Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.05.20/ хуралдаанаар “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Тогтоолын төслийн талаар Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцууллаа.

DSC_4245Сүүлийн жилүүдийн эдийн засаг, нийгмийн хурдацтай өсөлт, зах зээлийн харилцааны эрчимжилт, хөрөнгө оруулалтын орчны эрх зүйн шинэчлэлт, эрчим хүчний салбарыг сонирхох гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвхжил зэрэг нь эрчим хүчний салбарын эрх зүйн орчин, бодлогын баримт бичгүүдийг боловсронгуй болгох шаардлагатай болжээ.

Эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөр, Сэргээгдэх эрчим хүчний хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг дүгнэхэд бага, дунд хэмжээний санхүүжилт шаардсан төсөл, арга хэмжээний биелэлт 90 гаруй хувь, их хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан төсөл, арга хэмжээний биелэлт 5 хүрэхгүй хувьтай байгаа юм байна.

Эдгээр хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан эх үүсвэрийн мега төслүүд, бүс нутгийг холбох дамжуулах шугамууд зэрэг том хэмжээний бүтээн байгуулалтын арга хэмжээ нь хөрөнгө, санхүүгийн нөхцөл байдлаас үүдэн цаг хугацаандаа хэрэгжиж чадаагүй, эрчим хүчний салбарыг зах зээлийн харилцааны дараагийн шатанд шилжүүлэх шаардлага бий болсон зэргээс үүдэн төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг тодорхой болгох шаардлага бий болсон аж.

Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого нь эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа бэрхшээл, нөөц боломжийг дүгнэн, 3 тэргүүлэх чиглэлийн хүрээнд, 6 стратегийн зорилго, 26 зорилтыг тодорхойлж, тэдгээрийг 2015-2023 он, 2024-2030 он гэсэн 2 үе шаттайгаар хэрэгжихээр төслийг боловсруулсан байна.

Манай улсын хэмжээнд цахилгаан үйлдвэрлэлийн нийт суурилагдсан хүчин чадал 1082 МВт бөгөөд үүний дийлэнх хэсэг буюу 85 хувийг нь хот, суурин газруудад байрлах нүүрсээр ажилладаг дулаан, цахилгааныг хослон үйлдвэрлэх станцууд бүрдүүлдэг. Үлдсэн хэсгүүд болох 5 хувийг салхин парк, 7 хувийг дизель станц, 2 хувийг усан цахилгаан станц, үлдсэн 0.62 хувийг бага оврын буюу 5 МВт-аас доош чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд тус тус бүрдүүлж байгаа аж. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан.

DSC_4251

Гишүүд, Импортын цахилгаан эрчим хүчний хэмжээ нийт хэрэглээний хэдэн хувийг эзэлж байгаа, эрчим хүчний салбарт тулгамдаад байгаа ямар асуудал байгаа, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний алдагдлын хэмжээний талаар лавлаж байлаа.

Эрчим хүчний яамны ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, сүүлийн жилүүдэд эрчим хүчний салбарт төлөвлөгдсөн том чадлын эх үүсвэрийн төслүүд цаг хугацаандаа хэрэгжээгүйгээс системийн хэмжээнд суурилагдсан хүчин чадлын нөөц зохих төвшнөөс багасч, оргил ачааллын горимд ажиллах, системийн тогтворжилтийг хангах дотоодын эх үүсвэргүй байдал хэвээр байгаа бөгөөд импортын цахилгаан эрчим хүчний хэмжээ нийт хэрэглээний 19 хувьд хүрчээ.

Энэ салбарт тулгамдаад буй асуудлын нэг нь эрчим хүчний үнэ тариф доогуур, эрх зүйн орчин бүрэн бүрдээгүй байгаа нь шинээр барих том чадлын төслийн санхүүжилтийг босгох, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татахад сөргөөр нөлөөлж буй байдал гэнэ. Түүнчлэн цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ бодит зардлаас доогуур тогтоогдож ирсэн нь эрчим хүчний салбарын үйлдвэрүүд санхүүгийн хувьд бие даан хөрөнгө оруулалт, их засвар, техник, технологийн шинэчлэлтийг зохих төвшинд хийж чадахгүй байгаа аж.

Ашиглалтад байгаа Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Дорнодын дулааны цахилгаан станцууд, дамжуулах, түгээх сүлжээний дийлэнх хувь нь 1960-1980 онд баригдсан бөгөөд салбарын хүрээнд насжилт өндөр тоног төхөөрөмжийн эзлэх хувь өндөр юм байна.

Улсын хэмжээнд цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний алдагдал 13.7 хувь байгаа нь хөгжингүй орны жишгээс 2 дахин өндөр байгаа бөгөөд эрчим хүчний салбарын хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулах, дулааны цахилгаан станцын дотоод хэрэгцээг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн төвшинд хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх шаардлага тулгараад байгаа талаар ажлын хэсгийн гишүүд хэлж байлаа.

УИХ-ын гишүүн А.Тлейхан Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын талаар ойлгомжтой тайлбар сонсмоор байна. Эрчим хүчний хангамж, аюулгүй байдлыг хангах, үр ашиг бүтээмжийг дээшлүүлэх талаар ямар арга хэмжээ авахаар төлөвлөсөн бэ хэмээн асуусан.

DSC_4252Ажлын хэсгээс хариулснаар, эрчим хүчний найдвартай хангамж, аюулгүй байдлыг хангах, бүс нутгийн орнуудтай эрчим хүчний харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрчим хүчний салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, чадавхыг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ. Эрчим хүчний үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх тэргүүлэх чиглэлийн хүрээнд эрчим хүчний салбарыг хувийн хэвшилд суурилсан өрсөлдөөнт зах зээлийн тогтолцоонд шилжүүлэх, эрчим хүчний салбарт инноваци, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, үр ашиг, хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Эрчим хүчний үнийг чөлөөлөх талаар байнга ярьдаг ч энэ тийм ч амар шийдэгдэх асуудал биш. Эрчим хүчний алдагдлыг бууруулахын тулд шаталсан хэлбэрээр үнийг нэмэгдүүлэн зохицуулах боломж бий юу гээд сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээ цаашид хэр нэмэгдэх талаар тодруулж асуусан.

Үнэ чөлөөлөх гэдэг асуудлыг ярихаар иргэд эрчим хүчний үнэ хязгааргүй дээш явах нь гэж ташаа ойлгоод байдаг гэж Ажлын хэсгийн гишүүд тайлбарлаад эрчим хүчний алдагдлыг бууруулахын тулд үнийг зохицуулах арга хэмжээг тодорхой хэмжээнд авч байгаа хэмээсэн.

Эрчим хүчний суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээ 2020 онд 20 хувь, 2030 онд 30 хувь хүртэл нэмэгдүүлэхээр төсөлд тусгаад байгаа ажээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, манай улсад 1 ам.долларын ДНБ үйлдвэрлэхдээ Япон Улсаас 9 дахин, БНСУ-аас 5 дахин илүү цахилгаан хэрэглэдэг байна. Энэ үр ашиггүй зардал гаргаж байгаагийн шалтгаан юу вэ гэж асуусан.

Үүний шалтгаан нь үйлдвэрлэл бага хөгжсөнтэй холбоотой гэж салбарын яамны ажлын хэсгээс тайлбарласан. Түүн дээр эрчим хүчний алдагдал, цахилгаан станцын цахилгаан үйлдвэрлэж буй чадал бага байгаа нь нөлөөж байна хэмээн тэд нэмж хэлсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа мөн илэрхийлсэн. Дараа нь тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ. Гишүүд хэлэлцэхийг дэмжсэн учир төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг А.Тлейхан гишүүнээр ахлуулан байгуулав. Мөн “МИАТ” ХК-ийн үйл ажиллагаанд үнэлэлт өгөх ажлын хэсгийг Байнгын хорооны дарга Ж.Батсууриар ахлуулан байгууллаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …