ус халааж, нидрүүлэг буюу иржгэр төмрөнд гараа цоортол үрэн, угаадаг байсан /иржгэр төмөр гэж тодотгож өгч байгаа маань сүүлийн үеийн охид нидрүүлэг гэж мэдэхгүй байх/ Тэр үед бидний одоо хэрэглээд байгаа энэ олон төрлийн вок байсангүй, тэд хэрэглээний савангаар савандаж угаадаг байсан.
Уурын индүү ч байгаагүй, нөхрийнхөө өмдийг нойтон даавуу тавьж, нямбай гэгч нь орой бүр индүүдсээр байгаад, индүүдлэгээрээ урагддаг байсан гээд бод доо. Гэрийн эзэгтэй бүхэн оёдлын машинтай, түүгээрээ урагдаж цоорсон зүйлсээ оёдог. Гэтэл өнөөдөр бүрэн гүйцэд зүү утас, товчны савтай гэрийн эзэгтэй цөөхөн болжээ. Юм хөгжиж байгаагийн хэрээр бэлэнчлэх сэтгэлгээ их болсон ч эмэгтэйчүүд бид байгалиас заяасан, нандин чанаруудаа алдаж болохгүй ээ. Тэр л нандин чанарууд ээжүүдэд минь эмээ нарт минь байж л байгаа, түүнийг нь олж харж өөртөө шингээх нь хамгийн чухал.
Охид бүсгүйчүүд маань ирээдүйд учрах эр нөхрөө, мөнгө санхүүгийн хувьд чадвартай, аль эсвэл өндөр албан тушаал эрхэлдэг, орон байр авах боломжтой гэхчилэн өндөр шаардлага тавьж, өөрсдийгөө бэлэн юманд очих сэтгэл зүйн бэлтгэлд л бэлдэх юм. Өөртөө ямар нэгэн цензур тавьж, хүний эхнэр хүүхдийн ээж болоход, бие сэтгэлээ бэлдэх хэрэгтэй. Адаглаад айлын эхнэр болох эмэгтэй та гарын хэд хэдэн сайхан хоолтой, эр нөхрийнхөө өмдийг хоёр индүүдлэг гаргахгүй индүүддэг, эрэгтэй хүний цамцны ханцуйнд индүүдлэг гаргадаггүй гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Энэ бол хамгийн жижиг асуудал шүү дээ. Эр хүнийг ходоодоор нь ч гэж үг байдаг, энэ оргүй үг биш гэдгийг бүсгүй та санаж яваарай.
Зөвхөн гоё сайхан ганган хээнцэр байснаар эр хүнийг зуун хувь өөртэй татна гэж бодож байвал эндүүрэл шүү бүсгүйчүүдээ. Сүүлийн жилүүдэд жирмэслэхгүй байна гэж эмэгтэйчүүд маань их ярих болсон. Энэ агаарын бохирдол, цаашилбал идэж ууж байгаа зүйлтэйгээ холбон, тайлбарлах нэгэн байхад, эмэгтэйчүүд бүсгүйчүүд биднээс хамаарах зүйлс бас байна. Цас ханзарч эхлэв үү, үгүй юу, нимгэн трико, богино банзал өмсөж, доороосоо даарснаас болж, эмэгтэйчүүд үрэвсэлт өвчинг ихээхэн тээх болсонтой холбоотой. Бидний хамгийн чухал эрхтэн сав маань эмнэлгийн хэллэгээр дүлий эрхтэн буюу хэр баргийн өвдөж, биднийг зовоохгүй ч үрэвсэл явагдаж ирээдүйн гэр бүлийн асуудалд нөлөөлдгийг мартаж болохгүй ээ. Иймээс л хүүхнүүд минь амьдралын сайн сайхныг дан ганц ирээдүйд учрах эр нөхөртөө даатгах биш өөртөө ч гэсэн хэсэг хариуцлагыг хүлээж, гэр бүлийн нандин зүйл болсон үр хүүхдээ эрүүл саруул тээхэд биеэ бэлдэх хэрэгтэй. Нөхөр, найз залуу байхгүй гэх эмэгтэйчүүд олон байгаа нь, эрин зууны ухамсарт залуучуудад бид гологдоод байгаа юм биш биз дээ гэж бодогдуулна. Бие хүн, хувь хүн талаасаа чи өөрийгөө бүрэн гүйцэд бэлдэж чадсан л бол тун удахгүй чамайг “цагаан морьтой хан хүү” чинь ирж авах болно. Орчин цагийн эрчүүд маань харин үүргээ харьцангуй сайн ухамсарлах болсон мэт ээ. Өрхийн тэргүүнээр овоглож айлд ороод гэрийн эзэгтэйгээр нэрлэж гардаг гэдэг үгтэй шүү дээ.