Улаан бурханы вакцин хүүхдэд гаж нөлөө үзүүлэхгүй

a3b8b19918ec210e568a459c18340eecbigМонгол Улсад гуравдугаар сарын дунд үеэс улаанбурхан өвчин дэгдэж, бага насны хүүхдүүд төдийгүй энэ халдвараар өвчилсөн залуучуудын тоо нэмэгдэж байна.

Өнөөдрийн байдлаар нийт 570 гаруй хүн улаанбурхан өвчний халдвар авч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх мэдээлэл бий. Энэ удаа халдварлаж буй вирус нь хувьсаж өөрчлөгдсөн вирус учир өмнө нь дархлаажуулалт хийсэн эсэхээс үл хамаарч, өвчний халдвар авах эрсдэлтэй гэнэ. Тиймээс өвчний тархалтыг зогсоох зорилгоор тавдугаар сарын 15-наас 21 аймаг, дүүргүүдийн бага насны хүүхдүүдэд дархлаажуулалт хийж эхлээд байгаа. Тавдугаар сарын 25 хүртэлх үргэлжлэх дархлаажуулалтад хүүхдээ хэрхэн хамруулах, анхаарах зүйлс, тус халдвараас хэрхэн сэргийлэх талаар хүргэе.

ЦЭЦЭРЛЭГ, ӨРХИЙН ЭМНЭЛЭГҮҮДЭЭР ВАКЦИН ХИЙНЭ

Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг улс орон даяар зургаан сартайгаас таван нас 11 сартай хүүхдүүдэд тарина. Ингэхдээ бүх л цэцэрлэг, харьяа өрхийн эмнэл­гүүдээр вакциныг хийх аж. Хүүхдээ цэцэрлэгтээ вакцин хийлгэсэн эсэхийг мэдэлгүй, дахин вакцинд хамруулах вий гэсэн болгоомжлол эцэг, эхчүүдэд байгаа учраас вакцин хийсэн хүүхдийн хуруун дээр хэдэн өдөртөө арилахгүй тэмдэглэгээг хийж өгөх юм байна.

ЯМАР ТОХИОЛДОЛД ВАКЦИН ХИЙХГҮЙ ВЭ?

Энэ удаагийн дархлаажуулалтад өмнө нь улаанбурханы вакцин тариулсан эсэхээс үл хамаарч зургаан сартайгаас таван нас 11 сартай бүх хүүхдийг хамруулж буй. Харин “Сүүлийн нэгээс хоёр сарын дотор улаанбурхан өвчнөөр өвчилсөн, халуурч байгаа хүүхдүүдэд вакцин хийхгүй” гэдгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн судлаач Ч.Уртнасан хэллээ. “Мөн зарим цэцэрлэгүүдэд вакцин хийхгүй байна гэх мэдээллийг эцэг, эхчүүд гаргаад байгаа. Энэ бол ташаа мэдээлэл. Бүх цэцэрлэгүүдээр харьяа эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар вакцин хийж байгаа” гэж Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн С.Уянга ярилаа.

УЛААНБУРХАНЫ ВАКЦИН СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ ЮУ?

Манай улс 2009 оноос хойш улаанбурхан, улаанууд, гахайн хавдар зэрэг өвчнөөс сэргийлэх гуравт вакцин хийж эхэлжээ. Харин энэ удаагийнх нь зөвхөн нэг удаа тарих зориулалттай улаанбурхан өвчнөөс сэргийлэх вакцин юм. Манай улс энэ вакциныг өмнө нь 1976-2009 онд хэрэглэж байсан бөгөөд хүүхдэд ямар нэгэн гаж нөлөө үзүүлэхгүй гэдгийг албаныхан онцолж байна.

ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ

Улаанбурханаас сэргийлэх хамгийн найдвартай арга нь вакцинд хугацаанд нь бүрэн хамрагдах явдал юм. Тодруулбал, хүүхдээ есөн сартайд болон хоёр настайд нь вакцинд хамруулснаар тус өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой аж.

Энэхүү өвчнийг нэгэнт туссан үед илрэх шинж тэмдгийг сануулахад,

Урьтал үед:

• Халуурах

• Нүдны салст үрэвсэх

• Хамраас нус гоожих

• Ханиалгах

• Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх зэрэг шинж тэмдэг илрэх юм байна. Харин өвчний халдвар авсан ид үед дээрх шинж тэмдгүүдээс гадна нүүрнээс эхлэн толбот-гүвдрүүт тууралт гарч эхлэх бөгөөд доошилсоор бүх биеэр тууралт гардаг байна.

ВАКЦИН ТАРИУЛСАН ХҮМҮҮС ЯАГААД ХАЛДВАР АВЧ БАЙНА ВЭ?

Өмнө нь дээрх өвчнөөс хамгаалах вакцин хийлгэсэн бол насан туршийн дархлаа тогтдог байсан аж. Гэтэл энэ жил дэгдэж эхэлсэн улаанбурхан өвчний үүсгэгч нь хувьсалд орсон вирус учраас өмнө нь вакцин хийлгэсэн хүмүүсийн дархлаа вирусыг эсэргүүцэж дийлэхгүй гэдгийг албаныхан хэлж байна. Мөн бага насандаа тус өвчний товлолт вакциныг хийлгээгүй хүмүүс халдвар авах нь хамгийн өндөр хувьтай байгаа гэнэ. Улаанбурхан өвчний халдвартай байх үе нь тууралт гарахаас өмнөх дөрвөн хоног, тууралт гарснаас хойшхи дөрвөн хоног бусдад халдварладаг байна. Иймээс тус өвчний вирус дэгдээд байгаа энэ үед аль болох олон хүн цугласан газраар явахгүй байх, амны хаалтыг хоёр цаг тутамд сольж хэрэглэхийг эмч нар зөвлөж байна.

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …